-
2017 оны 5 сарын 03
МАН-ын VIII Бага хурлын гишүүд М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Тэрбээр 222 гишүүний санал буюу 85,7 хувь, Ц.Нямдорж 37 санал буюу 14,3 санал авсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон М.Энхболд дөнгөж сая Бага хурлын индэр дээрээс гишүүддээ хандан үг хэллээ.
-
2017 оны 5 сарын 03
Жирийн гишүүд 2000 төгрөгийн татварыг сар бүр намдаа төлөхөөр шийдвэрлэжээ.
-
2017 оны 5 сарын 03
МАН-ын VIII Бага хурал завсарлаад байгаа ч М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон гэдгийг эх сурвалжууд хэллээ.
-
2017 оны 5 сарын 03
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон Европын Комиссын Худалдааны комиссарын ажлын албаны дарга Мариа Асениус, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс болон Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдтэй уулзав.
Европын Холбооны удирдлагатай хийсэн уулзалтуудын үеэр талууд цаашид Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтан ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх боломж бололцоог судлах зэрэг Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Европын Холбооны зүгээс Монгол Улсын тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлыг бууруулахад зориулж Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлж, Монгол Улсын бизнесийн орчинг сайжруулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухайгаа мэдэгдэж Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэв.
Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултуудад хариулав.
-
2017 оны 5 сарын 03
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын нийт гишүүдийн санал асуулгаар тодруулахаар болсон. Санал асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
-
2017 оны 5 сарын 03
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаан 09 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
-
2017 оны 5 сарын 03
МАН-ын Бага хурал эхэллээ. МАН-ын дарга М.Энхболд Бага хурлыг нээж, хурал даргалагч нарыг гишүүдээр сонгуулсан байна
-
2017 оны 5 сарын 03
Н.Энхбаярыг ялгүйд тооцуулах тухай хүсэлтэд татгалзсан хариу өгчээ
-
2017 оны 5 сарын 03
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цагийн хооронд явагдана
-
2017 оны 5 сарын 03
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ 10 гаруй хүн илэрхийлээд байсан ч албан ёсоор зургаан хүн бүртгүүлсэн. Бүртгүүлээгүй хүмүүсийн дотор Хотын дарга асан Э.Бат-Үүл, Баабар нар байгаа юм. Дөнгөж сая Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 03
МАХН энэ сарын 5-нд Бага чуулганаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.
-
2017 оны 5 сарын 03
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДДЭЭ УРИАЛГА ХҮРГЭЖ БАЙНА
Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц нийгмийн хүсэн хүлээж байсан чиглэлд өрнөж, намын дотоод сонгуулиар шат шатны удирдах байгууллагуудад залуу гишүүд олноор сонгогдон орж ирлээ.
Намын бодлого тодорхойлох гол байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 38.1 хувь, намын анхан шатны нэгжийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нарын 60-70 хувь нь залуусаас бүрдэх болсон нь намын бодлогод салхи оруулан цаг үетэйгээ хөл нийлүүлэх, шинэчлэлийг цаашид улам гүнзгийрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Улс төрд шинэ жишиг нэвтрүүлж буй Ардчилсан нам энэхүү ололтоо бататган ахиулж, Төрийн тэргүүнд нэр дэвшигчээ нийт гишүүдээсээ сонгох хариуцлагатай цаг хугацааны өмнө ирээд байна.
Ардчилсан залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид тус намаас нэр дэвших эрхэм хүндтэй үүргийг хүлээх улс төрчийг дотоод сунгаагаар тодруулахдаа:
Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хууль, хууль тогтоомж, ёс зүйг дээдлэн сахидаг, ардчилсан, эрх чөлөөт Монгол орноо төлөөлж чадахуйц, бизнес-улс төрийн бүлэглэлүүдээс ангид, залуучууд бидэнд мэдлэг боловсролоороо үлгэр дууриал болж ажиллах улс төрчийг сонгохыг уриалж байна.
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
2017.05.02
-
2017 оны 5 сарын 03
-ТӨРИЙН ӨМЧИЙН НИЙТ КОМПАНИЙН 70 ХУВЬ НЬ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙХАД ТӨР ХУВИЙН ӨМЧИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСААР БАЙНА-
Уншигч танд нэгэн тоон мэдээлэл хүргэе. Монгол Улсад 2012 оны байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани тоологджээ. Эдгээрээс 2012 онд 50 компани алдагдалтай ажиллаж, өр зээлээ төлж чадаагүй бөгөөд 14 компанийн дөрвөн жилийн бугшсан өр 190.1 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг тухайн үеийн Төрийн өмчийн хороо зарлаж байлаа.
Товчхондоо, нэлээд хэдэн цэцэрлэг барьчих мөнгө хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэсэн үг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж явсаар 2016 онд нийт компанийн 70 хувь нь ашиггүй ажилласан гэдгийг тухайн үеийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.
Компанийн алдагдал 2017 онд нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарч алдагдалтай ажиллаж байгаа аймаг, орон нутгийн төрийн өмчит компаниудад шалгалт оруулахад 18 ХХК, гурван хувьцаат компани, нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газрын нийт алдагдал 111.9 тэрбумд хүрснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байсан юм.
Мөн Төрийн өмчит 87 компаниас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байдаг 81 компани алдагдалтай ажиллаж байгаа нь тодорхой болсон. Тэднийг хариуцлагаа дээшлүүлж, төрийн мөнгөөр тавилга, машин, орон байрны дэмжлэг, завсар үйлчилгээ хийхгүй байх чиглэл өгч, улмаар зургаан компаниас бусад нь 2017 онд алдагдлаа арилгаж ашигтай ажиллахыг үүрэг болгосон гэдгээ ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор эдүгээгээс гурван сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Эдгээр тоон баримтыг дурдах болсны учир гэвэл төр өөрийн өмчийн компанийнхаа алдагдлыг тооцож үүрэг хариуцлага өгөхөөс биш хэрэгжилт, хяналт, хариуцлага огтхон ч байдаггүй гэдгийг уншигч танд ойлгуулахыг хүссэн юм. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой эдгээр компаниудын алдагдал жилээс жилд 10-20 тэрбумаар нэмэгдэж, хувь нь ч өссөөр байгааг дээрх тоон баримтаас харж болохоор байгаа юм.
Тиймдээ ч ашиггүй “хог-ноосоо салахын тулд төр Монгол шуудан, Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчлахаар шийдвэр гаргасан ч өнөө хэр тодорхой үр дүн гарсангүй. Хувьчлах жагсаалтад орсон компаниуд нь хүртэл 19 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Өнгөрөгч оны төсөвт хувьчлалаас 120 тэрбум төгрөг оруулахаар төсөвлөсөн ч биелээгүй юм. Дааж давшгүй өр төлбөр, хурган дарга нарын шахааны бизнесийн бай болсон компаниудыг худалдан авч эрсдэл гаргах хүн олдохгүй нь тодорхой.
Гэтэл хувийн хэвшлийн компаниудад төрийн хяналт шалгалт дэндүү чанга байдаг нь худлаа биш. Жил болгон аудит оруулах нь холгүй хянаж шалгаж бүх төрлийн татвар нэмж тэднээс татаас авч байгаа учраас Монгол Улс арай л дампуурлаа зарлачихгүй оршин тогтнож байгаа. Өнөө жилийн төсөвт мөн адил төрийн өмчийн компаниуд биш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татвараар дарамталж, орлого олохоор тусгажээ. Өмчилж авсан компаниа дампууруулдаг. өр зээл нь дааж давшгүй хэмжээнд хүрчихсэн атлаа төр алдаагаа ухаарсангүй. Дахиад л төрийн өмчит компанийн тоог нэмэгдүүлж, бүр 100 хувь өмчилж, өөртөө лай хураасан хэвээр.
Эндээс дүгнэхэд алдагдалтай биш харин ч ашигтай ажилладаг нь мэдэгдэж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь хурган дарга нар нь хэдэн тэрбумаар мөнгө идэж, байраа засаж, машин унасан хэвээр байхад төсвийн үрэлгэн зардлыг танаж байна хэмээн Ерөнхий сайдаасаа эхлээд л шоу хийх аж. Төсвийн үргүй зардлыг тэглэлээ, тансаглал бүх шатанд зогслоо, амаргүй цаг үед ард түмэнтэйгээ хамт хямралаас гарах гэж зүтгэж байна хэмээн шоудсаар байгаа.
Тэгэхээр төрийн өмчийн компаниуд нь үргүй зардлын хэмнэлтэд огтхон ч хамрагдаагүй бололтой. Хамгийн сүүлд ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан нэг эрхэм олон арван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулж эхэлжээ. Төрийн өмчийн мэдэлд 100 хувь шилжсэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой сүүлийн үеийн дуулиан төрийн өмчийн компанийн тансаглал гэж чухам юу байдгийг яруу тодоор харуулж өгөв.
Үйлдвэрийн дарга нь хэн байхаас үл хамаарсан 300 сая төгрөгөөр цоо шинэ машин унаж, 180 сая төгрөгөөр тавилгаа шинэчилдэг хуультай гэдгийг бид мэдэж авлаа. Төр хэмнэлтэд шилжих эсэх нь эдгээр компаниудад огтхон ч хамаагүй бөгөөд компанийн дотоод хуулиа дагахаа Х.Бадамсүрэн дарга мэдэгдчихсэн. Дэлхийн хэмжээний компанийн захирал 24.5 сая төгрөгийн цалин авахгүй яадаг юм хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нэгэнтээ хэвлэлийнхэнд бухимдсан удаатай.
Хэдэн зуун сая төгрөгийн төрийн өмчийг нэг дарга гарын үсэг зураад л нөгөөд шилжүүлж болдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин даргын машиныг Ц.Ням-Осор даргад “бэлэглэхэд” бид харлаа, үзлээ. Төр ингэж л тансаглаж байна. Энэ зөвхөн ганцхан жишээ. Ил болсон наад захын тансаглал төдийхөн. Цаашлаад, “Эрдэнэт” үйлдвэрт шахсан албаны хэрэгцээний бэлгэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлсэн хэрэглэх боломжгүй камазны дугуй, Багануур компанийн нүүрсний дуулиан зэрэг тэрбум, тэрбумын шахааны талаар энд бичвэл цаг ч хомс, цаас ч хайран байх биз.
Бодит байдал ийм л байгаа. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар хэмнэлт хийж, үргүй зардлыг танасан, тансаглал шат шатанд байхгүй болсон хэмээн ярьж яваа нь ам, ажлын зөрүүг яруу тодоор харуулж байгаа юм. Төр хэмнэлт хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ төрийн өмчит компани, өөрсдийн шахааны бизнестээ хэмнэлт хийгээгүй. Хэмнэлтээ тэд ард түмний татварыг нэмж хийсэн юм.
Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдээс 20 мянган төгрөг харамлаж хэмнэлээ. Монголчуудын амин зуулга болсон приус машины татварыг нэмж хэмнэлт явуулав. Тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулж, ядарсан ард түмнээрээ “даажигнаж” хэмнэлт хийснийг бүгд мэдэж байгаа. Төрийн компанийнхаа толгойг илэх атлаа хувийн хэвшлээ дарамталж үрэлгэн зардлаа хэмнэсэн төдий. Төрийн өмчит, хувийн хэвшлийн компанийн ялгаа хэн даргаар очихоос бус хэрхэн ашигтай ажиллуулах вэ, хэний шахааг авах вэ гэдгээрээ л ялгаатай.
...Харин хувийн хэвшил хамгийн ашигтай, тэгээд хамгийн хямдханыг л олж чаддаг учраас алдагдалгүй, бас ашигтай ажиллаж чаддаг нь бичигдээгүй хууль. Тэнд шахаа байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, тэгээд ил тод байдаг. Харин манай төрд бүх зүйл хаалттай, бас хууль бус болдог. 94 төрийн өмчит компани ашиггүй ажиллаж буйн шалтгаан төр өөрөө юм...
Төр ашигтайг нь бус албан тушаалтны шахааг өндөр үнээр авдаг. Харин хувийн хэвшил хамгийн ашигтай, тэгээд хамгийн хямдханыг л олж чаддаг учраас алдагдалгүй, бас ашигтай ажиллаж чаддаг нь бичигдээгүй хууль. Тэнд шахаа байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, тэгээд ил тод байдаг. Харин манай төрд бүх зүйл хаалттай, бас хууль бус болдог. 94 төрийн өмчит компани ашиггүй ажиллаж буйн шалтгаан төр өөрөө юм. Ард түмэн цахилгаан хэрэглэж, нүүрсний хэрэгцээ буураагүй цагт төрийн өмчийн дулааны, цахилгаан станцууд ашиггүй ажиллана гэдэг юу л бол. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн нөөц дуусаагүй байхад ашиггүй ажиллах тухай ойлголт байхгүй.
Гагцхүү дарга нарынхаа тансаглал, идэх уухыг л хянаж чадахгүйгээс 111 тэрбумаар алдагдал хүлээж байгаа юм. Хэрвээ 81 төрийн өмчит компанид төр төмөр нүүрээ харуулж, хяналт тавьдаг бол ард түмний халаасыг тэмтрэхэд хүрэх байсан уу. Хурган дарга нарынхаа тансаглалд хяналт тавьдаг Ерөнхий сайд, Засгийн газартай бол Олон улсын валютын сангаас доллар “гуйлгачилж” суух байсан болов уу. Үр хүүхдээсээ мөнгө харамлаж, амьдралаасаа илүүчилж хураасан хадгаламжаас нь мөнгө татах хүртлээ доройтохгүй байсан юм, төр.
Тиймээс эхлээд төрийн өмчит компаниудынхаа тансаглалаа цэгцлээч гэж хүсье, Ерөнхий сайд аа. “Эрдэнэт” шиг хэчнээн үйлдвэр хэдхэн хүний гараар орж, дарга цэргийн байр, машины мөнгийг бэлтгэх хэрэг вэ. Хурган даргын байр, машин, халамж, тэтгэмжид зарцуулж буй мөнгөөр ядахдаа үр хүүхдэдээ өгч байсан 20 мянган төгрөгөө үргэлжлүүлж болох л байлаа.Тансаглал буураагүй.Тэр тусмаа үрэлгэн зардал огтоос ч буураагүй.
Зардлаа танаж, төсвийн үргүй зардлаа тэглэж чадаагүй учраас Валютын сан хүртэл биднээс “нүүр” буруулж байна. Дэд сайдуудаа цомхотгож, төрийн өмчөөр тоглож буй хурган дарга нартаа хариуцлага тооцож чадаагүй атлаа төсвийн хэмнэлт хийлээ гэсэн үлгэр ярихаа больчихвол яасан юм бэ. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүдээ эхлээд хувьчил. Тансаглахыг нь зогсоо. Тэгж чадвал үнэхээр ард түмнийхээ төлөө, эдийн засгаа эрүүлжүүлэх гэж чардайж явна гэж итгэе.
-
2017 оны 5 сарын 03
МАН-ын VIII Бага хурал өнөөдөр болно. Бага хурал нь 310 гишүүнтэй бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм.
-
2017 оны 5 сарын 03
УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших талаарх хар зураг Ерөнхийдөө тодроод эхэллээ. АН-ын хувьд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа явагдаж байна.
-
2017 оны 5 сарын 03
Нэр дэвшигчийг тодруулах асуулга эхэлнэ
-
2017 оны 5 сарын 03
МАН Удирдах зөвлөлөө хуралдуулжээ. Уг хурлаар тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших улстөрчийг тодруулсан байна.
-
2017 оны 5 сарын 03
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
-
2017 оны 5 сарын 02
“Талын зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг хэлэлцэн дэмжив.
2013 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш дотоод, гадаад бодлогын стратегийн чиглэлээ болгож, дэлхийн улс орнуудыг энэ санаачилгад нэгдэхийг уриалж хамтран ажиллаж байна.
Энэ нь Зүүн Азийн 11 улс, Баруун Азийн 18, Өмнөд Азийн найм, Төв Азийн тав, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн долоо, Төв болон Зүүн Европын 16 нийт 65 улс болон бүс нутгийг хамарсан стратегийн томоохон санаачилга юм.
Энэ санаачилга нь бодлогын зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар холбогдох, худалдаа, санхүү, иргэдийн харилцаа холбоо зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.
Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.
-
2017 оны 5 сарын 02
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн баталлаа.