-
2015 оны 11 сарын 01
Завхан аймгийн Прокурорын газраас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Соёл Урлагийн Их сургуулийн харъяа хөгжим бүжгийн коллежийн гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалган тусалсан байна. Шалгалтын хүрээнд тус сургууль дээр үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар болон эрүүгийн нөхцөл байдал, сургуулийн сурагчдын дунд дийлэнх үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэх хичээл орж, тус сургуулийн захиргаанаас гаргасан хүсэлтийн дагуу аймгийн прокурор Н.Доржсүрэн “Ухаалаг харилцаа амжилтын үндэс” сэдэвт лекцийг тавьжээ.
Дээрх хичээл, сургалтуудад нийт 80 гаруй багш, ажилчин, оюутнууд хамрагдаж сэдвүүдийн хүрээнд сонирхсон асуултаа асууж нээлттэй ярилцсан нь үр дүнтэй ажил болжээ.
-
2015 оны 11 сарын 01
Шүдний сойзыг 2-3 сар хэрэглээд шинээр солихыг шүдний мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь сойзоо зөв сонгохоос гадна зөв хадгалахгүй бол амны хөндийн гаралтай нянгийн зэрэгцээ тухайн орчны нянг өөртөө шингээж бохирддог болохыг Энэтхэгт хийсэн судалгаагаар баталжээ.
Уг судалгаагаар долоо хоног хэрэглэсэн шүдний сойзонд агуулагдах стрептококк бактерийг халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэхэд 70, харин усаар цэвэрлэхэд ердөө 14 хувь нь устаж байжээ.
Шүдний бохир сойз нь маш олон төрлийн амны хөндийн асуудлуудын шалтгаан болдог бөгөөд түүнээс шалтгаалсан шүдний цоорол, буйлны үрэвсэл, амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчнүүд үүсч болно.
Харин сонголт хийхдээ хэт хатуу биш үстэй, жижиг хэмжээтэйг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь жижиг байх тусмаа шүд хоорондын зайд байгаа хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхээс гадна, шүд болгоны эргэн тойрны пааланд хүрч, түүнд тогтсон өнгөрийг цэвэрлэдэг байна. Ингэснээр шүдэнд чулуу үүсэхээс сэргийлж чадна.
Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.
Гадуур худалдаалдаг сойз нь ихэвчлэн том байдаг тул шүд бүрийг цэвэрлэхэд төдийлөн тохиромжгүй байдаг аж. Харин хүүхдийн шүдний сойзны үс нь зөөлөн эсвэл маш зөөлөн байх хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийн оог сонгохдоо ар талын өнгийг сайтар хараарай. Хар эсвэл улаан өнгийн тэмдэглэгээтэй оогоор өдөр бүр угаадаггүй учир үүнээс татгалзах хэрэгтэй.
-
2015 оны 11 сарын 01
Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр” буюу “National day of Giving”-ийг монголд зургаа дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголчууд ядарч зовж яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой. ”Үндэсний Өгөх Өдөр” өнөөдөр тохиож байна.
Тухайлбал, өнөөдөр 11:00-12:00 цагийн хооронд Чингисийн талбайд ”Бид бүгд адилхан” уриатай чөлөөт тэврэлт, уулзалт бүхий бүх нийтийн цугларалт болно. Мөн Эрүүл Инээмсэглэл уриатай Digital Dental шүдний эмнэлэг тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүйгээр үзэж, угаалга, цэвэрлэгээ хийж, үйлчилнэ.
Үүнээс гадна “Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн Тархины сааны холбоо, Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл” төвтэй хамтран Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудаар “Энэ Бол Би” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд буй. Үзэсгэлэн энэ сарын сарын 9-ний өдрийг хүртэл гарна.
-
2015 оны 11 сарын 01
Энэ жилийн их баяр наадамд 22 настайдаа түрүүлсэн шинэ арслан Э.Оюунболдод мэргэжлийн сумод 25 башёд түрүүлсэн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж ийм зөвлөгөө өгчээ. Тэгэхэдээ гэдсээ татахыг зөвлөсөн байна.
Тэрбээ ”За, дүү минь захих юм байна. Наад гэдсээ бодож яваарай. Сүүлд нь харах нь ээ нэлээд жин нэмээд, гэдэс гүзээ чинь их болсон байна лээ.
Том гэдэстэй хүн сайн барилдаж чадахгүй шүү. Захих юм энэ байна. Бусдаараа ярих юм алга.
Залуу нас, барилдааны мэдрэмж, тэнэгдүү зориг яг болж байна” хэмээн бичжээ. Шинэхэн арслан мэргэжлийн сүмогийн их аваргын зөвлөгөөг дагана биз ээ.
Н.Болд
-
2015 оны 11 сарын 01
Энэ сарын 2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 01
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд гэрээт хувийн харуул хамгаалалтын үйл ажиллага эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг шалган зааварчлах ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэллээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Г.Гангансүхээс тодрууллаа.
Энэ шалгалтын зорилго нь юу вэ?
Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 12-р зүйлийн 1.3, “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”, бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтийг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад чиглэгдэж байгаа. Одоо шалгалтын ажил явагдаж байна.
Шалгалт ямар хугацаанд үргэлжилж, ямар байгууллагууд хамтран зохион байгуулах вэ?
Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Линцензийн төв, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар аймаг, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна. Шалгалтыг 2015-10.08-11.05 ны хооронд ажлын 21 хоногийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулна.
Хамрах хүрээ, шалгах чиглэл нь ямар байх вэ?
Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа эрхэлж буй 264 хуулийн этгээдийн хамгаалалтын албад хамрагдана. Нэгдсэн шалгалтын явцад гэрээт харуул хамгаалалтын алба нь харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг хангаж буй байдал, харуул хамгаалалтын алба хаагчдыг сургалтанд хамруулсан эсэх алба хаагчдыг сургаж дадлагажуулах, чиглэлээр зохиосон ажлын үр дүнг шалгана. Мөн ашиглагдаж байгаа харилцаа холбооны техник тоног төхөөрөмж, радио станцууд, үзлэг үйлчилгээний стандарт, радио долгионыг ашиглах давтамжийн эрхийн бичигтэй эсэх, гэрээгээр хамгаалж байгаа обьектын нэр байршил, тоо хамгаалалтын хэлбэр зэргийг шалгана.
Хамгаалалтын албаныханд дуут дохио хэрэглэх зөвшөөрөл байдаг уу?
Байдаг. Энэ чиглэлээр ч бас шалгана. Хууль зүйн сайдын “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх” 2013 оны а/121 дүгээр журмын 2 дугаар бүлгийн 3.1 -р заалтын шаардлага хангаж байгаа эсэх, ЦЕГ-ын Лицензийн төвөөс олгогдсон дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй эсэх, гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудаас гэмт хэрэг захиргааны зөрчил илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бүртгэл судалгаа цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтын ажиллагаа явуулж байгаа зэргийг шалгана.
Галт зэвсэг, бусад техник хэрэгслийн талаар ямар хяналт шалгалт явуулдаг вэ?
Харуул хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, тоо, нэр төрөл, дугаар, эх үүсвэр, хадгалалт хамгаалалтын байдал зэргийг тогтооно. Мөн ЦЕГ-ын даргын 2008 оны 126–р тушаалын хэрэгжилт, ажилтнуудаа дүрэмт хувцасаар жигдэрсэн байдлыг ч мөн шалгана. Авто тээврийн хэрэгслийн техник ашиглалт, техникийн үйлчилгээ засварын газар, талбай, дулаан зогсоол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана.
Зөрчил илэрсэн хамгаалалтын албанд ямар хариуцлага ?
Ажлыг нь шалган зааварчилж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ноцтой зөрчил илэрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах арга хэмжээ авна. Мөн шалгалтын явцад зөрчлийг дахин гаргуулахгүй байх, холбогдох хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал асуулга авч танилцуулах, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна
-
2015 оны 11 сарын 01
МЭӨ 2737 онд Хятадын эзэн хаан Шен Нан санамсаргүйгээр цайг нээсэн гэдэг. Тэрбээр нэг өдөр цэцэрлэгт хүрээлэндээ буцалсан ус уугаад сууж байтал хажуугийн бутнаас навч хийсэн аяганд нь орсон аж. Навч буцалсан усыг хандлан, эргэн тойронд сайхан үнэр түгээхийг анзааран, ууж үзтэл сайхан амттай болсон байж.
Ингэж л цай анх үүссэн бөгөөд цай нь бидний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Тэгвэл бидний хэрэглээд дууссан, хэрэгцээгүй болсон ууттай цайг хэрхэн ашиглаж болохыг та мэдэх үү? Ямартай ч халуун усанд хандалсны дараа шууд хогийн сав руу шидчихдэг байсан зүйлээ үр ашигтайгаар ашиглах аргуудаас танд хүргэж байна.
1. Нүдээ хамгаал. Хэрэв та компьютерын ард удаан суудаг ажилтай бол ядарсан нүдээ амраахдаа цайны уутыг ашиглах нь тустай байдаг. Өдөрт дор хаяж нэг удаа 10-15 минут хэрэглэсэн цайныхаа уутыг нүдэн дээрээ тавьбал нүд хавагнах, загатнах, нүдний доор үүссэн хар зураас арилна. Нүд тань гайхалтай сайхнаар амрах болно.
2. Гоймон, үр тарианд амт нэм. Хэрэв та гоймон эсвэл үр тариагаар хоол хийх гэж байгаа бол хэрэглэсэн дүрдэг цайгаа ашиглах бас нэг боломж гарч ирлээ. Ууттай цайгаа гоймон чанаж буй тогоотой усандаа хий. Ус буцалсны дараа ууттай цагаа авч, гоймон, үр тариагаа чана. Цагаан будаа чанах гэж байгаа тохиолдолд алтан товч эсвэл мэлрэг цэцэгний цайг ашиглаарай. Харин гоймон чанахад ногоон, овьёосонд шанцайтай хар цай амт оруулдаг юм.
3. Хивсээ цэвэрлэ. Хандалсан ууттай цайгаа хөргөгчид хадгал. Хангалттай их цай цуглуулсны дараа уутыг нь задалж, навчыг нь хивсэндээ цац. Цайны навч хатсаны дараа сойзоор эсвэл тоос сорогчоор хивсээ цэвэрлэ. Таны хивсэнд шингэсэн эвгүй үнэр үгүй болж, өнгө орох болно.
4. Эвгүй үнэрийг арилга. Дэлгүүрээс үнэтэй агааржуулагч худалдаж авахаасаа өмнө хэрэггүй болсон цайны уутаа ашиглаад үзээрэй. Хатаасан ууттай 5-6 цайг хогийн савны ёроолд байрлуулаарай. Түүнчлэн хөргөгчний тасалгаа зэрэг эвгүй үнэр гарч болох бүх газарт байрлуулж болно. Ингэснээр танай гэрт гарсан эвгүй үнэр арилах юм.
5. Өвдөлт, зүсэлт, шархаа эмийн бус аргаар эдгээ. Зүсэгдэж, шарх үүссэн хэсэгт хандалсан ууттай цайгаа хэдэн минутын турш тавьж, үе үе зөөлөн дар. Учир нь цай нь өвчнийг намдааж, тайвшруулах үйлчилгээтэй. Хөргөгчид хийж хүйтэн болгосон цайны уутыг түлэгдсэн газраа 20 минутын турш тавьбал өвдөлт, хорсолтыг намдаана.
6. Хувцасны өнгөө сэргээ. Цайвар өнгөтэй хувцасны өнгийг сэргээхэд хэрэглэсэн цайны уутыг ашиглаж болно. Ингэхийн тулд цайны уутан доторх шаарыг гаргаж халуун усанд хийгээд усандаа хувцсаа хэдэн цаг байлгахад л хангалттай.
7. Аяга тавагны хир, тос арилгах, гал тогооны хэрэгслийг зэврэлтээс хамгаалах боломжтой. Мөнгө үрж, химийн найрлагатай аяга таваг угаагч авч байснаас 2-3 ууттай цайг бүлээн усанд хийж хэсэг хугацаанд байлгасны дараа энэхүү усанд тос болсон аяга тавгаа угаах боломжтой. Түүнчлэн та гал тогооны сав суулгаа хэрэглэсэн ууттай цайгаар үүрснээр зэврэлтийг арилгана.
8. Үсээ арчил. Гялалзсан сайхан үстэй болохыг хүсэж байвал хандалсан цайгаар үсээ угаагаарай. Дараа нь үсээ ангижруулахад л хангалттай.
-
2015 оны 11 сарын 01
НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан баасан/X.30/ болж хуралдаанаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай хэлэлцлээ.
НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 52 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршуулдад газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил журмын дагуу 2014 оны 8 дугаар сараас эхэлсэн. Баталсан 52 байршлаас 41 байршилд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулснаас нийслэлийн хүн амын 40 хувь нь газар өмчлөх хүсэлтээ цахим бүртгэлийн системд ирүүлж, 36,428 иргэн сонгогджээ.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар, өмнө нь батлагдсан 52 байршлаас, Баянзүрх дүүрэгт 3 байршил, Хан-Уул дүүрэгт 1 байршил, Сонгинохайрхан дүүрэгт 1 байршилд газар өмчлүүлэх ажил тодорхой шалтгаануудын улмаас түр хойшлогдсон байна. Тодруулбал, дүүргийн ИТХ-аас тусгай хамгаалалтад авсан, өөр зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэх мэт нөхцөл байдал үүссэн учраас өмчлүүлэх ажлыг түр хойшлуужээ. Асуудлыг шийдсэний дараа эдгээр байршлуудад цахимаар газар өмчлүүлэх ажлыг үргэжлүүлэх юм байна. Мөн дээрхи 41 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтцийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, концессын гэрээгээр хэрэгжүүлэх зэргээр боломжит нөхцөлүүдийг ,НИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн нэмж шинээр Сонгинохайрхан дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 3, Налайх дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 17, Багануур дүүрэгт 32 нийт 68 байршилд 22 497 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх боломжтой гэж танилцуулав.
НИТХ-ын төлөөлөгчид эдгээр байршилыг баталж, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан өмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Шинээр баталсан 68 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хаягын зургыг баталсаны дараа газар өмчлөх эрхийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/338 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон С.Баттамир, А.Оргилбаяр нар нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 40-р зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 тоот зарлигаар батлагдсан Прокуроруудын тангараг өргөх журмын дагуу тангарагаа өргөлөө.
Уг тангараг өргөх ажиллагаанд тус аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Шинээр томилогдсон прокурорууддаа ажлын өндөр амжилт хүсье.
-
2015 оны 11 сарын 01
Үндэсний өгөх өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тархины саажилттай хүүхдүүдийн УИХ гишүүн С.Одонтуяатай хамтран гаргасан “Энэ бол би” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тархины саатай хүүхдүүдийн хөлөөрөө болон амаараа зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулсан тус үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай олны хүртээл болох аж.
Тэд энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталд байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэн ямарч үнэ төлбөргүй бөгөөд үзсэн хүмүүс өөрсдөө сэтгэлээр хандив өгч тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд нэн шаардлагатай аалзны тор хэмээх 12000 долларын үнэтэй төхөөрөмжийг Сэргээн Засах Хөгжлийн “Таны Инээмсэглэл” төвд хандивлах аянд нэгдэх боломжтой аж.
-
2015 оны 11 сарын 01
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд дахин мэдээлэл өглөө. Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдол цөөнгүй гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн хурлаар гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрүүгийн цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг үйлдсэн үед бид удирдлага нь хариуцлага тооцоод, үүрэг даалгавар өгдөг байсан. Харамсалтай нь дахиад цагдаагийн алба хаагчид бусдын амь насыг хохироосон хэрэгт холбогдоод, шалгагдаж байна. ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар нэлээн том реформын шинжтэй асуудлуудыг ярилаа.
Тухйлбал, цагдаагийн байгууллагаас боловсон хүчний заавар, журмыг шинээр ажилд орж байгаа хүмүүс хангаж байна уу гэдэг асуудлыг эргэж харах шаардлагатай болж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан журамд ямар иргэнийг ажилд авах вэ гэдэг нь байгаа л даа. Гэхдээ бид үүнийгээ илүү чангатгая, полиграфийн аппаратаар шалгадаг болъё гэж шийдэж байна. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний сонгон шалгаруулалтын нэлээн том реформ эхэлж байна” гэлээ.
-
2015 оны 11 сарын 01
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих үйлнээ муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
-
2015 оны 11 сарын 01
2015 оны 10 дугаар сарын 31-ний 20 цагаас 11 дүгээр сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ . Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-0 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 31
Тамхи нь хүний биед олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа эмэгтэй хүн тамхи татах нь бие эрхтэнд нь муу гэдгийг эмч нар хэлдэг.
-
2015 оны 10 сарын 31
Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.
-
2015 оны 10 сарын 31
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг цус шүүх аппарат бүхий эмчилгээний тасагтай болсон байна.
-
2015 оны 10 сарын 31
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ.
-
2015 оны 10 сарын 31
Эрүүл мэнд, спортын яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит хурлаар халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Улаанбурхан өвчлөлийг таслан зогсоох стратегийн хэрэгжилт, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөрийг 2015-2018 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц зэрэг есөн асуудлын талаар ярилцаж үүрэг даалгаврыг өгсөн байна.
-
2015 оны 10 сарын 31
Өвөрмонголын Шилийн гол аймгийн худалдааны төвд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ.
-
2015 оны 10 сарын 31
Энэ оны эхний 9 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.