Монголын эмэгтэйчүүдийн холбооноос БНСУ-ын хуулийн фермтэй хамтран тус улсад хуулийн дагуу болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг болно.
Энэ хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн аж байдал, нийгмийн асуудлуудыг судалжээ.
Тодруулбал, БНСУ-д 46 мянга орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч, сурч байгаагаас 53 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Үүнээс Солонгос иргэнтэй гэрлэсэн 2300 орчим эмэгтэй, 150 орчим эрэгтэй байгаа бол хууль бусаар ажиллаж, амьдардаг 15 мянга гаруй иргэн байдаг байна.
БНСУ-д ажиллаж, амьдардаг зарим Монгол иргэд хэлний мэдлэг муу, тухайн улсын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл муугаас санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон тохиодолд тэр бүр хууль зүйн туслалцаа авч чаддаггүй байна. Тухайлбал, БНСУ-д жилд 1600 орчим Монгол иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогддог бөгөөд үүний 50 гаруй хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчих, авто тээврийн осол гаргах, өртөх, мөн танхай, зодоон, хүчингийн гэмт хэрэгт холбогддог гэх судалгаа гарчээ.