Монголын спортын түүхийн хуудсанд нэгэн шинэ өнгө нэмсэн гавьяат тамирчин М.Нандинцэцэг боксын рингэнээ эргэн ирлээ. Үрийн зулай үнэрлэн ширэн бээлий углаагүй удсан энэ бүсгүй хэдхэн хоногийн өмнө “Станбул-2022” боксын ДАШТ-ий сорил тулаанд зориг шулуудан залуу тамирчидтай ана мана үзэлцжээ.
М.Нандинцэцэгээр бахархах сэтгэгдэл төрлөө. Хүүхэд төрүүлээд удаагүй түүнд боксын рингэнд дахин гарах амар байгаагүй нь мэдээж. Хэн хүнээс гарамгүй эр зориг гэлтэй. Гэхдээ тэр чаджээ. Дүү нартаа харих болоогүй гэдгээ батлан харуулж, нударганы амтыг мэдрүүлсэн нь бахдалтай. Тэр үүгээрээ олон хүнд үлгэр дуурайлал болж байна. Түүнд оны шилдэг тамирчин цолоор өргөмжилсөн нь санамсаргүй зүйл биш ээ. Дуртай зүйлдээ тууштай хичээж, зүтгэвэл болдог юм байна.
Тэр яах аргагүй Монголын боксын “Нандинцэцэг” байлаа. Хоёр жилийн өмнө боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, монгол зон олныхоо баярын магнайг тэнийлгэсэн гавьяатан. Энэ бахдам амжилтыг монголчууд мартаагүй. М.Нандинцэцэг Монголын эмэгтэй боксчдын анхны дэлхийн медальтан болохын сацуу шилдэг гэдгээ олонтаа нотолсон манлай тамирчин. Түүний амжилтыг өнөө ч эвдээгүй байна. Түүнд удахгүй болох ДАШТ-д нь түрүүлэхийн өлзийтэй ерөөл өргөе.
Б.Жаргал