“Ханжоу-2022” Азийн зуны спортын наадам ирэх оны есдүгээр сарын 10-25-нд БНХАУ-ын Ханжоү хотод болно. Тус наадамд 10 мянга гаруй тамирчин 40 спортын 61 төрөлд 482 иж бүрдэл медалийн төлөө өрсөлдөх юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү Азийн наадамд Номхон далайн бүс нутгийн Австрали, Шинэ Зеланд тэргүүтэн 17 орны ҮОХ-ны 300 тамирчин триатлон, хөнгөн атлетик, үшү, дугуйт тэшүүр, хүндийг өргөлтийн төрлөөр анх удаа манай тивийнхэнтэй өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан тохиолдолд зөвхөн дурсгалын медалиар шагнуулна. Медаль нь багийн дүнд тооцогдохгүй гэнэ. Ийм шийдвэрийг Азийн олимпийн зөвлөлөөс гаргажээ. Ингэснээр Азийн 45 орон дээр Далайн 16 орны баг тамирчид нэмэгдэж Ханжоүд өрсөлдөх нь ээ.