Монгол улсад анхдугаар үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Бөх шимтэн үздэг хүмүүсээс жилийн хамгийн чансаатай таван барилдааныг нэрлэ гэвэл энэ барилдаан хэлэх нь гарцаагүй. Тэгвэл өнөө жилийн барилдаан Монгол бөхийн өргөөнд ирэх баасан гаригийн 12:00 цагт болох бөгөөд 128 бөх барилдах юм. Энэхүү барилдааныг 1984 онд анх зохион байгуулахад дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. Тэгвэл 1990 оноос өнөөг хүртэл 28 удаа зохион байгуулахад 1996, 2009, 2020 онд өнжиж байв. Улс тунхагласны ойн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаа түрүүлж, дархан аварга А.Сүхбат гурван үзүүрлэсэн нь өдгөө шинэчлэгдээгүй амжилт. Тус барилдаанд улсын заанаас дээш цолтон түрүүлсэн бөгөөд заан Ц.Баярсайхан, С.Хүрэлбаатар нар энэ барилдааны түрүү хүртсэн хамгийн бага цолтой нь юм.
Б.Жаргал