Сүхбаатар аймгийн цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан Баруун-Урт хотод боллоо. Барилдаанд аймгийн есөн арслан, гурван заан, зургаан харцага, 10 начин, нийт 128 бөх барилдав. Гурвын даваанд аймгийн арслан цолтой гурван бөх унасан бол, түрүү бөхөөр нэрлэгдэж байсан хурц арслан Б.Номиндалай тавын даваанд сумын заан Ж.Нэргүйд тахим буулгажээ.
Энэ барилдаанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Ч.Энхмөнх түрүүлж, хурц чимэг нэмсэн бол үзүүрт аймгийн харцага Б.Бадамдорж үлдэж, заан цол хүртлээ. Их шөвөгт сумын заан Ж.Нэргүй, аймгийн начин С.Буянсүрэн нар шалгарлаа. Түрүү бөх Ч.Энхмөнх нь 2011 онд сумын заан, 2016 онд аймгийн заан, 2019 онд аймгийн арслан цол хүртэж байв.
Б.Жаргал