Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн ранк олгох тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг найман жилийн дараа анх удаа оролцох гэж байна

2022-5-05
0
ЖИРГЭХ

Монголын сагсанбөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 20-нд бүх гишүүдийн ээлжит бус хурлаа хийн шинэ удирдлагуудаа сонгосон. Шинээр томилогдсон удирдлагууд ажилдаа ороод хэдхэн хонож буй ч тэднийг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн тэмцээн хүлээж байна. Шри-Ланк улсад зохиогдох урьдчилсан шатны тэмцээнд манай улсын Сагсанбөмбөгийн шигшээ баг оролцохоор болсон бөгөөд энэ нь сүүлийн найман жилийн хугацаанд 5х5 төрлөөр дэлхийн ранк олгох олон улсын тэмцээнд анх удаа оролцох гэж байгаагаараа онцлог билээ. Сагсанбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, Сагсанбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд, Шигшээ багийн тамирчин Н.Батбаяр нартай ярилцсанаа хүргэе.


С.ТӨГСЖАРГАЛ: ШИГШЭЭ БАГИЙН 12 ТАМИРЧИН ХЭН БАЙХЫГ ДАСГАЛЖУУЛАГЧ ШИЙДНЭ, ГЭХДЭЭ ЗӨВХӨН СТАТИСТИК ДЭЭР ҮНДЭСЛЭНЭ

Сагсанбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай ярилцлаа.


-Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэх хариуцлагатай, өндөр албан тушаалд томилогдсонд баяр хүргэе?

- Баярлалаа. Албан тушаал гэхээс илүү хариуцлага гэж харж байна. Түүнээс биш эрх ямба, ямар нэг зүйл байхгүй гэж бодож байна. Сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн тулд хичээж ажиллана.

-Сагсан бөмбөгийн алсын харааг Сагсанбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хэрхэн харж байна вэ?

-Сагсанбөмбөг бол багийн спорт. Удирдлагын баг ч энэ л зарчмаар ажиллана. Багаар ажиллана. Сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгч бүх зүйлийг хамтын шийдвэрээр шийднэ гэж зорьж байгаа. Хамгийн эхний зорилго бол 5x5 төрөлд Монгол Улсын шигшээ баг ранкийн оноотой болох. Холбоо хийх ажлуудаа төлөвлөөд, эрэмбэлсэн байгаа. Удирдах зөвлөлөөс баталсан ажил үүрэг, тухайн жилийн төлөвлөгөөт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил дээр анхаараад явж байна.

- Сүүлийн хэдэн жил Монголын сагсанбөмбөгийн салбар хоёр холбоотой болсноор олон улсын тэмцээнүүдэд ч оролцож чадахаа больсон. Хоёр холбооны алийнх нь бичиг албан ёсных гэдэг нь мэдэгдэхгүй олон улсад хоёр холбоотой гээд явж байсан үе бий. Энэ асуудлыг эцэслэж, шийдвэрлэсэн үү?

-Одоо олон улсад үүсдэг бүх асуудал дууссан, цэг хатгасан. Өөр ямар нэг асуудал байхгүй. Өнгөрсөн он жилүүдэд сайн муу зүйл Монголын сагсанбөмбөгийн салбарт аль аль нь байсан. Одоо бол сайныг нь улам дэлгэрүүлж, мууг нь дахин давтахгүй байхын төлөө анхаарч ажиллаж байгаа.

-С.Төгсжаргал гэдэг хүний хувьд сагсанбөмбөгийн 3х3 төрлийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан. Одоо сагсан бөмбөгийн холбоо гэх том тогооны нарийн бичгийн дарга боллоо. 3х3 холбооны ажлаа яах вэ?

-Сагсанбөмбөг гэх их гэр бүлийн хамгийн том байгууллага болох Сагсанбөмбөгийн холбоо жаран жилийн түүхтэй. Миний хувьд 3х3, 5х5 төрлүүдэд сүүлийн арван жил ажиллаж байна. Тэр ч утгаараа илүү туршлагатай гэж үзсэн учраас Сагсанбөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар сонгосон болов уу гэж бодож байна.

-Та ажлаа аваад удаагүй ч “Бүх ард түмний спартикиадын сагсанбөмбөгийн төрөл”-ийг зохион байгуулж байна. Ажил хэр явцтай байна вэ. Энэ спартикиадад оролцох Дээд лигийн тамирчдын тоог хязгаарлахгүй гэсэн байсан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ. Энэ нь лигийн тамирчдаас бусад тамирчдад хэрхэн нөлөөлөх вэ?

-Би ажлаа аваад долоо ч хоноогүй байна. “Бүх ард түмний спартикиад” бол нэгдүгээр сараас хойш яригдаад, хийгдээд явж байсан ажил. Дээд лигийн тамирчны тоог хязгаарлахгүй гэдэг нь БТСУХ-ноос гаргасан Бүх ард түмний спартакиадын ерөнхий журам дээр орсон Монгол улсын Үндсэн хуулиа дагаж мөрдөж байгаа л зүйл. Үндсэн хуульд хүнийг нас хүйс, ажил мэргэжлээр нь ялгаварлахгүй гэж заасан байдаг шүү дээ. Тиймээс ямар ч лигийн тамирчин тоглох боломжтой.

-Шинээр байгуулагдсан Сагсанбөмбөгийн холбооны анхны Олон улсын тэмцээн удахгүй болно.  Тэмцээний бэлтгэл хэр байна вэ. Энэ жил их онцлогтой шигшээ баг бүрдэж байна шүү дээ.

-Сагсанбөмбөг сонирхогчид 3х3-ын баг тамирчдын амжилтаас гадна 5х5 төрлийн баг тамирчдаа олон улсад амжилт гаргахыг хүсэн хүлээж байгаа. Эхнээсээ маш сайхан мэдээллүүд ирж байгаа нь энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн тэмцээнд оролцохоор болсон маань. Монголчууд 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрхээ авсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр манай Сагсанбөмбөгийн холбоо олон улсад ямар нэгэн асуудалгүй болжээ гэдгийн нотолгоо. Энэ тэмцээнд оролцох шигшээ багаа бүрдүүлчихлээ, ахлах дасгалжуулагч томилогдлоо. Та бүхэн мэдэж байгаа байх. Ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд ажиллахаар болоод ажлаа хүлээн авсан. Азийн наадмын урьдчилсан тоглолтод оролцох шигшээ багт 25 тамирчин дуудагдаад байгаа. Шигшээ баг хариуцсан албаны даргаар М.Отгонбаяр ах томилогдсон. М.Отгонбаяр ахтай хамтраад тамирчдынхаа бэлтгэлийг сайн хийлгэх, өндөр амжилт үзүүлэхэд нь байж болох бүх л боломжит зүйлийг хийхийн төлөө зүтгэнэ. Үр дүн эхнээсээ гарч байна. “Уран Ган” спорт цогцолбортой гэрээ хийж, 2025 он хүртэл шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг хийлгэх заал талбайгаар хангахаар боллоо. Удирдах зөвлөл анхны хуралдаанаараа Азийн аваргын урьдчилсан тэмцээнд олон улсын стандартын дагуу эмч, физикиал траписттай оролцуулахаар болсон. Азийн аваргын урьдчилсан шалгаруулалт болох тэмцээнд манай шигшээ баг гурван дасгалжуулагч, багийн дарга, эмч, физикиал трапистт зэрэг 19 хүний бүрэлдэхүүнтэй Шри-Ланкийг зорино. “Уран Ган” спорт цогцолборын зүгээс тамирчдын бие бэлдэх, дасгалжуулагчдын багт туслалцаа үзүүлэх ажлуудыг хийж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоог ингэж дэмжиж, хамтран ажиллаж байгаа “Уран Ган”-гийн хамт олонд болон спорт хувцасны “ТG” үйлдвэрийн хамт олонд талархсанаа энэ дашрамд илэрхийлье.

-Олон улсын тэмцээн Шри-Ланк улсад болохгүй гэсэн мэдээлэл байгаа. Энэ тухай албажсан мэдээлэл байгаа юу?

- Албан ёсны ийм мэдээлэл Сагсанбөмбөгийн холбоонд ирээгүй.

-Цар тахлын үе болохоор тоглолт болох улсаас ямар нэгэн нэмэлт баримт шаардаж байгаа юу?

-Олон улсын шаардлагын дагуу 48 цагийн PCR шинжилгээний хариу л шаардаж байгаа.

-Тоглолтын албан ёсны хуваарь ирсэн байгаа юу?

- Хуваарь ирсэн. Тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 6-ны хооронд тоглолт болно. Ирэх долоо хоногт шигшээ багийн нээлттэй өдөрлөг хийнэ. Тэр үед тодорхой мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн.

-Энэ жил шигшээ багт Н.Батбаяр, Д.Баясгалан, Ш.Энхийн-Од зэрэг тамирчид гадаадаас ирж байна. Нарийн бичгийн хувьд энэ шигшээ багийн амжилтыг хэрхэн харж байна вэ?

-Манай тамирчдын ур чадвар өссөн шүү дээ. Азийн аль ч улсын багтай эн тэнцүү өрсөлдөнө гэсэн зорилготой очно. Урьдчилсан шатны эрхийн тэмцээн учир зорилго, зорилтууд бол тодорхой байна. Азийн аваргын Урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрхээ 2 үе шаттай тэмцээнээс авна. Харин дуудагдсан байгаа 25 тамирчнаас яг хэн хэнийг нь сонгох вэ гэдэг дасгалжуулагчийн санал гол байх болно. Бид Шигшээ багийн дасгалжуулагчдын багтай маш сайн тохиролцсон. Хэн нэгэн дасгалжуулагч өөрийн багийн хүнээ сонгосон гэх мэт асуудал гарах ёсгүй, байрлал дээрээ хамгийн сайн байгаа нь шигшээ багт сонгогдоно. Өдөр бүр тамирчдын статистик мэдээллийг аваад явж байгаа. Тоон мэдээлэл дээр суурилж тухайн байрлалд ямар тамирчин сайн байгаа вэ гэдгийг харж байгаа. Тоон мэдээлэл дээр үндэслэж шигшээ багаа сонгоно гэсэн журамтай. Албан ёсоор мэдэгдэхэд төвийн байрлал дээр тоглогч нар дутуу байгаа учир П.Болортулгыг дуудаад, бэлтгэл хийлгэж байгаа.

-Шигшээ багийг анх зарлахад дуудагдсан байсан Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар, А.Ананд нар одоо бүрэлдэхүүнд байхгүй байна. 3х3 төрлийн тэмцээн Азийн наадмын урьдчилсан тоглолтуудтай ойрхон хугацаанд болж байгаагаас шалтгаалаад тэд шигшээ багт тоглохооргүй болчихов уу?

-Сагсанбөмбөгийн хоёр төрлийн буюу 3х3 , 5х5 төрлийн дасгалжуулагч нар хоорондоо уулзсан. Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар дөрвийн хувьд Азийн аваргын урьдчилсан тоглолтоос 20 хоногийн зайтай 3х3 төрлийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон. Тийм учраас энэ удаагийн Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд тоглохооргүй болсон. Дүрэм өөр, бэлтгэл сургуулилт ондоо, мөн өөр тэмцээн давхцаж байгаа учир энэ удаагийн тэмцээнд тэд оролцохгүй.

-Удирдах зөвлөлийн хурал анх удаа хийлээ гэсэн шүү дээ. Удирдах зөвлөлөөрөө шинэ оныхоо план зураг, төлөвлөгөөг гаргасан уу. Дотооддоо дараагийн тэмцээн юу байгаа вэ?

-Эхний хурал дээр Сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн зүгээс зургаан зорилтыг тавьсан. Зорилтынхоо хүрээнд Удирдах зөвлөлийн гишүүд баг болж хуваагдсан. Мэдээж тодорхой хэмжээний судалгаа, цаг хугацаа хэрэгтэй. Үүний дараа зургаан жилийн бүтэн бодлогоо, төлөвлөгөөгөө нарийн гаргана. Хамгийн ойрын зорилго гэхдээ яах аргагүй Азийн аваргын урьдчилсан шатны эрхийн тоглолт. Бидэнд ердөө нэгхэн сарын бэлтгэл хийх хугацаа л үлдсэн байгаа учир энэ тэмцээндээ маш их ач холбогдол өгч байгаа.

-Спортын төв ордонд 13 багтай нэгдсэн дээд лигийн тоглолтууд явагдсанд үзэгчид сэтгэл хангалуун байлаа. Гэвч ийм өргөн бүрэлдэхүүнтэй лигийн тэмцээн зохиоход Спортын ордон багаддаг болжээ. “Уран-Ган” шинэ ордон нээж байна. Дараагийн лигийг “Уран-Ган” дээр хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна уу? Эсвэл өөр заал, өөр газар хийнэ гэсэн төлөвлөгөө бий юу?

- Манай улсад спортын барилга байгууламж гэдэг төвөгтэй асуудал байдаг.  “Степ Ариана”, “Уран-Ган” зэрэг үндэсний бүтээн байгуулагчид маань маш том сайхан ордон баригдсанд спорт сонирхогчид, тамирчид маш их талархаж байгаа. Цаашид зөвхөн Спортын төв ордоос гадна энэ дэвшилттэй орднуудыг ашиглаад явах байх.

 

Ч.ИЖИЛБОЛД: ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ГЭДЭГ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ

АЖИЛЛАНА ГЭСЭН ҮГ

Дээд Лигийн хоёр удаагийн аварга, “IHC Apes” багийн ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Ижилболдтой ярилцлаа.


-Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсонд баяр хүргэе.

-Маш их баярлалаа.

-Ахлах дасгалжуулагч болох саналыг хэзээ хүлээж авсан бэ. Энэ саналыг хэрхэн хүлээн авсан бэ?

-Шигшээ багийн ахлах дасгалжуулах болох санал таван хоногийн өмнө гарсан. Гэхдээ надаас Шигшээ багийн дасгалжуулагч болох уу, үгүй юү гэж асуугаагүй. Шууд л за Шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллана шүү гэж хэлсэн. Шигшээ багийн дасгалжуулагч гэдэг ер нь эх орныхоо төлөө ажиллана гэсэн үг. Тэгж бодож санаж явдаг учир ямар нэгэн сөрөг реакц үзүүлээгүй. Тэгээд л энэ ажлаа хүлээн авсан. Ер нь бидний насны залуучууд элдэв шалтаг тоочих, бэрхшээлээс халшрах, зовлон тоочих нь утгагүй. Харин үүрэх үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхийн төлөө чадах бүхнээ дайчлах ёстой гэж бодож байна.

-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсноос хойшхи энэ таван хоногт хэдэн бэлтгэлд оролцсон бэ?

-Албан ёсоор тав хоногийн өмнө шигшээ багийн ахлах болсон ч өмнө нь би шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд байсан. Тэгэхээр шигшээ багийнхантайгаа багагүй хугацаанд хамт ажиллаж байна гэсэн үг.

-Сая бүрдүүлсэн шигшээ багийн онцлогийг ахлах дасгалжуулагчийн хувьд юу гэж харж байна вэ?

-Онцлог гэвэл маш олон зүйл байна. Манай улсын хувьд найман жил гаруй хугацаанд ФИБА-гийн ранктай тэмцээнд орж чадаагүй. Энэ тэмцээн бидний хувьд найман жилийн дараахь ранк олгох анхны тэмцээн. Хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө манай сагсчид олон улсын тэмцээнд явж байсан. Энэ жил холбоо нэгдээд шинэ бүтэцтэй болж байна. Шигшээ багт дуудагдсан тамирчдын хувьд бас чухал цаг үед явж байгаа. Зарим тоглогчийн ид тоглох үе нь аажмаар дуусаж байна, зарим тоглогчдын үе нь ирж байна. Нэлээд бужигнасан цаг үед шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд ирлээ, би.

-Шигшээ багийн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Н.Батбаяр нарыг нэрлэсэн байгаа. Энэ хоёр тамирчин маань албан ёсны шийдвэрээ гаргасан байгаа юу?

- Албан ёсны шийдвэр гараад уржигдар Н.Батбаяр бэлтгэлдээ хамрагдаж эхэллээ. Ш.Энхийн-Од тавдугаар сарын аравдаас бэлтгэлд хамрагдана.

-Харин Д.Баясгалан?

 -Тавдугаар сарын 15-18-ны үед ирэх төлөвлөгөөтэй байгаа.

- Ази тивийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцох Шигшээ баг хэзээ Шри-Ланкийг зорих вэ?

- Хугацааг удирдлагуудтай ярилцаж байгаад шийднэ. Одоогоор яг таг тохироогүй байна. Тавдугаар сарын 20 хавьцаа Шри-Ланкийг зорих болов уу гэж төлөвлөж байгаа.

- Ш.Энхийн-Од, Д.Баясгалан нарын хувьд бэлтгэлд хамрагдах боломжгүй шахуу багтаа нэгдэх юм байна. Багийн хувилбар, комбинаци зэргээ яах вэ. Ахлах дасгалжуулагчийн хувьд таны бодлыг сонсъё?

- Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Н.Батбаяр гурав гадаадад өндөр төвшний лигт тоглоод, бэлтгэл хийгээд ирж байгаа учир энэ бол нэг талаараа хүндэтгэж үзэх шалтгаан. Амраад ч юм уу, суралцаж байгаагаас өөр. Байнгын бэлтгэлтэй тамирчид. Тийм учраас тэднийг энд бэлтгэл хийж байгаа тамирчидтай адил авч үзэх ёстой. Бусад хувилбар, комбинаци төлөвлөгөөний тал дээр эдгээр тамирчинтайгаа дасгалжуулагчийн хувьд интернэтээр холбогдоод ярилцаад явж байгаа.

-Ази тивийн аваргын урьдчилсан шатны тэмцээн болохоор зарлаад байгаа Шри-Ланка улсад улс төрийн тогтворгүй байдал үүссэнтэй холбоотойгоор тэмцээнийг өөр улсад зохиох тухай яриа гарах болсон. Тэгвэл манай тамирчдад цаг агаарын байдал хэрхэн нөлөөлөх бол?

-Тэмцээн Катарын Дохад болж магадгүй тухай яригдаж байгаа. Гэхдээ Монголын сагсанбөмбөгийн холбоонд тоглолт болох газар өөрчлөгдсөн тухай албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй байна. Тэгэхээр бид хуучин тов буюу Шри-Ланкад тоглоно гэсэн төлөвлөгөөрөө явж байгаа. Тухайн улсад дотоодын улс төрийн асуудал үүссэн юм шиг байна. Гэхдээ тэмцээн болох газар өөрчлөгдсөн бол алабн ёсны мэдээлэл ирэх ёстой. Тийм мэдээлэл ирээгүй учир Шри-Ланкад болно гэж бодож байна. Тийм учраас тавдугаар сарын 20-нд явах хүсэлтээ гаргаад байгаа.

-Шигшээ баг энэ тэмцээнд нийт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцох вэ?

-Нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 12 тамирчин, ахлах дасгалжуулагч, хоёр туслах дасгалжуулагч, нэг эмч, нэг трейнэр, албаны хоёр хүн байгаа. Сагсанбөмбөгийн шигшээ хариуцсан дарга Отгонбаяр, нөгөөх нь дахиад нэг албаны хүн байна. Сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгч юм уу, ерөнхий нарийн бичгийн дарга явах болов уу гэж бодож байна.

- Шигшээ багийн бүрэлдэхүүнийг харахад төвийн байрлал жаахан сул харагдаж байна. Энэ сул талаа хэрхэн нөхөх вэ?

-Шигшээ багт тоглохгүй гэж мэдэгдээд байсан ОУХМ П.Болортулгыг төвийн байрлал дээр шигшээд дуудсан. Уржигдраас бэлтгэлдээ орсон. Э.Цэрэнбаатар, Б.Билгүүн нар хааяа төв дээр тоглоно. А.Энхбаясгаланг мөн шаардлагатай үед төв рүү татах боломжтой гэж харж байгаа.

-Шигшээ багийн 12 тамирчны нэрийг хэзээ эцсийн байдлаар зарлах вэ?

-Шигшээгийн 12 тамирчныг тавдугаар сарын 20-нд зарлах байх гэж бодож байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан баярлалаа. Шигшээ багтаа, Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Монголын сагсанбамбөгийн шигшээ багт дуудагдсан тамирчид маань бүх хүч хөлс хүчээ гарган бэлтгэлээ хийж байгаа. Дасгалжуулагчид маань ч бас хамгийн сайнаараа ажиллаж байгаа. Холбооны зүгээс ч биднийг бүхий л зүйлээр дэмжин ажиллаж байна. “Уран Ган” спорт цогцолбор, “TG” спорт хувцасны газар гээд маш олон албан байгууллага, хувь хүмүүс биднийг туслаж, дэмжиж байна. Бид энэ тэмцээнд явсан хэргээ амжилттай бүтээгээд ирэхийн төлөө хамаг бүхнээ  шавхаж ажиллана гэдгээ хэлье.

 

Н.БАТБАЯР: СОЛОНГОСЫН ЛИГТ ТОГЛОСНООРОО БИ ХАМГААЛАЛТ ДЭЭР ИЛҮҮ ТУРШЛАГАТАЙ БОЛСОН

БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигийн “Сөүл Самсунг” багийн анхны Монгол тоглогч Н.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр Ази тивийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх тоглолтонд оролцох Сагсанбөмбөгийн шигшээ багт дуудагдаад байгаа бөгөөд эх орондоо ирэн бэлтгэлээ эхлүүлээд буй юм.


-Эх орноо төлөөлөх шигшээ багтаа дуудагдсан Танд баяр хүргэе. Монголдоо хэзээ ирсэн бэ?

-Дөрөв хоногийн өмнө Монголдоо ирлээ. 2019 оноос хойш цар тахлаас болоод эх орондоо ирж чадаагүй байсан юм.  

- “Жакарта”-гийн Азийн наадамд тоглосны дараа БНСУ-ын дээд лигийн тамирчин болсон. Харин энэ удаа Монголынхоо нэрийн өмнөөс тоглохоор боллоо…

-Монгол Улсынхаа шигшээ багт тоглох сайхан боломж гарч байна. Улсын шигшээд тоглох санал ирсэн учир хүлээж аваад уржигдраас бэлтгэлдээ ороод байж байна.

-Шигшээ багийн бүрэлдэхүүний талаар асуумаар байна?

-Манай шигшээ баг бэлтгэлээ сайн хийвэл өндөр амжилт гаргах боломжтой. Гэхдээ би хоёр өдрийн бэлтгэлд л хамрагдсан учир нарийн сайн дүгнэлт хэлэхэд эрт байна.

-Солонгосын лигт тоглох Монголын лигт тоглохын ялгаа юу байна вэ. Өмнө нь “Этүгэн Ирвэсүүд” багаас тоглож байсан билүү?

-Мэдээж ялгаатай. Солонгосын лигт хамгаалалт зонхилдог. Маш их хамгаалалт дунд тоглодог. Хамгаалалт сайн биш бол Солонгосын лигт гарч тоглоно гэдэг хэцүү. Сайн довтлон тоглодог, оноо авдаг байсан ч хамгаалалт муу л бол талбайд гарах хугацаа маш бага. Хамгаалалтын системд л хамгийн их ялгаа байгаа гэж харж байна.

- Шигшээ багт дуудагдсанаа сонсох тэр үеийн сэтгэгдэл…?

- Гоё байсан. Эх орныхоо нэрийн өмнөөс тоглоно гэдэг бол хамгийн сайхан зүйл.

- Солонгосын лигт тоглож байгаа тамирчны хувьд таны цаашдын зорилго юу вэ?

- Солонгосын лигтээ 8-10 жил ч юм уу удаан тогтвортой тоглох зорилготой. Одоогийн тоглож байгаа багтаа ч юм уу өөр багт илүү өндөр цалинтай, урт хугацаанд тогтвортой тоглох зорилготой.

-Монголын шигшээ багт өөрийн тань байрлал дээр хэд хэдэн тамирчин дуудагдсан байгаа. Эдгээр тамирчнаас ялгарах Таны давуу тал юу байх вэ?

- Бусад тамирчдаас шидэлтийн хувиар арай илүү байх. Мөн хамгаалалт дээр илүү туршлагатай, сайжирсан байх гэж бодож байна. Хамгаалалт дээр сайн байвал л тоглох боломжтой байх гэж бодож байгаа.

- Монголын шигшээд тоглохоос гадна улсынхаа лигт тоглох боломж байгаа юу?

-Бараг л боломжгүй байх. Солонгосын лиг зургаагаас долоон сарын турш үргэлжилдэг учир тийм боломж гарахгүй байх. Энэ удаад Солонгосын лигийн амралтын үе таарсан учир шигшээ багтаа тоглохоор ирсэн.

- БНСУ-ын дээд лигийн тамирчин улсынхаа шигшээ багт дуудагдахаар яадаг вэ. Тоглож байгаа багтаа мэдэгддэг үү, зөвшөөрөл авдаг уу?

- Өөрийн тоглож байгаа баг болон Солонгосын сагсанбөмбөгийн холбоонд мэдэгдсэн. Зөвшөөрсөн учир ирсэн.

- Шри-Ланк улсад тоглоход цаг агаарын байдал хэрхэн нөлөөлөх бол. Монголд тоглож байгаад Солонгос улсад сагсанбөмбөг тоглоход цаг агаар нөлөөлдөг үү?

-Цаг агаар маш их нөлөөлдөг. Мэдээж тоглолт эхлэхээс өмнө очоод орчинд нь бэлтгэлээ сайн хийгээд, амралтаа зөв зохицуулбал цаг агаар гайгүй байх. Миний хувьд Солонгосын цаг агаарт дассан учир сүрхий нөлөөлөөд байдаггүй.

- Шигшээ багтайгаа тэмцээнд оролцоод нутагтаа эргэж ирэх үү?

- Тэмцээн дуусаад шууд Солонгос руу буцна. Солонгосын лигийн бэлтгэл зургаадугаар сарын эхээр эхэлдэг. Тиймээс тэмцээн дуусаад шууд Солонгос руу буцна гэсэн бодолтой байна.

- Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    9 цаг 8 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    9 цаг 47 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 37 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    10 цаг 39 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    10 цаг 51 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    11 цаг 38 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    12 цаг 26 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    12 цаг 33 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    14 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    14 цаг 27 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 48 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    14 цаг 52 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    15 цаг 0 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    15 цаг 55 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    16 цаг 7 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    16 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    16 цаг 13 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    16 цаг 42 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    16 цаг 51 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК