“Оюутолгойн шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан” гэж “Turquoise Hill Resources” компани мэдээлжээ. Татварын маргаантай асуудал, шинэ ТЭЗҮ боловсруулах ажил удааширснаас болж Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх ажил гацаад байсан билээ.Харин энэ сарын 10-нд татварын маргаантай асуудал нэг тийш болж саяхнаас шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссанаар далд уурхайн ажил эхлэх хугацаа ойртож байгааг “Turquoise Hill Resources” мэдэгджээ. Тус компани шинэчилсэн ТЭЗҮ- ийг “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүлээлгэн өгсөн байна. Хэрэв тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шинэчилсэн ТЭЗҮ-ийг баталсан тохиолдолд Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх аж. Шинэчилсэн ТЭЗҮ батлагдсанаар далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтын асуудал шийдэгдэнэ гэж “Turquoise Hill Resources” мэдэгдсэн байна. Энэ сарын 10-нд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл “Оюутолгой” компанийн гомдлыг хэлэлцсэн юм.
Дээрх хурлаас 127 орчим сая ам.доллар байсан татварын актыг ойролцоогоор 30 сая ам.доллар болгож бууруулсан гэж Монголын талаас мэдэгдсэн бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч тал баталгаажуулжээ. Ийнхүү татварын асуудал шийдэгдэж шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссанаар талууд нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх үлдээд байгаа аж. Мөн “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-д гарсан өтгөрүүлэгч шугамын гэмтлийг энэ сарын 30 гэхэд засварлаж дуусна гэж мэдэгджээ. Энэ гэмтлийн улмаас “Оюутолгой”-н үйлдвэр 60 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа юм.

























































Сэтгэгдэл (1)