“Зуншин” компанийн буруугаас болж 18 настай охин амиа алдсан хэрэг
хэдхэн хоногийн өмнө гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVI хорооны
нутагт “Илсон Деволопмент” компанийн захиалгаар баригдаж байгаа
“Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилга дээр уг осол гарсан юм.
Барилгын ажлыг “Зуншин” компани гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр “Бай
Лхагва” компани ажиллаж байсан байгаа юм.Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн МХЕГ, НМХГ-аас “Илсон Деволопмент” компанийн захиалгаар баригдаж байгаа “Труэ-Эл” орон сууцны барилгад хяналт шалгалт хийжээ. Ослын дараа хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал, туслан гүйцэтгэгч “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байхад “Зуншин” компани туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг МХЕГ-аас мэдэгдээд байгаа.
Мөн мэргэжлийн хяналтын газраас уг компанийг өмнө нь шалгаж, зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгч байснаа ч онцолсон.
Сүүлийн дөрвөн жилд МХЕГ-аас барилгын мянга орчим өргүүрийг улсын бүртгэлд авч, ашиглах зөвшөөрлийг өгчээ. Гэхдээ өдгөө 200 орчим дүүжин өргүүр зөвшөөрөлгүй ашиглагдаж байгаа аж. 18 настай охин амиа алдсан барилгын ашиглаж байсан өргүүр нь улсын бүртгэлтэй, тусгай зөвшөөртэй байсан ч зөөвөрлөж суурилуулахдаа мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй болох нь тогтоогджээ. Мөн тухайн үед дүүжин өргүүрийн мэргэжлийн оператор ажиллаагүй, дүүжин өргүүрийн ган татлагын гогцоорсон хэсэг байсныг анзааралгүй доош нь хүчээр буулгах гэж удаан дарснаар шахдаг роликонд ган татлага татарсан гэж урьдилсан дүгнэлт гарчээ.
Тэгвэл ийн алтан хүний аминд хүрсээр байгаа “Зуншин” гэх компанид хууль хяналтынхан ямар ч хариуцлагаг тооцохгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байна.
Учир нь энэ компани удаа дараагийн зөрчил гаргаж байсан, мөн өнгөрсөн удаад ч энэ компаний барилгаас хүн унаж нас барж байсан юм.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд хөлбөмбөгийн талбайн барилгын ажлыг Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай гэх “Зуншин” компани хариуцаж ажиллаж байсан байгаа юм. Энэ үеэр Дархан-Уул аймгийн харьяат А гэх залуу амиа алдсан. Цагдаа нар тухайн үед хамт ажиллаж байсан залуусыг буруутгаж, баривчилж шалгаад өнгөрсөн гэдэг.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард “Макс Өргөө” компанийн захиалгаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Crown center” төвийн барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж, камаар явж байсан машины жолооч амиа алдсан ноцтой хэрэг гарсан. “Зуншин компани” нь уг барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа осол гаргаж, хүний аминд хүрсэн. Гэвч энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа юм.
Энэ мэт Хятадын хөрөнгө оруулалттай гэх уг компани шүүх хяналтынхны хараа хяналтаас мултарч байгаа нь хүмүүсийн гайхшрал, бухимдлыг хүргээд байна.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (6)