Монголын түүхээс сэдэвлэсэн “Долоон бурхан харвадаггүй” түүхэн кино маргааш буюу “Эр цэргийн баяр”-ын өдөр нээлтээ хийх гэж байна. “Анхны долоо” хэмээн алдаршсан зоригт долоон эрийн бодит түүхээр “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл уран сайхны кино бүтээжээ. Тусгаар тогтносон Монгол улсад амьдарч байгаа нь өвөг дээдсийн минь цусаа урсгаж олсон гавьяа гэж бид ярьдаг ч, одоогийн эрх, жаргалыг бидэнд түүчээлэн хүргэсэн жинхэнэ эздийг нэр цохон дурьдаад байдаггүй. Тэр ч бүү хэл түүхийг улстөрийн зорилгоор бүдгэрүүлэх гэсэн санаархал ч байсан нь уг кино хийхэд нөлөөлсөн байна. Тийм ч учраас киноны уран бүтээлчид түүхийг мушгин гуйвуулалгүйгээр их хувьсгалын үйл хэргийг үнэн мөнөөр нь үзэгч олондоо хүргэж, орчин үеийн Монголын кино ертөнцөд томоохон тэсрэлт хийхээр “Долоон бурхан харвадаггүй” кино бэлэн болоод байгаа аж. Киноны зохиолыг яруу найрагч Ж. Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар А. Мөнхсүх ажилласан бөгөөд МУАЖ Д. Цэрэндагва, МУГЖ А. Дашпэлжээ, Төрийн соёрхолт МУГЖ Ц. Төмөрбаатар, МУГЖ Б. Жаргалсайхан нар болон Д. Бодоогийн дүрд МУСТА Ц. Төмөрхуяг, Д. Догсомд МУСТА Д. Золбоот, Д. Лосолд МУСТА Н. Пүрэвдорж, Богд хаанд МУСТА У. Батбаатар нар тогложээ. Түүнчлэн алтан үеийнхний залгамж халаа болсон авъяаслаг залуу жүжигчид болох Ш. Баянмөнх, Н, Төмөрбат, П. Хувьзаяа, А. Баттүшиг, Д. Эрдэнэмөнх нар тус түүхэн кинонд дүрээ мөнхөллөө.
1920-иод оны үеийн үзэгдэх орчны байгууламж, хувцас эд хэрэгслийг зөвхөн уг кинонд зориулж үйлдвэрлэсэн бөгөөд дайн байлдааны хэсгийн орлон тоглогч, тэсэлгээний баг гээд олон хүмүүс өндөр түвшинд хамтран ажиллажээ. Кинонд давхардсан тоогоор 2000 гаруй хүн оролцон тоглосон бөгөөд сүүлийн 20-иод жилийн турш ийм том бүрэлдэхүүн кинонд ажиллаагүй хэмээн киноны ерөнхий найруулагч онцолсон юм. Бас нэгэн онцлог нь ихэнхи кино нэг, хоёр гол дүртэй байдаг бол тус кино нь нэрэндээ уялдсан долоон гол дүрээр тусгаар тогтнолын ач холбогдлыг харуулсан явдал юм.
Киноны уран бүтээлчид 20-р зуунд болсон гурван том хувьсгалаар кино хийхээр төлөвлөсөний эхнийх нь ийн 3 сарын 18-нд нээлтээ хийх “Долоон бурхан харвадаггүй” УСК юм. Харин удаахь нь “Цагаан морин жил” буюу 90 оны ардчилсан хувьсгал тухай бол дараачийнх нь “Хадганд боосон толгой ” буюу 1911 оны хувьсгал, Чин Ван Ханддоржийн тухай УСК хийх аж.


















































