-
2017 оны 1 сарын 05
Японд уншсан лекцэнд суусан хоёр залуугаас ирүүлсэн захианд бараг нэг ижил зүйлийн талаар хөндөж бичсэн нь миний хувьд том урам өгсний сацуу энэхүү бичлэгийг тэрлэх санааг төрүүлэв. Эхлээд тэр захианы товч агуулгыг та бүхэндээ толилуулъя!
Эхний захианд «. . . . . .Надад бол сэтгэлээ тогтоох тухай сургаал тань юу юунаас илүүтэй их чухал байсан. Олон жил ойлголгүй явсаар өдий хүрсэн сэтгэл тогтох, түүний гол үндэс болсон өдрийн зөв дэг хэмээх хоёр аргыг тухай анх сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болсондоо миний хувьд баярлаж бахдаад ханамгүй сайхан байна. Энэ хоёр аргыг хэрэгжүүлж чадах бөгөөс болж бүтэхгүй зүйл гэж үгүй хэмээн сэтгэлд бяр чадал амтагдах болов. . . . . . » гэсэн үг байгааг та бүхэн тогтож анхаараарай.
Тэгвэл дараачийн захианд: « Надад бол сэтгэлээ тогтоох тухай сургаал тань юу юунаас илүүтэй их чухал байсан. Олон жил ойлголгүй явсаар өдий хүрсэн сэтгэл тогтох, түүний гол үндэс болсон өдрийн зөв дэг хэмээх хоёр аргыг тухай анх сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болсондоо миний хувьд баярлаж бахдаад ханамгүй сайхан байна. Энэ хоёр аргыг хэрэгжүүлж чадах бөгөөс болж бүтэхгүй зүйл гэж үгүй хэмээн сэтгэлд бяр чадал амтагдах болов.» гэжээ.
Дээрх хоёр захианд «СЭТГЭЛ ТОГТОХ» асуудал онцгойлон хөндөгдсөн нь тэдний хувьд маш чухал сэдэв байсан нь ойлгогдож байна. Юуны өмнө хоёрдахь захианд тавигдсан асуудлын талаар та бүхэнтэй санаа бодлоо товч хуваалцъя.
Сэтгэл тогтоно гээд ярихаар дуугүй дүмбийчихээд хөдөлгөөнгүй сууж байгаа уйтгартай амьтны тухай яригдаагүй байж таарна. Угтаа бол маш өргөн ойлголт боловч миний хувьд сайн сайхан бүхнээс үлгэр авч, муу муухай зүйлээс өөрийгөө холдуулаад татан авч чадах чадвар бол сэтгэл тогтсоны нэг илрэл юм хэмээн оюутан сурагчдад ярьж тайлбарладаг. Сэтгэл тогтохуйн гол үндэс нь сахилга бат сайтай өдрийн зөв дэглэм бөгөөд болж л өгвөл өдрийн дэглэмийг өөрт хийгээд бусдад тустай байдлаар зохион байгуулж чадвал түүнээс сайн хэрэг гэж юу байхав. Өглөө эрт босож, орой тогтсон цагт унтаж хэвшээд орчин үеийн хүмүүсийн хувьд гол асуудал болчихоод байгаа цахим дэлгэцийн хамааралд хэт авталгүй гадаад хэл сурах, гэрийн ажлаа сэтгэл өөдрөг байдалтай амжуулах, эрүүл агаарт алхах, биеийн тамираар хичээллэх гэх зэргээр өдрийг үр дүнтэй өнгөрөөх идэвхитэй арга хаа эс мундах билээ дээ. Түүнээс гадна анхаарах ёстой өөр нэг зүйл бол залуу хүмүүсийн хувьд гэр бүлийн дотор эрүүл, эелдэг зөв харьцааг буй болгож чадваас сэтгэл тогтоход хамгаас чухал зүйл гэж боддог. Гэр бүлийн гишүүд дор бүрнээ гүйцэтгэх ажил үүргээ ухаарчихсан түүнийг ягштал гүйцэлдүүлээд байдаг болчихвол амьдрал гэрэл гэгээтэй, тэр хэрээр хэрүүл цуугианы чимээ ч аяндаа түрдэж үгүй болох нь тодорхой юм.
Нөгөө талаар сэтгэл тогтчихсон хүний дотоод сэтгэлд ямар хувирал гардаг тухай асуусанд одоо хариулахыг оролдъё. Токиод уншсан лекцэн дээр үүнтэй төсөөтэй асуултыг нэг хүн тавьсан. Бүр тодруулбал: «Таны сэтгэл хэр зэрэг тогтсон бэ? Та өөрийгөө дотоод сэтгэлийн хувьд ямар төвшинд хүрчихсэн тухайгаа бидэнд ярьж өгөхгүй юу?» гэж асууж байсныг тодхон санаж байна. Би түүний хариуд: «Би үнэндээ дотоод сэтгэлийн ийм тийм төвшинд хүрчихлээ гэж бодож байсан удаа үгүй. Харин нуулгүй хэлэхэд би цаг үеэсээ хоцрогдож байж мэднэ шүү. Ер нь насны эрхээр хоцрогдож л байгаа даа.» хэмээн өөртөө хааяа сануулан хэлдэг гэж хариулсан. Энэ нь хүүхэд залуустай голчлон харьцаж ажилладаг хүний хувьд тэднийг ойлгох, хоорондын эерэг харьцааг буй болгоход тустай байдаг. Түүнчлэн тойроод гарахын аргагүй байгалийн жамыг эергээр хүлээн авч, өөрийгөө байнга шавдуулан хурцлаж байх гэсэн бас л нэг өөрт тохирсон арга болохыг та бүхэн ойлгоно буй за.
Нөгөө талаар би сэтгэл тогтох тухай бодохоосоо илүүтэй ажил амьдрал, чөлөөт цагаа сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулахад л голчлон анхаардаг. Энэ нь яван явсаар амьдралын хэвшил болон хувирсан болохоор сэтгэл үймрэх асуудлын нөлөөнд харьцангуй бага автдаг байж мэдэх талтай юм. Түүнээс биш учиргүй «өнгө будаг ялгарсан сэтгэлийн гүн хувирал үүссэн» гэж ярьвал тэрэн шиг худал зүйл байхгүй гэдгийг хэлэх байна.
Товчоор зөвлөхөд сэтгэлээ тогтоохын тулд өдрийн зөв хэвшилтэй болчих. Сэтгэл үймрээд байгаа шалтгаанаас холдчих. Ажил амьдрал гээд хийж байгаа зүйл бүхэндээ ялархахгүй гэрэл гэгээтэй өөдрөг сэтгэлээр хандаж сурах нь л хамгаас чухал даа. Ялангуяа охинтойгоо орой болгон хичээл хийдэг болсон хэвшлээ таслахгүй үргэлжлүүлээд байгаарай. Хэрвээ ингэж чадвал сэтгэл тогтохуйн нөгөө тал нь аз жаргал гэсэн үг байдгийг ухаарах болно. Түүнд хүрэх зам мөр нь зоригийг хөвчлөн зорин хөдлөгсдийн хувьд төдийлөн хол бус аа.
-
2017 оны 1 сарын 05
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн.
Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан.
Улсын хэмжээнд 61.5 сая мал /2016 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн/ өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжинө.
Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангасан.
Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг ирүүлсээр байна.
Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар тогтоолоор 1.1 тэрбум төгрөгийг 12 аймагт (Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий), мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар тогтоолоор 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгож, урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах, өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор олон улсын байгууллагаас дэмжлэг, туслалцаа хүссэн.
Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр 2017 оны 1, 2 дугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байна.
Өвөлжилт хүндэрсэн үед Улсын нөөцөөс татан байршуулах өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлэн байдлыг бүрэн хангасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 05
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын үндэсний олимпийн хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардын их хурал хөдөлгөөнөөс Төрийн тогтолцоог бий болгож хувьсгал хийх санаачлага гаргасан талаар мэдээлнэ.
14:00 цагт: БОАЖЯ дээр Агаарын бохирдлоор сэтгүүлчдэд хоёр цагийн сургалт хийнэ. Мөн сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлана.
15:00 цагт: Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд өргөн нэвтрүүлгийн хуулийн тухай асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.
-
2017 оны 1 сарын 05
УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
01 дүгээр сарын 05, 06-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
-
2017 оны 1 сарын 05
2017.1.5, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7
ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2017.1.5, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.41-17.14
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2017 оны 1 сарын 05
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус, Өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
-
2017 оны 1 сарын 04
“Петрочайна Дачин Тамсаг” компани олборлосон газрын тосоо гаргадаг Баянхошуу боомт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хаагдсаныг Гадаад харилцааны яам Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 04
Аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг эрс нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Иймээс “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа.
-
2017 оны 1 сарын 04
Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа.
-
2017 оны 1 сарын 04
Махны дундаж үнэ
2017 оны 1-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5250 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.4 хувиар буюу 770 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 7.2 хувиар буюу 550 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.4 хувиар буюу 315 төгрөг, хонины цул мах 5.3 хувиар буюу 300 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 1-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 1-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.7 хувиар буюу 5 төгрөгөөр буурчээ.
-
2017 оны 1 сарын 04
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан /2017.01.04/ өнөөдөр 14 цаг 23 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.
Дипломат албаны тухай хуулийг анх 2000 онд баталжээ. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Засгийн газраас Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлжээ.
Дөрвөн зүйл бүхий уг хуулийн төсөлд төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах; Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох дипломат ажилтнуудын томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгож өөрчлөх, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг харгалзан хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Н.Энхболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан юм. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нь улс орны эдийн засгийн чадавхи бололцоонос хамаараад орон тооны хувьд цөөхөн ажилтантай байдаг тул нэг ажилтан хэд хэдэн ажил давхар хариуцаж ажилладаг. Иймээс томилогдоод тодорхой хугацаанд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын үзүүлэлтээс хамааруулж уян хатан хандах, ажлын дадлага туршлагыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс дэлхийн бусад орны жишгийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах суурь хугацаа нь 4 жил байхаар төсөлд тусгасан. Харин хариуцлага алдсан, ажилдаа тэнцэхгүй байгаа дипломат ажилтнуудад тухай бүрт нь хариуцлага тооцох, хугацаа харгалзахгүйгээр эгүүлэн татах боломж нээлттэй гэдгийг хэллээ.
Мөн хуулийн төсөл батлагдсанаар Дипломат төлөөлөгчийн газруудын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэ зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүйгээр царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх боломжтой. Иймд энэ онд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй. Харин 2018 оноос энэ зардлыг хүүхдийн дундаж тоог харгалзан Дипломат төлөөлөгчийн газар тус бүрээр тооцож төсөвт суулгаж өгөх юм. Хүүхдийн тоо, насны байдлын судалгаанаас үзэхэд 2018 оны улсын төсөвт 280 орчим мянган ам.доллар суулгахаар байгаа гэдгийг тодотголоо.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Л.Болд, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь буюу 85.7 хувь нь Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.
Анх 2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд уг хуульд 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн нэр томьёоны тодорхойлолт дутуу, зарим тодорхойлолт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголттой зөрсөн, гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаагүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, эрх, үүрэг тодорхой бус зэрэг дутагдалтай талууд байна. Иймээс одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллага, Засгийн газрын яам, агентлаг, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, холбогдох талуудын төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг 2013-2016 онд нийт 5 удаа зохион байгуулж, гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн ерөнхий зорилт, агуулгыг хэвээр хадгалж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 54 зүйлээс бүрдэх бөгөөд энэхүү хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцоллоо.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
- Гамшгаас хамгаалах менежментийн үе шатууд болох гамшгийн өмнөх буюу урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн үеийн үйл ажиллагаа, гамшгийн дараахь үеийн үйл ажиллагааг бүрэн тодорхойлсон.
- Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төрлүүдийг нарийвчилж тусгасан.
- Гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг шинээр оруулсан.
- Үндэсний болон орон нутгийн түвшний холбогдох талуудаас бүрдсэн удирдлагын манлайлал, бодлого, зохицуулалтын механизм бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах асуудлыг тусгаж эрх, үүргийг тодорхойлу өгсөн.
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, сайн дурынхны оролцоог хангах, эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон.
- Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлага, албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуультай нийцүүлж, давхардлыг арилгасан гэдгийг хуулийн танилцуулгад дурджээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Н.Энхболд, Г.Занданшатар нар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан үг хэлсэн юм.
Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болж, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн гамшгаас хамгаалах /урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох цогц арга хэмжээ/, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дагавар гарна. Тухайлбал, гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтын механизм бүрдэж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ, гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа эрчимжиж, гамшгийн эрсдэл буурна, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, түүнийг зохицуулахтай холбогдон гардаг хүндрэл, бэрхшээл арилна. Түүнчлэн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт тодорхой болж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, улсын нөөц-хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдаж, үр дүн нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Уг хуулийн төсөл батлагдсанаар 2003 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох бөгөөд холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 04
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар уг хуулийн төсөл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтахгүй. Санхүү, мөнгөний асуудалтай холбоотой учир Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой. Тиймээс уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслийг хэлэлцэе” гэсэн горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлууллаа гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 04
БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр МУИС, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.
-
2017 оны 1 сарын 04
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.
-
2017 оны 1 сарын 04
“Приус-20” маркийн машины 46 ширхэг толь авч явсан этгээдийг өчигдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлсэн байна.
Сэжигтэн этгээдийг Эх
-
2017 оны 1 сарын 04
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс жолооч нар хандаж, зөвлөмж хүргүүллээ. Тодруулбал энэ нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Сангийн яам бүх төсөвт байгууллагуудынхаа дансны өмнө 100 гэсэн кодыг нэмсэн байна.
-
2017 оны 1 сарын 04
7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүйтний эрч чангарна.
-
2017 оны 1 сарын 04
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тавь дахь удаагийн тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран УИХ-ын даргын ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээшгүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцдог.
Төв аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын хагас шигшээ тэмцээн
Хоёр үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний анхан шатны шалгаруулалт өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур бүх сум, дүүрэгт болж нийтдээ 5100 хүн оролцсон бол хагас шигшээ тоглолт өнгөрсөн 12 дугаар сарын эхээр аймаг, нийслэлийн хэмжээнд явагдаж 987 шатарчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлджээ.
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн
Дорнод аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн
Хагас шигшээ тэмцээнд нийслэлээс шалгарсан эрэгтэй 18, эмэгтэй 9, аймаг тус бүрээс шалгарсан эрэгтэй хоёр, эмэгтэй нэг, нийт 90 шатарчин дараагийн шат буюу Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваад байна. Эдгээр шатарчид дээр УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-аас удирдлагуудыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоо зэрэг байгууллагуудыг төлөөлсөн 30 шатарчин нэмэгдэж Шатар сонирхогчдын улсын аваргын төлөө өрсөлдөх юм.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгодог. Мөн энэ үеэр “Оюунлаг түшээ”, “Ахмад шатарчин” шалгаруулж шагнадаг уламжлалтай.
УИХ-ын даргын ивээл дор тав дахь удаагаа зохиогдож байгаа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний нээлт энэ сарын 7-ны Бямба гарагийн 9.30 цагт Төрийн ордонд болж, уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд анхны нүүдлийг хийж тэмцээнийг эхлүүлэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 04
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хонины цэцэг өвчин гарчээ. Тодруулбал, энэ сарын 02-нд тус сумын Тарвагатай багийн малчин Б-ийн суурьт 442 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тус багийн иргэн Б-ийн хотонд хонины цэцэг өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд дахин өвчлөл гараагүй захирамжийг цуцласан байна.
-
2017 оны 1 сарын 04
“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 7-ны өдрийн бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Тэрбээр уг аяныг Нийслэлийн Соёл Урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран зохион байгуулахаар болсон байна.
Өдөрлөгийн үеэр номын солилцоо, сурталчилгаа, номын худалдаа зэрэг арга хэмжээнүүд болох аж.