-
2017 оны 1 сарын 07
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.07/ хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцов.
Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулав. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга Улсын Их хурлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар батлагдсан боловч Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулж, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй. Иймд УИХ-ын 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар буцаасан тул дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа аж. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулгадаа “Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2,3 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан, 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байна. Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна гэдгийг онцлов.
2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 000 тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг 3 дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм байна.
Иймд тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагатай нийцүүлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хог хаягдлын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн гэж салбарын дэд сайд илтгэлдээ дурдав.
Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харицааг зохицуулах аж. Хуулийн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгажээ. Мөн иргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэн, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үзэж байна. Түүнчлэн Аюултай хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөлд аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой болох юм. Олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь хуулийн төсөлд орж байгаа зохицуулалтыг хийвэл хэр үр дүнтэй эсэх, хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр болон аюултай хог хаягдлын үйлдвэрийг хэзээ байгуулах, гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхийг хэрхэн зохицуулах, хог хаягдлын тухай иргэдийн боловсролыг дээшлүүлэх талаар ямар бодлого барьж, зохицулалт хийх талаар илүүтэй тодруулж байлаа.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг тодорхой зохицуулаагүй, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах шаардлага тодорхой бус, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулалт хангалтгүй, иргэдэд хог хаягдлын боловсрол олгох талаар огт тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх харицлага сул, зөрчлийг илрүүлсэн иргэнийг урамшуулах зохицуулалт байхгүй зэрэг дутагдалтай талууд байсныг шинэчилсэн найруулгын төслөөр зохицуулж өгсөн. Мөн аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг Засгийн газраар батлуулсан. Иймд Төв аймаг, нийслэлийн Налайх, Цагаан даваа гэсэн гурван газар аюултай хог хаягдлын байгууламж барих гэж байна. Энэ асуудалд олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллах санал ирүүлээд байгаа. Хуулийн төсөлд аж ахуйн нэгж шинээр нүхэн жорлон байгуулахыг хориглосон заалт оруулсан. Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлыг боловсруулах 23 аж ахуй нэгж байдаг ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа учир төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Манай яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн хичээлийн хөтөлбөрт хог хаягдлын талаар анхан шатны мэдлэг, боловсрол олгуулахаар төлөвлөсөн гэж хариулав.
Ингээд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.
-
2017 оны 1 сарын 07
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2017 оны эхний тоглолтоо хүүхдийн сонгодог урлагийн боловсролд зориулан тоглох гэж байна.
-
2017 оны 1 сарын 07
Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.
-
2017 оны 1 сарын 07
автомашинтайгаа мөс цөмөрч суусан
-
2017 оны 1 сарын 07
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буйд нь Ерөнхий сайд баяр хүргэж, хоёр орон газар зүйн байршлын хувьд алс хол оршдог ч орчин үеийн техник технологийн ачаар бид ойр ажиллах, иргэд хоорондын харилцаа өргөжих боломж бий гэж дурдлаа.
2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.
Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион, Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно гэлээ.
Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтой гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 07
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
-
2017 оны 1 сарын 07
Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа шинэ оны өмнөхөн долоо дахь ноён оргилдоо төрийн далбаагаа мандуулсан.
-
2017 оны 1 сарын 07
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Оны өмнө томилогдож ирсэн тэрээр энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хүрээнд олон чухал ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ.
Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн, улс төрийн итгэлцэл улам гүнзгийрсэн, өндөр түвшний харилцааны эрчийг бууруулалгүй, цаашид Стратегийн түншлэлийг дараагийн шатанд дэвшүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж, төсөл, хөтөлбөрүүд онцгой чухал үүрэгтэй байсан гэдгийг хэллээ.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзаж ярьж тохирсон ажлууд эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Элчин сайдыг энэ чиглэлд анхаарч хамтран ажиллахыг хүслээ.
Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд Гадаад харилцааны сайдаар ахлуулан зохион байгуулах хороог байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 07
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60, -69 кг-ын жингийн барилдаан болно.
-
2017 оны 1 сарын 07
“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь эл өдрүүдэд Богд хааны ордны музейн Хаан туулийн өргөөнд хайлна.
-
2017 оны 1 сарын 07
“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 1 сарын 07
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр бүх нийтээр ажиллана.
-
2017 оны 1 сарын 07
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
-
2017 оны 1 сарын 07
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДӨР АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 07-ны Бямба гарагт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 07-ны Бямба гарагт:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2017 оны 1 сарын 07
Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэ хуулиар миний эрхийг зөрчиж байна. С.Жавхланд зориулсан нэг заалт байна. УИХ-д суудалтай нам эвсэл нэр дэвшүүлнэ гэхээр би байхгүй болчихож байна. Ер нь энэ сонгуульд үнэндээ хоёр хөгшин азарга л уралдах юм байна” хэмээсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Таныг бие даагчийн хувьд сонгогчид сонгосон. Бие дааж нэр дэвшихээр чинь энэ хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юм байна гэсэн ойлголтоор саналаа өгсөн байх” хэмээсэн юм. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
-
2017 оны 1 сарын 07
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.
-
2017 оны 1 сарын 07
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
-
2017 оны 1 сарын 07
өдөртөө 11-13 градус хүйтэн байна
-
2017 оны 1 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Налайх дүүрэг дэх уурхайн нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсэгт цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлаас гадна Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Уул уурхай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлийн бүх байгууллагын төлөөлөл багтсан байна.
Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна. Түүнчлэн Налайхын уурхайд зөвшөөрөлгүй 98 ам, цооногт 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 30 хувь нь л Налайх дүүргийн бүртгэлтэй оршин суугч бусад нь ямар ч бүртгэл, мэдээлэлгүй, хаанаас ирсэн нь тодорхойгүй иргэд байдаг гэнэ.
Энэ талаар Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г.Ганзориг “Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтэн жилийн турш өдөр болгон шахуу хяналт, шалгалт хийдэг. Манай байгууллагын зүгээс суурьшлын бүсэд байгаа уурхайнуудыг эрх зүйн орчноор алийг нь ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ганц ч байдаггүй. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад жилд 3-4 удаа уурхайд ирж сургалт явуулдаг. Иргэдийн өөрсдийн хэнэггүй, хайнга байдал амь насанд нь нөлөөлж буй ойлгодог ч тоодоггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд газар дор ажиллаж байсан нэг иргэн агааргүйдлийн улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнгөрсөн онд 12 уурхайчин амь насаа алдаж, 26 иргэний амь насыг онцгой байдлынхан аварсан” гэж ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Зөвшөөрөлгүй уурхайчид цахилгаанаа хулгайгаар авдаг
Түүнчлэн Налайх дүүргийн II хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж байгааг оршин суугчид эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна.
Налайх дүүргийн II хорооны оршин суугч Р.Болдгэрэл “Манайхаас 100 метрийн зайд байх уурхайн амуудын газар доорх суваг уртасч оршин суугчдын эзэмшлийн талбайд орж ирлээ. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй газар доогуураа хөндий болчихсон гэсэн үг. Манайх энэ байшингаа бариад 10 орчим жил амьдарсан. Гэтэл өнгөрсөн жилээс газрын цууралт маш эрчимтэй явагдаж, нам даралтаар халаадаг хоёр давхар тохь тухтай байшиндаа амьдарч чадахгүйд хүрээд байна. Нэг л өдөр байшинд цууралт өгсөн одоо нэг л өдөр нурж унахыг нь харах бололтой. Ингээд аргагүйн эрхэнд 5 ханатай гэр түрээсэлж байна. Зөвшөөрөлгүй эдгээр аж ахуйн нэгж цахилгаанаа ч мөн хулгайгаар авдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэв.
Налайх дүүргийн II хорооны оршин суугч Д.Сарантуяа “Манайх энд амьдраад 5 гаруй жил болж байна. Шөнө бүр тэсэлгээ хийж байгаа нь сонсогддог. Тэсэлгээ хийж, ухах бүрт оршин суугчдын амьдардаг газарт цууралт үүсдэг. Доогуураа хөндий хөрсөн дээрээ цууралт өгсөн, энэ газар хэзээ мөдгүй цөмөрхөд бэлэн болсон гэсэн үг. Бидний амьдрах орчин нөхцөл маш хүнд боллоо. Яаралтай энэ амуудыг хаахгүй бол олон айл орон гэргүй болоход бэлэн болчихоод байна. Хамгийн гол энэ аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээс гадна цахилгаанаа хулгайгаар авдаг. Энэ талаар шат шатны байгууллагад хандсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч өөрийн биеэр ирж, бидний байдалтай танилцаж байгаад баяртай байна” гэлээ.
Уурхайн амуудыг цэгцлэх хэрэгтэй гэв
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа “Уурхайн ажил бол маш аюултай, хүнд ажил. Гэтэл уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ам ганц ч алга. Өнөөдрийн байдлаар 100 орчим аманд иргэд үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл бий. Энд ажиллаж байгаа иргэдийн хувьд ямар ч бүртгэлгүй байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар уурхайчдын аюулгүй байдлыг хангах ямар ч боломж алга гэсэн үг. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийгээд лацдаад явахад маргааш нь онгойлгох жишээтэй. Тиймээс Налайхын уурхайд ажиллаж байгаа болон суурьшлийн бүсэд амьдарч буй иргэд төрийн байгууллагатай хамтарч аюулгүй орчинд эрүүл ажиллах орчин нөхцөлөө бий болгох хэрэгтэй. Яагаад гэхээр уурхайн ам суурьшлийн бүсийн хаяанд тулчихсан үйл ажиллагаагаа явуулж байна. Бүр айл гэрийн доогуур тэсэлгээ явуулж байна гэж иргэд хэлж байна. Энэ нь байж боломгүй зүйл. Эрдэнэт хүний амь настай шууд хамааралтай хэрэг учраас асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, танилцуулна. Ерөнхийдөө Бичил уурхай буюу Нөхөрлөл бий болгох хэрэгтэй юм байна. Ингэснээр бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлж, улмаар төрийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах эрх зүйн нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.
Ажлын хэсгийнхэн Налайх дүүргийн хуучин Уурхайн оффис орчмын нүүрсний амуудад мөн очив. 1990 оноос хувьчлагдсан хуучин уурхайн оффисын балгас болсон газрын нүүрсний нөөц дууссан учраас ухсан нүхийг ашиглан хог хаях цэг болгожээ. Гэвч нүүрс авахаар Налайхыг зорин ирэх иргэд энд ил задгай хогоо асгачихаад явчихдаг юм байна. Хэдийгээр хогийн цэг ч гэлээ заасан газарт буюу ухсан нүхэнд бус ойр орчмыг хавтгайруулан хог асгадаг нь хэн бүхний нүдэнд ил харагдаж байв.
Уурхайчдын болон оршин суугчдын эрүүл, аюулгүй байдлыг бий болгохын тулд нөхөрлөл бий болгож, зөвшөөрөлгүй нүүрсний амуудыг цэгцлэх нь зүйтэй байгааг албаныхан онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 06
Монголбанк 1 долоо хоногтой 21 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 06-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 365.3 тэрбум төгрөг болно.