-
2017 оны 2 сарын 02
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 20 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.
Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт амины T.Pruis маркийн автомашины жолооч М нь явгшан зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн.
-
2017 оны 2 сарын 02
Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулсан юм.
Тэрбээр танилцуулгадаа УИХ-аас Засгийн сангийн тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар тусгай сангийн 28 төрөл хуульчлагдсан. Монгол Улсын Үндэсний аудитын газраас нийт 28 Засгийн газрын тусгай сангийн 15-д нь нийцлийн аудит хийсэн. Нийцлийн аудитын газраас 2013 онд Цэвэр агаар сан, 2014 онд Архидан согтуурахтай тэмцэх сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүний хөгжил сан, Эрүүл мэндийг дэмжих сан, 2015 онд Авто замын сан, Дархлаажуулалтын сан, Соёл урлаг хөгжүүлэх сан, Шинжлэх ухаан технологийн сан, 2016 онд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Байгаль хамгаалах сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Сургалтын төрийн сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийсэн гэдгийг дурдсан юм.
Харин Эрсдэлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын нөөц сан, Мал хамгаалах сан, Нийгмийн халамжийн сан, Тариаланг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын өрийн баталагааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Спортыг дэмжих сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийгдээгүй байгаа аж.
Нийцлийн аудит хийхэд дээрх сангуудад сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөрөнгийг зарцуулах бодлого, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй, зарим сан ажлын алба байгуулсан зэрэг нийтлэг зөрчил гаргасан гэдгийг Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул онцолж байлаа.
Дээрх аудитуудаар илрүүлсэн зөрчилд 2015 онд 11.4 сая.төгрөгийн акт, 1,264.4 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 7.4 сая.төгрөгийн акт төлөгдсөн байна. Харин 2016 онд хийсэн нийцлийн аудитын зөрчилд 3.3 сая.төгрөгийн акт, 7,373.6 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 3.3 сая.төгрөгийн актын төлбөр бүрэн төлөгдөж, албан шаардлагын биелэлт ирүүлэх хугацаа болоогүй байгааг тэргүүн аудитор танилцуулгадаа дурдсан юм.
Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Засгийн газрын тусгай сангууд сангийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлээгүй, дотоод хяналтгүй, сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаггүй ийм сангуудын үйл ажиллагааг цэгцлэх ёстой” гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ асуудлаар удаа дараа аудит хийсэн ч үр дүн харагдахгүй байгаа учир байнгын хорооноос тогтоол гаргах хэрэгтэй” гэсэн саналыг тавьж байлаа.
Иймд байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Үндэсний аудитын газар, Төсвийн байнгын хороо хамтран Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд сахилга батыг хангуулах, хариуцлага тооцохоос эхлээд асуудлыг өргөн далайцтайгаар харсан, үр дүн гарах тогтоол гаргах нь зүйтэй” хэмээн үзэв
-
2017 оны 2 сарын 02
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орох тухай төслийг зөвшилцөв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.
Иргэний нисэхийн салбар нь манай улсын нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хялбарчлан Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна. Иймээс Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэж орох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, энэүү хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр оруулж ирж байгааг Зам тээврийн хөгжлийн сайд илтгэлдээ дурдав.
Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр” нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдэж ороод байгаа аж. Хэлэлцээрийн гол зорилго нь иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгахад чиглэсэн, цэргийн зориулалттайгаас бусад агаарын хөлөг болон тоног төхөөрөмж, эд ангийг импортын болон гаалийн татвар, бусад хураамжаас чөлөөлөхөд чиглэгддэг байна. Үүнд иргэний агаарын бүх хөлөг; иргэний агаарын бүх хөлгийн хөдөлгүүр, түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг багтдаг аж.
Одоогийн байдлаар манай улсад 25 агаарын хөлөг бүртгэлтэйгээс нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй 19 агаарын хөлөг бүхий 9 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг байна. Агаарын тээврийн байгууллагууд нь өндөр үнэ бүхий агаарын хөлгийг шууд худалдан авч ашиглахад хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс одоогоор нийт 5 агаарын хөлгийг түрээсээр авч ашиглаж байгаа аж.
Иймээс Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэж орсноор агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулснаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд чухал алхам болно. Манай улсын дотоодын эрх зүйн зохицуулалтын тухайд иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг нь нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлөгддөг бол энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын бүх төрлийн хөлөг, тэдгээрийн хөдөлгүүр, эд анги, бүрэлдэхүүн хэсэг, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур болон эд анги, иргэний агаарын хөлгийн засвар үйлчилгээ зэрэг нь гаалийн татвараас чөлөөлөгдөх боломж бүрдэнэ гэдгийг сайд илтгэлдээ онцоллоо.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, С.Батболд, Н.Энхболд, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс энэ хэлэлцээрт нэгдэж орсноор батлан хамгаалахаас бусад бүх төрлийн агаарын хөлөг, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл гаалийн татваргүй орж ирэх боломжтой болно. Навигацийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажлын хэсэг гарган холбогдох асуудлыг судалж боловсруулах, яриа хэлэлцээ хийх үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа. БНСУ, Японы агаарын тээврийн хөлгүүдийн Европ руу хийдэг нислэгүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг болгох нь навигацийн орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой. Энэ чиглэлээр БНСУ, Хятадын талтай ярилцаж байгаа. Мөн агаарын тээврийн шинэчлэлт хийх, нислэгийн тоо болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг иргэний агаарын тээврийн хөлгийн тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Түүнчлэн Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудлын менежментийн асуудлын талаархи хэлэлцээг Японы талтай хийж байгаа. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны Астана хот руу нислэг үйлдэх асуудал шийдэгдсэн. Мөн нислэгийн тийзний үнийг хямдруулах боломж, арга замыг эрж хайх, судлах, холбогдох талуудтай ярилцаж шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа гэдгийг хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орохыг дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо
-
2017 оны 2 сарын 02
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой маргааш тохионо. Ойн хүрээнд тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм байна.
Мөн 14 цагт Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үдээс хойш Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.
-
2017 оны 2 сарын 02
Монголын нам, төрийг үндэслэгч их жанжин Д. Сүхбаатарын удам судар, намтрынх нь зарим хэсгийг төдийлөн мэдэхгүй байж магадгүй хэмээн санаж сурвалжлан бичсэнээ уншигчдад толилуулсу.
Сүхбаатарын аав Төгөөгийн Дамдин Ёст бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1860 онд мэндэлжээ. Тэрбээр ядуу зүдүүгийн эрхээр манжийн амбаны малыг маллаж байхдаа сольж өмсөх хувцасгүйн улмаас дээл нь гандаж, өгөршин цайсан тул нутгийн баячууд “Цагаан дээлт Дамдин” хэмээн хочилдог байжээ.
Ядуу эр Т.Дамдин эр бие өсч, нутгийн бүсгүй Ээлтийн Хандтай ханилан амьдарч, улмаар гэргий болон хүү Дэндэв, Аранжин нараа дагуулан ганц морио хөтлөн унаган нутгаасаа гарчээ. Хоёр cap шахам ядарч зүдэрч явсаар 1892 онд Их хүрээнд ирж, урьд сонссоноор нутгийн айл Даваагийнхыг олж уулзан тэдний хуучин муу байшинг засч додомдон Наймаа хотод (Одоогийн амгалан) суурьшин амьдарсан байна.
Их хүрээний орчим уулнаас мод унагаж цагаалан морин тэргээр зөөж байснаа шоронгийн хуяг болж, нэгэн жил гаруйн дараа хоёрдугаар сарын 2-нд гурав дахь хүү нь төржээ. Т.Дамдин түлээнд явж байхдаа нэг сүх олсондоо бэлгэшээж хүүдээ Сүх хэмээх нэр өгчээ. 1898 онд Ханд ихэр хоёр охин төрүүлэхэд түрүүлж гарсныг нь том Долгор, сүүлд гарсныг нь жижиг Долгор хэмээн энхрийлэн өсгөж өдөр хоног өнгөрөөж байтал нэг хашаанд амьдарч асан нутгийн найз, эвсэг гэр бүл Даваа, Хишигт нар том Долгорыг нь үрчлэн авч өсгөсөн ажээ.
С.Цэрэн Монголын радиогийн сурвалжлагч байхдаа 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Сүхбаатар аймгийн тухай бүтэн өдрийн нэвтрүүлэг хийхээр жанжны уугуул нутгаар явахдаа Т.Дамдины найз өвгөн буурал Ваанчиг гуайг Сүхбаатар сумаас, жанжны жолоочоор ажиллаж байсан Гүр гуайг Төв аймгийн Эрдэнэ сумаас, дүү охин жижиг Долгорыг Налайх хотоос олж уулзан дурсамж яриаг нь Монголын радиогоор нэвтрүүлж байлаа. Тэднээс Гүр гуайн яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байгааг өгүүлэхэд таатай байна. Тэр үед төрийн шагналт яруу найрагч П. Пүрэвсүрэн “Жанжны ээж” хэмээх дууны үг бичиж, хөгжмийн зохиолч Мяасүрэн ая хийж, нэг дуучин бүсгүй дуулсан нь радиогийн алтан фондод байдаг юм. Харамсалтай нь, цагийн уртад тэр дуучны нэрийг мартжээ.
Жанжны гэргий С.Янжмаа хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцож улмаар Монголын эмэгтэйчүүдийн эрх ашиг, гэр бүл, үр хүүхдийн сайн сайхны төлөө олон жил цуцалтгүй зүтгэсэн нэр хүндтэй хүн байлаа. 1940-өөд онд С.Янжмаа намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож, олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байлаа.
“Монголын эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил эрх чөлөөтэй боллоо” гэж их жанжин Д. Сүхбаатар хурал цуглаан дээр нэг бус удаа бахархаж өгүүлдэг байсан тухай С.Янжмаа гуайн дурсамж яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байдаг юм.
Т.Дамдины бага хүү Сүх хоёр ахаа дагаж, янз бүрийн хар бор ажил хийсээр 14 нас хүрч өндөр чилгэр нуруутай, эрдүү чийрэг хөвгүүн болж өсөхөд эцэг нь түүнийг эрдэм номтой болгохын тулд Т.Дамдин хүүгээ Их хүрээний зайсан гэгдэх их эрдэм номтой Онходын Жамъянд шавь оруулж, Сүх монгол бичиг, тоо бодлого сайн сурч 16 настайдаа Их хүрээ, Бургалтайн хооронд өртөө хийж байсан баян айлд зарцлагдаж байхдаа моринд эрэмгий нэгэн болсон гэдэг. Тэрбээр 1909 онд зарцын ажлаа орхиж Их хүрээн дэх Орос хэвлэлийн газарт үсэг өрөгчөөр ажиллаж, тэнд орос хэл заалгаж гайгүй сурсан гэдэг. 1911 онд Сүх, Янжмаа хоёр Галсан гэдэг хүүтэй болсон нь хожмоо хурандаа цолтой, цэргийн том дарга нарын нэг болжээ.
1912 онд цэргийн дарга нар бэлтгэх түр сургууль Хужирбуланд байгуулахад моринд эрэмгий, бичиг эрдэмд сайн Д.Сүх шууд орж суралцан төгсч, Хятадын хар цэргийн эсрэг хэд хэдэн удаагийн байлдаанд гарамгай гавъяа байгуулсан тул Богд хааны зарлигаар Зоригт баатар цол хүртжээ. Энэ цол нь нэрнийх нь тодотгол болж Сүхбаатар гэдэг алдар хүндтэй нэр болон мөнхөрсөн байнам. .
Жанжны хөшөөг хэрхэн босгосон түүх нь сонин юм. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын тэргүүлсэн ардын журамт цэргүүд 1921 онд Их хүрээг эзэлж хотын төв хэсэгт байсан их хогны хажууд зогсч, Их жанжин домог болж мөнхөрсөн үгээ хэлж байх үед унаж явсан хонгор морь нь шээхэд партизан цэргүүд бэлгэшээн шивнэлдэх үед Х.Чойбалсан партизануудад хандаж “Энд жижиг төмөр гадас олоод зоочих” гэж тушаасан юмсанж. Хожим ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө жанжны хөшөөг босгохоор Улсын бага хурал шийдэхүйд Х.Чойбалсан хэдэн хүн томилж өнөө гадсыг эрүүлж олон 1946 оны долоодугаар сарын 11-нд тэр газарт жанжны хөшөөг босгосон ажээ. Сүхбаатар Зөвлөлт орос улсаас тусламж гуйхаар явахдаа Сэлэнгэ аймгийн Баруун хараад байдаг Ширхэнцэг уулан дээр гарч алсын бараа хараад цааш явсныг ихэд бэлгэшээн хөшөөний суурийг уран барималч Х.Чоймбол тэр уулын хэлбэртэй адилхан хийсэн гэдэг.
1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Москвад хүрэлцэн очиж, зөвлөлт төрийн тэргүүн В.И.Ленинтэй уулзаж, Монгол, Зөвлөлт орос улсын хооронд найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулж, Монголын талаас их жанжин Д.Сүхбаатар, Ерөнхий сайд Б.Цэрэндорж нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Монголын төлөөлөгчдийг В.И.Ленин элэгсэг дотно угтаж “Сууцгаа, сууцгаа” хэмээн найр тавихуйд зохиолч С.Буяннэмэх өөрөө мэдэлгүй В.И.Лениний сандал дээр суучихжээ. В.И.Ленин өөр өрөөнөөс сандал авчруулахаар хүн явуулахад Буяннэмэх ихэд сандарч босоход “Зүгээр, зүгээр та суу” гээд В.И.Ленин гаднаас оруулж ирсэн сандал дээр суусан ажгуу.
Монголын төлөөлөгчид Москвад байхдаа их театрт “Игорь ван” дуурь, М.Горькийн зохиол “Шаарлагдсан хүмүүс” жүжиг үзэцгээж, алдарт “Аврора” хөлөг онгоц зэрэг түүх дурсгалын олон сонин зүйлийг сонирхжээ. Арванхоёрдугаар сарын эхээр Москвад ирэхэд тусгайлан зассан вагонд урьж суулган төлөөлөгчдийн айлчлалын тухай баримтат кино үзүүлсэнд Д.Сүхбаатар сэрүүн тунгалаг ахуйдаа авахуулсан цорын ганц амьд дүр үлдсэнийг монголчууд хааяа үзэж их жанжнаараа бахархдаг билээ.
Их жанжин маань 1923 оны хоёрдугаар сарын 20-нд цэргийн анги, харуулууд эргэж явахдаа хэтэрхий даарсны улмаас хатгаа авч хүндрүүлснээс 30-хан насандаа зуурдаар таалал төгсчээ. Мөн сарын 26-нд Сүхбаатарыг сүүлчийн замд нь үдэх оршуулга, бүх нийтийн эмгэнэл гашуудал болжээ. Энэ өдөр жихүүн хүйтэн салхитай өдөр байсан гэдэг.
Гашуудлын жагсаалын манлайд Зөвлөлт орос улсаас Д.Сүхбаатарыг шагнасан Улаан тугийн одон, Хувьсгалт цэргийн зөвлөлөөс бэлэглэсэн мөнгөн сэлэм, Монгол улсын баатар цол шагнуулсны тэмдэг болох товь малгай зэргийг хүндэтгэлтэй барьж явжээ. Улаан нөмрөгтэй дөрвөн хээр моринд хөллөсөн дөрвөн дюмын их бууны гол дээр улаан торгоор бүрсэн Д.Сүхбаатарын шарилыг байрлуулж, хойноос нь жанжны улаан торгон тохом бүхий эмээлтэй хөлгийг хөтөлж, түүний араас намын Төв хороо, Засгийн газрын гишүүд, цэргийн дарга нар, Зөвлөлтийн зөвлөхүүд, Элчин сайдын яамны бүх ажилтан, монгол, орос, буриад, хятад иргэд оршуулах ёслолд оролцжээ.
Ёслол дээр Б.Цэрэндорж гуай үг хэлж, ёс төртэй оршуулсан байна.
1951 оны зун Засгийн газрын ордны өмнө байгуулсан бунханд Д.Сүхбаатарын шарилыг зөөн байрлуулж байлаа. Х.Чойбалсан нас барахаасаа өмнө “Намайг Сүхбаатар жанжны хажууд индрийн бунханд оршуулаарай” гэж гэрээсэлсний дагуу тэнд оршуулжээ. Гэвч Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн шийдвэрээр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг зөөж, Алтан өлгийд байрлуулсан билээ.
Зохиолч Санг.Пүрэв
Сэтгүүлч С.Цэрэн
-
2017 оны 2 сарын 02
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт өнөөдрөөс эхлэн иргэдийн дансад орж эхэллээ.
Иргэд мэдээллээ үнэн зөв бөглөн ebarimt.mn сайтад бүртгэлээ баталгаажуулсан иргэдэд эхний ээлжинд энэ сард багтаан буюу цагаан сараас өмнө олгож эхэлнэ хэмээн Татвaрын ерөнхий газраас мэдээлж байсан билээ.
Та дээрх цахим хуудсанд нэвтрэн, овог нэр, регистерийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих ёстой. Гэтэл зарим иргэн регистерийн дугаараа буруу бичиж, дансны дугаарын оронд картын дугаарыг бичсэн байна.
Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд нэг удаа авна.
-
2017 оны 2 сарын 02
МАН, Aрдын засаг, Tөрийг үүсгэн байгуулагч Mонголын ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар одоогоос 124 жилийн өмнө 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ.
1912 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
1917 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
1921.3.1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
1921.7-р сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон.
1921.11-р сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.
1923.2.20-нд 30 настайдаа хорлогдож таалал төгссөн.
Цөөхөн Монголчууд бидэнд байгаа хамгийн аугаа их Эрх чөлөө маань бидний Тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдал маань билээ.
Үе үеийн эх орончид, үндэстний баатрууд, суу билэгт удирдагчид, yxaaнт мэpгэд маань Монгол эх орныг минь бидэнд амиа дэвсэн, цycaa урcгaн, yxaaнaa ypaлдyyлaн байж өвлүүлсэн билээ.
Их жанжны яруу алдар бадартугай!
-
2017 оны 2 сарын 02
МУИС-ийн оюутны төлөөллийг өнөөдөр /2017.02.01/ БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хуулийн хэлтсийн дарга П.Чулуунбаатар нар хүлээн авч уулзлаа. МУИС оюутнуудаасаа улиралд 112 мянган төгрөг, жилд 224 мянган төгрөг, магистрт суралцаж буй хүмүүсээс жилдээ 336 мянган төгрөгийг хураамж болгон авдаг байна. Үүнийг цэвэрлэгээ, үйлчилгээ, интернетийн холболт зэрэгт ашиглаж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж оюутнууд жагсаж байгаа аж.
МУИС-ийн “Оюутны холбоо”-ны тэргүүн Ц.Хасбаатар уулзалтын үеэр хэлэхдээ “Оюутнуудаас суурь хураамж авч буй нь хуульд нийцэхгүй байгаа нь аудитын шалгалтаар илэрсэн. МУИС-ийн оюутнууд тав дахь жилдээ сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж төлж байна. Хамгийн гол нь биднээс авч буй мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулж байвал эсэргүүцэх шаардлагагүй юм. Гэтэл сургуулийн захиргаа оюутнуудаас хурааж авсан мөнгөө юунд зарцуулж байгааг огт тайлагнадаггүй. Бидний хүсэлтийг аргацаасан хариулт өгсөөр удаж байна” гэв. МУИС-ийн 2012-2015 оны төсөв, санхүүгийн нөхцөл байдал түүний зарцуулалт, гүйцэтгэлд Үндэсний аудитын газар өнгөрсөн онд шалгалт хийжээ. Улмаар аудитын газраас суурь хураамжийг хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэлт гаргаж, зөрчлийг арилгахыг сургуулийн удирдлага, Удирдах зөвлөлд хүргүүлсэн байна. БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Өнөөдөр БСШУСЯ-ын сайд оюутнуудын болон сургуулийн “Багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бид оюутнуудынхаа санал, хүсэлт, эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс ч шаардлагыг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ. МУИС-ийн суурь хураамж бол төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг. Сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МУИС-ийн Удирдах зөвлөл өчигдөр /2017.01.31/-нд хуралдаж, суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт оюутан, багш нарын төлөөлөл багтсан. Хамтдаа асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэнэ” гэв.
-
2017 оны 2 сарын 02
666”Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан. Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна...
-
2017 оны 2 сарын 02
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь зэрэг манай улсын зарим иргэд хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр санаатай санаандгүйгээр гуйвуулсан мэдээлэл гарч байгаа юм.
Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг , түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй. Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна. Гэхдээ Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа. Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна” гэлээ.
Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /1 сарын 31-нд/ хандивын аян санаачлагч Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэдгээ тодорхой хэлсэн юм.
Үүнээс 26 өдрийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэл, аймгийн Засаг дарга нартай уулзахдаа хэвлэлийнхний өмнө “Засгийн газар ирэх гуравдугаар сард 580 сая долларын бондын өрөө улсын эдийн засагт болон ард түмнийхээ амьдралд дарамт болохгүйгээр төлөх бүрэн бололцоотой, төлөх гарц шийдлээ олсон” гэж хэлсэн. Бондын өрөө хугацаанд нь улсын эдийн засаг болон ард түмнийхээ амьдралд бодитой дарамт болохгүйгээр төлнө, тийм бүрэн боломжтой гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын энэ байр суурь хэвээр байгаа болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
09:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ”Дүнжингарав” салбарт ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 325044
09:00 цагт: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлэх семинар Сити тауер цогцолборт /СТӨ-ний урд талд/ болно. Утас: 99773800, 88008516
10:00 цагт: Өнөөдөр ”Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр”. Эл өдрийг тохиолдуулан Рамсарын конвенцийг сурталчлах арга хэмжээ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв Утас: 91995225
10:00 цагт: “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөрт зориулан ХСҮТ-д хавдрын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хавдрын эсрэг үйлсэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, шийдвэрлэх арга зам, хамтран ажиллах чиглэлээр сэтгүүлчдэд зоиулсан сургалт ярилцлага ХСҮТ-ийн 3-н давхарт ”Сувилахуйн сургалтын танхим”-д болно. Утас: 99063902, 89008516
11:00 цагт: Монголын эрүүл мэндийн технологийн салбарт олон тэрбумын санхүүжилттэй эхлэсэн боловч үр дүнгүй орхигдсон төслүүдийн талаар МИТАМ мэдэгдэл хийх гэж байна.
11:00 цагт: Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлаар Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭ-ийн хороодоос MN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Автотээврийн үндэсний төвөөс нийслэл дэх салбарууд болон орон нутгийн Автотээврийн төвүүдийн дарга, нягтлан бодогч, техникийн хяналтын үзлэгийн инженерүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, 2017 оныг автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан цаашид хийж гүйцэтгэх ажлыг танилцуулах зорилгоор зохион байгуулах ”Автотээврийн менежментийг сайжруулах жил - 2017” мэргэжил, арга зүйн зөвлөгөөний нээлт болно. Утас: 86063600
12:00 цагт: УДЭТ-ын 2017 оны анхны шинэ уран бүтээл “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн талаарх хэвлэлийн бага хурал УДЭТ-ын үзвэрийн их танхимд болно. Утас: 99199794
13:00 цагт: Цагийн ажил хайгчдад зориулсан ”Part time” чиглүүлэх сургалт МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулагдана
14:40 цагт: Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны II хуралдааны протокол болон Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн Т.Д.Валовая нар гарын үсэг зурна. Утас: 99028994
-
2017 оны 2 сарын 02
Дараа нь Гадаад харилцааны яамны 2016 оны тайлан болон Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн юм.
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр
Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):
Авто замын барилгын инженер
Давхар, зам гүүрийн инженер
Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
Хот төлөвлөлтийн эдийн засагч
Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
Эко хороолол, орон сууцны инженер
Үерийн далан сувгийн инженер
Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний manage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)
Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):
Хотын менежментийн менежер
Үл хөдлөх хөрөнгийн менежмент
Инновацийн удирдлага
Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
Төслийн удирдлага (Project Management Professional)
Хотын социологич
Хотын патентчин
Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)
Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):
Сэргээгдэх эрчим хүчний инженер
Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
Дендерлогич
Ногоон байгууламжийн төлөвлөгч
Цэвэрлэх байгууламжийн технологич - инженер
Байгаль орчны эрсдлийн удирдлага
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):
Хотын санхүүч
Хотын эдийн засагч
Олон улсын мэргэшсэн аудитор
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр харьяа агентлаг, нийслэл болон орон нутгийн өмчит газруудын мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн, одоо эдгээр мэргэжлээр магистрт суралцаж байгаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудас дахь “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж анкетаа бөглөн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
...Мөнгө л өгнө биз, алтан бөгж илүү байхгүй юу, Солонгосыг яг хуулах гээд алдаж байна. Тэр бөгжийг яах юм, Ж.Эрдэнэбат хармайлж очоод Н.Баяртсайханд граммлаад зарах уу? Эсвэл … Эдийн засагч хүн ингэж сэтгэх гэж байх уу?...
-
2017 оны 2 сарын 02
Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал агнө. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул.
-
2017 оны 2 сарын 02
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 02, 03-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал”;
“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлт;
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
-
2017 оны 2 сарын 02
2017.2.2, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.2, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.19-17.54
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2017 оны 2 сарын 02
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.
2017 оны 02 дугаар сарын 01-ний 20 цагаас 02 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 01
Монголчуудын бахархал болж чадсан юм шүү, дүү минь
Монгол түмний хайртай хүү, бахархалт дүү минь таалал төгссөн тухай харамсалтай мэдээг мэдэх тэр мөчийг үгээр илэрхийлж чадашгүй нь. Наргианч зан, дотно инээмсэглэл, дотор минь хургасан тэр л сайхан төрх, он жилүүд кино хальс шиг зурайн харагдах шиг болсоон. Үгүйлэн хайрлах гашуун мэдрэмж сэтгэл эзэмдэж, одоо ч итгэж өгөхгүй л байна. Хорвоо хатуугаас хатуу юм даа. Сэтгэл зүрхэнд минь үүрд мөнх хоногшиж, биднийг дурсамж минь хамт байлгах болно.
2000 оноос бидний холбоо эхэлсэн юм. АХүчитбаатар маань 2000 оны дөрөвдүгээр сард Японы Хөдөө аж ахуйн их сургуульд оюутан солилцооны шугамаар элсэж, сургуулийнхаа сүмогийн клубт хичээллэх болсноор багш шавь, ах дүү болцгоосон билээ. Түүний амжилт чамлахааргүй их. 2002 оны долоодугаар сард анх удаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдсан төдийгүй дээд зиндаанд нийт 548 ялалт байгуулж, 84 башёд барилдсан байна. Бас шаггүй жүдоч. Тийм ч учраас уран барилдаанч болохын зэрэгцээ 2007 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмо дахь хамгийн өндөр амжилтаа гаргаж зүүний комүсүби цолонд хүрсэн юм.
Арлын Япон оронд эх орноо төлөөлөн барилдсан олон аавын хөвгүүдийн түүчээ байж, монголчуудын бахархал болж чадсан юм шүү, дүү минь. Токитэнкү А.Хүчитбаатарын ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болох болтугай.
ХҮНДЭТГЭСЭН: СУМО БӨХИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КЁКШҮЗАН Д.БАТБАЯР
-
2017 оны 2 сарын 01
Ядуу иргэд, малчдад зориулсан төслийг үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.
9.06 сая ам.долларыг өмнө нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртөгийн сүлжээ бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байна.
Өмнө нь буюу 2011-2016 онд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 суманд энэ төслийг хэрэгжүүлж малчдын 120 бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан 455 бүлэгт дэмжлэг үзүүлжээ.
Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийгмийн хариуцлага, хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалт бий болгож бэлчээрийн даац, багтаамжийг хянаж үнэлэх юм. Мөн хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнийг нэмэгдүүлэх, малчид, эмэгтэйчүүдийн бүлэгт санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, худалдан авагч, үйлдвэрлэгчидтэй холбохоор төлөвлөж байна.
9.06 сая ам.доллар нь 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай /үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил/ бөгөөд үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,75 хувь байх юм.
Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь хувь оролцоогоо нэмлээ
Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын ерөнхий хувь оролцоог тус бүр нь 120,635 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 143 хувьцаагаар, тусгай хувь оролцоог 71-ээр нэмэгдүүлэхээр тогтлоо.
Ингэснээр хоёр том хөрштэй, далайд гарцгүй манай орны хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг түлхүү ашиглах боломж бүрдэнэ.
Банкны хувь оролцоо нь гишүүн орнуудын саналын эрх, тус банкнаас авах санхүүжилтийн дээд хэмжээг тогтоох үндэслэл болдог бөгөөд манай улс 0.06 хувийн саналын эрхтэй болж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийг дагаж өөрчлөлт орох, шинээр боловсруулах хуулиудын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Манай улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгал зэрэг байгууллага хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллага Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Гаалийн тухай болон Татварын ерөнхий хууль зэрэг хуулийн хүрээнд ажилладаг юм.
Гэвч энэ нь давхардал, хийдэл, зөрчил үүсгэж, улмаар салбарын хүрээний дүрэм, журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаагаас зөрчил шалган тогтоох болон шийтгэл ногдуулах нь харилцан адилгүй, тэнцвэргүй байдал бий болгожээ.
Нөгөө талаар салбар бүр өөрийн онцлог нэрийн дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт тогтоон хэрэгжүүлж байгаа гажуудал ч гарсаар байна. Тухайлбал Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчлийг 14 хоногт багтаан хянан шалгахаар заасан бол Өрсөлдөөний тухай хуульд 60 хоногт гэж тусгасан нь зөрчил үүсгэж байгаа юм.
Энэ бүхнээс үүдэн Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.
Хууль батлагдсанаар зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг нэгдсэн байдлаар тогтоон иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөхөөс хамгаална гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.