-
2017 оны 2 сарын 01
Дэлхийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ.
Ассоциацаас манай улсад 2015-2017 онд хуваарилсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт тусгасан байна. Энэ дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци нь гурван жил тутам гишүүн орнуудад санхүүжилтийн эх үүсвэр хуваарилж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө тохиролцдог юм.
-
2017 оны 2 сарын 01
Сүүлийн 3 сарын хугацаанд Дорнод аймаг, нийслэлд техникийн болон спиртэнд суурилсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хордлогоор 9 хүн амь насаа алдаж, 15 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ хэт өндөр, тухайлбал архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэг сумын төвүүдэд гэхэд хамгийн багадаа 20 байгааг тогтоожээ.
Иймд 2017 онд багтаан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчдэд атестатчилал явуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэх, импортоор оруулж ирж буй техникийн болон спиртэн суурьтай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнний хаяг, шошгыг олон улсын стандартад нийцүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээ, худалдаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
-
2017 оны 2 сарын 01
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.долларын, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч байгаа юм. Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газар шийдвэрийн дагуу уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.
АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгалаа.
Судалгаагаар манай улсад гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжинд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг байна.
-
2017 оны 2 сарын 01
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор дараах төслүүдийг санхүүжүүлэхээр болов. Үүнд, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, гэр хорооллын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтцийн шинэчлэл хийх, “Тайшир-Алтай усан хангамжийн төсөл”-д, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулахаар боллоо.
Эдгээр төслийн санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая евро нь 18 жилийн хугацаатай, хүүгүй, эхний таван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
-
2017 оны 2 сарын 01
Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Төсөлд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчилж цагдан хорих хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ. ШШГЕГ-ын судалгаагаар 2014 онд 1863 хүнийг баривчилснаас 650 хүнийг 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас суллажээ. Харин 913 хүнийг 14 хоног хорьсон ч, тэднээс 300 хүнийг нь л яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорьсон байна.
Гэм буруугаа сайн дураар хүлээсэн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хэргийн талаар ямар нэг маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй гэж яллагдагч үзсэн тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор төсөлд заажээ. Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, оролцоог нэмэгдүүлэх, эд зүйл, хөрөнгийн үнэлгээний талаар гардаг маргааныг цэгцлэх, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор тэдний дүр төрхийг халхавчлах, төхөөрөмж ашиглан дуу, хоолойны өнгийг өөрчлөн шүүхийн танхимд заавал байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болох талаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн прокуророос эцэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр шүүхээс буцаадаг зохицуулалтыг халахаар хуулийн төсөлд тусгасан байна.
-
2017 оны 2 сарын 01
2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай. Иймд иргэн Та буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.
-
2017 оны 2 сарын 01
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Иргэд баяртаа бэлдэх үеэр болон баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг өрнүүлдэг.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулаад ЦЕГ, НЗДТГ, НИТХ-аас өгсөн чиг үүргийн дагуу “Сар шинэ” арга хэмжээ өчигдрөөс эхэлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 270 цагдаагийн алба хаагч нэмэгдлээр гарч ажиллана. Гудамж, талбайд ажиллах эргүүлийн үйл ажиллагаа сайн байснаар гэмт хэргийн тоо багасдаг. Урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн өгдөг нь судалгаа, статистик тоо баримтаас харагддаг. Энэ үүднээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр эргүүлүүдээр дамжуулан тодорхой арга хэмжээг авна. Мөн ЦЕГ-аас явуулын камерын төвүүдийг авч гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг гудамж талбайд ажиллуулна” гэлээ.
-
2017 оны 2 сарын 01
Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур болон орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд ”зарим газраар”, 30-70 хувьд ”ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд ”бүх нутгаар” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг ”цочир хүйтрэл” гэнэ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Хүрэнбэлчир хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадас нь Ховдын нутаг, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хагаст 16-18м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн уулархаг нутгаар түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Булганы зүүн хойд, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Булганы баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө ихэнх нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна
Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй
Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
-
2017 оны 2 сарын 01
түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд ЭСЯ-ны зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 01
Сүхбаатаар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумын зургаан голомтод 32 өрхийн 843 хонь цэцэг өвчнөөр өвчилж, 837 хонийг устгаж, зургаан хонийг зориудаар нядалж дээж авсан байна.
Гоц халдварт өвчин оношлогдсон хоёр суманд Мал эмнэлгийн нөөцөд байсан 6.1 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан хувцас, халдвар хамгааллын хувцас, автомакс, нэг удаагийн тариур, ариутгалын спирт, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргийг шуурхай нийлүүлэн ажилласан байна. Мөнххаан суманд 211.0 мянган тун, Түвшинширээ суманд 23.0 мянган тун вакцин нийлүүлж, вакцинжуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан байна.
Тодруулбал: Мөнххаан сумын нийт хонийг вакцинжуулахаар малын их эмчээр ахлуулсан 17 хэсэг гарч, 1 дүгээр сарын 11-нээс 10 хоногийн хугацаанд 192532 толгой хонь тарьж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Харин Түвшинширээ сумын голомтын бүсийн 22000 толгой хонийг вакцинжуулах ажлыг дөрвөн малын их эмчтэй ажлын хэсэг гарч, 22763 толгой хонийг тарилганд хамруулж 98.2 хувийн гүйцэтгэлтэй ажиллаад байна.
Мөн өөрийн аймагт отроор яваа болон гадны аймагт өвөлжиж байгаа малчин өрхийн болон тавиул малын судалгааг гаргаж, масс вакцинжуулалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.
-
2017 оны 2 сарын 01
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн ”Үндэсний лиг” тэмцээний плей-оффын тоглолт үргэлжилж байна. Үүнд шалгарсан багуудаас түрүүлж гурав хожсон нь аваргын төлөө тоглох эрхийг авах юм. Одоогоор Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор “Эрдэнэт хот Икон”, ”Сүхбаатар Альянс Тех” шалгаран үлдлээ. Тэд маргааш цувралыг эхлүүлнэ.
“Эрдэнэт хот Икон” ”Өвөрхангай Хас Хэлхээ”-г 3:0-оор хожоод байсан юм. Өчигдөр ”Сүхбаатар Альянс Тех”, ”Дундговь аймаг” багуудын гурав дахь тоглолт МУИС-ийн Бизнесийн сургууль дээр болсон. Уг тоглолтод Дундговь хожигдвол гэртээ харих, “Сүхбаатар Альянс Тех” хожвол бүсийн аваргын төлөө тоглох эрхийг авах байсан юм. Өмнөх хоёр цувралд дараалан хожсон Сүхбаатарын залуус энэ удаа ч илүүрхэж, 106:91 онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. Тэд аваргын төлөө “Эрдэнэт хот Икон”-тэй тоглох юм.
ЦУВРАЛ 3: /”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” 3:0/
01.21 - ”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” - 103:82
01.25 - ”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” - 106:105
01.30 - ”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” 106:91
ЦУВРАЛ 3:
”Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 104:99
”Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 92:88
”Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 116:96
Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор шалгараад байгаа “Эрдэнэт хот Икон”, ”Сүхбаатар Альянс Тех” багуудын тоглолт маргааш МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно.
-
2017 оны 2 сарын 01
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн хугацаа маргааш дуусах учраас 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар өнөөдрийн дотор татвараа төлөх ёстой юм. Харин маргаашаас 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлж эхэлнэ.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх хуваарьтай юм.
-
2017 оны 2 сарын 01
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна. Түүнчлэн авто зогсоолын шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах үр дүнд хүрэх зорилготой аж.
Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Ухаалаг авто зогсоол” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ажлын хэсгийг байгуулж, төслийн ажлыг нэн даруй эхлүүлнэ” гэв. Харин “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес “Хамтарч хийх бүтээн байгуулалтын ажлуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 01
Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14-нд тохиодог гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан “I love you” тоглолтоо дурлалт хосууд, үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна. Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчдийн бүрэлдэхүүнтэйгээр хайрын сэдэвт дуунуудыг үзэгч, сонсогчдодоо хүргэх юм.
Тоглолт улсын Филармонийн концертын танхимд 2017 оны 02-р сарын 13,14-нд 20:00 цагаас тус тус тоглогдох ба дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854 дугаарын утсаас лавлах боломжтой.
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
-
2017 оны 2 сарын 01
Монгол Улсын хилийн тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр батлагдлаа.
Шинээр батлагдсан бүтэц орон тоотой холбогдуулан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав)-д ажиллаж буй иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ энэ өдрөөс эхлэн ажиллахгүй болж Гадаадын иргэн, харьяатын газрын төв байранд өөрийн эрхлэх чиг үүргийн ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г үзүүлэх болсныг анхаарна уу.
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР
-
2017 оны 2 сарын 01
Төрийн банкнаас “Алтан унжлагат” хэмээх улаагчин Тахиа жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян-2017” урамшуулалт хөтөлбөр зарлалаа.
Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 сая харилцагчиддаа үзүүлэн ажилладаг Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагч ахмад настнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг билээ.
Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян-2017” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар үйлчлүүлдэг 108 өндөр настанд хүндэтгэл үзүүлж, Монголын Улсын 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс нэг нийт 30 ахмадад 300,000 төгрөгийн урамшуулал, Төрийн банкнаас тэтгэвэр авагч нийт ахмадуудаас 10 ахмадад 1,000,000 төгрөгийн урамшууллыг тус тус олгоно. Дээрх урамшууллын эздийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ТВ9 телевизээр тодруулна.
Мөн тэтгэврийн зээлийнхээ хугацааг уртасган Төрийн банкны орон нутгийн салбараас 24 сар хүртэл, Улаанбаатар хотын салбараас 18 сар хүртэл тэтгэврийн зээл олгоно.
Энэхүү аянд 2017 оны 2 дугаар 1-ний өдрөөс 22-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банкнаас Тэтгэвэр авсан, Төрийн банкнаас Тэтгэврийн зээл авсан харилцагч бүр оролцох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон 1800-1881 дугаараас лавлана уу.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
-
2017 оны 2 сарын 01
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 09 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонссон юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хийв. Тэрээр, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль анх 2010 онд батлагдан хэрэгжсэнээр 3 жил гаруйн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй нь зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон гэж үзэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас 2014 оны 01 дүгээр сард баталсан. Улмаар уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгосны дагуу 2014 оноос эхлэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгож байна. Хууль батлагдсанаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 826 өргөдөл аймаг, орон нутгийн Засаг дарга нараар дамжин Ашигт малтмалын газарт /хуучнаар/ ирсэн. Үүнээс 273 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 205 өргөдөлд олгох боломжтой талаар дүгнэлт гарсан, мөн 317 өргөдөлд олгох боломжгүй талаар тус тус дүгнэлт гарсан байдалтай байна.
Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох”, мөн 9 дэх хэсэгт “Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,9 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх”-ээр Засгийн газарт чиглэл өгсөн. Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн тус хуульд заасан үндэслэлээр цуцлах хуулийн зохицуулалттай. Уг асуудлыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэсэн 37 дугаар зүйлээр зохицуулж байна. Хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах дөрвөн үндэслэлийг заасан бөгөөд уг асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Түүнчлэн Байнгын хорооны тогтоолын 10 дахь хэсэгт “..түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг шилжүүлэх боломжтой. Иймд 2014 оны Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох боломжтой болсон тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох асуудлыг дэмжиж байна гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авахын зэрэгцээ саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийж буй ажлын талаар тодруулга авсан юм. Түүнчлэн тэрээр АНУ-ын туршлага судлахад холбогдох газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэн тэргүүнд нөхөн сэргээлт хийлгүүлэх тухай баталгаа авдаг. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгж баталгаа болгож мөнгө байршуулдаг юм байна. Иймд гадны сайн туршлагыг нэвтрүүлэх үүднээс уг хуульд тусгах санал илэрхийлж байсан юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ, лицензийн зохицуулалтыг тухайн аймаг, нийслэл өөрөө шийдвэрлэж байгаа нь тус яаманд хүндрэл учруулж байна. Иймд аймаг, нийслэлийн удирдлагуудад удирдамж өгч, хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар яам, газар болон Засаг дарга нар нэг тогтолцоо дор ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн хуульд нөхөн сэргээлт хийх төдийгүй мөнгө байршуулах тухай асуудал тусгагдсан байгаа гэв.
Ийнхүү “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл, УИХ-ын гишүүдийн саналыг сонссоны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдрийн хуралдааныг дүгнэж, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм. Уг тогтоолын төсөлд тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд түдгэлзүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэрэг чиглэлүүд тусгагдсан байна.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Засгийн газарт чиглэл өгөх тухай найман зүйл бүхий Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 01
Техник, технологийн дээд сургуулийн багш, оюутнууд технологи нэвтрүүлэх төвдөө нийслэлийн иргэдэд түгээмэл тохиолддог агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Ялангуяа нийслэлийн хуучны угсармал барилгуудад дулаан алдалт их байдаг. Иймд дулаан алдалтыг багасгах ажилд Засаг дарга С.Одонтуяатай хамтарч ажиллахаар боллоо.
Барилгын дулаан алдагдалтыг бууруулах олон арга байдаг. Үүнээс хамгийн үр дүнтэйг нь хийж хэрэгжүүлэхийг ТТДС-ийн удирдлагуудаас хүслээ. Учир нь ТТДС-д барилгын дулаан алдалтыг бууруулахад ашигладаг туршилтын багаж болон мэргэжилтнүүд ажилладаг юм байна.
Үүнээс гадна Засаг дарга С.Одонтуяа Залуу зохион бүтээгч, инженерүүдийг олноор төрүүлэх, хүүхэд багачуудыг техникт дуртай, боловсролтой болгох тал дээр олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг хүслээ.
Түүнчлэн Техник, технологийн дээд сургуулийн өмнөх шороон талбайг Эко орчин болгох төслийг 100 хувь дэмжинэ гэлээ. Техник, технологийн дээд сургуулийн багш, оюутнууд технологи нэвтрүүлэх төвдөө нийслэлийн иргэдэд түгээмэл тохиолддог агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Ялангуяа нийслэлийн хуучны угсармал барилгуудад дулаан алдалт их байдаг. Иймд дулаан алдалтыг багасгах ажилд Засаг дарга С.Одонтуяатай хамтарч ажиллахаар боллоо.
Барилгын дулаан алдагдалтыг бууруулах олон арга байдаг. Үүнээс хамгийн үр дүнтэйг нь хийж хэрэгжүүлэхийг ТТДС-ийн удирдлагуудаас хүслээ. Учир нь ТТДС-д барилгын дулаан алдалтыг бууруулахад ашигладаг туршилтын багаж болон мэргэжилтнүүд ажилладаг юм байна.
Үүнээс гадна Засаг дарга С.Одонтуяа Залуу зохион бүтээгч, инженерүүдийг олноор төрүүлэх, хүүхэд багачуудыг техникт дуртай, боловсролтой болгох тал дээр олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг хүслээ.
Түүнчлэн Техник, технологийн дээд сургуулийн өмнөх шороон талбайг Эко орчин болгох төслийг 100 хувь дэмжинэ гэлээ.
-
2017 оны 2 сарын 01
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын Хувийн ашиг сонирхол хөрөнгө, орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хянан шалгажээ.
Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг зөрчсөн, мөн өөрийн төрсөн дүүг томилохдоо “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.
Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна.
-
2017 оны 2 сарын 01
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг ойд зориулан японы алдарт “Токио Комаки” балетаас Токио хотын Улсын эрдмийн их театрын тайзнаа нэгдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд тавьсан “Хунт нуур” бүжгэн жүжигт МУГЖ Д.Алтанхуяг тусгай зочноор уригдан бүжиглэжээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг энэ оны турш тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд “Токио Комаки” балет ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний тоглолт толилуулах юм.
“Токио Комаки” балет нь 1946 онд байгуулагдаж, Япон Улсад анх удаа “Хунт нуур” бүжгэн жүжгийг тавьсан түүхтэй бөгөөд 2002, 2012 онуудад Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 болон 40 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод айлчлан тоглож байжээ.