-
2017 оны 2 сарын 02
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА
2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн байна.
Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж, шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн эргүүл” хэрэгжсэнээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэж, “Эцэг, эх-сургууль-цагдаагийн байгууллага”-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарчээ. Улаанбатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг нар Сүхбаатар дүүргийн Орос-3 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн үйл ажиллагаа, НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн журам”-ын хэрэгжилт болон эргүүлийн үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгийн талаар хэлэлцэн эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсч ажиллалаа гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал болгож байгаа ажлын байрны талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой юм.
-
2017 оны 2 сарын 02
Дэлхийн оюутны ”Универсиад 2017” наадам Казахстаны Алмата хотноо үргэлжилж байна.
-
2017 оны 2 сарын 02
НӨАТ-ын буцаан олголтын тухай хөгжилтэй постууд
-
2017 оны 2 сарын 02
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм.
-
2017 оны 2 сарын 02
Хитбуха ноёныг энд дөнгөж өргөөлж бүхийд Баалбекийн Шихнэ захирагчаар тохоон томилогдсон Шараф Хамид хэмээх Загалмай шүтлэгт Сири ноёнтон хүүгээ дагуулан ирсэн аж. Хүүгийн гялалзсан ганган хувцас, гоёлоос илүүгээр ташаандаа зүүсэн зааны ясан сийлбэрт хуйтай, дүүлж буй цөлийн ирвэсний дүрсийг тойв дээр нь гаргасан жижигхэн илд нь Аранзал охины хорхойг ихэд хөдөлгөсөнд, илдээ наймаалцахыг хүсжээ. Хүү,
- Шихнэ эцэг минь үүнийг шударга тулаанд олзолж авсан учир наймаалцахгүй гэсэнд,
- Тийм бол хоёул шударга тулаан хийгээд би ялбал чи надад энэ илдээ өгөх үү? гэж охин асуужээ.
Шихна ноёны хүү Аранзалыг дээрээс нь голонгүй хараад,
- Хэрвээ би ялбал чи надад юу өгөх юм? гэж хариу асуув.
Охин өчүүхэн ч эргэлзэлгүй маргад эрдэнэ шигтгэж хийсэн үнэт мөнгөн хэлхээ зүүлтээ хүзүүнээсээ мулт татан үзүүлбэл, Шихнэгийн хүү эргүүлж тойруулан тоомжиргүй харснаа
- Энэ чинь охин хүүхдэд л байвал таарах эд байна гэжээ.
Энэ үгэнд нь Аранзал уурсан дургүйцэж царай нь улайсан ч,
- Хэрвээ чи үүнийг голж байвал дээр нь энийг нэмэе хэмээн алтан цутгамал толио үзүүлбэл эдгээр нь лавтайяа өөрийнх нь зүүж буй жижиг илднээс арав дахин илүү үнэтэйг сайтар мэдэх хүү толгой дохиж,
- Юугаар тулалдах хэрэг вэ? гэв.
- Чиний л чаддагаар. Ингэхэд ирүүлд дуудсан хүн хэзээ зэвсгээ сонгож байлаа хэмээн Аранзал охин бардамхан өгүүлжээ.
- Дам илдээр тэмцэлдэе...
Тэдний яриаг зайнаас харж суусан Шихнэ ноён Шараф Хамид учиргүй сандарсан дүртэйгээр Хитбуха руу мэхэсхийж,
- Эрхэм дээд их ноёнтон Хитбух, энэ хөвүүдийн тэмцээн шударга биш байна. Эн тэнцүүхэн тэмцэлдээн болгохын тулд зэвсгийн сонголтыг танай ач хүүд үлдээвэл ямар вэ? гэсэнд Хитбуха ноёнтон,
- Хүүхдүүд юу таалснаараа л болог. Бид оролцоод хэрэггүй буй за. Гагцхүү хөвүүдийн хэрхэн тэмцэлдэхийг сонирхон үзсү гэсэнд Шихнэ дахин нахисхийгээд, сэтгэл хангалуун суудлаа цэхэлжээ.
Шихнэгийн хүү Аранзалаас даруй хоёр гурав ах, арван гурав орчим настай, төө хол илүү өндөр, бүдүүн хүдэр тул өөртөө нэн итгэлтэй байв. Тэр загалмайтан хүлэгт баатруудын хүүхдүүдтэй хамт Сидонд илдний эрдэмд суралцаж, хоёр гараар барин тулах хүнд дам илдийг сүрхий сайн эзэмшсэн тул түүндээ эрдэж ийнхүү дам илдийг сонгожээ. Мөн энэ жижигхэн дэрчгэр монгол хүү лавтай дам илдийг даан тулалдаж чадахгүй буй за ч гэж тооцоолов.
Өргөөний даамал Есөнхөн ноёны зөвшөөрлөөр хүүхдүүд зэвсгийн сан руу очиж өөрсөддөө таарсан сургуулилтын багавтар хэмжээний, мөлгөр ирт дам илд аваад, зүүн тойргийн ард хулсаар хашаалж зассан тэмцээний талбарт ирэв. Мөн зайлшгүй хэрэгтэй төмөр дуулга духаж, ширэн тохойвч, мөрөвч, элгэвч зүүцгээлээ.
Аранзал охин ихэд гуйсан учир Есөнхөн ноён өөрийн биеэр тэмцээнийг ахлан шүүхээр болж, удаж төдөлгүй гартаа ирүүл тулааны шүүгч барьдаг цагаан болд төмрөн бялуу барьж, үзүүртээ шаргал цацагтай өндөр шовгор малгай өмсөн, од гялалзуулан намирсан усан хөх торгон нөмрөг нөмөрсөөр гарч ирсэнд гурвын зэрэг гуулин бүрээ уртаар улин хангинаж, илдний тэмцээнд бүхнийг урин дуудав.
Хүрээнд байсан хэдэн дайчид, хэрэгт дуртай өргөөний шадруудаас гадна Аранзалын үеийн гурван охин тэмцээнийг үзэхээр хулсан хашааны захаар тойрцгоов. Дэгжин гоёмсог хатгамалт дээл сэлдэлж, босоо богтого малгай духдуулсан гурван охин нэлмэгэр ханцуйндаа гараа нуугаад, жиг жуг хийн нэгсээ тохойгоороо ёврон, өөрсдийг нь үл тоон, хөвүүн мэт хувцаслаад үргэлж хөвүүдтэй л тоглох Аранзалыг шоолонгуй, бас ёжлонгуй харахад, Аранзал хажуугаар нь тэднийг харгана бутны төдийд ч анзаарсан шинжгүй шуугин өнгөрөв. Шихнэ ноёны дагуулууд хулсан хашааны урт нэг талд эгнүүлсэн асарт суудалд ямбалан суугаад, тогосын өдөн дэвүүр хөдөлгөн ядна. Төдөлгүй Хитбух ноён, Элдэрдээ баатар, Шихнэ ноён Шараф Хамид нарын ихэс хүрэлцэн ирж, асарт суудлын голд байрлуулсан өндөр сэнтийд гарахад дараагийн бүрээн дуу хадав.
Сири тод цагаан дээлэн дээрээ бор элгэвч дарж, өндөр оройт араб дуулга өмссөн Шихнэ ноёны хүүг ноёны шадар дайчид тойрон, хувцас хэрэглэлийг нь сайтар шалган, үнэт зөвлөгөөгөө өгч, зарим нь илдний хөдөлгөөн ч үзүүлэн зааварлана.
Харин нөгөө талд найзууд нь болох гүйж харайсаар хөлсөндөө халтартсан арваад насны таван хөвүүн Аранзалыг тойроод нэг нэгнээсээ ам булаалдан зэрэг зэрэг шуугилдахад Аранзал охин ангайтал гайхаж, юу ч үл ойлгосон хэдий ч “Жа жа. Би яг тэгнэ” хэмээн толгой дохино. Тэднийг харсан Хитбух ноён, Элдэрдээ баатар хоёр инээдээ барьж ядан байхад, Шихнэ ноён юуны учир энэ Монгол ноёнтон хараажаар өөрөөс нь том чадалтай хүүхэдтэй багагүй үнэтэй бооцоотой тулах гэж буй ач хөвүүнийхээ тулаанд төдийлөн санаа үл зовон, өчүүхэн ч үл тоож буйд нь гайхан, дотроо элдвийн эргэлзээ хутган суужээ.
Бүрээ дахин огцом тасхийж, хүүхдүүд илдээ барьсаар хоёр талаас гүйлдэн гарч ирээд талбайн голд түрүүнээс хойш хөшөө мэт зогссон Есөнхөн ноёны хоёр талд ирэв. Есөнхөн ноён дуулга, элгэвч, мөрөвч, тохойвчны уяаг шалгаад,
- Зөвхөн дуулга, элгэвч, мөрөвчинд цохино. Дуулга болоод элгэвчинд нийтдээ гурван удаа хүрвэл ялсанд, аа харин нэг удаа тэнцвэр алдтал цохих, эсвэл унагаваас ялсанд тооцно. Мөрөвчинд хоёр цохих нь дуулга болон элгэвчинд нэг цохисны адил. Хамгаалалтгүй хэсэгт хүрвээс шууд ялагдах болно хэмээн халз тулааны дүрмийг танилцуулсанд хүүхдүүд толгой дохиод хойш ухарцгаан зайгаа авав. Нэг талд нь туранхай, чөргөр, халтар нүүртэй хөвүүн мэт хувцаслан, гэзэг үсээ ч нэгээр дарж гөрж сүлжсэн монгол охин, нөгөө талд нь ганган гоёмсог хувцасласан, өрсөлдөгчөөсөө хувь илүү том биетэй мариалаг сири хүү зогсоод бүрээн дуу хүлээн илдээ чанга атган зогсоцгоолоо. Хөндлөнгөөс харсан хэн ч сири хүүд бооцоо тавимаар...
Тасхийх бүрээн дуунаар Аранзал шууд л ухасхийн дайрчээ. Өмнө оролцож байсан тэмцээнд илдээ бариад биесээ анан, нэгнээ тойрон хянуур гишгэн тулалдаж сурсан Сири хүү өрсөлдөгч нь ийнхүү шуудхан шуугин орж ирнэ чинээ огтхон санаагүй тул барьц алдсан хэдий ч тосон цавчив. Гэвч Аранзал цавчилтыг нь илдээрээ ялимгүй хальт цохиж зайлуулаад, дэргэдүүр нь эрчээрээ зөрөн гарахдаа дуулганы бүч эрүүнээс нь мултраад, нүүр рүү нь орж иртэл дэлсэж орхижээ. Хүү тэнцвэр алдан урагш тонголзон хэд гүйгээд тогтов. Цээжнээс нь цус амтагдах шиг болж, дотор нь манараад иржээ.
Цээжээ урагш түрэн цэхлэн суусан Шихнэ ноён суудал дээрээ өндөсхийснээ аяархан эргэж, навтайн агчин суув. Зүүн эгнээнд харж зогссон хэдэн монгол дайчид хүд хүд хөхрөлдөж, харин юу болж өнгөрснийг төдий л үл ойлгосон Шихнэ ноёны бараа бологсод гайхан алмайрцгаав.
Өнөөх хэдэн зүггүй бяцхан халтар хөвүүд хамтран зүтгэгчийнхээ саяны амжилтад ихэд хөөрөн дээр дээр үсрэн уухайлцгааж, “Ялалт, ялалт” хэмээн шуугилдав. Үнэхээр ч ийм хэмжээний цохилтод ялалт өгөхөд ер болохгүй юмгүй. Гэвч Есөнхөн ноён ялалтыг өгсөнгүйд хөвүүдийн шуугиан ялимгүй саарав. Хитбух ноён ер сэтгэл хөдөлсөн шинжгүй хүрлийн бүхийд баруун талд нь шахангуу суусан Элдэрдээ баатар зузаан хуйхтай мулзан толгойгоо илэн, буурал соёо сахлаа сөрвөгнүүлэн, амаа ихэд ангайлгаад “Ха ха” хэмээн хөхөрч байв. Элдэрдээ баатар чухам энэ бяцхан охиныг өвөөгөөс нь ч илүү эрхлүүлэх билээ.
Аранзал эргээд хүү рүү дайрсанд Есөнхөн ноён дохио өгч зогсоогоод Сири хөвүүний дуулганы бүчийг засуулжээ. Аранзалын хоёрдахь дайралтыг уурсаж хорссон Сири хөвүүн тун сүрхий хамгаалаад сөрөг дайрлаа. Сири хөвүүний цохилтын хүч өөрийнхөөс нь хувь илүү байсан тул Аранзал аль болох хаахгүй, бултан зайлж өнгөрүүлнэ. Сири хөвүүн хоёр удаа Аранзалын мөрөвч, нэг удаа элгэвчинд хүрсэн бол, хариуд нь Аранзал илдээ элгэвчинд нь суун тустал чичээд алджээ. Хүү арайтай л унасангүй, гараа сарвалзуулан хойш хэд гишгэж, сүрхий тэнцвэр алдаад зогссонд харж зогссон хөх хөвүүд “Ялалт ялалт” хэмээн дахин үсчин бархиралдав. Есөнхөн ноён ялалтыг Аранзалд аанай л өгсөнгүй. Ийнхүү нэг хувь орчим болсны эцэст, Сири хүү тамирдаж, илэрхий сулраад эхлэв. Яг энэ үеэр Аранзал бүжих мэт дороо эргэлдэн өрсөлдөгчийнхөө илдийг суган доогуураа гаргаад тохойвчоороо элгэвч рүү нь маш хүчтэй дэлссэнд хүү нүдээ бүлтийлгэн, амаа ангалзуулан тонгосхийв. Энэ агшинд дараагийн цохилт ирж, эргэлтэнд хүчтэй савсан илд яг ар дагз руу нь хангинан буухуй дуулга нь мулт үсрэн өнхрөөд, хүү өвдгөөрөө сөхрөн, духаараа газар шаан уналаа.
“Ялалт, ялалт” гэсэн хөөрүү дуу дахиад цангинаад явчихсанд Хитбух ноёнтон тэр хөөрүү хөвүүдийн зүг хөмсгөө зангидан муухай харав. Суудал дээрээ улам агчин, нугаран суусан Шихнэ ноён Хитбух ноёнтны зүг царайчлангуй харж,
- Ертөнц дахиныг дайлан дагуулж буй Их Монголчууд та бүхний хүчин чадал, зориг золбоо аугаа их Антант баатрынхаас ч үлэмж ажгуу. Тийм атал тэмцэлдэн тулах санаа төрсөн мунхаг хөвүүнийхээ өмнөөс түмэндээ хүлцэл өчмү, би. Өршөөн болгооно уу хэмээн сүрдэн түгшин байж өгүүлсэнд Хитбух ноёнтон өдий болтол орилолдсоор буй дүрсгүй хөвүүдээс хараагаан салгаад,
- Эрхэм Шараф Хамид. Таны хүү тун сайн тулалдлаа. Зоригтой хүү байна. Гэхдээ бэлтгэл, дасгал сайтар хийлгэж байх хэрэгтэй шүү гэв. Шихнэ ноёны царай гэрэлтэж ирээд,
- Өгөөмөр их ноёнтон Хитбух. Таны үг чухам үнэн билээ. Миний хөвүүн Хасан зөвхөн амар хялбар, аятай тухтайг эрхэмлэх. Өнөө чухам хэн болохоо, бас хэрхэх ёстойгоо ч сайтар мэдэж ухаарав хэмээн бодож ихэд олзуурхана гэжээ.
Сири хүү духаараа газар шаан унасандаа шаралхаж, ичингүйрэв үү, эсвэл дотор нь балартав уу, унасан хэвээр хэсэг тонгойн байснаа босож ирэхэд царай нь чинэрэн улайгаад, нулимс нь мэлтэлзэн байв. Есөнхөн ноён Аранзалд ялалт заан цагаан болд бялуугаа зүүн талдаа өргөсөнд харж зогссон хэдэн монгол дайчид “Хэрвээ охин хүүхдэд ялагдсанаа мэдвээс энэ Сири хүү ч газраас духаа салгахгүй шинжтэй шартай хүү байна даа” гэлцсээр тарцгаав. Эцгийгээ даган бардамхан ирсэн Шихнэгийн хүү өөрөөс нь хувь илүү жижигхэн Монгол хүүд илт дутуу гашуунаар ялагдаж, гоёмсог илдээ алдаад машид гутарч, баахан гонсгор буцахад Аранзал аргадан түүнд алтан цутгамал толио бэлэглэсэн юм.
Дараахан нь Хитбух ноёнтон Есөнхөн даамлыг зориуд дуудан ирүүлээд “Тэр хэдэн дэрчгэр хөвүүдэд бяцхан ялалтандаа хэт хөөрөн баясах нь чухамхүү жинхэнэ ялалтаа баттай өөрийнх болгоход хамаг том саад болдог, тиймээс тун хурдан ялалтаа алдаж болзошгүй гэдгийг сайтар ойлгуулбаас зохистой” хэмээн онцлон захижээ.
/”Хөх илдний очис” романы Нэгдүгээр дэвтэр. II хэсэг. I бүлгээс /
Б.Номинчимэд
.
Тайлбар:
- Баалбек - Өнөөгийн Ливаны нутагт байх хот. Өнөө ч энэ нэрээрээ буй, их эртний хот болой. Трифол, Дамаскийн завсарт, Ливаны уулсын бэл хормой бараадсан энэхүү хотын ойролцоо Хүлэг хааны тугийн жанжин, Сирийн захирагч Хитбуха ноёнтон өргөөлж байсан гэдэг.
-
2017 оны 2 сарын 02
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр МАН-д элсчээ.
Тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа ”Д.Сүхбаатар мэндэлсэн он жилүүдийн түүхийг тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт язгуураараа бид мэднэ. Эл хүндэт өдөр Т.Дэлгэрмөрөн би ах дүүсийн хамтаар Ардын намд элсэн орж гишүүний батлахаа гардан авч байна. Миний амьдралын салшгүй нандин түүх, түүнийг дагасан хариуцлага, зөв амьдралын баталгаа, залуучууд биднийг хүндлэн дээдэлсэн Ардын нам шилдэг залуу боловсон хүчний эрч хүчээр дүүрсэн байхыг хараад сэтгэл хөдлөв.
Монголын залуучууд мандан бадартугай, үеийн үедээ биднийхээ дуу хоолой, язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлсэн Ардын намын ноён нуруу босоо байх болтугай. Хурай, хурай, хурай...” хэмээжээ.
-
2017 оны 2 сарын 02
Гэрийн нөхцөлд эсгий хийх арга
-
2017 оны 2 сарын 02
Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 3 төв нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлага үйлчилгээний шинэ автомашинтай боллоо. Дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвд автомашиныг дүүргийн удирдлагууд өнөөдөр хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүргийн алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
Б.Наранбаатар: Монгол Улсаа бага ч болов сурталчилж чадсандаа баяртай байдаг
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг 09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
Сэрэмжлүүлэг: Хүний наймааны гэмт хэргийн золиос болохоос болгоомжил
-
2017 оны 2 сарын 02
Миний муу ээж ямар бусдын ээжтэй адил булган дээл өмсөж,том том алт зүүгээд л, хувийн жолоочтой жип машин унаад л, ач зээгээ үнэтэй хувийн сургуульд зөөдөг ч биш. Хүүхдүүд нь үнэтэй машин унаж , алтаар гулгидаг ч биш.
Миний ээжид ердөө цорын ганц булган малгай байдаг. Муу аав минь авч өгсөн болохоор ч тэр үү ээж маань түүнийгээ хачин их нандигнана. Шинэ жил, цагаан сар энэ тэрээр нөгөө нандин малгайгаа гаргаад үсийг нь үлээгээд л сэгсрээд л сүйд болно. Эмэгтэй дүү маань ээжид та наад муу хуйхаа ядаж загварыг нь өөрчлөөч гэж дүргүйлхэх зөвлөх хоёрын хооронд үглэнэ.. Миний ээж энэ чинь та нарын наадах хужаа булганы хажууд жинхэнэ орос булга. Та нарын булга ч дээ их но-той доо. Аягүй бол тарвага, нохойны арьс ч байхдаа ч сийхгүй гээд л дүүг маань цаашлуулж гарна. Би энэ малгайг чинь 3-р цахилгаан станцын арын орос дэлгүүрээс үүдэнд нь зогсдог орос цэрэгт нь 5 төгрөг атгуулж байж орж авсан юм даа. Аав чинь баазын аврага болсон мөнгөө надад өгч юу дуртайгаа ав гэж билээ Би тэгээд л ....гэж ирээд л ярина.
Миний аав жолооч хүн байж билээ. Гэхдээ тээврийнх биш усны жолооч. Оройд гэрээр нэг татсан хэцэнд аавын маань нойтон хувцас өлгөөстэй байдаг байлаа. Би ахлах ангид орсон жилээ зуны амралтаараа аавынхаа грушигийг хийж овоо хэдэн төгрөг олж хирдээ подойж байж билээ. Харин ээж минь бичээч. Бичгийн машины тог тог хийх чимээ надад их сайхан санагддагсан.
Аав ээж 2 минь 5 сайхан хүүхэдтэй. Бид бүгд л бусдын жишгээр өөр өөрсдийгөө нэг юм болгоод л байна. Ээждээ нэг их өгөөд илүүчлээд байж чадахгүй ч цагаан сараар ээжийнхээ бэлэг сэлт энэ тэрийг хэдэн төгрөг нийлүүлж байгаад аваад өгчихнө.
Ээжийн минь ганц санаа зовоодог зүйл гэвэл бидний том эгч. Зах зээл эхэлж байсан үед 2 нялх хүүхдээ хаяад Солонгос явж билээ. Эхний хэдэн жил байнга холбоо барьж дүү бидэндээ жижиг бэлэг сэлт энэ тэрийг байнга өгч явуулан бид хэд ч тансагладаг байж билээ. Солонгосоос ирсэн нэг хүнээс эгчийгээ хүнтэй суусан гэх мэдээ сонсож бид хирэндээ баярлаж байж билээ. Солонгос хүнтэй суусан юм бол ядаж энэ хэдэн дүүгээ татаж авахад хялбар даа гэж ирээд л аав ,ээж хоер минь хоорондоо ярьж байж билээ. Гэтэл эгчийн минь утсаар хэл барих зай нь холдон холдсоор бүр чимээгүй болж 10 гаруй жилийн нүүр үзэж байна даа.
Ээж аав хоёр маань энэ талаар асууж сураглаж яваагүй газар үгүй. Нэг асуухад Сөүлийн захад гахайн аж ахуй эрхэлж байна, дараа нь хойд Солонгостой хил залгадаг нэг жижиг тосгонд байж байна гэнэ гээд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ сонсогдож билээ. Ээж нэг удаа тэр Солонгос нөхөр нь их нарийн утсаар ч яриулдаггүй гэнэ, эгчийг чинь боол шиг өдөржин зараад хаашаа ч гаргадаггүй юм байх гэж ярилаа. Та хаанаас сонсоо вэ гэтэл зурагтаар нэг монгол хүүхэн ярьж байна. . Яг тийм нөхөртэй байсан гэнэ. Арай хийж оргож ирсэн гэнэ гэдэг юм байна. Ээж минь ингэж л янз бүрийн юм төсөөлөн бодож үнэн юм шиг бодож түүндээ үнэмшиж , шаналаж сууна.
Би хэдэн жилийн өмнө Солонгост очлоо. Очсоныхоо дараа оёдолын үйлдвэрт нэг хамаатныхаа хүний тусламжтайгааар орж бөгс эргэж зайгүй нэг жижиг өрөөнд 2 сар амьдарч билээ. Миний хийдэг ажил гэвэл өглөө эрт 5 цагт босоод оёдолчдын хэрэглэж болзошгүй давуу, утас энэ тэр хэрэглэгдхүүнийг агуулахаас гаргаж тавьна. Өдөр нь үйлдвэрээс гарч байгаа хог хаягдалыг ялган савлах. Гэтэл миний дараагийн дүү нэг өдөр утас цохиж удахгүй ирэх болсноо хэллээ. Дүүгээ тосох санаатай эзнээсээ нэг өдрийн чөлөө аваад онгоцны буудлыг зорилоо.
Гай болж онгоцны буудал дээр цагаачдын албаныхантай халз тулдаг юм байна. Гандан буурахгүй зугтаалаа. Газар мэдэхгүй болохоор мухар гудамжинд ороод баригдчихдаг байгаа,
Дүү бид хоёр Солонгос явах гэж тарьсан өрөө одоо хүртэл төлж бараагүй л байгаа даа. Би Солонгост байхдаа эгчийнхээ сурагийг гаргах гэж их явсан даа. Хамгийн сүүлд эгчтэй минь давууны үйлдвэрт хамт ажиллаж байсан эгчээс гашуун ч гэмээр үнэн үгийг сонсож билээ. Эгчийн маань суусан хүн нилээд ахимаг насны хүн гэнэ. Солонгосын иргэншилтэй болгож өгнө гэж эгчийг минь хуураад хамаг мөнгийг нь хамж аваад зугтсан гэсэн. Эгч чинь тэр хүний хойноос их хөөцөлддөг байсан. Аягүй бол тэгж яваад л сураггүй болсон байх гэж билээ. Би энэ мэдээллийг Монголынхоо элчин сайдын яаманд хэлсэн боловч бичиг баримтгүй хараар амьдарч байгаа хүнийг хайхад хэцүү байна гэхдээ бид хайна гэж өөх ч биш булчирхай ч биш хариултыг өгч билээ. Одоо болтол эгчийн минь сураг гараагүй л байна. Бурхан өршөөг дээ
Би хэдэн дүүтэйгээ яриад энэ жилийн цагаан сараар ээждээ нэг булган дээл авч өгөхөөр ярилцлаа. Бүгдээрээ хэд хэдэн төгрөг өгөхөөр ч тохиролцлоо. Тэгээд цагаа тулсан чинь бүгд л санхүүгийн асуудалтай болчихдог юм байна. Ганцхан эрэгтэй дүү маань л амалсан мөнгөө өглөө. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр санаачлага гаргасанаараа би нэг найзтайгаа нөгөө муу портероо унаад махны наймаанд гарлаа. Цагаан сар дөхөж байсан болохоор махны олдоц овоо дажгүй. Хэдэн өдөр нойр хоолгүй явж байж нөгөө хэдэн төгрөгөө булган дээл авах хэмжээний аривжуулаа. Ээж минь ёстой магнай хагартлаа баярлаж, бас айж, итгэж ядаж байгаа бололтой нөгөө дээл хажуудаа тавьчихаад дахин дахин илж үзэж байна. Энэ дээлтэй чинь үдэш орой явахад аюултай байх шүү гээд ихэд болгоомжилж байгаа бололтой.
Цагаан сараар орж ирсэн болгонд дээлээ үзүүлээд хачин баяртай. Би ээжийгээ ийм их баяртай байгаа сүүлийн хэдэн жил үзээгүй билээ. Ээжийгээ ингэж баярлуулсандаа миний ядаргаа ч арилах шиг болж билээ.
Удалгүй мартын найман болж би ээждээ тоглолтын тасалбар авч өглөө. Ээж минь тоглолтонд нөгөө муу монгол дээлтэйгээ ирж байна. Та чинь нөгөө булган дээлээ өмсөхгүй яагаа вэ? Өө нөгөө бага дүү чинь нэг өмсчихөөд өгье гээд л авсан одоо болтол буцааж өгөөгүй л байна. За яахав яахав залуу хүн юм чинь гоёж л байг гэх тэр.
Миний ээж ийм л хүн.
Цагаан шувуу
-
2017 оны 2 сарын 02
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг даргаар Ч.Болормаа, 7 дугаар хорооны Засаг даргаар Ц.Дуламжав, 11 дүгээр хорооны Засаг даргаар Д.Уянга, 12 дугаар хорооны Засаг даргаар Р.Ганболд, 18 дугаар хорооны Засаг даргаар Б.Насанбат нарыг батламжилж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар Улсын хамгаалттай ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл улсын ховор, ховордсон зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд 5 жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
Ан агнуурын тухай хууль тогтоомж, ангийн хориотой бүс, ангийн хориотой хугацааг зөрчих эсхүл зэрлэг ан амьтны санг сүйтгэсэн тохиолдолд 3 жилээс доош хугацаатай хорих, цагдан хорих, мөнгөн торгууль оногдуулна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн материал, хуурамч мөнгөн дэвсгэртийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 7 жилээс дээш хугацаатай хорих болон мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй, онц хүнд нөхцөлд хугацаагүй хорих эсхүл цаазын ял болон эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
БНХАУ-ын экспортлохыг хориглосон түүх соёлын эд зүйл, алт, цагаан алт болон бусад үнэт металл эсхүл улсын импортлож, экспортлохыг хориглосон ховор зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгуулийн шийтгэл онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих ял эсхүл хугацаагүй хорих шийтгэл мөн эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
Ховор ургамал болон түүний бүтээгдэхүүн зэрэг БНХАУ-ын импортлож, экспортлохыг хориглосон бусад эд бараа, хэрэгслийг хууль бусаар хил давуулсан бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгууль онооно.
Байгууллага тус зүйл заалтыг зөрчсөн бол байгууллагад мөнгөн торгууль тавина мөн түүний шууд хариуцагч болон бусад шууд бус этгээдэд энэ зүйл заалтын дагуу шийтгэл онооно.
БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд “20.000 юань буюу 5000 ам доллараас дээш валют”-ыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгах /ажлын 5 хоног/, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгодог. Хэрэв нэвтрүүлэх шаардлагатай тохиолдолд “тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлэх, гаалийн мэдүүлэг бөглөх, дансаар шилжүүлэх /бэлэн мөнгө/ зэрэг хуулийн заалттай байдаг.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР
-
2017 оны 2 сарын 02
”Өнөөдөр Ус, намгархаг газрын дэлхийн өдөр”
1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг Ус , намгархаг газрын дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Монгол Улс 1998 онд Ус, чийг, намгархаг газрын тухай Рамсарын Конвенцид нэгдэн орсон. Энэхүү Конвенциор ус, чийг, намгархаг газар нутгийг биологийн олон янз байдлыг нийтэд нь хадгалан хамгаалах болон хүн төрөлхтний нийгмийн сайн сайхан оршин тогтнохуйд нэн чухал ач холбогдолтой экосистем гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 2016 онд Ус чийг намгархаг газрын Дэлхийн өдрийг “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” гэсэн сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Ирээдүйд хүн төрөлхтний ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ус намгархаг газар чухал үүрэгтэйг харуулахын тулд энэ сэдвийг сонгосон. Тэрбум гаруй хүн ус намгархаг газрын экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болон амьдарч байна.
-
2017 оны 2 сарын 02
Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг
Нийтэлсэн: 2017-02-02 06:43:53
-Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол Улсын хэмжээнд цагаан cap, наадам гээд хоёр том баяр бий. Эдгээр баярыг үзэж сонирхох гэж гадны жуулчид хүртэл хөвөрдөг болж. Тэгэхээр дээрх баярууд маань дэлхийд данстай болсны илэрхийлэл юм болов уу.
-Саяхан УБТЗ-ынхан танай хийдэд ном хуруулсан гэж сонслоо. Ямар ном хуруулав?
-УБТЗ-ын хамт олон Гандантэгчэнлин хийдэд зочилж ”Арван хангал” буюу биднийг сахин хамгаалж байдаг бурхадуудад ирэх жилийнхээ ажил үйлсийг даатгаж, хурал ном хуруулсан. Энэ бол үнэхээр ерөөлтэй үйл явдал юм. Төмөр замын ажил үргэлж ундарч байдаг, цаг минутаар хэмжигддэг, маш нарийн нандин байхыг шаарддаг юм байна. Ер нь, улсын хэмжээнд олон хүнийг цалинжуулж, ажил амьдралыг нь нуруундаа авч явдаг компани бол яах аргагүй УБТЗ юм. Тэгэхээр энэхүү хариуцлагатай ажлыг гүйцэтгэж буй олон хүний төлөө санаа зовинож, сахиус бурхандаа даатгахаас ч аргагүй. Нөгөөтэйгүүр төмөр замчдын маань дийлэнх нь буддын шашинтан. Тиймээс бид гал тахиа жилдээ төмөр замчид аваар осолгүй, аюулгүй, амар тайван, эд таваар элбэг дэлбэг байхыг ерөөж ном уншлаа.
-Төмөр замчдад хандаж та ямар сургаал айлдахсан бол?
- Нэг компанийн ажилтнууд гэдэг үндсэндээ нэг гэр бүлийн гишүүд. Тийм учраас хоорондоо эв зүйтэй, бие биенээ хүндэлж хайрлаж байх нь хамгийн чухал юм шүү гэдгийг чандлан захья.
Яагаад вэ гэхээр нэг айл гэр байлаа гээд бодоход өрхийн тэргүүлэгчээ зүй зохистойгоор хүндэтгэж, хэлсэн үгийг нь эерэгээр хүлээн авч, бодол сэтгэлийг нь дэмжиж, гэр бүлээрээ сайхан байх юм бол тухайн айл хэчнээн сайхан эв түнжинтэй, амгалан жаргалтай байдаг билээ. Үүний адилаар хүн бүхний оролцоо нэгдмэл байж гэмээнэ тэр байгууллагын ажил үйлс өөдрөг сайхан байх учиртай юм. Монголд ганц дутаад байгаа зүйл бол бие биенээ хүндлэх явдал. Удирдлагаа шүүмжилдэг. Тэгсэн мөртлөө хаана, хаанаа хариуцсан ажлаа хийдэггүй. Болсон ч, болоогүй ч шүүмжлээд л байдаг. Энэ дутагдал нь албан байгууллагын ажил үйлсийг урагшлуулахгүй байна уу гэсэн сэжим харагддаг.
”Эд биднийг тэжээх ёстой” гэсэн явцуу үзлээр хандаад байдаг тал бий. Зах зээлийн нийгэм бол хүн бүр өөрийнхөө толгойг дааж амьдрах хууль зүйтэй. Ингэхдээ хүн бүхэн дор бүртээ хариуцлагаа ухамсарлаж, ажил албандаа сэтгэл зүтгэлтэй ханддаг. Түүнийг нь дагаад мэдлэг боловсрол нь дээшилдэг учиртай. Хариуцсан ажилдаа тогтвор сууршилтай, үргэлж шинийг санаачлагч байж гэмээнэ ар гэрийнх нь ахуй амьдрал ч дагаад дээшилдэг зарчим хэрэгжиж байгаа. Нэг үгээр хэлбэл хуучны нийгэм шигээ хүнээр тэжээлгэх тухай бодоод байвал ажил алба ч урагшлахгүй, ахуй амьдрал ч дэвшихгүй, нэг л хэвэндээ байх ийм л нийгмийн тогтолцоонд орсон учраас бид өөрсдөө зүтгэх ёстой юм.
-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Зөв шүүмжлэлийн ач тус ч бас байдаг л болов уу?
-Үнэхээр зөв зүйтэй шүүмжлэл байж болно л доо. Байх ч ёстой. Гэвч өөрт нь таалагдахгүй байгаа бүхнийг хэн нэгэн рүү чихдэг зуршил хэзээ ч байж болохгүй. Чухамдаа энэ байдал л улс орныг хөгжүүлэхгүй байгаа юм.
Жишээ нь Япон,Солонгос, Англи, Америк, Герман зэрэг өндөр хөгжил дэвшилтэй, бидний жишээ татдаг орнуудад шүүмжлэл байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ болохгүй гэж бодсон бүх зүйлээ бусдад чихдэг үзэгдэл байхгүй шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийн хариуцсан ажлаа яв цав гүйцэтгэж чаддаг. Хөдөлмөрийн бүтээмж нь маш өндөр харагддаг шүү дээ. Гудамж талбайнх нь өнгө төрхөөс эхлээд ажлыг ямар хэмжээнд хийж байна вэ гэдэг нь тод харагддаг. Гудамж нь бараг л бидний гэр орноос цэвэрхэн харагддаг. Ажиллаж, амьдарч байгаа орчноо үргэлж угааж, булан тохойдоо ширхэг ч хог хаяхгүй өөриймсөг сэтгэлээр хандаж байгаа учраас тэр.
Ямар сайндаа л би тэнд очоод ”Манай хотын гудамжинд уурлаад хүн рүү авч шидэх чулуу хаа сайгүй байдаг. Энд харин ширхэг ч чулуу алга шив дээ” гэж алиалж байсан. Хүн бүр хариуцсан ажлаа яв цав хийгээд ирэхээр ойр орчин нь өнгөө засаад л, хаана хаанаа алдаа дутагдал ч гарахгүй болоод эхэлдэг. Сайн хийсэн ажлын үр дүн өнөө маргаашаар бус хэдэн жилээр гардаг. Энэ зоргоор тухайн байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулдаг мөнгө багасдаг. Төмөр зам ч үүнтэй агаар нэг. Энэ бүтээмж эв нэгдэл дээр суурилж ирдэг учиртай.
Тиймээс хамтрагчдаа хүндлэх, удирдлагад нь ажиллаж буй хүмүүсийн санаачлагыг нь дэмжих үзэл юу юунаас илүү чухал. Нэг нь өнгөтэй өөдтэй явахад татаж унагаад, өөрөө ч тэр хэмжээнд хүрч чадахгүй бол улс орноо, албан байгууллагаа, өөрийнхөө хөдөлмөрийн үр дүнг, амьдралаа хорлож буй явдал юм. Өнгөтэй яваа нэгнээ дэмжээд байвал тийм өөдрөг хүмүүс олноор төрөн гарна. Тэр зоргоор компанийнх нь нэр төр өсч, нийгэмд эзлэх байр суурь бэхжиж, ажил үйлс нь цэгцэрдэг жамтай.
-Олон хүнийг эв нэгдэлтэй байхын үндэс суурийг шашны номлолд юу гэж сургасан байдаг вэ?
-Буддын шашинд хүн гэдэг ойлголт нь бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл юм гэж тодорхойлдог. Тиймээс ”Би хүнтэй сайхан харьцана гэдгийг яаж ойлгох вэ?” гэсэн нэг томоохон асуудал бий. Намайг тойрон хүрээлж буй хүмүүсийн надтай харьцаж буй аяг, араншин бол миний төрхийг илэрхийлж байдаг учиртай. Яагаад гэвэл би хүн рүү муухай харж байгаа тохиолдолд хүн над руу хэзээ ч сайхан хардаггүй.
”Өөртэй нь адилхан байя” гэсэн үүднээс тэр хүн өөр рүү чинь хялайж л хардаг. Хүнийг биеийн хүчээрээ байнга айлгах гэж нударгаа зангиддаг бол цаад хүн нь ч мөн адил дийлдэхгүйн тулд аливаа нэгэн арга сүвэгчилж, төмөр, чулуу барих ухаан өгдөг.
Иймд биеийн болон хэлний хөдөлгөөнөө үргэлж хянаж, аливаад ухаалгаар хандаж байх хэрэгтэй. Тухайлбал, урд өдөр нь уулзах гэж цаг товлосон хүн очиж чадаагүй бол өмнөөс ” Чи муу яагаад ирдэггүй юм” гээд угтвал, нөгөө хүн ”Хуц. Чамд ямар хамаатай юм бэ” гэж хариулна. Яагаад тэр хүний өмнөөс ”Миний найзад юу тохиолдоод ирж чадсангүй вэ” гэж асууж болохгүй гэж. Аль болох өөрөө зөөлөн байх тусам эсэргэлдэгч хүмүүс мөн л эв эеэр харьцдаг.
Ямар ч хүн сэтгэлийн илэрхийлэл байдаг. Сэтгэл зөөлөн, дотроо үргэлж сайн сайхныг бодсон бол хэл, бие хоёр дагаад зөөлөрдөг. Хүнийг хүндэтгэхийн хэрээр хүмүүс буцаад хүндэлдэг.
Сайхан зүйл ярих тусам сайхан зүйлийг хариуд нь хэлдэг. Энэ зоргоор тухайн хүн тайвшралыг олж, халуун дулаан уур амьсгалтай хамт олны дунд ажиллаж, амьдрах үндэс бүрддэг. Иймд төмөр замчид минь ажилдаа ч, ар гэртээ ч бие, хэл, сэтгэлээ ариун байлгаарай. Энэ л та бүхний сэтгэл өөдрөг, жаргалтай амьдралын эх үүсвэр юм шүү.
-Түрүү үеийн хүмүүс ихэвчлэн урт насалж, өвчин зовлон тусах нь ч бага байсан гэдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Манай эцэг өвгөд энэ ертөнц дээрх дөрвөн зүйлийг өөртөө болон гэр орондоо бүрдүүлэх гэж мэрийж ирсэн байдаг. Энэ юу вэ гэхээр нэн тэргүүнд урт нас. Ямар ч их эд хөрөнгө, мөнгө төгрөг хураасан богино насалбал ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Иймд хүн өөрөө эрүүл, өвчингүй байхыг боддог.
Улмаар бурхан шүтээндээ залбирч, ажил амралтаа зөв зохицуулахыг эрмэлздэг. Ингэснээр насыг бүтээж, зөвхөн өөрөө ч бус гэр бүл, хамт олноороо эрүүл саруул сайхан байхын жаргалыг эдэлдэг. Хувцсаа тааруулах, зөв зохистой хооллох гээд эрүүл байхын үндэс шалтгаан нь хувь хүнээс их шалтгаалдаг лдаа. Гуравдугаарт, ”Барцадгүй байлгаж өгөөч” гэж бурхандаа залбирдаг байсан. Хүн хулгай хийж, худал хэлэхээс эхлээд бусармаг зүйл хийгээд л байх юм бол өөрөө сайхан амьдрах нь бүү хэл шоронд ороход тулдаг.
Шоронд орсноос хойш юун эхнэр хүүхэд, хамт олон. Эрх чөлөөтэй байх бүх эрхэм чанараа үгүй хийдэг. Мөн түүнчлэн гаднаас ирдэг барцад болох аюул ослоос өөрийгөө хамгаалах нь чухал. Алхам бүрээ хянаж, гүйцэтгэж байгаа ажлынхаа дүрэм журмыг чанд сахиж, анхаарал болгоомжоо алдахгүй байх явдал. Энэ нь эргээд надад урт нас авчрахын гол үндэс юм шүү гэдгийг санаж явах хэрэгтэй.
Эцэст нь эд таваар. Өөрийн амьдралд хүрэлцээтэй хэмжээний цалин, эд таваартай байхгүй бол хүн сайхан амьдарч чаддаггүй. Хувцас муутай, гэдэс өлсгөлөн явж байгаад өвчин тусдаг. Бусармаг зүйл урган гардаг. Иймд өөрөө хөдөлмөрлөх, тэгэж гэмээнэ сайхан амьдрах боломж бүрддэг юм.
-Төмөр замчид амьгүй зүйл буюу техник хэрэгсэлтэй ихэвчлэн харьцаж ажилладаг. Осол зөрчлүүд ч техникийн хүчин зүйлээс урган гарах тохиолдол их бий. Ийм төрлийн ослоос ангид байхын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд болгоомж хэрэгтэй. Болгоомж гэдэг нь ажлаа мэдсэн мэдлэг, анхаарал хоёрын нэгдэл юм. Мэдлэггүйгээсээ болж техник хэрэгсэлтэй буруу харьцах. Улмаар осол аваарт өртөх нигуртай л даа. Иймд энэ техниктэй ингэж харьцвал юу болох вэ гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тийм ч учраас хөдөлмөр хамгаалал гэдэг зүйл яригддаг. Чухамдаа хөдөлмөр хамгааллын дүрэм журмаа нягт мөрдөж, үргэлж сэрэмжтэй байж чадвал осол аваараас ангид байх бүрэн боломжтой.
-Нөгөө талаасаа төмөр замчид чанд хатуу дүрэм журмын доор дээд зэргийн сахилга баттай ажилладгаараа онцлогтой. Энэ онцлогоосоо шалтгаалан захирах, захирагдах ёстой холбоотой үл ойлголцол, зөрчилдөөн, уур бухимдлын асуудал ч урган гардаг юм болов уу гэж боддог. Ер нь удирдагч хүн уур хилэнгүй байх, үл ойлголцолд бага орохын тулд юуг хичээх хэрэгтэй вэ?
-Захирах, захирагдах ёс гэдэг зүйл хаана ч байх ёстой л доо. Тийм ч учраас өндөр боловсролтой, хамт олныг удирдан зохион байгуулах ур чадвартай хүмүүсээ бид удирдагчаараа сонгож ирсэн. Энэ утгаараа удирдагч байгаа тохиолдолд тухайн хүний ажил албанд нь хүндэтгэлтэй хандаж, үүрэг даалгаврыг нь биелүүлэх хэрэгтэй. Үнэхээр болохгүй зүйл гарвал ”Та энд алдаж байна шүү” гэдэг зүй зохистой зөвлөгөөг өгнө үү гэхээс үг бүрийг нь сөрөөд, эсэргүүцээд байвал тухайн байгууллагын ажил зогсох тал руугаа явна шүү дээ.
Дарга гэдэг ганцхан мөст байдаг учраас доор нь ажиллаж буй хэдэн зуун хүн ч хамаагүй бодит байдлыг бодож үзэх ёстой Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг. Гэвч энэ бол бодит байдал биш.Тиймээс удирдлагынхаа үгэнд орж явна гэдэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний эрхэм чухал соёл юм даа. Нөгөөтэйгүүр хамт олноо удирдаж яваа дарга хүн ч ажилтнуудынхаа үгийг сайн сонсч, алдаа дутагдлаа цаг алдалгүй засч, нөхцөл байдалд зөв, шударга дүгнэлт өгч байх хэрэгтэй. Өөрийгөө хаан мэтээр төсөөлж болохгүй.
-Төмөр замд тухайн мэргэжлээр сургууль төгсч, онолыг нь сурсан нарийн мэргэжлийн хүмүүс гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай ажил олон байдаг л даа. Гэвч мэргэжлийн бус хүмүүс хөндлөнгөөс төмөр замын асуудалд их хутгалдаж оролцох нь харагдах юм. Таны хувьд ийм үзэгдэлд ямар дүгнэлт хийх вэ?
-Дээд түвшний хүмүүс доод талынхаа хүмүүсийн санал сэтгэгдлийг их хүндэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй л дээ. Жишээ нь, төмөр замын мэргэжлийн бус дарга нар ”Өргөн, нарийн цариг” гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр их л мэргэн цэцэн ярьж буй нь харагддаг. ”Эд нар мэргэжлийнх нь хүмүүсээс заавар зөвлөгөө авсан болов уу” гэж бодох үе ч гардаг л даа. Яагаад вэ гэхээр төмөр замчидтай уулзаад ярилцахад ”Шал дэмий юм ярьж байна. Мэргэжлийн талаасаа бол бүтэхгүй зүйл ярих юм. Том дарга гэхээрээ л бүхнийг мэддэг гэсэн үг биш шүү дээ” гэсэн санааг цухалзуулдаг. Үүнээс дүгнэн харахад тухайн мэргэжлээ сайн мэддэг хүн л удирдлагуудаар нь ажиллах нь зүйтэй юм болов уу.
Тухайн ажлын байранд мэргэжлийн мэдлэг огт байхгүй хүнийг авчраад тавьчихаар хий дэмий цаг алдаад, тэр хүн ажлын байрандаа суралцаж, дадлагажсаар байтал албан байгууллага, хамт олных нь ажил хойш татагдчихдаг юм болов уу гэж хардаг. Коммунист нийгэм бол хэцүү цаг үе байсан. Гэхдээ боловсон хүчний талдаа бол сүрхий байсан шүү дээ. Хөдөө гадаа томилж, амьдрал үзүүлж байж тохирсон албанд нь томилдог Тэндээс нь шалгаруулж удирдах албан тушаалд томилдог байлаа шүү дээ. Ингэснээр тухайн удирдагч өөрөө ажилтан байсан учраас мэргэжлийнхээ онцлог, нөхцөл байдлыг сайн мэддэг. Улмаар алдаа дутагдал гаргадаггүй байсан.
Одоо жишээ нь УИХ-д амьдрал мэддэгхүн орж байна уу, үгүй юу гэвэл эргэлзээтэй шүү дээ. Ямар ч мэдлэггүй хүн шийдвэр гаргах түвшинд томилсноос болоод улс орон хохирдог дутагдал аль ч намд нь ажиглагдаад байдаг юм. Би лам хүн учраас бүх хүн зовлон жаргалаа ирж уудална. Тэдний яриаг харьцуулж бодоод байхад ийм дүгнэлт заримдаа буудаг л юм.
-“Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа учраас би ч бас бухимдаж байна” гэж ярих хүн олширсон.Энэ тухайд юу хэлэх вэ?
-Хохь нь л гэж хэлэх байх даа.Яагаад гэвэл өөрийгөө аль болох чөлөөлж явах тухай бодохгүй байна. Бодит байдлыг мэдэхгүй л бухимдаад байна шүү дээ.Зурагтаар гарч байгаа мэдээг хар л даа .Ямар ч бухимдах шаардлагагүй зүйлд бухимдаад байгаа биз дээ. Тавантолгойн төсөл хөдөлж байна шүү дээ. 29 ам. Доллараар өгдөг байсан нүүрсийг 71 ам.доллараар өгдөг боллоо. Хятад руу нүүрс гарч эхэллээ.
Гэтэл ”Дэлхийн ханш 150 ам.доллар байгаа шүү дээ” гээд бас л шүүмжилж байна. Энэ бодит зүйл биш. Бид хоёр том гүрний дунд оршдог. Хятадаас өөр нүүрс авдаг газар одоогоор алга. Бүр өгөхгүй байснаас 71 ам.доллараар нүүрсээ өгөөд өрөө дарах шаардлага бидэнд бий биз дээ. Яагаад үүнийг зөв бодож чадахгүй байгаа юм бэ. Бодитоор харж чаддаг бол бухимдахгүй зүйл зөндөө л байна.
-Та төмөр замчдын ажил үйлсийг чухам ямар өнгөөр хардаг вэ?
-Хамаагүй дээрдсэн. Бодоод үз л дээ. 1990 оны эхээр ардчилал дөнгөж гарч байхад ямар байлаа. Хятадаас ирж байгаа вагон гахайгаар дүүрэн Хүн суух зайгүй овоолсон ачаа бараан дээрээ тав тухгүй унтаж амарсан болоод л явдаг байлаа.
Ганзагын наймаачдын эх захгүйг хэлэх үү, дүүрэн архи, тамхины дунд л явдаг байсан. 1990 оны дунд үеэс маш цэвэрхэн болж эхэлсэн. Одоо ямар сайхан байна вэ. Зүтгүүрээ өөрсдөө хийж байна. Энэ хөгжил биш гэж үү. Агаарын тээврийнхэн л гэхэд гадаадын онгоцыг захиалгаар засч, хуучин онгоцныхоо буудлыг сургалтын төв болгох тухай ярьж байна.
Өөрсдийгөө голдог өвчтэй л болохоос биш бид өдөр өдрөөр л сайжирч байна шүү дээ. Тэгэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд саяхныг хүртэл Оросын мэргэжилтнүүдээр л ийм төрлийн ажлаа хийлгэсэн. Жишээ нь, Манж гэж хүчирхэг гүрэн байсан. Одоо 64.000 орчим манж хүн байдаг гэж ярьдаг. Тэд эх хэлээрээ ч ярьдаггүй. Бид тусгаар тогтносон Монгол Улс гурван саяулаа болчихоод хөгжиж цэцэглэж байна. Түвд л гэхэд 60 жилийн өмнө газрын зурагнаас хасагдаж, Хятадын нэг хэсэг болсон. Гэтэл манай улсын газрын зураг байгаа биз дээ. Тэгэхээр хий дэмий зүйлд бухимдаж цагаа гарздах нь илүүц юм.
-Ярилцсанд баярлалаа, танд сайн сайхныг хүсье!
Эх суравлж: ”Ганзам” сонин
-
2017 оны 2 сарын 02
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
Засгийн газар нь санал оруулж ирэхэд УИХ-ын 65-ын бүлэг өөрийнхөөрөө шийддэг, төслийг нь унагаадаг байж болохгүй. Нэг нам эрх барьж л байгаа юм бол ойлголцлын зөрүүтэй асуудлуудаа нэгдсэн байр сууринд хүрч, Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг дэмжээд явах зарчимтай. Засгийн газар, УИХ хоёр муур, хулгана болж тоглож болохгүй.
-
2017 оны 2 сарын 02
Пак Гын Хэ ”Соёлын салбарын хар жагсаалт” гаргахад оролцсон байж магадгүй