-
2016 оны 11 сарын 28
Ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлийн удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын дарга, удирдлагуудыг оролцуулсан “Нийслэлийн 2017 оны төсвийн төсөл” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Нээлттэй хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын орлогч нар, дүүргийн Засаг дарга нар гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцов. Хэлэлцүүлэгт оролцсон НИТХ-ын төлөөлөгчид дүүрэг тус бүртээ нэн шаардлагатай, тулгамдаад буй гол асуудлаа тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд юу дутагдаад байгаа болон хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар саналаа гаргаж байлаа.
Дүүргүүдэд сургууль цэцэрлэгийн хүртээмж, эмнэлэг тусламжийн үйлчилгээ, дэд бүтэц, зам харилцаа гээд олон бэрхшээлтэй асуудал бийг төлөөлөгчид дурьдаад хамгийн гол тулгамдсан асуудлаа ирэх онд шийдүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. Ялангуяа ЕБС-иудыг хоёр ээлжээр хичээллүүлдэг болгох зорилтыг биелүүлэхэд шаардлагатай зарим сургуулийн өргөтгөл болон шинээр барих ажлын хөрөнгийг шийдэх, концессоор гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллахыг нийслэлийн удирдлагуудад хэлж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Энэ нээлттэй хэлэлцүүлэг их үр дүнтэй боллоо. Төлөөлөгчид маань дүүрэг бүртээ тулгамдаад байгаа асуудлаа тодорхойлж, манай танай нам гэлгүй дүүргийнхээ, нийслэл хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө гэсэн нэгдмэл саналтай байгаад их баяртай байна. Та бүхнээс гаргасан бүтээлч санал санаачилгыг дэмжин анхаарч ажиллах болно” хэмээн хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 28
МАН-ынхан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралаар Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилоод байгаа билээ. Тэгвэл түүний оронд хэн томилогдох вэ гэсэн дэд сайдын марафон МАН дотор хэдийнэ эхэлж, дэд сайдын нэр тодорсон бололтой. Дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Д.Зоригт, Т.Бадамжунай нарын нэр сойгдож байгаа гэх мэдээлэл гараад байсан. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхан ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Уул уурхайн дэд сайдаар томилох саналд олонх нь нэгдсэн гэх мэдээлэл байна.
-
2016 оны 11 сарын 28
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг хүргэж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
-
2016 оны 11 сарын 27
УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хэлэлцэх асуудлын хуваарь гарлаа.
Хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөл болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг томилгоотой холбоотой асуудлууд орж ирсэн байна.
Мөн Төрийн болон албаны нууцын тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийхээр тогтжээ.
УИХ дахь намуудын бүлэг даваа гарагт, байнгын хороодын хуралдаан мягмар, лхагва гарагт тус тус хуралдах ба дээрх хуралдаанаар хуваарьт асуудлуудыг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.
-
2016 оны 11 сарын 27
Эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган, манлайлна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд залуучуудад хэллээ.
Улсын хэмжээнд 2016 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49892 хүүхэд байна. Эдгээр охид, хөвгүүдийн төлөөлөл 800 сурагч Тусгаар тогтнолын баярын энэ өдөр эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа.
-
2016 оны 11 сарын 26
Ардчилсан намын зургадугаар их хуралд оролцох гишүүдээ сонгох хуралдаан энэ сарын 26,27-нд буюу бямба, ням гаригт сум тус бүрт болно. Энэхүү хуралдааны үеэр намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж.
Тодруулбал Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн гол зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Харин намын даргын асуудал яригдахгүй гэж ҮЗХ-ны хурлаар шийдсэн байдаг.
Ардчилсан намын зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцох гэнэ. Төлөөлөгчдийг сонгохдоо сум бүрээс нэг төлөөлөгч, аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д Ардчидсан намаас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын төлөөллийг оролцуулна гэж Ардчилсан намын зургадугаар их хуралд бэлтгэх ажлын хэсгээс мэдэгдсэн.
Тиймээс намын анхан шатны нэгжээс сонгогдож зургадугаар их хуралд оролцох гишүүнээ сонгох хуралдаан энэ амралтын өдрүүдэд болох юм.
-
2016 оны 11 сарын 26
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр, нийгмийн хөгжлийн үсрэнгүй том дэвшил, Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон билээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх цоо шинэ алхам энэ байлаа.
Анхдугаар Үндсэн хуульдаа Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмуудыг тусган, Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, өрнө дорно дахинд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг анх олгосон нь Монголд төдийгүй олон улсын улс төрийн амьдралд ч нэн чухал шийдвэр, нийгмийг ардчилах үйлсэд оруулсан шинэ хувь нэмэр болсон түүхтэй.
Анхдугаар Үндсэн хуульдаа “БНМАУ-ын дээд эрхийг УИХ-д хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хурал юм.
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойг орон даяар тэмдэглэдэг байсныг хүчингүй болгосон өмнөх парламентын шийдвэрийг Монгол Улсын Их Хурал саяхан цуцалж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд эх орныхоо тусгаар тогтнол, иргэн хүний эрх чөлөөтэй байдлыг бахархан хүндэтгэж, бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгохоор шийдвэрлэлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь үнэн түүх үнэнээрээ үлдэх ёстой хэмээх хүн төрөлхтний нийтлэг ёс, зарчмын илэрхийлэл бөгөөд даян дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монгол ахан дүүс, гадаад улс орнуудад Монгол эх орноо төлөөлдөг Элчин, төлөөлөгчийн газрууд, нийт ард түмний маань уламжлалт баяр ёслолоо сэргээх, улс үндэстнээрээ бахархах хүсэл сонирхолд нийцэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ өдөр зөвхөн баярлан цэнгэх биш, үндэсний бахархлаа дээдлэн, түүх уламжлалаасаа туршлага сургамж авч, өөдрөг бадрангуй урагшлан тэмүүлэхийн утга учрыг ухааран ойлгох явдал эрхэм чухал юм.
Анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаа цаг хугацаа улирах тусам баяжин шинэчлэгдсээр XX зууны төгсгөлд Монгол Улс хөгжлийн цоо шинэ сонголт хийж, шинэ Үндсэн хуулиа батлан, ардчилал, зах зээлийн замаар эргэлт буцалтгүй замнаж байна.
Эдүгээ парламентад Монгол Ардын Нам олонхи болж, Засгийн газраа байгуулан, туйлдсан эдийн засгаа сэргээх чиглэлээр хичээн зүтгэж байна.
Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй, байгаль цаг агаарын хувьд цас зудтай нүүр тулж болзошгүй нөхцөл үүссэн энэ үед боломж нөөцөө шавхан дайчилж, боломжтой нь ядарсандаа буяны гараа сунган, орон даяар Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжихийн зэрэгцээ хөрш зэргэлдээ улс орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах зайлшгүй шаардлагатай боллоо.
Монголын төр, засаг, Монгол Ардын Нам ямар ч үед ард түмэнтэйгээ хамт байж, тулгарсан бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулсаар ирсэн билээ.
Тиймээс улс Монголынхоо төлөө иргэн бүхэн, байгууллага, аж ахуйн нэгж болгон эвлэлдэн нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн хөдөлмөрлөхийг Та бүхэндээ хандан уриалж байна.
Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
-
2016 оны 11 сарын 25
Ардчилсан намын зургадугаар их хуралд оролцох гишүүдээ сонгох хуралдаан энэ сарын 26,27-нд буюу бямба, ням гаригт сум тус бүрт болно. Энэхүү хуралдааны үеэр намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж.
-
2016 оны 11 сарын 25
ИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:
-
2016 оны 11 сарын 25
Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ШУА хамтран Төрийн ордонд зохион байгууллаа.
-
2016 оны 11 сарын 25
УИХ-ын нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 1, 2-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:
-
2016 оны 11 сарын 25
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссийн хуралдааныг Хятадын тал тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ талаар ГХЯ-наас албан ёсоор айлчлалыг хойшлуулсан мэдэгдэл ирээгүй хэмээн мэдээлж байгаа ч айлчлал хойшлоод байгаа нь нэгэнт олон нийтэд ил болсон.
-
2016 оны 11 сарын 24
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лообби бүлгийг байгуулсан тухай албан бичгээ өнөөдөр /2016.11.24/ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна.
Энэхүү лобби бүлэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой ажээ.
УИХ-ын нэр бүхий гишүүд лобби бүлэг байгуулснаар өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэж, тогтолцоог боловсронгуй болгох, нийгмээрээ уг хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн үзжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 24
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан юм.
-
2016 оны 11 сарын 24
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2016.11.24/ үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс гаргасан саналууд, хуралдаан даргалагчаас төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу Байнгын хорооны ажлын хэсэг холбогдох засвар өөрчлөлтийг тусган эцсийн хувилбарыг боловсруулсан, мөн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалгаж шийдвэрлүүлэх саналтай байгааг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүдэд танилцуулсан юм.
Ингээд ажлын хэсгээс тогтоолын хавсралтад “иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх” гэсэн агуулгатай 2.1.12 дахь заалт, мөн “тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүрт нь олгох боломж бүрдүүлэх” гэсэн агуулгатай 2.3.11 дэх заалтыг тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тогтоолын хавсралтын 2.2.1 дэх заалтын “Гачууртын орд” гэснийг хасах санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь уг саналаар санал хураалгахыг дэмжсэнгүй. Гачууртын орд нь арван жилд арван хувийн ашигтай ажиллах тооцоо судалгаа гарсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд улс орны эдийн засагт орлого оруулж чадахгүй, түүнчлэн ордын лицензийн талаар шүүхэд маргаан үүссэн байгаа тул хөтөлбөрөөс хасах нь зүйтэй хэмээн тэрбээр зарчмын зөрүүтэй саналын үндэслэлээ тайлбарлаж байв.
Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын хэрэгжилтэд холбогдох байнгын хороо хяналт тавих, хэрэгжилтийг хагас жил тутамд сонсож танилцах, мөн тогтоолын нэрийг байнгын хорооноос дэмжсэн саналаар үлдээх нь зөв гэж үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 24
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ төсөлтэй хамтатган УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барив.
-
2016 оны 11 сарын 24
УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэлж “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
-
2016 оны 11 сарын 24
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагнал гардуулах ёслол өнөөдөр болов.
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “ Хүрээлэн буй байгаль орчинд удаан хугацаанд хуримтлагдан, улмаар хүн, амьтны бие организмд нөлөөлж янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болдог элементүүдийн байрлал, агууламжийг тодорхойлох, тэдгээрийн тархалтыг бууруулах технологийн арга шийдлийг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөн дэх хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа гүйцэтгэсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа,
Хүний хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэх молекулын механизмыг тодорхойлсон судалгаа хийж остеопротегерин хэмээх уураг нь хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болох талаар анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр,
Хэлний дотоод зүй тогтлын үүднээс буруу үүссэн үг, нэр томьёог илрүүлж, түүнийг хэрхэн засаж залруулах талаар оновчтой санал дэвшүүлэн, монгол хэлний үг бүтэх нийтлэг загварыг боловсруулсан “Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Шилдэг залуу эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг залуу эрдэмтдийн онцгой ажлыг үнэлэн сая гардууллаа.
“Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсний хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа хийсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа, Анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр, Монгол хэлний үг бүтээх нийтлэг загварыг боловсруулсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал бол үлгэрлэм жишгийг тодорхойлох шагнал юм. Эдгээр залуу эрдэмтдийн гаргасан амжилт одоо Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт жишиг болж тогтох ёстой.
Шагналаар дамжуулан бүх залуу эрдэмтэн, судлаачдыг ийм амжилтад уриалан дуудаж байгаа хэрэг юм.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол хүн бүхний хийж чаддаг амар ажил биш. Улс орны хөгжил, дэвшлийн суурь нь эрдэм шинжилгээ, судалгаа байдаг.
Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухаан, боловсролын үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархахын чацуу цаашдын ажил хөдөлмөрийн дэвшил хөгжилд итгэж амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Баярыг тань хуваалцаж буй гэр бүл, хамт олон, найз нөхөд, хамтран ажиллагсдад сайн сайхан, эрүүл энхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөн өнөөдөр Шинжлэх ухааны ажилтны өдөр болж байна. Тийм учраас Монголынхоо нийт судлаачид, эрдэмтдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Баярлалаа” гэлээ.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцлоо.
-
2016 оны 11 сарын 24
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.
Мөнгөн шагналын батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардуулав.
“Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны эхний жилийн босгон дээр эрхэм хүндтэй шагналын эзнээр тодорсон танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Мөн Тусгаар тогтнолоо баярын өмнөх өдөр энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаадаа маш их баяртай байна. Монгол оронд ургадаг энэ ховор эмийн ургамлаас гаргаж авсан шинэ бодисыг хавдрын эмчилгээний практикт ашиглаж монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Цаашид шинэ эмийг хурдан хугацаанд үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх талаар төрийн захиргааны холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Академич Д.Батсүрэн нь 40 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгаа-туршилтын ажил эрхэлж, Монгол орны 50 шахам зүйл эмийн ургамлын химийн судалгаа явуулж, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсны дотор шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоожээ. Мөн дагуурын хүж өвс нэртэй ургамлаас 22 бодисыг цэвэр ялгаж, 7 бодисыг шинээр нээснээр байгалийн нэгдлийн химийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1-д зааснаар суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “Байгаль, нийгмийн ухааны шагнал” олгодог. Энэ тогтоолын дагуу шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 24
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч үүрэг, чиглэл өглөө.
Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн давсны үлдэгдэлтэй болжээ. Зам талбайн 609 үйлчлэгч, 39 машин өдөр бүр тогтмол ажиллаж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид оролцож байгаа юм. Мөн оюутнууд туслахаа хотын даргад илэрхийлсэн бол ахлах ангийн сурагчдыг зөвхөн сургууль орчмынхоо зам, талбайг цэвэрлэх ажилд оролцуулж болох талаар зохицуулалт хийжээ.
Хотын хөрөнгө санхүү, цэвэрлэгээний техник хэрэгсэл, давс, бодисын нөөц, хүн хүчтэй нь харьцуулбал давагдашгүй гэж хэлж болох байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон. Ийм хэмжээний хүндрэлийг дан ганц хүний хүчээр биш, техник технологийн хүчээр давах хэдий ч зориулалтын техник хэрэгсэл байхгүй байгааг хотын дарга танилцууллаа.
Цасны зузаан 3 см-ээс нимгэн үед давс, бодис цацвал үр дүнгээ өгдөг учир зам, талбайн үйлчлэгч нар шөнө орсон цасыг 3 см-ээс нимгэн болтол эхлээд гараар цэвэрлэж байна. Техник хэрэгслийн цас түрдэг хэсэг резинэн байдаг, хэрвээ төмөр байвал зам, талбайгаа эвддэг. Стандартын ийм техник хэрэгсэл дутагдаж байгаа ч хотынхон болон Тохижилт, үйлчилгээний компанийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж, зарим асуудлаа ч шийдэж эхэлж байгааг хотын дарга хэллээ. Тухайлбал, хотын захиргаа ойрын өдрүүдэд цас хайлуулах бодисоо оруулж ирэн, явган хүний зам, талбайн цас цэвэрлэдэг бага оврын машин авах болсон байна.
Нөхцөл байдал хүнд, техник хэрэгсэл дутаж байгаа тал бий ч хүн хүчээ зөв зохион байгуулж, үр дүнтэй ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.
Түүнчлэн:
1. Давс, бодис нөөцлөхөд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргаж өгье. Асуудлаа танилцуул.
2. Цас цэвэрлэгээний зориулалтын техник хэрэгслийг зээл, концессын зарчмаар яаралтай авч, аль болох богино хугацаанд оруулж ирье. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар үүрэг өгсөн байгаа, саналаа хэлж, хамтарч ажиллаарай.
3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтийг хамарсан цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж болохгүй, энэ талаар зохион байгуулж байгаа ажлаа одооноос зогсоо.
4. Харин оюутнууд, ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний талбайг хуваарилж, түүнд нь тохирсон ажлын хөлсийг нь өгч цагийн ажил эрхлэх боломж олгох замаар дайчилж ажиллуул.
5. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аж ахуйн нэгжүүд, орон сууцны СӨХ-үүд ойр орчмын 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэх, мэргэжлийн байгуулалагатай ярилцаж цас, хальтиргаа ихтэй замд зуны дугуйтай зорчих автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийж болох эсэхийг судлах, цас цэвэрлэх ажлыг хөнгөвчилсөн монгол инженерүүд, оюутнуудын зохион бүтээсэн техник хэрэгслийг турших, үр бүтээлтэйг нь үнэлэх, худалдаж авах зэргээр тодорхой ажил хийхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өвөл дөнгөж эхэлж байна, 12, 1 дүгээр сард ч цас ихээр орно, иймд цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор Засгийн газар ирэх долоо хоногт ээлжит бусаар хуралдана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.