-
2016 оны 12 сарын 28
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор СХД-ийн 2 дугаар хорооны өндөр настан Б.Чулуунбаатар, “АЗЗҮ” ХХК-ийн хяналтын багийн ахлах инженер Л.Батжаргал, НМХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Хорлообаатар нарын 19 хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор “Монгол хурандаа” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Баярсайхан, СХД-ийн 27-р хорооны иргэн Ц.Ганболд нарын 3 хүн, Алтан гадас одонгоор “Сүлжээ” ХХК-ийн нягтлан бодогч Э.Алдарзаяа, Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн Г.Алтанцэцэг, “Солана” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын 77 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар НЭМГ-ын хэлтсийн дарга С.Ариунтуяа, Нийслэлийн татварын газрын үйлчлэгч Ш.Батсүрэн, “Бүрэнсүх” ХХК-ийн захирал Б.Галцэцэг нарын 54 хүнийг тус тус шагнасан байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй Төрийн дээд одон медалиар шагнагдсан нийт хүмүүст баяр хүргээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар та бүхэн шагнагдлаа. Та бүхний хүрсэн энэ амжилт нийслэл хот, цаашлаад Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй их хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид хийж бүтээснээсээ илүү ихийг эх орондоо, ард түмэндээ зориулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 28
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.
Энэ дагуу:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах
- Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгав.
Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, шаардлагатай зардал, санхүүжилтийг шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
-
2016 оны 12 сарын 28
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Тогтоолд:
- Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
- Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
- Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
- Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ.
Тогтооолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
-
2016 оны 12 сарын 28
Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ, дуучин М.Долгор монголын урлагт 70 жил зүтгэхдээ 60 жилд нь зөвхөн хүүхдийн дуу дуулжээ. “Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүүхэд бүрийн дуулах дуртай дуунуудыг хүүхдийн хоолой, хүүхдийн сэтгэлгээгээр одоо ч дуулсаар яваа түүнд өнөөдөр хотын дарга С.Батболд орон сууцны түлхүүр гардуулан өглөө.
Дүн өвлийн хүйтнээр тохилог сайхан байртай болсондоо баяртай байгаагаа МУГЖ М.Долгор хэллээ. Тэрээр “Би Чингэлтэй дүүрэгт үр хүүхэд, ач зээ нартайгаа олуулаа амьдардаг. Монголын урлагт 70 жил зүтгэснийг минь үнэлж, байр өгсөнд хотын даргад маш их баярлаж байна. Хэдий нас минь өндөр гарсан ч цаашид уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ бэлэг барьсаар байх болно.” Хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 28
Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цэнгүүний тайз заслын ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Ажлын хэсгээс явуулсан судалгааны дүнд үндэслэн нийслэлийн залууст зориулсан тоглолт найруулж байгааг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан хэллээ. Энэ жилийн шинэ жилийн цэнгүүн өмнөх жилүүдээс илүү сонирхолтой, онцлогтой болохоос гадна тоглолтонд оролцох уран бүтээлчид, арын ажилчид бүгд сэтгэлээрээ нэгдэн ажиллаж байгааг хэлсэн юм.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарди ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж, баярын арга хэмжээндээ оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Мөн маргааш буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус иргэдэд үйлчлэх юм байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын 74 алба хаагч галын аюулгүй байдлыг ханган ажиллах бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын 500 алба хаагч иргэдийн амар тайван байдлыг хангаж, гарч болзошгүй хэрэг, зөрчлөөс сэргийлэн төв талбайд ажиллах юм.
Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлнэ. Гар дээрээс худадаа хийхийг хориглож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори төв талбайд ажиллахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 28
Үүрэн телефоны мобиком сүлжээний хэрэглэгчид өнөөдөр өглөөний 11:00 цаг орчмын үеэс гаднаас дуудлага авах, гадагш дуудлага хийх боломжгүй болоод байна. Учир нь тус операторын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой аж. Тус компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн гэх ба хэрэглэгчдийг хэвийн дуудлага хийхийн тулд гар утасныхаа 3G болон 4G сүлжээг 2G болгон шилжүүлэх шаардлагатайг тус үүрэн телефоны лавлах утасны ажилтан мэдээллэсэн юм.
Яг одоогийн байдлаар нийслэл хот төдийгүй орон нутгийн хэрэглэгчдийн утас дуудлага хийж болохгүй хэвээр байгаа ба дээрх тохиргоог хийсэн зарим хэрэглэгчдийн утас дуудлага хийж болж байгаа аж. Харин уг сүлжээний доголдол хэзээ хэвийн болох талаар Мобиком корпорациас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
-
2016 оны 12 сарын 28
Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг энэ жил манай улс амжилттай зохион байгуулсан билээ. Уулзалтын дурсалд зориулж “Тэнгэрийн өрх” хөшөөг байршуулахаар шийдвэрлэсэн. “Тэнгэрийн өрх” хөшөөг хотын төвд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулж өнөөдөр нээлтийг хийлээ. Нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, тус хөшөөг урласан зураач А.Чадраабал болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хөшөөг нээж үг хэлэхдээ “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн босгон дээр манай улсад 2016 онд болсон түүхэн үйл явдал бол Ази Европын дээд түвшний 11 дэх чуулга уулзалт АСЕМ юм. АСЕМ нь нэг улсад 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явдал юм. Тус уулзалтын дурсгалд зориулж босгосон “Тэнгэрийн өрх” хөшөөний нээлтийг өнөөдөр хийж байна. Улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэн өргөтгөх чиглэлээр Монгол Улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд суртчилан таниулах зэрэг холын зорилго тээсэн “Тэнгэрийн өрх” хөшөө өнөөдрөөс эхлэн та бүхний сонор мэлмийг мялаах болж байгаад баяртай байна” хэмээсэн юм.
Энэхүү уран бүтээлд таван тивийн улс үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв, харилцаа холбоог бэлгэдэж нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх, соёл урлагын өвийг дүрслэх урлагын хэлбэрээр мөнхжүүлэн үлдээсэн байна. Хөшөөний урд талд АСЕМ-ын 11 дэх чуулга уулзалтад оролцосон 53 орны төрийн тэргүүний гарын үсгийг товойлгон сийлсэн бөгөөд дэлхийн газрын зургийг сийлжээ. Харин ард талаасаа Монгол гэрийн тооноор тэнгэр, огторгуй харагдаж байгаа байдлаар, дээрээс нь харахад хүний нүд, хоёр хажуу талаас нь харахад хүний уураг тархи харагдах байдлаар урласан байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлд маань өнгө үзэмж нэмсэн “Тэнгэрийн өрх” дурсгалын хөшөө нээлтээ хийж байна. Энэ оны долоодугаар сард Ази Европын дээд хэмжээний уулзалтыг манай улс амжилттай зохион байгуулсан. Тус уулзалтын дурсгалд зориулж холбогдох байгууллагууд хүсэлт гаргасны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж энэхүү хөшөөний зөршөөрлийг өгч өнөөдөр биелэлээ олон нээлтээ хийж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 28
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутгаас хаданд оршуулсан эрт дээр үеийн хүний бүтэн шарил олджээ. Тодруулбал, Алтанцөгц сумын нутаг Тэхтийн зуслангаас нум, саадагтай нь модон авсанд хийж оршуулсан нэн ховор олдворыг нутгийн иргэд олж илрүүлжээ. Улмаар уг олдворыг Шинжлэх ухааны академиас мэргэжилтнүүд ирж хүлээн авчээ. Уг олдворын талаар ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Ч.Амартүвшин энэ тухай хэлэхдээ “ХІІІ зууны үеийнх гэхээр саадаг нум, монгол үндэстний хоёр хувь хувцастайгаа сайн хадгалагдсан ховор олдвор байна. Шинжилж судлаад нарийн тогтооно. Алтанцөгц сум болон тус аймгийн нутагт энэ мэтийн түүхэн дурсгалт зүйл олон. Одоо байгуулахаар болж байгаа археологийн музейд тавиж нутгийн иргэдэд үзүүлнэ. Цаашид хүсвэл зохих зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийнхны туршлагаар аймгийн орон нутгийг судлах музейд ч тавьж болно” гэжээ.
-
2016 оны 12 сарын 28
Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ
Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Хувь хүн, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр билээ.
Бид иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрт тусгасан амлалт, ажил, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
Үндсэн хуульд тунхагласнаар оршин суугч бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах ёстой. Бид бүгд тийм л хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Иймээс хот төлөвлөлт, хот байгуулалт нь бүхэлдээ уг хүсэл эрмэлзлэлийг хэрэгжүүлэхийн төлөө чиглэгдэх учиртай.
Улаанбаатар бол нэг сая 375 мянган хүн амтай саятан хот. Хэдийгээр бидний ажил мэргэжил, авъяас сонирхол, хувийн зорилго өөр ч та биднийг нэгэн хүсэл мөрөөдөл нэгтгэдэг. Тэр нь амар тайван, ая тухтай хотод аз жаргалтай амьдрах юм. Тиймээс хамгийн түрүүнд хотын оршин суугч бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх нь хамгаас чухал бөгөөд хотын удирдлагын гаргасан, гаргах бүх шийдвэр, хийсэн болон цаашид хийх ажлууд ч иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Аз жаргалтай хотыг бий болгох зорилгод та бүхний тусламж, дэмжлэг хамгаас чухал. Бид бүхэн нэгдэж чадвал энэ зорилтыг ажил болгож, сайхан хотыг бүтээж чадна.
Угтан авч буй шинэ он Эрхэмсэг танд энх мэнд, урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэх болтугай.
-
2016 оны 12 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарилгаар зуны олимпийн 31 дэх наадмаас медаль хүртсэн зарим тамирчид өнөөдөр МУГТ цол хүртлээ. Тодруулбал боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай, паралимпийн жүдо бөхийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү, паралимпийн поуэрлифтингийн төрлийн 88 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нар МУГТ цол хүртлээ.
-
2016 оны 12 сарын 28
Энэ тухай “The Moscow times” вэб сайтад бичжээ.
-
2016 оны 12 сарын 28
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
-
2016 оны 12 сарын 28
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.
-
2016 оны 12 сарын 28
Шинэ жилийн баярын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 28
Энэ сарын 29, 30-нд буюу маргааш нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаа.
-
2016 оны 12 сарын 28
Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой “100 өвлийн өвгөний парадыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Парад өнөөдөр 11 цагт эхэлнэ.
Парадад өвлийн өвгөн нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай бөгөөд өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас ”Өргөө” кино театр хүртэл алхах юм
-
2016 оны 12 сарын 28
ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хөргөлттэй газар хадгалж худалдаалж байгаа эсэхийг шалгах
2. Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
3. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнээс тусгаарлан тээвэрлэж, хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгах /Хортой болон өвчин үүсгэдэг бичил биетэн боловсруулаагүй, түүхий хүнсэнд ихээр үрждэг учир тусгаарлах шаардлагатай байдаг/
4. Мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад биет байдал, амт, үнэрийг шалгаж авах.
Үүнд:
Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/
Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
5. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ хамгийн түрүүнд сайтар угааж хэрэглэх шаардлагатай
6. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг цаасан хүүдийд хийж хадгалах, удаан хугацаагаар бол хөргөгчид хадгалах нь түүний чийг, шимт бодисын агууламжид эерэг нөлөөтэй
7. Хадгалах хугацаа нь хэтэрсэн тохиолдолд түүнийг хэрэглэхгүй байх
8. Жимс, хүнсний ногоог зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
ӨНДӨГИЙГ ХЭРХЭН СОНГОХВЭ?
1. “Өндөг техникийн шаардлага” MNS 0095:77 стандартын 3.1-д заасан: “өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр төрөл, зэрэг, дугаар, хураасан сар, өдрийг тэмдэглэсэн байна” гэсэн заалтын дагуу шаардлага хангасан тэмдэглэгээтэй өндөгийг худалдан авах.
2. Өндөгийг худалдаж авахдаа нэн түрүүнд гадна талын сав баглаа, шохойн бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг шалгах
3. Шинжилгээнд хамруулсан чанар, аюулгүй байдлын баталгаажилт болох орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас олгосон Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг харах
4. Хөргүүрт 4-6 хэмд хадгалж буй газраас худалдан авах, шинэ өндөгийг 1-2 градуст 30 хоног хадгалах боломжтой.
5. Өндгийг хасах 1-20С хүртэл температуртай 85-аас 88%-ийн харьцангүй чийглэгтэй агуулахад, мондон тавиур дээр 8 хайрцагаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр нэг эгнээ болгон хурааж хадгална.
6. Өндгийг дулаан үл дамжуулагч вагон, автомашинаар элдэв гэмтлээс хамгаалж тээвэрлэж, хайрцагны гадна дараах заалт бүхий хэвлэмэл хаягийг наасан байдаг.
Үүнд:
а\ үйлдвэрлэсэн байгууллагын нэр
б\ бүтээгдэхүүний нэр
в\ төрөл, зэрэг
г\ тоо ширхэг
д\ ялгасан он, сар, өдөр
е\ УСТ дугаар
ж\ Өндөгний төрөл, зэрэг дугаарыг хайрцаг ба өндгөнд дараах байдлаар хураангуйлан тэмдэглэдэг
Сувилалын I зэрэг С -I
II зэрэг С -II
Гуанзны I зэрэг Г -I , II зэрэг Г –II
БЯЛУУГ ХЭРХЭН СОНГОХВЭ?
Бялуу хадгалан худалдаалж буй хөргөх төхөөрөмжийн температур 60С-ээс ихгүй байгаа эсэхийг шалгах;
Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай болон худалдааны газруудын лангуугаар, тасалгааны температурт хадгалан худалдаалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүийг худалдаж авахгүй байх;
Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн кремтэй бол 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалагдсан байх/;
Хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтын савлагаагүй ба шошгогүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх нь зүйтэй.
ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Хүүхдийн бэлэг худалдан авахдаа хамгийн түрүүнд бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан харж сонгох;
Хүнсний бүтээгдэхүүний шошгодхүнсний бүтээгдэхүүний нэр, хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, хэрэглэх заавар,хадгалах нөхцөл, орц найрлага, бүтээгдэхүүний гаж нөлөө, хориглох заалт тусгагдсан эсэхийг үзэх;
Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй, ил задгай газраас худалдан авахгүй байх;
Шилтэй бүтээгдэхүүнд /төрөл бүрийн ундаа, жүүс,компот/ тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхижимс нь хорчийж муудсан, ялзарсан байдал ажиглагдвал худалдан авахгүй байх;
Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байх;
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, амт, төлөв байдал өөрчлөгдсөн бол хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтланүзэх;
2. Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;
3. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзсон, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй;
4. Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;
5. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсаныг илтгэнэ.
6. Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:
7. Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;
8. Мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх;
9. Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх;
10. Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх;
11. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохирорчинд явуулж буй худалдаа,үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;
12. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн байвал авахгүй байх хэрэгтэй.
ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВ, СУПЕРМАТКЕТУУДЫН УДИРДЛАГА, ХУВИАРАА ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ, ХУДАЛДАН АВАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
Баяр ёслол ойртох тусам хүнсний худалдааны төв, дэлгүүр, супермаркетуудаар үйлчлүүдэгчдийн тоо ихсэж, худалдан авалт эрс нэмэгддэг. Энэ үед жин хэмжүүрийн болон хаяг шошгололтын зөрчил ихээр гарч худалдан авагчдыг эдийн засгаар хохироох явдал ихэсдэг.
Иймд хүнсний зах, супермаркетуудын удирдлага, хувиараа худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид дараахи зүйлд анхаарлаа хандуулан хэмжилзүйн зөрчилгүй ажиллах, иргэдийг хохироохгүй байх шаардлагатай. Үүнд:
Хүнсний худалдаа эрхэлдэг иргэдийн болон худалдааны зах,
супермаркетуудын жин хэмжүүрүүд, “ХЯНАЛТЫН ЖИН”-гүүд нь хүчин төгөлдөр улсын баталгааны гэрчилгээтэй, лац тэмдэг нь бүрэн бүтэн байх ёстой. Жингийн улсын баталгааны гэрчилгээг худалдан авагчдад ил, харагдахуйц газар байрлуулна.
Гэрчилгээн дээр тухайн жингийн тип марк, хэмжих хязгаар, дугаар,
баталгаажуулалт хийсэн болон дуусах хугацааг маш тодорхой бичсэн байх ба гэрчилгээн дээрх дугаар жингийн дугаартай тохирсон, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй тод байх ёстой.
Улсын баталгаажуулалтад хамрагдсан баталгаатай жин хэмжүүрийг зөв
ашиглаж, хэмжлийг үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай. Жинг мөнгөн усаар нь тохируулан хөдөлгөөнгүй газарт, тэгш байрлуулах ба жинлэлт хийгээгүй нөхцөлд жингийн заалт “0” байх ёстой. Жинлэлт хийхээгүй тохиолдолд жингийн тавцан дээр бараа хураах, электрон жинг хөргөгч, хөлдөөгчин дээр байрлуулах, жингийн заагч хэсгийг хааж бараа хураах, лент наахыг хатуу хориглоно.
Хүнсний зах, супермаркетуудын заалтанд “ХЯНАЛТЫН ЖИН”-г заавал
байрлуулах бөгөөд иргэд, худалдан авагчдыг хяналтын жингээр өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тоон хэмжээг шалгах нөхцөлийг бүрэн хангаж өгөх шаардлагатай. “ХЯНАЛТЫН ЖИН”-гийн хаяг, улсын баталгааны гэрчилгээг ил харагдахуйц газар байрлуулна.
Хүнсний зах, супермаркетуудын удирдлага, байцаагч нар нь өөрийн
Байгууллагын жин хэмжүүрийн нэгдсэн судалгааг гаргаж, Стандартчилал, хэмжилзүйн газартай “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ”, графикыг байгуулан мөрдөж ажиллах, тодорхой хугацаанд өөрийн байгууллага дээр улсын шалгагчийг дуудаж баталгаажуулалт хийлгэх ба баталгаажуулалт хийх хугацаанд хамруулж чадаагүй, үлдсэн жинг Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргэж баталгаажуулалтад хамруулах шаардлагатай.
-
2016 оны 12 сарын 28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд “Энэ оны УИХ-ын отгон чуулган хуралдах гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийн анхны төслийг хэлэлцэнэ” хэмээлээ.
Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараагаар гишүүд саналаа хэлж байна.
-
2016 оны 12 сарын 28
БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох ”Мөс” нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү саатуулагдсан байна. Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ зүйл анги нь 5-10 жилийн хорих ялтай юм байна.
-
2016 оны 12 сарын 28
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн.
Шалгалтын ажлын хэсгээс нийт 278 объектыг шалгаж, худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдээс нийт 16 пиротехникийн хэрэгсэл, бенгалын гал 500 ш, динамик 200 ш, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авч, 3 субъектыг 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллав.
Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас 108126 хүнд Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр, амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.