АНХААРЛЫН ТӨВД БУЙ ТОСТ, ТОСОН БУМБА
Тост, Тосон бумбын нуруу 2015 онд ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн учир битүүлэг үхлийн дараа олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн билээ. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн уурхай ухаж байгаа газар гэдгээр хүн зоны сонорт хоногших болжээ. Улсын бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Б.Чойжилсүрэн гэдэг хүн тэнд уурхай эзэмшдэггүй, бусдад шилжүүлсэн нь баттай ч нэр холбогдож явсан нь тэнэг хүнд ч ойлгомжтой хэрэг. Сүүлийн үед энэ дуулианд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр гэдэг хүний нэр хүчтэй холбогдох болсон. Холбогдох болсон гэхээсээ Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ асуудалд өөрөө тун идэвхийлэн оролцох болсон гэвэл оновчтой байх. Тавь гаруй сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй баг дагуулан уг уурхайг зорин очиж, халуун тэмцэл өрнүүлсэн нь түүний оролцооны оргил хэсэг байв. Х.Мандахбаяр тэмцлээ хоёр жигүүрээр зохион байгуулж байгаа. Нэг нь өөрийн оролцоотой зохион байгуулсан "Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн", нөгөөд өөрийн удирдаж буй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ).
Тэгэхээр Олны анхаарлыг ихээр татаж, ард иргэдийн гайхашрал, зэвүүцлийг төрүүлж буй энэ асуудлыг товчхон тоймлох гээд үзье. Тост, Тосон бумбад ер нь юу болоод байна вэ? Тэнд хэн эзэн суучихаад байна вэ?
ТОСТ, ТОСОН БУМБА ГЭЖ ЮУ ВЭ?
Эхлээд Тост, Тосон бумба гэж ямар газар вэ гэдгээ мэдээд авчихсан нь дээр байх. Монголчууд эртнээсээ байгалийн баялагтай газрыг гайхалтай онож нэрлэж ирсэн. Тосон Заамар, Оюутолгой гээд ийм жишээ олон. Тосон бумба ч тэдний нэг. Ан амьтан, байгалийн баялаг тэгш хосолсон энэ нутагт дэлхийд ховордож
улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг
. Мөн Тостын нуруу нь усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад мужийн давхцал газар.
Уг нуруу нь Өмнөговийн төв Даланзадгадаас баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог.
ТОСТ, ТОСОН БУМБАД ХЯТАДУУД ЭЗЭН СУУСАН УУ?
Х.Мандахбаярын удирддаг "Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-өөс 7 хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлснээр бол энэ газарт албан бус мэдээлэлээр уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Албан бус мэдээлэл гэдэг нь 2016 онд “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатарын хийсэн мэдээлэл юм. Түүнийг мэдээллийг дэлгэрүүлээд харвал гайхмаар дүр зураг гарч ирнэ. Тэрээр Тосон бумбын нуруунд хятад эзэнтэй зургаан компани байгааг зарласан. Тэдгээрийг эзэмшигчидтэй нь дурьдвал:
1. Элбэг орд – Ли Чин Нинг
2. Фокс Майнинг – Тан И Хан
3. Мөнхийн нохон далай – Тан И Хан
4. Намуун тод – Тан И Хан
5. Намуун тод – Тан И Хан
6. Эн Си Ар Ай – Ван Чан
Энэ зургаан компани манай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхээ ихэвчлэн 10 сая төгрөгөөр өөрийн болгосон байна. Яаж яваад ийм зүйл болчихсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзэх боломжтой юм: (“Д.Ганбаатар: Тост, Тосон бумбын нуруу орчимд зургаан Хятад компани лицензтэй” 2016.01.22)
Харин арай сүүлийн үеийн мэдээллийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Байгаль орчны газрын улсын байцаагч А.Атар “Зуун мэдээ” сонины сэтгүүлч Б.Ариунчимэгт өгчээ. Уг мэдээллээр Гурван тэс суманд 35 тусгай зөвшөөрөл байгаагаас 25 нь ашиглалтын лиценз харин үлдсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл ажээ. Эдгээрээс есөн компани идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ талаарх сурвалжлагыг энэ холбоосоор унших боломжтой:
http://polit.mn/64264 (“Тост Тосон бумбын нуруунд олборлолт хийгээгүй байна” 2019.05.29)
Эдний дунд саяхан жилд хоёр сая тонн нүүрс угаах чадалтай үйлдвэр барьж, он гарсаар 1.1 сая тонн нүүрс олборлон, борлуулалтаа 80 гаруй хувиар нэмсэн Жастин Капла хэмээх захирал нь санхүүгийн дуулианд орооцолдож байснаараа алдартай “SouthGobi Resources”-ийн уурхай ч бий. Энэ компанийн 48.7 сая энгийн хувьцааг 2015 онд “Новел Санрайз” хэмээх компани худалдан авсан байдаг. Харин үүнээс гурван сарын дараа Хятадын Шинда Хөрөнгийн Менежментийн Корпораци Лимитэд компани “Новел Санрайз” компанийг 100 хувь эзэмшилдээ авчээ. Тус компанийн дээд удирдлагад нэг монгол хүнээс бусад нь Ван Шөүгао, Жан Вэйгуо, Гуо Аймин, Жан Та хэмээх хятад хүмүүс байдаг. Энэ талаар компанийн цахим хуудсанд тодорхой байршуулжээ:
https://www.southgobi.com/mn/about_management.php
Харин Тост, тосон бумба орчимд “Саудгоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос”, “Саудгоби Коал Транс”, “Жавхлант орд”, "Терра" гэсэн компанууд нүүрс олборлож буй аж. Эдгээрээс “Жавхлант орд” компаниас бусад нь Тост, тосон бумбын нуруунаас 100 километр зайтай үйл ажиллагаа явуулж байна.
“Жавхлант орд” хэмээх компани нь 2011 онд ашиглалт явуулах зөвшөөрөл авсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, айлуудаар 100 мянган төгрөг, Чингис архи, 2 кг чихэр, таван тамхи тарааснаараа анх олны хэл амны бай болж байв. Гэхдээ нутгийн иргэд шүүхэд хандсан. Харамсалтай нь ялагдсан. Энэ үеэс тус компанийг монгол нэртэй, хятад эзэнтэй гэсэн цуу дэгдэж эхэлсэн. Иргэдийн бухимдал хятад эздээс гадна хамгийн гол нь уг компанийн уурхай жинхэнээсээ хайрханы дэргэд байсанд л оршиж байв. Тус компанийхан 2015 онд дахин шүүхэд дуудагдсанаар зэс нь цухуйх нь тэр. Нэхэмжлэгч нь “Тянь Жин Шэнг Нэнг” ХХК хэмээх компани, маргаан нь өр зээл. Шүүхээс компанийн хувьцаагаа “Тянь Жин Шэнг Нэнг” нүүрс борлуулалтын ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг “Жавхлант орд" ХХК-д даалгасан шийдвэр гарчээ. Нэр уснаас нь харахад л Хятадуудын хянадаг компани гэдэг нь илт. Компанийг байгуулсан хөрөнгийн эзэд нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашихаар шийдэж, шүүхэд хандсан нь илт. Тост, Тосон бумбын нурууны зүрхэнд нүүрс олборлож буй ганц компани нь энэ юм. Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын шүүхийн цахим сангаас бэлээхнээ харж болно:
http://shuukh.mn/irgenanhan/45344/view (2015.07.09)
Харин уурхайгаас 100-гаас дээш километр зайтай, хил орчимд үйл ажиллагаа явуулж буй бусад таван компанийн хоёр нь л монгол эзэнтэй аж. “Саудгоби сэндс” нь дээр дурьдсанчлан хятадуудын удирдлагад орсон бол, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Өсөх зоос” ч мөн хятад эзэнтэй. Ингээд “Монголын алт МАК”, “Саудгоби Коал Транс” гэсэн хоёр монгол хөрөнгө оруулагчтай компани л үлдэж байна. МАК нь мэдээж хэрэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамаарал бүхий этгээд болох Монголын толгой баян Б.Нямтайширынх. “Саудгоби Коал Транс” нь Д.Буянбат гэх хүний компани.
Товчхондоо Өмнөговийн Гурвантэс сумын уул уурхайн талбарт хятадууд жанжилж байгаа. Тэнд үндэсний хөрөнгө оруулагчдын хоёрхон төлөөлөл үйл ажиллагаа явуулж байна.
50 СЭТГҮҮЛЧ, 1 МЭДЭЭ
Энэ долоо хоногийн турш Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийг дагалдан, Өмнөговь аймагт зорчсон сэтгүүлчид олон сувгаар мэдээ, нийтлэлээ цацав. Гэхдээ мэдээний өнцөг нь ганц л сувагтай байв. Ерөнхийлөө zindaa.mn сайтын барьсан өнцөгийг дэлгэрүүлсэн маягтай мэдээ нийтлэлүүд хөвөрч өгөв. Тэр нь “Саудгоби Коал Транс” хэмээх компани Тост, Тосон бумбын нурууг сүйрүүлж байна гэсэн агуулгад түшиглэжээ.
Мэдээж хэрэг уул уурхайгаас байгальд хор хохирол учирч буй нь ойлгомжтой. Гэхдээ сонор соргог сэтгүүлчид маань хаяа залган байгаа бусад таван уурхайг нь ер анзаараагүй нь хачирхалтай. Магадгүй машин тэрэгний боломж нь тэгж таарсан байх л даа. Сэтгүүлчдэд бензин тосыг нь хийгээд, асуудлын араас явах мөнгө төгрөгийн боломж тэр бүр олдох ч биш дээ.
Өмнөговьд, ялангуяа Тост, Тосон бумба орчимд арай ч дэндүү олон уурхай шавааралдаж, байгалийн доройтол аль хэдийнэ нүүрлэж эхлээд байгаа нь үнэн. Нөгөөтэйгүүр эдгээр компаниуд нь 42 сая тонн нүүрс хилээр хөлөөр нь гаргаж, төсвийн цоорхой, бондын өрөө төлөх Засгийн газрын биелэшгүй гэмээр даалгаварыг биелүүлэх гэж чардайж байгаа нь ч үнэн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өрийн дарамт төсвийг идээд эхэлчихсэнийг өнгөрсөн онд албан ёсоор зарласан. УИХ-ын дарга Г.Занданшатар өрийн дарамт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг өнгөрөгч гуравдугаар сард мэдэгдсэн. Швейцарын “IMD” бизнесийн сургуулийн өрсөлдөх чадварын судалгаа үүнийг бүр батлав. Эх орон маань өрсөлдөх чадвараараа судалгаан оролцсон 63 улсаас 62 дугаарт буюу 80 мянган хувийн инфляцитай Венесуэлийн өмнө жагслаа. Харин гадаад өрийн дарамтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж яваа. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж сонирхож болно:
https://www.imd.org/wcc/world-competitiveness-center-rankings/world-competitiveness-ranking-2019/
Өөрөөр хэлбэл бидэнд одоохондоо нүүрснээс өөр аврал алга. Энэ бол монголчууд бидний хувьд гутармаар ч эвлэрэхээс аргагүй нөхцөл байдал. Нүүрс бол хөгжлийн гарц биш юм гэхэд урд хормойгоороо нөхөх хойд хормой. Гэтэл Монголын хамгийн том сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч нь нүүрсний үндэсний хөрөнгө оруулагч руу бусдаас нь ялган онцгойлж дайрахын шалтгаан юу вэ?
Х.МАНДАХБАЯР 2010 ОНООС ХОЙШ НҮҮРС ЗӨӨСӨН
Ерөнхийлөгч Х.Мандахбаяр уул уурхайн талаар тодорхой ойлголтгүй учраас залуу хүн, сэтгүүлчийн эр зоригоор асуудалд хандаж байх магадлалтай. Хэдий тэрээр эдийн засагч мэргэжилтэй ч цэвэр олон нийтийн харилцаа, медиад суурилсан бизнес ихэвчлэн хийж ирсэн нь намтарт нь бичээтэй бий. “ulsturch.mn” сайтаас зохион байгуулсан 2018 оны Монгол Улсын шилдэг 99 улстөрч тодруулах цахим санал асуулгад оролцож, 51 санал авсан намтартаа тэрээр, “2002 онд "Эрхэт Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан, 2004 онд "Эрхэт Монгол" ХХК-ийг хэвлэл мэдээлэл, шуудан харилцаа, үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 охин компанитай, 470 гаруй ажилтантай Бизнесийн Групп болгон өргөжүүлсэн, 2006 оны 12 дугаар сард Бизнесийн эрсдэл хүлээж, "Эрхэт Монгол" группыг татан буулгасан. Бизнесийн үйл ажиллагаагаа хумьж, хэвлэл мэдээлэл, пи ар, маркетингийн консалтинг өгөх чиглэлээр түлхүү ажиллаж эхлэсэн” хэмээн онцлон дурьдсан нь бий. Энэхүү намтартай доорх холбоосоор орж дэлгэрэнгүй танилцаж болно:
http://ulsturch.mn/poll/index.php?view=candidate&type=item&val=224
Намтраас нь харвал Ерөнхийлөгч Х.Мандахбаярын санхүүгийн гол эх сурвалж нь "Эрхэт Монгол" групп ажээ. “Монгол говь” хэмээх орон нутгийн сонины Фейсбүүк дэх пэйж хуудаснаас 2016 онд “Эрхэт Монгол” группын Ерөнхийлөгчийн хувиар дэвшүүлсэн мэндчилгээ нь байна. “...Бид 2016 онд “Зиндаа” сониныхоо 20 жил, Zindaa.mn сайтын 5 жилийн тэгш ойн дээр “Зиндаа” сэтгүүлийнхээ анхны дугаарыг эрхлэн гаргаж, BreakingNews.mn сайтыг шинээр зах зээлд нэвтрүүлж, prnews.mn, umnugovi.mn, criminal.mn сайтуудад хөрөнгө оруулалт хийж, 20 айлын тансаг зэрэглэлийн “Sky Castle 1” таун хаус хотхоноо ашиглалтанд оруулж... хувийн хөрөнгө оруулалтаар нүүрсний тээврийн үйлчилгээнд хүнд даацын 12 ачааны автомашин нэвтрүүлж...” гэх мэтээр хөврөх уг мэндчилгээг доорх холбоосоор орж сонирхож болох юм:
https://www.facebook.com/mongolgovisonin/posts/570214886506708/
Гэтэл 2018 оны "Coal Mongolia 2018" чуулга уулзалтын үеэр Х.Мандахбаярын өөрийн “news.zindaa.mn” сайтад нийтлэгдсэн нэгэн мэдээ гайхашрал төрүүлсэн юм. Уг мэдээний эхлэл буюу лийдэд “"Эрхэт Монгол" группын харьяа “Их Шижир Баялаг” ХХК олон жилийн туршлагатай “Нисээч Интернэйшнл” ХХК-тай уул уурхайн хүнд даацын машин, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж, эхний ээлжийн техникүүдээ хүлээн авлаа” хэмээн дурьджээ. Мэдээний төгсгөлд онцгойлон, “Эрхэт Монгол” групп нь 2010 оноос уул уурхайн салбарт нүүрсний тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2016 оноос "Таван толгой" ХК-д хөрс хуулалтын операторын үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор тус компани хөрс хуулалтын ажлын хэмжээгээрээ "Таван толгой" ХК-ийн уурхайд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй юм” хэмээн цохон дурьджээ. “Эрхэт Монгол групп уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүллээ” гэсэн гарчигтай энэ мэдээ бол “Эрхэт монгол” гэсэн түлхүүр үгээр цахим хайлт хийхэд хамгийн их гарч буй илэрц юм. Мэдээний дэлгэрэнгүйг доорх линкээр орж уншиж болно:
https://news.zindaa.mn/2fqb (“Эрхэт Монгол” групп уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүллээ 2018.09.05)
Мөн энэ холбоосонд мэдээний дэлгэрэнгүй видео нь байгаа юм:
https://www.facebook.com/145200492833978/videos/303030623611874/?t=20
Дээрх мэдээний гол баатар, “"Эрхэт Монгол" группын Уул уурхай хариуцсан дэд захирал бөгөөд "Их Шижир Баялаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбадрах бол Монголын ард түмний бахархал болсон хөөмийч билээ. Тэрээр 2016 онд Испанийн Барселон хотод зохион байгуулагдсан “Монолит” олон улсын фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцож, төрөлдөө тэргүүлж цомын эзэн болж байв. Бүр netflix-ийн “Марко Поло” цувралаас түүний хөөмийлэхийг сонсож болно. Энэ баяртай мэдээ болон уран бүтээлчийн дэлгэрэнгүй ярилцлагыг Х.Мандахбаярын сайтад гарсан байсныг доорх холбоосоор орж уншаарай:
http://news.zone.mn/news/80940.htm (“Морьт хангай” группын хөөмийч Н.Наранбадрах: Гадаадын хүнд хөөмий заахгүй 2016.11.09)
Үүгээр зогсохгүй Н.Наранбадрах хөөмийч маань хос морьтой хүн байжээ. Тэгэх тэгэхдээ уул уурхайн компани удирдаж байжээ. Харин сүүлийн үед гурав дахь морио эмээллэсэн бололтой. Тэр нь уул уурхайн хөр хөнөөлийг эсэргүүцсэн тэмцэл. Салбараа ийнхүү огцом солихдоо тэрээр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын “Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-ийг дэмжих болжээ. Эрхэт Монголын үүсгэн байгуулагч, тэрхүү группын уул уурхай хариуцсан захирал явсан хүн хоёр нийлж суугаад, уул уурхайг эсэргүүцсэн хэвлэлийн хурал хийж байгаа нь ёстой зөвхөн Монголд л тохиож болох прадокс байх.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯРТ ЭРГЭЛЗЭХ ШАЛТГААН
Сүүлийн үед тодроод буй тэмцэгч, дүр төрхийн талаар гарын үзүүрийн мэдээлэл цуглуулаад харахад ийм нэг дүр зураг бууж байгаа юм. Эндээс Х.Мандахбаяр хэмээх энэ эрхэм өөрийн толгойгоор явна уу, өрөөлийн гар хөлийн үзүүр болж явна уу гэсэн эргэлзээ төрөөд байгаа юм.
Шалтгаан 1. Олигархуудын тавьсан өрөг дээрх “хүү” юу?
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр намтартаа, “2011 онд "Үндэсний Мэдээ" өдөр тутмын сониныг үүсгэн байгуулсан. Өдгөө тус сонины 50 хувийн хувьцааг эзэмшдэг” хэмээн дурджээ. Гэхдээ Хэвлэлийн Хүрээлэнгээс 2016 онд зохион байгуулж, нийтэлсэн “Эзэмшлийн мониторингийн судалгаа”-гаар “Үндэсний мэдээ” сониныг “Ажнай”-н гэгддэг Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшдэг хэмээн тодорхойлжээ. Харин толгой компаниар нь “Таван Толгой Транс” ХХК-г нэрлэсэн байна. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг доор линкээр үзэж болно.
https://mongolia.mom-rsf.org/mn/translation-media/detail/outlet/undesnii-medee/
Уг судалгааны тайланд “Үндэсний мэдээ” сониныг “Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй” хэмээн тодорхойлсон учраас Х.Мандахбаярын намтарт буй 50 хувийн эзэмшил үнэн ч байж болох талтай. Ямартай ч 2010 оноос Уул уурхайн бизнес эрхэлж эхлэх үеэсээ Х.Мандахбаяр нь Монголын нүүрсний томоохон тоглогчдын нэг Д.Бат-Эрдэнэтэй ажил хэргийн тодорхой харьцаатай байсан нь эндээс харагдаж байна. Нүүрсний магнат, Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн нэг Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн МАН-ын лидерүүдийн нэг Х.Мандахбаяр нарын ажил хэргийн холбоог буруутгах үндэс алга. Харин тэдний энэ холбоо нүүрсний өөр нэгэн тоглогч “Сауд гоби коал транс”-ын эсрэг Х.Мандахбаярын үйл ажиллагаатай огтлолцоод буйд л учир байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын дотоодын өрсөлдөөн, гол тоглогчдын ил далд тэмцлээс ашиг хонжоо унагах, түүндээ Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэр хүнд, сэтгүүлзүйн салбарын нөөц бололцоог овжноор ашиглах нүүдэл хийгээд байгаа юм биш биз гэсэн хар төрнө. Өөрөөр хэлбэр МСНЭ гэдэг их айл олигархуудын тавьсан өрөг дээрх “хүү”-гийн нүүдэл болчихоод байгаа юм биш биз?
Шалтгаан 2. Урд хөршийн “зөөлөн хүч”-ний бодлогын бас нэгэн газардуулагч биш биз?
Х.Мандахбаяр Ерөнхийлөгч болсоор дэлхий дээрх цөөхөн коммунист улсуудын нэг, хэвлэлийн эрх чөлөөгөөр ямагт сүүл мушгигч Хятад улс болон чөлөөт хэвлэл төлөвшин хөгжиж буй Монгол Улсын сэтгүүлзүйн салбар хоорондын хамтын ажиллагаа эрс идэвхжсэн.
Монгол Хятадын сэтгүүлчдийн форумыг Өмнөговь аймагт хүч хаян зохион байгуулж, сэтгүүлчдийг уурхайчид хүндэтгэн хүлээж авч байсан өдрүүд саяхан. Түүнчлэн өмнөд хөршийг зорих сэтгүүлчдийн тоо тогтвортой өссөөр байгаа. Энэ бүгдийн төсөв, зардал хаанаас ундарч буйг жил тойроход МСНЭ-ийн удирлагын зүгээс огт тайлагнасангүй.
Урд хөршийн зөөлөн хүчний бодлого эдүгээ дэлхий дахинд ил болсон. Дээр нь өчнөөн сэтгүүлч дагуулж Гурвантэсэд оччихоод хаяа залгаа байгаа Хятадын ашиг сонирхол бүхий уурхайнуудыг мэдсэн ч мэдээгүй царайлан, Монголын хөрөнгө оруулалттай уурхайн үүдэнд цамнаж байгаад ирсэн нь энэхүү хардлагыг лавшруулна.
МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ!
“Зиндаа” сайт, “Зиндаа” сэтгүүлийн эзэн Х.Мандахбаяр 2018 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч болсныхоо дараа “TV-8” телевизийн “Танил хүн” нэвтрүүлэгт орох үеэрээ ихээхэн хурц байр суурь илэрхийлж байсан билээ.
“Монгол Улсын том том телевизийг улстөрчид л эзэмшдэг. Н.Энхбаяр Ерөнхийлөгч ТВ9, Ц.Элбэгдорж Ийгл ТВ, Х.Баттулга Ерөнхийлөгч С1 телевизийг тус тус эзэмшдэг. Тэднийг ямар хөрөнгөөр телевизээ босгосныг шалгах хэрэгтэй. МҮОНТ мөн л улстөрчдийн мэдэлд оршдог. Миний хувьд таван жил улс төрөөр явсан. Зарим зөрчил үүсэх магад. Гэхдээ би сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор ажиллаж байгаа...” гэсэн түүний үгс итгэл найдвар төрүүлж буй. Үнэхээр ч түүний зохион байгуулсан “Хараат бус сэтгүүлзүйн үндэсний форум”, “Редакторуудын улсын зөвлөгөөн”, "Сэтгүүлч хөгжил" сэтгүүл зэрэг нь эерэг хандлагатай зөв ажлууд байсан.
Гэхдээ мөнхүү ярилцлагын үеэр Ноён Ерөнхийлөгчийн (МСНЭ-ийн) хэлсэн өөр нэгэн үг эргэлзээ дагуулсан. Тэрээр “Өөрийн хэвлэл мэдээлэлгүй бол хүчгүйг ойлголоо. Тиймээс би хүчтэй Ерөнхийлөгч болохыг хүсэж байна. Миний мэдэлд “Зиндаа” сайт, “Зиндаа” сэтгүүл бий. Түүн дээрээ нэмж “Өглөөний сонин”, “ТВ-8” телевизийг би хувьдаа худалдаж авсан” хэмээн ярьж байлаа. Нээрээ ч Х.Мандахбаяр хэмээх хувь хүн Монголын байтугай дэлхийн түүхэнд байгаагүй богино хугацаанд медиа групп босгочихов. “Бэл хөрөнгө их болвоос гэмт хэргээс сурвалжтай” гэх Балзакийн үг бий. Эсвэл уул уурхай 10 гаруй жил эрхэлсэн хүн ийм зоримог алхамыг санхүүжүүлэх хэмжээний баялаг хуримтлуулсан гэж үзээд зөвтгөх өнцөг ч бий. Гэхдээ л их л авцалдаал, үнэмшил муутай зөвтгөл юм.
Эцэст нь Монголын сэтгүүлзүй бол хүчтэй болох хүсэлтэн хүн болгоны нохойд барьдаг мод биш. Хүч хурааж, тэмцэл хиймээр байвал салбарын хамгийн нэр нөлөө бүхий, өргөн гишүүнчлэлтэй ТББ-ын Ерөнхийлөгчийн суудлаас ёс суртахууны хувьд татгалзаад замаа шуударсан нь дээр биз ээ. Муу нуухаар сайн илчил гэдэг үг Хятадын их багш Күнзийн судраас биш, жирийн Монголын ард түмний амьдралын туршлагаас урган гарсан юм.
М.ЭРХЭТ
Сэтгэгдэл (3)