Нэгэн үе ханшийн оргил үедээ хүрээд байсан биткоины ханш өдөр ирэх тусам суларсаар байна. Биткоины олборлолт хөгжиж буй улс оронд ихээхэн дэлгэрч буй. Үүнээс болж зарим улсад эрчим хүчний доголдол үүсэх болжээ. Тодруулбал, Иран улсад ийм бэрхшээл тулгарах болсон учир Эрчим хүчний яамны төлөөлөгч Мостафа Ражаби "Хууль бус ажиллагаа явуулсан этгээдийн байрыг цахилгаан сүлжээнээс салгах арга хэмжээ авна" гэж анхааруулсан байна.
Өчигдөр тус улсын төвийн Язд мужид крипто валют олборлодог хоёр байгууламжийг илрүүлж хаасан байна. Тэдний нэг нь хуучин үйлдвэрийн байрыг ашиглан 1,000 орчим олборлогч машин ажиллуулж байсан аж. Сүүлийн нэг сарын хугацаанд Иран даяар эрчим хүчний хэрэглээ долоон хувиар өссөн нь голдуу биткоин олборлох зориулалттай машинуудын ажиллагаатай холбоотой гэж Ражаби мэдэгджээ. Нэг биткоин олборлоход 24 өрхийн нэг бүтэн жилийн хэрэглээг хангах эрчим хүч зарцуулдаг байна. Иран улсад эрчим хүчний үнэ тариф хямд байдаг нь үүнд нөлөөлж байгаа бололтой. Зарим сүм, сургуулийн эрчим хүчний зардлыг төсвөөс бүрэн даадаг байна. Нөгөө талаас АНУ-ын болон олон улсын эдийн засгийн хоригт орсон иранчууд гадаад улс орнууд руу банкны гүйлгээ хийх боломжгүй болсон нь биткоины эрэлтийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Крипто валютыг ашиглан ямар нэг банк дамжилгүйгээр мөнгө шилжүүлж болдог.
Тегераны эрх баригчид ч эдийн засгийн хоригоос зайлсхийхийн тулд крипто гүйлгээг сонирхож байгаа гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: Reuters