
Н.Алтанхуягийн Засгийн газар 43 байсан агентлагийн тоог 28 болгосон. Дээр нь дэд сайдын суудлыг үгүй хийнэ гэхээр АН-ын хоёрдугаар эгнээнд зогсож, эрхтэн дархтан болохоор ээлжээ хүлээж буй хэсэг нь байж суух аргагүй болжээ. Муудалцах байтугай, заамдалцаж авахдаа хүрсэн гэж зарим нь ярьж байна. “Хоёрдугаар эгнээнийхэн” АН-ын дарга нарт сонгуулиас өмнө амлаж байснаа эргэн санахыг хүссэн мессеж илгээсэн байна. Дэд сайдын суудал өгнө гэж амлан сонгуульд зүтгүүлчихээд хэлсэндээ хүрэхгүй байгаа нь ариун явдал уу гэж. Үүний хариуд дарга нар нь ийм нэгэн тактик хэрэглэж үзжээ. Тэр цор цор гээд, хэл ам хийгээд байгаа нөхдүүдэд амласан дэд сайдын суудлаа “Шударга ёс” эвсэлд хуваарилах болсон тухайгаа эвтэйхэн дуулгаж. “Яах аргагүй ийм боллоо” гэсэн чимэг үгтэй хэлээд гаргасан тухай яриа байна. Харин УИХ-д сонгогдож чадаагүй, агентлагийн даргаас “хусагдсан”, дунд зэргийн гэгдэх АН-ын гишүүд нийлж хүчтэй эсэргүүцжээ.
Ялангуяа “Алтангадас” фракцын тэнгэрт гарчихаад “дээд зэрэглэлийн хүмүүс” болсон гишүүдийг “та нар амиа бодлоо, адилхан зүтгэчихээд арынхаа хүмүүсийг бодсонгүй” гэх зэргээр баахан ноолжээ. “Засгийн газрын хурлаар дэд сайдын томилгоог хурдан хэлэлцүүлье” гэхэд үүнээс өмнө хэлэлцэх, шийдэх чухал олон асуудал байна гээд хойшлуулаад байсан аж. Тиймээс ажлын байр нь хумигдаж, ирээдүйн төлөвлөгөө нь нурах гээд байсан 13 дэд сайдын суудлыг “онилогчид” хэл ам гаргасан нь энэ гэнэ. Үүнийхээ дүнд ч өчигдөр дэд сайдын орон тоог авч үлдэхээр болсон байгаа юм.
Баян хүний хүүхэд Н.Номтойбаярын “муухай” болгочихсон дэд сайдын суудал гэгч төрийн албандаа биш хүндээ байдаг бололтой. Яамны сайдаас ч илүү асуудал үүсгэж байгаа дэд сайдын томилгоо нэлээн дунших нь гэж зарим нь ярьж байна. Учир нь ийм сэтэр зүүхийг хүсэгчдийн дотроос ажлаа хийж чадах нь ховор. МАН шиг мөнгө өгсөнд бэлэглэх биш шинэчлэлийн гэдэг утгаараа сайн шүүх хэрэгтэй гэдгийг иргэд хэлээд байна. Гологдох шахсан дэд сайдын орон тоо ийнхүү АН-ын фракциудыг хагаралдуулав. Үүний дараа цөөхөн үлдсэн агентлагийн даргын суудалд суух гээд өндөлзөж байгаа хүмүүс эгнээндээ зогсож, ээлжээ хүлээж байна.
Т.Гэрэл