Өвөрхангай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг энэ оны өнгөрсөн сарын байдлаар 26 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн идэш хоолоо бэлтгэх үеэр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "Мал-мах-2021" нэгдсэн арга хэмжээ энэ оны өнгөрсөн сараас эхлэн зохион байгуулагдаж, аймгийн хэмжээнд хяналтын таван пост, хөдөлгөөнт найман эргүүлд гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид ажиллаж байна. Энэхүү хяналт шалгалтын хүрээнд өчигдөр бусдын 11 тооны малыг хулгайлан тээвэрлэж явсан иргэнийн үйлдлийг шуурхай илрүүлж, хохирогч иргэнд малыг хүлээлгэн өгөөд байна.
Б.Жаргал