Хэмжлийн нэгжийн улсын эталоныг шинэчлэх, нарийвчлалыг дээшлүүлэх, түүний нэгж дамжуулалтын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Массын эталоны лабораторид Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төрийн худалдан авах хууль, дүрэм журмын дагуу “Ширээний робот масс компаратор, килограммын анхдагч эталон туухай, 1 кг тусгай ангийн туухай” зэрэг өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа шинээр худалдан авч, суурилуулалт, тохируулгыг гүйцэтгэж байна.

Энэ ажлын хүрээнд Польш улсын Radwag Wagi Elektroniczne Co., Ltd. компанийн инженер Доминик Коваль 2026 оны 02 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Хэмжил зүйн хүрээлэнгийн Массын эталоны лабораторид ажиллаж, массын хэмжлийн улсын эталоны угсралт, суурилуулалт, тохируулга, программ хангамжийн мэдээлэл, анхан шатны шалгалт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.
Шинээр суурилуулсан ширээний робот масс компаратор нь бүрэн автоматжсан систем бөгөөд хүний оролцоог багасгах, ажлын ачааллыг бууруулах, хэмжлийн чадавх, нарийвчлалыг нэмэгдүүлэх, орчин үеийн хөгжилтэй улс, орнуудын дэвшилтэд техник, технологиор зохион бүтээсэн, хүний механик ажиллагааг бууруулсан, цаг хугацааг хэмнэх, үр дүнгийн үнэн зөв байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм.

Үндэсний хэмжил зүйн салбарын дэд бүтэц орчин үеийн, өндөр нарийвчлалтай, робот автоматжуулсантехнологид шилжиж, улсын хэмжээнд массын хэмжлийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах, шалгалт тохируулгын чадавх шинэ шатанд гарч байна.
Энэхүү хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, шинжлэх ухаан, техник, технологийн судалгааны лабораторийн үйл ажиллагаанд хэрэглэдэг массын хэмжлийн үр дүнгийн нэгдмэл байдлыг хангах стратегийн ач холбогдолтой юм.





















































