
Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдах албан тушаалтнууд Мароккод болсон онцгой хуралдааны дараа ерөнхийлөгч Жанни Инфантинод "бүрэн дэмжлэг" үзүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь түүнийг огцрохыг шаардсан хүчтэй шүүмжлэл, эсэргүүцлийн дараах анхны хамтарсан байр суурь болж байна.
Сүүлийн өдрүүдэд Инфантино FIFA-гийн арилжааны эрхийг шинэ FIFA Forward Enterprise (FFE) компанид шилжүүлж, хувийн хөрөнгө оруулагчдад хувьцаа худалдах санал гаргасны улмаас ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Энэхүү төлөвлөгөө нь ДАШТ зэрэг хамгийн үнэ цэнтэй тэмцээнүүдийн арилжааны эрхэд хувийн хөрөнгө оруулагчдыг оролцуулах боломжтой байсан бөгөөд Европын холбоод болон олон улсын хөлбөмбөгийн байгууллагууд хүчтэй эсэргүүцсэн.
Мароккод болсон хуралдааны дараа FIFA-гийн зөвлөл уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, хэлэлцүүлгийн явцад үүссэн нөхцөл байдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч байгууллагын удирдлагууд Инфантино хөлбөмбөгийг дэлхий даяар хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэн, түүнийг үргэлжлүүлэн удирдахыг дэмжсэн байна.
Хэдий ийм шийдвэр гарсан ч шүүмжлэл бүрэн намжаагүй байна. Европын лигүүдийн холбоо уг төлөвлөгөөг "аюултай санаачилга" хэмээн нэрлэж, FIFA-гийн засаглалд шинэчлэл хийхийг шаардаж байгаа бол UEFA мөн байгууллагын шийдвэр гаргах үйл явцыг шүүмжилсээр байна. Зарим нэр хүндтэй хөлбөмбөгийн зүтгэлтэн Инфантиног албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалжээ.
Инфантино 2016 оноос хойш FIFA-г удирдаж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөж буй. Харин FFE-тэй холбоотой маргаан түүний ирээдүйн улс төрийн байр сууринд томоохон сорилт болж буй.
Л.Баяр

















































