Баруун Африкийн эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол
учруулж буй Эбола вирус бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлэх
гамшиг дагуулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна
Баруун Африкийн эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй Эбола вирус бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлэх гамшиг дагуулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Либерийн Мэдээллийн сайд Левис Браун “France Presse” агентлагт өгсөн ярилцлагадаа Эбола вирусын халдвар эрчимтэй тархаж байгаагийн улмаас Баруун Африкийн зөрчил аажмаар дахин сэдэрч байгаа тухай дурджээ. “Эмнэлгүүдэд орны хүрэлцээ муудаж, зочид буудлууд үйлчлүүлэгч олох гэж тэмцэлдэж байна. Бизнесийн байгууллагууд мөн тэмцэлдэж байна. Хэрэв амьжиргааны түвшин доройтсон хэвээр байвал ард иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрнэ. Либерийн зөрчил тэмцэл дуусаад аравхан жил болж байна” гэв.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс дэлхий нийтийн зүгээс хандивлаж байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхгүй бол урьдчилан тооцоолсноос муу үр дагавар гарч болзошгүйг сануулсан юм. Либери, Сьерра Леон, Нигери, Гвиней, Конго улсуудад 2015 оны нэгдүгээр сар гэхэд 1,4 сая тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.
Он гарсаар Эбола вирусын 5800 тохиолдол бүртгэгдсэний 2800 нь нас барсан байна. Эмч, шинжээчдийн үзэж буйгаар бүртгэгдээгүй өвчтнүүдийн тоо үүнээс ч их байгаа гэнэ. Зөвхөн Либерит гэхэд 3000 тохиолдол бүртгэгдсэний 1500 нь нас баржээ. Африк тивийн энэ улсад сүүлийн гуравхан долоо хоногийн доторх халдварын тархалт 52 хувиар өссөн байна. Тусламж үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй байгаа бөгөөд нийслэл Монровиа хотын 700 ортой эмнэлгүүд өвчтнүүдийг хүлээж авч чадахаа больжээ. Эбола Баруун Африкийн эрүүл мэндийн хамгаалалтын тогтолцоог эмзэг болгож, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна.
АНУ тэргүүтэй хэд хэдэн улс Африкт туслахаа амлаж, 3000 цэрэг илгээн Либерит 1700 ортой эмнэлэг байгуулсан юм. Эрдэмтэд Эболаг анагаах төгс аргыг бодож олоогүй байна.