
Жил бүрийн зургаадугаар сарын дунд үеэс улиас мод үрээ тараах үе эхэлдэг. Энэ үед Улаанбаатар хотын гудамж, талбай, ногоон байгууламжид цагаан хөвөн мэт харагдах унгарил ихээр тархдаг.
Унгарил хэлбэртэй үрнүүд салхинд хийсэж хүний ам, хамар, нүд рүү орох тохиолдол цөөнгүй гардаг байна. Мэргэжлийн байгууллагын мэдээлснээр энэ жилийн унгарилын үе ойролцоогоор 14 хоног үргэлжлэх бөгөөд Үндэсний их баяр наадмын өмнөхөн дуусах аж.
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээлснээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид өдөр тутмын цэнэг усалгаа хийж байгаа бөгөөд хавар унгарил ялгаруулдаг моддын мөчирт тайралт, таналт хийжээ.
Сонирхуулахад, Сибирийн цагаан улиасыг 1950-1960-аад оны үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд нийслэл хотод олноор нь тарьсан байна. Улиас мод нь 100-140 жил насалдаг бөгөөд одоогийн байдлаар Улаанбаатар хотод дунджаар 14 мянга гаруй улиас ургадаг гэсэн тоо бий. Эдгээрийн тал орчим хувь нь эм улиас бөгөөд иргэдийн “модны цагаан хөвөн” хэмээн нэрлэдэг унгарил зөвхөн эм улиаснаас ялгардаг ажээ.
Хотын хэмжээнд унгарилын тархалтыг бууруулах зорилгоор моддын арчилгаа, тайралтыг тогтмол хийж байгаа ч улиасны байгалийн нөхөн үржихүйн үйл явц энэ хугацаанд үргэлжилдэг байна.























































