
NBA-гийн 2013-2014 оны “Play-Off”-ийн эхний тойргийн тоглолтын үеэр “LA Clippers” багийн эзэн Дональд Стерлинг өөрийн эхнэр Шелли Стерлингрүү утсаар ярьж “Хар арьстай муухай новшнуудаа хол байлга” гэх мэтээр туйлын бүдүүлэг үг хэлж арьс өнгөөр ялгаварласан нь Америк орон даяар шуугиан дэгдээгээд байсан. Тамирчдынх нь дийлэнхи хувь нь өнгөт арьстнуудаас бүрддэг NBA үүнийг маш эмзэгээр хүлээж авсан бөгөөд Стерлингийн эзэмшдэг “LA Clippers” баг ч мөн эзнийхээ энэхүү үгэнд маш их дургүйцэж түүнээс ичиж байгаагаа илэрхийлсэн. Тэр ч бүү хэл “Play Off”-ийн тоглолт багууд эсэргүүцлээ илэрхийлсэн бичиггүй бэлтгэлийн хувцастай талбайд гарч ирснээр эхэлж байв. Мөн “LA Clippers”-ийн дасгалжуулагч болон тамирчид хуучин удирдлагынхаа дор тоглохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Калифорни мужийн шүүхээс Д.Стерлингийг оюун санааны чадамжаа алдсан гэж үзэж “LA Clippers” багийг түүний оролцоогүйгээр худалдах эрхтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Д.Стерлингийн тус багийг эзэмших эрхийг хатагтай Шелли Стерлингт шилжүүлсэн байна. Хэдийгээр Стерлингийн гэр бүл 58 жил эзэмшсэн багаа худалдах дургүй байгаа ч шүүхээс багийг Стерлингийн оролцоогүйгээр худалдах эрхийг нээж өгсөн тул тэд багаа орхихоос өөр аргагүй болж байгаа юм. Ингэснээр “Microsoft” компаний гүйцэтгэх захирал асан Стив Балмер тус багийг худалдаж авах эрхтэй болж байна. Стив Балмер тус багийг түүхэн хамгийн дээд үнэ буюу 2 тэрбум ам. доллараар худалдаж авах саналаа илэрхийлж байсан ч Стерлингийн гэр бүл татгалзаж байв. Гэвч энэ удаад тэрээр “LA Clippers” багийг худалдаж авах нь тодорхой болж байна.