
Ё.Лхагвасүрэн: Амралтын өдрөөр зам тээврийн 5 осол гарч 3 хүн амиа алдсан
-Өчигдрийн гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өчигдрийн байдлаар 56 гэмт хэргийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд хулгай, танхай, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэргүүд нэлээдгүй бүртгэгдсэн байна. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагууд тогтоон эзэн холбогдогчийг олж тогтоож мөрдөн байцаалтыг хийгээд явж байна. Иргэд маань амралт чөлөөт цаг нь өнгөрөөд Улаанбаатар хот руу ирдэг үе эхэлж байна. Тиймээс иргэд архи согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. Ямарваа нэгэн баяр ёслол тэмдэглэлт өдрийг тэмдэглэхдээ заавал архи согтууруулах ундаа хэрэглэдэг байдлыг болих хэрэгтэй.
-Тээврийн хэрэгсэл согтуураал жолоодох гэмт хэргүүд ихээр гарч байна гэх юм. Энэ талаар?
-Тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явах асуудал буурахгүй байна. Хөдөө орон нутагт явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ялангуай бага насны хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудалд нь суулгах, аюулгүйн бүсийг зүүж занших зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрөгч амралтын өдөр орон нутгийн замд 5 авто тээврийн осол гарч үүний улмаас гурван хүн амиа алдсаны 2 нь бага насны хүүхэд байсан.
-Энэ жил голын усанд эндэх тохиолдол ихэссэн гэж байсан. Энэ тал дээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргээч?
-Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт аялал зугаалгаар явж байгаа иргэд голын усанд эндэх асуудал байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр суманд аялал зугаалгаар явж байсан иргэн, 46 настай Б гэгч живж амиа алдсан. Энэ хэрэгт шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Мөн Хөвсгөл аймгийн Хатгал суманд Хөвсгөл нуурын усанд Дундговь аймгийн иргэн Б гэгч нь сэлж байгаад живж амь насаа алдсан байгаа. Тэгэхээр голын эрэг ойр орчмоор амралт зугаалгын цагаа өнгөрүүлэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/