-
2016 оны 1 сарын 05
Жүжигчин Э.Мөнхтөртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр “А-Сарреllа” хамтлагийн дуучин бөгөөд “Амьдралын амт”, “Сайн уу, амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Эр хүн болгож өгөөч”, “Аюултай харилцаа”зэрэг дэлгэцийн уран бүтээлийн дүрүүдээр нь үзэгчид мэдэх билээ.
-Сургуулиа хэзээ төгсөж байв. Дуучин болно гэж ярьдаг байсан юм билээ?
-2001 онд арван жилээ төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орох сонирхолтой конкурст бэлдэж байлаа. Тэр үед Хөгжимт драмын жүжигчин гээд дотроо жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин гэсэн дөрвөлсөн мэргэжилтэй мюзик холл гэх ангийн элсэлтэд анх удаа авах гэж байна гэсэн. Тэгэхээр нь тэр ангид конкурсдээд тэнцчихсэн хэрэг.
-Арван жилээ хаана төгсөв. Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?
-Миний хүүхэд нас, өсвөр нас нэгдүгээр хороололд өнгөрсөн. “Ирээдүй” цогцолбор сургуулийг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Гансүх багшийн удирдлаганд төгсч байлаа. Урлагийн хүн гэхээрээ багаасаа нүүр хагарчихсан задгай байдаг гэж ойлгодог байх. Би их даруухан, ичимхий хүү байсан. Тухайн үедээ хичээл сургалтдаа л анхаарах ёстой гэж боддог байлаа.
-Оюутан байхдаа нэг ангийнхантайгаа “A-cappella” хамтлагийг байгуулсан гэл үү?
-Анх конкурсдэж байхдаа л нэг нэгнийгээ таньдаг болсон. Нэгдүгээр курсийнхэн нэг нэгнийхээ тоглолт дээр анхаарч туслах үе бий. Дуулдгууд нь нийлж дуулаад л, бүжиглэдэг нь нэгдээд л явна. Тэр дундаас бид дөрөв бие биенийхээ дуулж байхыг сонсоод тухайн үедээ “Камертон”-ы анхны хөгжимгүй хэдэн дууг дуулдаг байлаа. Дээрээс нь дээр үеийн “Воуs II men”,” All 4 оnе” зэрэг аккабэль чиглэлээр дуулдаг барууны хамтлагуудыг багаасаа сонсдог. Бүр хоолой хоолойгоор нь цээжилчихсэн байсан. Тэрийгээ нийлүүлээд л дуулдаг байлаа. Бид дөрөв тэрэндээ урамшаад л хамт дуулдаг болсон. Ангийнхан, хүмүүс их урам өгнө. Тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрчээ.
-Хамтлагийн урын санд хэдэн дуу байна. Одоо шинэ уран бүтээл гаргах уу?
-“A cappella” хамтлагийн хувьд 2009 онд 10 дуутай “А альбом” гээд цомог гаргаж байлаа. Цомгоос гадна 30-40 дуу урын санд маань бий. Тэр дотор байгуулагдаж байхдаа дуулдаг байсан хөгжимгүй аккабель дуунууд ч байгаа. Тэрийг СУИС-ийн Мөнхзаяа багш маань найруулж өгч байлаа. Орос, буриад дуутай. Тэр дуунуудаараа хойшоо Улаан-Үд рүү явж тоглолт хийж байсан.
Одоогоор хамтлагийн Одбаяр маань АНУ-д амьдардаг. Тэндээ 5-6 жил болж байна. Энэ хугацаанд хамтлагийн шинэ уран бүтээл хийсэнгүй. Урьд нь байсан уран бүтээлээ дуулаад л явж байна. Гэхдээ бас шинэ уран бүтээлээ ярилцаж, бэлдсэн зүйл ч байна. Яг хамтлагаараа нийлж суугаад ярих юм байгаа учраас тэр цаг мөчийг хүлээж байна. Ер нь бол уран бүтээлээ хийнэ. Тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөө бий.
-Сургуулиа төгсөөд ангиараа “Хувьсал” продакшн руу орсон байх аа?
-2005 онд сургуулиа төгссөн. Төгсөөд гарахад ажлын байр олдоход хэцүү шүү дээ. Амжилт гарахаар ажилд орно гэдэг том бэрхшээл. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах биднийг төгсөх курст харсан байсан. Өмнө нь оюутан байхдаа драмын жүжгүүдэд, хошин урлагийн тоглолтод орж байлаа. Тэр бүгдийг харсан юм шиг байна лээ. Тэгээд биднийг дэмжээд “Хувьсал” продакшны үндсэн ажилчнаар авч шинэ өнгө төрх гаргахаар ажилласан юм. Энэ нь үнэхээр амжилттай болж, 2005-2007 онд нийтдээ дөрвөн жүжиг тавьсан. Түүний хажуугаар тоглолтуудад оролцдог байсан.
-Дэлгэцийн уран бүтээлд хэзээ оров. Анхны дүрээ яриач?
-2008 онд “Хувьсал” продакшнаас гараад хамтлагийнхан маань “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-д харьяалагдсан. Нэгдэлд “Guys-666”, “Tv cocktail”, продюсер Томоо ах болон манай хамтлаг нийлээд уран бүтээл хийж эхэлсэн. Тус нэгдлийн анхны уран бүтээл “Сайн уу, амьдрал минь” кино байсан. Гурван хамтлагт зориулсан гурван хэсэгтэй. Түүний эхний хэсэгт гол дүрийн Эрхэм гэдэг залуугийн дүрд найруулагч Батболд ах намайг сонгосон. Тэр миний анхны дэлгэцийн уран бүтээл байлаа. СУИС-д байхад тайзан дээр л сургалт явагддаг шүү дээ. Төгсөөд бас тайзан дээр хоёр жил тоглочихсон болохоор дэлгэцийн уран бүтээлд тоглоход эхэндээ маш хэцүү байсан. Юмыг жаахан хэтрүүлж тоглоод байсан юм. Одоо харахад бас жаахан дутуу харагддаг. Тэрнээс хойш “Хайрын рекорд”, “Төрийн дайсан” гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлээр дагнаж байна.
-“Сайн уу, амьдрал минь” кинон дээр жүжигчин Цэнгэлтэй хамтарч тоглосон. Хэдэн жилийн дараа “Эр хүн болгож өгөөч” кинонд хамтарлаа. Хамтарч тоглоход ямар байв?
-“Сайн уу, амьдрал минь” дээр Цэнгэл хоёрдугаар курс, би төгсөөд дөрвөн жил болсон байсан үе. Бид хоёрын анхны кино. Хоёулаа кино гэж мэдэхгүй хамт тоглож байсан. Харин өнгөрсөн хавар хийгдсэн “Эр хүн болгож өгөөч” киноны хувьд цаг хугацаа өнгөрч, нас ч явсан байна. Хувь хүний өөрсдийн хөгжил насаа дагаад нэлээд нэмэгдсэн байсан. Өмнөхөөсөө арай туршлагатай болцгоосон байлаа. “Эр хүн болгож өгөөч” киноны зохиол нь их хүнд хэлбэртэй. Хүн хүнээ ойлгох, гэр бүлийн хайр гэдгийг харуулсан кино учраас хүмүүст их хүрсэн юм шиг байна. Над руу сүүлийн үед хүмүүс их ярьж байгаа. Уулзсан таарсан хүмүүс энэ киног их онцолж байна лээ. Үзээд уйлсан гээд сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ киног сайн уран бүтээл болсон юм болов уу гэж хувьдаа тоогоод байгаа.
-“Эр хүн болгож өгөөч” кино таны хувьд хэцүү байв уу. Тэс өөр ертөнц шүү дээ?
-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой. Тахир дутуу залуугийн дүрийг би эхэндээ их амархан бодож байсан юм билээ. Төсөөлөхдөө болчихмоор л санагдсан. Сүүлд бодоод байхад би их наагуур бодсон байгаа юм. Зураг авалт үргэлжилж байхад их олон бэрхшээлтэй тулгарсан. Болохгүй юм их гарсан. Өмнөх энгийн амьдралтай кинонд гайгүй л байдаг юм. Тухайн үед дүрдээ амьдраад л явчихдаг байсан. Гэтэл “Эр хүн болгож өгөөч” киноны тахир дутуу залуугийн дүр амьдрал дээрх тахир дутуу хүмүүсийн сэтгэлд буух болов уу гэж бодсон. Тэр болгоныг бодож өөртөө их ачаалал өгсөн ч байж магадгүй. Тахир дутуу хүмүүсийг харж, эргэж санаж кинон дээрээ тусгахыг хичээсэн. Их хүнд хэсгийг хийхээр магадгүй тахир дутуу хүмүүсийг доромжлох гээд байгаа юм шиг зүйл их байсан. Аль болохоор үнэн харагдах гэж, тэр хүмүүсийн сэтгэл зүйг гаргахыг хичээсэн. Харагдах байдлаасаа ямар байгаагаа харуулахыг хүсээгүй. Тэрийг нь аль болох нуусан. Хамгийн гол нь сэтгэл санааны бэрхшээлийг нь харуулах гэж хичээсэн. Энэ маань хүмүүст харагдсан бол амжилттай л боллоо гэж бодож байна.
-“Аюултай харилцаа” киноны тухай яриач. Бас их сонин сэдэвтэй кино санагддаг?
-Энэ кино 2014 оны намар хийгдсэн кино. “Хас” медиа энтертайнментийн Хүсэлбаатар найруулагч зохиолоо бичиж найруулсан кино. Хүслээ ахыг би энэ сэдвийг хийх гэж олон сар, жил бодож, шатаж, шаналсан юм байна гэж бодсон. Сэдэв нь дэлхий дахинд гэр бүл нийгэмшиж амьдрахын тухайд маш их тулгамдсан зүйл. Хосууд гэр бүл болоод эхэндээ нэг нэгэндээ таалагдахын төлөө дэврүүн байдлаар бүх л сайн сайхнаараа харьцдаг. Хэсэг хугацааны дараа бие биенийхээ сайн, муу талыг илүү таньдаг. Хэн хэнийг нь өөрөөр задалж, тэр болгон дээрээс хоорондоо зөрчилдөнө. Магадгүй зарим дээр нь таардаг л байх. Гэр бүлийн харилцаа, салалт цаашилбал хүүхэд өнчрөлт, өрх толгойлсон эхчүүд гээд маш том асуудлуудыг хөндсөн кино. Ийм зүйл бага байгаасай гэдэг үүднээс бичиж, найруулсан хэрэг. Найруулагчийн энэ санааг би маш сайн ойлгож, хичээж ажилласан. Энэ бол амьдрал дээр байдаг зүйл. “Гарын таван хуруу” кинон дээр Шагдар гээд зогсч байдаг шиг өөрийгөө дэлгэцнээс толинд харж байгаа юм шиг өөртэйгөө ярилцаж, бодох хэрэгтэй. Тэр киног үзээд өөрийгөө засч чадвал уран бүтээлчдийн хийсэн зүйл нь амжилтад хүрч байгаа юм болов уу гэж би боддог. Тиймээс хүмүүс илүү ойр санагдах гэж л ажилласан.
-Гар нийлдэг найруулагч бий юу?
-Жүжигчин хүн ямар ч хүнтэй гар нийлдэг байх ёстой. Миний хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох “Хайрын рекорд” киноны “Go” студийн найруулагч Д.Галбаяр ахыг нэрлэнэ дээ. Тухайн үед би ганцхан кинонд тоглоод жил шахуу завсарлаж байхад намайг тоогоод кинонд тоглуулсанд баярладаг. Галаа ахтай гар нийлж, ойлголцоход их амар байдаг. Намайг мэддэг, мэдэрдэг юм. Галаа ахтай “Хайрын рекорд”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” болон ирэх онд нээлтээ хийх гэж байгаа “Шуугиан таригч” гээд кинонуудад хамтарч ажилласан. Галаа ах намайг “Миний жүжигчин” гэдэг юм. Ах нь кино хийх гэж байгаа шүү гээд л залгадаг. Өмнөх кинонуудад Галаа ах найруулагчаараа би жүжигчнээрээ ажиллаж байсан бол одоо нээлтээ хийх “Шуугиан таригч” кинон дээр Галаа ахтай хамтарч тоглож байгаа.
-Олны танил хүн биеэ зөв авч явах ёстой гэдэг. Гэхдээ сэтгэл бухимдах үе бий юу?
-Дэлгэцээр гараад хүмүүст танигдаад ирэхээр сайн, муу хоёр талтай байх юм. Зарим нь таараад сайхан кино болсон байна лээ баяр хүргэе, амжилт хүсье гэдэг. Нөгөө талаасаа илүү хараад эхэлдэг л дээ. Алдаа гаргах эрхгүй. Гудамжинд машин барьж байгаад тулахад би уурлаж болохгүй. Тэрний буруу байлаа гэхэд би олны танил хүн биш байсан бол уурламаар л байна ш дээ. Ухраач чи гээд орилмоор байна шүү дээ. Гэтэл хүн харж байгаа учраас чимээгүй өнгөрөхөд хүрдэг. Гэхдээ энэ байх л зүйл. Муу талаасаа илүү сайн, эерэг зүйл нь их.
-Сэтгэлдээ хүртэл тоглосон кино байгаа юу?
-Байхгүй. Тухайн үед кинонд тоглоход болоод байдаг юм. Тухайн үедээ сэтгэлд хүрчихээд нээлтэн дээр үзэхэд энэ үед тэгдэг байж гэх эргэлзээ төрдөг. Эсвэл нээлтэн дээр үзэхэд гоё санагдчихаад хэсэг хугацааны дараа өөрийгөө голдог. Одоогоор ханасан дүр алга байна.
-Гэр бүлээ танилцуулаач. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?
-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Хоёр хүүтэй. Том хүү маань гуравтай. Бага маань ойтой. Ганцаардаж, ханьгүйдээд юм жаахан утгагүй болдог үе байдаг шүү дээ. Миний хувьд шаналаад өөртэйгөө зөрчилдөж байх үед эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань миний шаналал, зөрчлийг үргээж зөв тийшээ чиглүүлсэн хүн дээ.
-Э.Мөнхтөр гэдэг хүн өөрөө ямар үзэл бодолтой хүн бэ?
-Үнэн, зөв байх юмсан гэж боддог. Багаас эмээ, өвөө, ээж, аав маань тэгж л өсгөсөн. Хүн ер нь тэр үгээр нь явдаг юм шиг санагддаг. Заримдаа асуудал тулгарахад бага байхад эмээ, өвөөгийн хэлж байсан үг л бодогддог юм билээ. Би анх удаа гадаад орон руу буюу урагшаа Хятад руу явахаар болоод өвөөд хэлсэн юм. Тэгсэн чинь өвөө “За миний хүү хүний газар нэрээ, олны дунд үгээ бодож яваарай” гэж хэлж билээ. Өвөө маань одоо 94-тэй хөгшин бий. Одоо болтол тэр үгийг нь би бодож явдаг. Үхэхдээ харамсах зүйлгүй байхсан гэж боддог.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Ерөнхийлөгчийн мэндчилгээнд оролцсон. Нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх “Шуугиан таригч” кинонд оролцсон байна. Энэ кино маань инээдмийн кино учраас он гарсны дараа стрессээ тайлж, шинэ оноо инээд хөөртэй, итгэлтэйгээр угтаасай гэж хүсч байна. Тэгж уриалмаар байна.
Миний хувьд өнгөрсөн онд хэд хэдэн уран бүтээлд тоглосон байна. Зун зургадугаар сард СУИС-ийг хамт төгссөн Хөгжимт театрын ангийнхан маань арван жилийн ойдоо зориулж уран бүтээл хийсэн. Энэ киноны арын ажил нь дуусаад хэзээ гарах нь тодорхойгүй байна. Он гараад нээлт хийх байх. Дээрээс “Prime pictures”-ын уран бүтээлд тоглосон. Тэр маань одоо удахгүй гарах байх. Өнгөрч буй оноо нэлээд хэдэн уран бүтээл дээр ажиллаж өнгөрөөлөө. Мөн шинэ ондоо энэ уран бүтээлүүдээрээ угтаж байгаадаа баяртай байна. Шинэ он гараад ч уран бүтээлийн санал ирчихсэн байна. Он гарсны дараахан уран бүтээлдээ орох байх.
-Ирээдүйн төлөвлөгөө?
-Төгсөөд арван жил боллоо. Дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаад долоон жил болж. Олон ч студи, продакшнтай хамтарч ажиллалаа. Тэр болгон дээр хүмүүсийн шинээр сэтгэж байгаа ололт амжилтыг харлаа. Энэ бүхний дүнд өөрийнхөө нэг бүтээлийг хийе гэж бодоод байгаа юм. Тэр нь дэлгэцийн уран бүтээл байх болов уу. Өөрийгөө жаахан сорих гэсэн юм. Хүний уран бүтээлд ороод яваад байхаар амжилт гаргасан ч хүнийх, алдаа гаргасан ч хүнийх л болоод байна.
-
2015 оны 12 сарын 23
О.Баасанхүү: Н.Номтойбаяр, Г.Нямдорж хоёрын аль нэг нь шоронд орох ёстой
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй он солигдох гэж байна. Таны хувьд Өргөдлийн байнгын хорооныхоо энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн дүгнэж байна?
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороог арванхоёрдугаар сарын сүүлээр авах ёстой байсан. Харамсалтай нь тухайн үед УИХ-ын байнгын хороон дээр тохиролцоонд хүрэхгүй намайг гурван удаа унагаасан. Ингэж гурван удаа унагааж, дахин сонгууль явсаар байгаад 2 сар гартал сонгогдоогүй учир миний хувьд байнгын хорооны хугацаа бол арай дуусаагүй.
Сүүлийн 6 сарын байдлаар 27 мянган км зам туулсан байна. Өмнөх зургаан сартай харьцуулахад 50 орчим мянган км замыг бусдын өргөдлийг шийдвэрлэхийн тулд туулжээ.
Хоёр хилээр гарч, Халх гол Дорнод руу гурван удаа явлаа. Өмнөговь, Баруун аймгууд руу ч хэд хэдэн удаа явлаа. Өөрөөр хэлбэл, маш завгүй ажиллаа. Ноцтой асуудал мөн, бишээс шалтгаалж нэг хүний өргөдлийн мөрөөр ч явах үүрэгтэй.
Төсвөө бол бага зэргээр хэтрүүлсэн. Харин үр дүнгийн хувьд Засгийн газраас хамаарсан асуудал болоод байна.
Тухайлбал, Ноён уулын асуудлаар ӨБХ, УИХ шийдвэрээ гаргачихсан. Энэ асуудлыг хамгаалах тухай л ярих ёстой гэсэн байр суурийг илтгэсэн. Харамсалтай нь мөнгөтэй лоббичид гурван удаа оруулж ирж байна. Энэ долоо хоногт дахиад л оруулж ирнэ.
Мөн Тосон бумбын газрын асуудлыг он дуусах гэж байхад шийдээгүй л байна. Зургаан УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нь хүртэл лоббинд орчихсон сууж байгаа.
-ЗГХЭГ-ын сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн бариад Ерөнхий сайдаас банга хүртэх шиг боллоо. Түүний шийдвэрт ямар байр суурьтай байна?
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Байнгын хорооны тогтоолыг би биелүүлэхгүй. Ийм тогтоол гаргадаг чинь буруу гэх бичиг өгсөн. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрөө ийм бичиг өгч байгаа тохиолдолд яаж өнөөдөр ӨБХ үр дүнтэй байна гэж хэлэх юм бэ. УИХ-ын гишүүн сайдыг огцруулж болохгүй гэдэг шийдвэр гаргачисан. Тэгэхээр хэн огцруулах юм. Ерөнхий сайд УИХ-д би огцруулмаар байна гэж хэлэх үү.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэж “хараагдсан” Засгийн газар байна. Энэ нөхөд байгаа цагт бид хэзээ ч өөдлөхгүй.
Сайдуудаас сайн хэлүүлж байгаа хэл амгүй сайд ч гэж алга. Зам тээврийн сайд “Төмөр замынх нь Пүрэвбаатар хачин мэдэгдэл хийгээд явчихлаа гээд Гадаад хэргийн сайд нь бөөн юм боллоо”, Шадар сайд нь өргөдөл өгчихлөө, Сангийн сайд нь виксель гээд янз бүрийн юм ярилаа. Эрүүлмэндийн сайд нь хэл аманд орчихлоо. Уул уурхайн сайд нь огцор гээд яриулж байна. Байгаль орчны сайд нь Тосон бумбаа оруулж чадахгүй. Боловсролын сайд нь бүр хүнээр туршилт хийчихсэн гээд ам сайтай ч юм алга.
Бүх сайд нь огцрох виз ээ авчихсан хүмүүс. Зарим хүмүүс хэлэх л байх л даа. Зургаан сар тэсье гээд. Монголчууд номхон хүлцэнгүй байдлаараа хүлээж байгаа. Гэхдээ хор уршиг их байна.
-Өргөдлийн байнгын хороонд хандсан иргэдээс зохих ёсны хариугаа авч, асуудлаа зөв тийш нь зохицуулсан хүн бишгүй л биз?
-Нээлттэй сонсгол хийсний ачаар дураараа хоморголон халдаг асуудал зогсож, шүүхийн шийдвэрээ авч зарим нь ажилдаа орсон байсан. Мөн хууль тогтоомжуудаа өөрчлөх асуудал үр дүнгээ өгч байна.
Зарим том толгой, том чихтэй төрийн албан хаагчид хариуцлагаа үүрээд, хууль хяналтын байгууллага руу явуулсан зүйл цаг тухайд нь хяналт шалгалт хийгээд явж байгаа. Буруутай нь буруугаа хүлээж, зөв зүйтэй нь эрхээ сэргээлгэж байна. Тэгэхээр байнгын хороо бол байх ёстой. Хамгийн гол нь Засгийн газар байнгын хорооны шийдвэрийг биелүүлэхэд санаачлагатай ажиллах шаардлагатай.
-Оюунтолгойг далд уурхайн санхүүжилт батлагдлаа. Ард түмэн их л ам сайтай байх шиг байна. Таны хувьд?
- Оюутолгойн гэрээ явах ёстой, сайн гэж боддог. Гэвч миний зүгээс бол Оюутолгойн гэрээний зарим зүйлийг шүүмжилж байгаа. Бүр тодруулбал, 3.2 тэрбум долларын зөрчлийг хүчингүй болгосныг сайшаахгүй байгаа. Оюутолгой банкнаас зээл авах гэсэн. Гэвч санхүүгийн зөрчил байсан. Харин үүнийг хүчингүй болгосон. Энэ бол Монголын ард түмний эсрэг үйлдэж байгаа зүйл.
-Өргөдлийн байнгын хороонд ямар өргөдөл түлхий ирж байна?
-Нийтийн болон хувийн шинжтэй өргөдлүүд ирнэ. Хувийн шинжтэй өргөдөл л гэхэд хууль хяналтын байгууллагын “но”-той асуудал, Эрүүл мэндийн төлбөр, эмнэлгийн зардлын асуудлаар, шагнал урамшуулал хийгээд ахуйн асуудлаар түлхүү ирдэг.
Би нэг зүйлийг боддог юм. 2000 мянган гэр айлуудад өгөх юмсан гэж. Тухайлбал, тавуулаа амьдарч байгаад нэг нь тусдаа гарахаар орон гэргүй болчихдог зүйл их байна. Тэгэхээр хүн болгон байшин, байранд амьдарч чадахгүй энэ үед ядаж монгол гэртэй болгочихвол учир бий байх.
-Найман хувийн зээлийн хувь заяа хаашаа эргэх нь ч тодорхойгүй, нэг л биш болоод явчихлаа. Эргэлзээтэй олон асуудал ч байна. Энэ тал дээр?
-Найман хувь, ипотекийн зээл гээд том дарамт хүмүүст ирэх гэж байна. Үндсэн хуулийн цэц найман хувийн ипотек аваад байраа авчихсан бол та мөнгөө төлөхийн тулд байраа түрээслээд ашиг олохыг зөвшөөрлаа гэж яриад байгаа. Гэтэл хамгийн утгагүй нь банкнаас хамааралгүй өмчөө захиран зарцуулах болчихож байгаа нь сөрөг үр дагавартай. Учир нь банк нэг ёсондоо тэр хүнээс мөнгө авахын тулд барьцаанд нь байр байлгах ёстой байтал тэгж чадахгүй болж таарч байна. Өрөөр хэлбэл, барьцааны байраа банк хяналтандаа авч чадахгүй болчихоор зээл өгч чадахгүй болчихож байгаа юм.
Харин иргэд газраа банкинд барьцаалаад зээл авдаг байсан бол барьцааг байхгүй болгосноор зээл авч чадахгүй болчихож байна. Үндсэн хуулийн цэц ийм л балаа зүйл хийсэн.
-Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр тэгэхээр уялдаа холбоогүй, иргэд хийгээд банкинд ч төвөг учруулахуйц болжээ?
-Түрээсийн гэрээг чөлөөлж өгсөн гэж яриад байгаа ч банкны барьцааг байхгүй болгосон. Банк хөрөнгө барьцаалах эрхтэй гэх эрхийг нь байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэн газраа барьцаалж зээл авч болно гэх эрхийг байхгүй болгосон. Бид зарим зүйлийг ярьж л байдаг, хамаагүй гээд орчихдог. Гэтэл үр дагавар, зовлонгийг нь бид өөрсдөө үүрээд байна. Тэгэхээр энд байгаа хугацаандаа энэ бүхэнтэй тэмцэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол улс төржсөн байгууллага. Би анх өмгөөлөгч байхдаа л энэ байгууллагыг улс төржсөн гэж бодож байсан.
-Үндсэн хуулийн цэцийг улс төржсөн л гэх юм. Яг тоочны хэлчих баримт, фактуус бас байдаггүй юм шиг?
-Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 5 нь МАН-ынх. Үлдсэн 4 нь АН-ын хүмүүс шүү дээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүн шүүхээр ял аваагүй байсан. Гэтэл СЕХ-ноос АТГ шалгаж байгаа учраас сонгуульд өрсөлдөж болохгүй гэдэг сонин заалтаар хориг тавьсан. Н.Энхбаяр даргын зүгээс “Би ямар ч байсан ял аваагүй байна шүү дээ. Би гэм буруугүй тул сонгуульд ороё” гээд цэцэд хандсан. Гэтэл боловсролын хувьд боломжгүй гээд дүгнэлт тавьчихсан улс чин Үндсэн хуулийн цэцийнхэн шүү дээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүнийг Боловсролын чадамжгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хараад манай намынхан бүгд гайхсан. Гэсэн ч улс төр юм байгаа биз гээд тоогоогүй.
Тэгсэн дараа нь Засгийн газрын нөөц хөрөнгөтэй холбоотойгоор С.Баярцогт гэдэг хүний асуудал яригдахад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 саяаар баяраа тэмдэглэ, 220 саяд машин ав гэх шийдвэрийг гаргасан. Тэгэхэд нь бүгд шоконд орсон. Яг үүнд УИХ-ын ажлын хэсэг гарч авлигатай холбоотой гэсэн дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр гаргаад танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгсэн хэрнээ хэн ч хуулийн байгууллагаар энэ нөхдийг явуулаагүй.
-Г.Нямдорж гэдэг хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эрүүгийн хэрэгт холбоотой хэмээн олон нийтийн өмнө удаа дараа зарлаж байна. Гэтэл өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь ч тодорхойгүй байсаар байгаа. Танай ӨБХ-нд энэ талаар ямар нэг өргөдөл, гомдол ирсэн тохиолдол бий юу?
-Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой өргөдөл ирээгүй. Би хэвлэл мэдээллээс л сонсож байгаа. ӨБХ-нд хэрэв ийм өргөдөл ирсэн бол хуулийн дагуу л шийдүүлэх байх.
Хэвлэл дээр гарч байгаа зүйлийг харахад аль нэг нь шоронд орох ёстой. Н.Номтойбаяр эсвэл “Мунзуй” гэх Нямдорж. Учир нь бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Би бол нэг их хуралд байгаа учир Н.Номтойбаярыг тийм юм хийсэн гэж итгэхгүй байна. Гэхдээ “Мунзуй” Г.Нямдоржийг санаатайгаар бусдыг гүтгэх шаардлага байгаа гэж харахгүй байна. Монгол Улсад өнөөдөр хууль гэж байдаг бол МУ-ын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэж хүн ажлаа хийж байгаа бол үүнийг шийдэх ёстой. Мэдээлэл гаргасан хүн мэдээллээ нотлох ёстой. Эсвэл мэдээллийн дагуу буруутай этгээдийг олж тогтоож шийтгэх хэрэгтэй. Ийм л энгийн дүрэм байгаа шүү дээ.
-
2015 оны 12 сарын 17
Нүүрс хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн, хэрхэн үр дүнтэй ажил байсан энэ хэргийг шүүсэн шүүх, шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй ярилцлаа.
-
2015 оны 12 сарын 16
Оросын Мордовт олон улсын шорон гэж байдаг, тэнд нэлээд эртнээс манай монголчууд ганц нэгээрээ хоригдож байсан тухай сонсоогүй хүн цөөн байх. Тэгвэл энэ удаа тус шоронгийн будаанаас бараг хоёр жил шахам халбагадаж байсан хувь заяа нэгэнтэй уншигчдаа уулзуулъя.
-
2015 оны 12 сарын 15
2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр иргэд худалдан авсан бараа үйлчилгээ бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломжтой болох юм. Мөн худалдан авсан барааныхаа баримтаар өндөр хонжвор бүхий сугалаанд оролцоно. Харин аж, ахуй нэгжүүд цаг тухай бүрт нь хялбар, шуурхай аргаар татварын тайлангаа бүрэн тайлагнах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тэгвэл энэхүү урамшууллын системийг нэвтрүүлэхтэй холбоотой технологийн бэлтгэл байдлыг хэрхэн хангаж байгаа талаар НӨАТУС-ийн төслийн нэгжийн стратеги, төлөвлөлтийн албаны захирал Н.Энхбаттай ярилцлаа.
-
2015 оны 12 сарын 14
Л.Гантулга: Интернэтийн хэт хэрэглээ Монголын төдийгүй дэлхийн тулгамдсан асуудал болсон
-
2015 оны 12 сарын 08
Б.Мөнгөнтуяа: Улстөрчдийн хэлмэгдүүлэлт миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн
-
2015 оны 12 сарын 04
А.Энхтайван: Чингисээр өвчилчихсөн хүмүүст Өэлүн эхийн тухай үнэлэмж байгаагүй
-
2015 оны 12 сарын 02
Л.Жамбалжав: Эрүүл мэндийн салбарыг МАХН унагасан гэдэгтэй санал нийлэхгүй
-
2015 оны 12 сарын 01
...Зэсийн үнэ 4500 ам.доллараас доош орох юм бол Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж, алдагдалд орно гэдэг тооцоо байгаа. Мэдээж мөнгөн урсгалын хувьд зэсийн үнэ унах тусам манай бодит орлого буурч байгаа шүү дээ...
-
2015 оны 11 сарын 27
Цаг нь мөн үү, биш үү гэдэг бол хоёрдахь асуудал. Нийгмийн суурь гэрээ, Монгол улсын Тусгаар тогтнол, ард түмний бүрэн эрхийн баталгаа гэдэг утгаар нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ул суурьтай, судалгаатай хандах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу? Миний хувьд шаардлага байна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд төрийн эрх, мэдлийн хувиарлалтыг хяналт, тэнцвэртэй болгох. Ингэхдээ парламентын одоогийн хэт их эрх, мэдлийг болон хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байдлыг засч, өөрчлөх шаардлагатай. Гэхдээ үүнийг өөрчлөх нэрийн дор төрийн эрх, мэдлийнхээ хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулж нэг талд нь хэт их эрх мэдэл өгвөл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй.
-
2015 оны 11 сарын 27
...Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой үйлдвэрүүдэд шаардлагатай байгаа уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг үйлдвэр байгаасай. Энэ үйлдвэрийг дагаж олон ч салбар хөгжинө...
-
2015 оны 11 сарын 25
НӨАТ-ын буцаан олголтыг дансаар олгоно
-
2015 оны 11 сарын 25
Г.Уянга: Н.Энхбаяр гэж албан тушаал наймаалцсан л хүн байна
-
2015 оны 11 сарын 23
УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг, үеийн асуудлаар ярилцллаа.
-
2015 оны 11 сарын 20
УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.
-
2015 оны 11 сарын 19
Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач, яруу найрагч Нямбуугийн Баянмөнхтэй ярилцлаа.
-
2015 оны 11 сарын 18
Б.Аззаяа: Хүссэн зүйлээсээ атгачихаад л нутаг буцна
Монголын циркийн урлагийн гайхамшгийг гадаадын олон орон сурталчилж, өдгөө АНУ-д амьдраад жил гаруйн хугацаа болж байгаа Монголын үндэсний циркийн жүжигчин Б.Аззаяатай онлайнаар ярилцлаа.
-Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу, намайг Б.Аззаяа гэдэг. Монголын үндэсний циркийн жүжигчнээр ажилладаг. Агаарын гимнастик, тэнцвэрчин мэргэжилтэй.
-Циркийн урлагаар хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-Олон жил болж байна. Бараг 13 жил циркийн урлагаар хичээллэж байна гэхээр 10 настайгаасаа циркийн урлагт хөл тавьсан гэх үү дээ.
-Арван настайгаасаа гэхээр хүүхэд ахуйн дурсамж тань тэр чигээрээ цирктэй холбогджээ?
-Тийм ээ. Багаасаа л энэ урлагтай амьдралаа холбосон болохоор хүүхэд нас минь циркэд өнгөрсөн. Анх 10 настайдаа аав, ээжийгаа дагаад багшдаа шалгуулж байлаа. Тэр үеэс л циркийн жүжигчин болох гараагаа эхэлсэн. Одоо хэр нь суралцаад л явж байна даа.
-Монголын үндэсний циркийн жүжигчнээр ажиллаад хэр удаж байна вэ?
-Яг одоогоор бол “Mongolia circus entertainment”-д харьяалагддаг. Үйл ажиллагаагаа 20 гаруй жүжигчинтэй явуулж байна. Гэхдээ одоог хүртэл Монголын үндэсний циркийнхээ хамт олонтойгоо хамтарч ажиллаж байгаа.
- 20 гаруй жүжигчинтэй гэхээр үнэхээр нүсэр том бүрэлдэхүүн байх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ, бид жил бүр Монгол Улсаа сурталчилж, гадаадын орнуудаар аялан тоглолт хийдэг. Одоо ч гэсэн эх орноо сурталчлаад АНУ-д байна. Энд ирээд жил гаруй боллоо.
-Удаж байгаа юм байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Монголынхоо циркийн урлагийн гайхамшигт үзүүлбэрийг тус улсын хэчнээн хотод үзүүлээд байна вэ?
-Одоогоор АНУ-ын 60 гаруй хотоор аялаад байна. Гэхдээ энд бүрэн бүрэлдэхүүнээрээ байхгүй байгаа. Бусад маань гадны өөр улсад аялан тоглолтоор явж байгаа байх. Миний хувьд энд өөрийн хамтрагч охинтой эх орноо сурталчилж явна. Бид “American international circus”-д харьяалагдаж, ажилллаж байна.
-Үнэхээр бахархмаар юм аа. Америк чиний аялан тоглолтоор очиж байгаа хэд дэх орон гэсэн үг вэ?
-Яг хэд гэж тоолох хэцүү.
-Яагаад?
-Олон орноор аялан тоглолт хийсэн болохоор нарийн тоо гаргах хэцүү л дээ. /Инээв/
-Ингэхэд гадаадын орнуудаар тойрон аялал хийхэд Монголын циркийн урлаг, та бүхнийг хэрхэн хүлээж авч байх юм бэ?
-Үнэхээр сайхан хүлээж авдаг. Монголын жүжигчид гэхээр бүр ч их сонирхож, бусдаас илүү хүлээж авдаг шүү.
-Тэр болгонд эх орноороо бахархах сэтгэл төрнө л биз дээ?
-Яг үнэн. Би урлагийн хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. Үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа үзэгчдийн алга ташилт, тэр агшин, тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй сайхан.
-Гэр орон, эх орноосоо хол байгаа хүнд санхүүгийн асуудал их тулгардаг байх. Циркээсээ цалинжаад явдаг уу?
-Мэдээж хүний газар байгаа болохоор санхүүгээ маш сайн тооцоолохгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл, бид хоёр энд цалинтай ажилладаг. Циркээс маань цалинжуулдаг юм.
-Эх орондоо хэзээ ирэх вэ?
-Яг одоогоор бол эх орондоо очно гэсэн зүйл бодоогүй байна. Хүссэн зүйлээсээ атгачихаад л нутаг буцна даа.
-Хүссэн зүйл гэдгээ жаахан дэлгэрүүлж болох уу?
-Нэгэнт л циркийн урлагийг сонгосон болохоор оргилд нь гарахыг хүсч байна.
-Циркийн үзүүлбэр үзэж байгаа хүндээ сайхан ч үзүүлж байгаа жүжигчиндээ их эрсдэлтэй мэргэжил шиг санагддаг. Өнгөрсөн хугацаанд шантрах үе байсан л биз дээ?
-Байлгүй яах вэ. Анхандаа маш их уйлдаг, шантардаг байсан. Гэсэн ч энэ урлагтаа хайртай болохоор хэзээ ч орхиж байгаагүй. Зарим үзүүлбэр маань үнэхээр эрсдэлтэй л дээ. Анх бол “Багш маань хажууд байгаа юм чинь” гэж бодоод, багшдаа итгээд үзүүлбэрээ хийдэг байсан. Одоо бол биеэ даагаад явж байгаа болохоор өөрөө өөрийнхөө чадварт л итгэнэ шүү дээ.
-Таны хариултаас байсхийгээд л “Багш, багш” гэдэг үг гарах юм. Ингэхэд багшийг тань хэн гэдэг юм бэ?
-Мэдээж багшгүйгээр энэ мэргэжлийг төсөөлөхгүй. Миний багшийг Эрдэнэцэцэг гэдэг.
-Монгол Улсын гавьяат жүжигчин үү?
-Тийм ээ. Багаас маань зааж, сургасан хүн байгаа юм. Уран чадвар, хатуужил гээд л... бүх зүйлийг зааж өгсөн. Багштайгаа нэлээн хэдэн орноор аялан тоглолтоор явж байсан. Хоол хийхийг хүртэл зааж өгсөн шүү. /Инээв/
-Харь оронд циркийн үзүүлбэр үзүүлж явахдаа багшийгаа санана л биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, маш их санаж байна. Заримдаа багштайгаа явж байгаа хүүхдүүдийг харахаар атаархдаг. Багш маань яг л миний ээж гэсэн үг. Бүхий л зүйлийг зааж өгдөг байлаа. Тэр хүнээс их олон сайхан зүйлийг сурсан. Үнэхээр их талархаж, баярлаж явдаг. Бас миний төрсөн ах Б.Ариунболд гэж циркийн жүжигчин, жонглёрчин хүн бий. Ах маань миний хоёр дахь багш л гэсэн үг. Ахдаа ч гэсэн баярлаж явдаг.
-Ингэхэд манай улсын циркийн жүжигчдийн уран чадвар дэлхийн хаах нь явна гэж боддог вэ?
-Маш өндөрт явдаг шүү дээ. Оролцсон тэмцээн бүрээсээ ямар нэгэн байдлаар шагнал хүртдэг.
-Сүүлийн үед манай улсын циркийн урлаг зогсонги байдалд орчихлоо. Үзэгч битгий хэл циркийн жүжигчин хүртэл ховор байна. Үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ, санал нийлнэ. Монголд циркийн жүжигчин ховор, тэр хэрээр уран бүтээл гаргахгүй байгаа нь үнэн. Намайг жаахан байхад циркийн их гоё, гоё тоглолт болдог байсан. Үзэгчид хүртэл танхим дүүрэн байдаг байлаа. Тэр үеийг хааяа үгүйлдэг шүү.
-Гадаадын олон орноос үзүүлбэрээ үзүүлж явахад хөгжилтэй үе тохиолдоно л биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, олон жүжигчинтэй хамт явдаг болохоор байнга л хөгжилтэй зүйл тохиолдоно. Нэг удаа биднийг тоглолтоо үзүүлж байхад бүх гэрэл унтраад галын дохио дуугарсан юм. Танхимд байсан бүх үзэгч гараад явчихсан. Ийм үед яг яах ёстойгоо мэдээгүй. /Инээв/
-Хөгжилтэй юм аа. Гэхдээ галын дохио дуугарч байхад үзэгчидтэйгээ уралдаад л гарна биз дээ, өөр яах юм бэ?
-Эхлээд гэрэл унтрахаар нь үзүүлбэрээ үзүүлээд л байсан. Тэгсэн бүр галын дохио дуугардаг юм даа. Тайзнаас яаж бууснаа ч санадаггүй шүү дээ. Үнэхээр хөгжилтэй.
-Циркийн жүжигчин гэх мэргэжлийн сайхан, муухай нь хаанаа байдаг юм бэ?
-Хэр баргийн хүн чадахааргүй сайхан мэргэжилтэй болно. Гадаадын олон орныг үзнэ. Сайхан найз нөхөд, хамт олонтой болно гээд сайхан зүйл олон бий. Бэрхшээл гээд байх зүйл байхгүй ээ. Тэвчээр, хатуужил шаардсан урлаг болохоор тэр бүхнийг даваад гарчих юм бол сайхан мэргэжил шүү дээ.
Ийн Б.Аззаяа ”Манайхан циркийн урлагт хайртай, үздэггүй хүн гэж үгүй. Тэр ч өнгөөрөө циркийнхээ урлагт хайртай байгаарай. Бас уран бүтээлч бидэнд алга ташилтаа харамгүй өгч байхыг хүсч байна” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөв.
Б.Аззаяа: Хүссэн зүйлээсээ атгачихаад л нутаг буцна
-
2015 оны 11 сарын 16
Эрчим хүчний сайд Д.Зоригттой цөөн хором ярилцлаа.
-
2015 оны 11 сарын 16
УИХ-аар 2016 оны төсвийг баталсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа.