Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар 04:00 цагт Бразил улсын МАРАКАНА цэнгэлдэх хүрээлэнд явагдаж дууслаа. Тоглолтонд Нидерландын шигшээ баг зохион байгуулагч Бразилийн шигшээ багийг 3:0 харьцаатайгаар буулгаж авснаар хүрэл медалийн эзэд болсон юм. Тоглолт эхлээд 3 минут өнгөрч байхад Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч алдаа гаргаж Нидерландын шигшээ багийн довтлогч Робин Ванперси торгуулийн 11 метрийн цохилтоор багтаа эхний оноог авчирсан бол 17 дахь минутанд Блинд, 90+1 минутанд Вижналдум нар гол оруулснаар тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Ийнхүү хөл бөмбөгийн эх орон гэгдэх Бразил улс нутаг дээрээ хоёр тоглолт дарааллан 10 гоол алдсан гэх гутамшигтай түүхийг бичсэн бол Улбар шарууд гурван мөнгө, нэг хүрэл медалийг дэлхийн аваргаас авч шилдэг багуудын эрэмбэд 8-р байрт бичигдсэн амжилтаа бататгав. Бразилийн шигшээ баг нутаг дээрээ хүндхэн тоглолтыг хийж ялагдсан ч цэнгэлдэхэд хуран цугласан хөгжөөн дэмжигчид Нидерландчуудад баяр хүргэж хөл бөмбөгийн соёлыг харуулсан юм.



















