
Энэ сарын 8-12-нд Монголд айлчилсан Кыргызстаны Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев айлчлалынхаа хугацааг хэтрүүлсэн хэргээр сөрөг хүчний депутатуудад байцаагдаж, золтой л огцроогүй ажээ. Тэрээр нэг өдөр Монголд айлчилна гэж мэдэгдэж байсан ч тав хоног саатжээ. Оторбаевыг айлчлалаа хэтрүүлж, тав хоног амарсан, Тажикстан Кыргызстаны хил дээр буудалцаан болж, онц байдал зарлаад байхад ч эх орондоо яаран ирээгүй хэмээн буруутгаж байгаа юм. Сөрөг хүчний депутат Равшан Жээнбеков “Ерөнхий сайд бүтэн тав хоног Монголд зугаацлаа. Хэрэв Тажикстан Кыргызстаны хил дээр будлиан гараагүй бол түүнийг байхгүй байгааг хэн ч анзаарахгүй байж болох байлаа. Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн алба нь түүнийг Кыргызстанд байгаа гэж худлаа мэдэгдсэн нь ч байж болохгүй зүйл юм” гэж шүүмжилжээ.
Кыргызстаны сэтгүүлчид “Хар л даа. Дандаа эвслийнхэн хамтдаа явсан байна. Тэд алс хол Монголд айраг ууж, хонь идээд намар хийх улс төрийн тоглоомоо найруулж байсан байх” гэж бичжээ.