Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн сарын сүүлээр Монголд
ирэх төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь тэрээр товлосон хугацаандаа ирж
чадаагүй. Үүний учир шалтгааныг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Г.Шийлэгдамба эмч нарын дүгнэлттэй холбон тайлбарлаж буй. Харин зарим эх сурвалж үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна. Тэр нь Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл юм.
Ингэхдээ Н.Энхбаярыг "2011.12.01-ний өдөр “Империал Гоулд” ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусган үлдэгдэл 1 сая доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулсан.
Мөн 2008 онд иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилсан" гэжээ.
Дээрхи үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор МАХН-ын байрлаж байгаа “Эскон” ХХК-ний эзэмшлийн 2 давхар байрыг битүүмжилсэн гэж байгаа юм.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (28)