Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмэнд гүн хордсон байдалтайгаар
ухаан алдсан 16 хүүхэд ирсэн нь нийгмийн цочроогоод байна. Одоогийн
байдлаар эмч нар эмэнд хордсон тэдгээр хүүхдүүдэд шаардлагатай бүхий л
эмчилгээг хийж байна. Юутай ч манай сурвалжлах баг хүүхдүүдийн биеийн
байдал хэр байгааг тодруулахаар ЭХЭМҮТ-ийг зорьсон юм. Улмаар ЭХЭМҮТ-ийн
дэд захирал Ц.Алтантуяатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.“Одоогоор дөрвөн хоногтой нярай манай төвийн эрчимт эмчилгээний тасагт, нэг сартай хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Биеийн байдал хүндэвтэр хэдий ч анх ирсэнтэй харьцуулбал сэргэж байна. Харин бусад хүүхдийн бие харьцангуй сайжирч тогтворжиж байгаа. Хүүхдүүдийг эмнэлэгт ирсэн даруйд нь зохих арга хэмжээг авч эхэлсэн. Тус эмийн хувьд хүний биеэс гадагшлах хугацаа 90-120 цаг байдаг” гэв.

Юутай ч эцэг эхчүүдийн хувьд сэтгэл санаа нь түгшсэн, айдастай байна. Яах учраа ч олохгүй болохоор Эрүүл мэндийн дэд сайд Э.Амарсанаагаас хүртэл тусламж гуйсан аж.
Дашрамд хэлэхэд, тухайн үед эм зүйчээр ажиллаж байсан эмийн санчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “2014 оны 8-р сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороо “Гурван гал” эмнэлэгт байрлах “Монос” эмийн сангийн эм зүйч буруу эм өгсөний улмаас 16 бага насны хүүхэд одоогоор ЭХЭҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ хэрэг дээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт холбогдуулан тухайн “Монос” эмийн сангийн эм зүйчээр ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 20-р хор хороонд оршин суух 21 настай Э гэгчийг холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн эм зүйчийн хувьд мэргэжлийн хүн байсан эсэхийг ч шалгаж тогтооно” гэв
Эцэст нь гэж хэлэхэд, иргэд энэ байдлаас болж эмийн сангаар үйлчлүүлэхээс эмээж эхэллээ. Мөн ийм хариуцлагагүй үйлдэл гаргасан “Монос” эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож, томоохон шалгалтыг оруулах хэрэгтэй гэж шаардаж байна. Түүнчлэн, эм зүйчээс гадна нийлүүлсэн газрыг нь олж тогтоож хариуцлага тооцох хэрэгтэй гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (39)