Монголыг дэлхий дахинд сурталчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хийгдэж ирсэн “Discover Mongolia” чуулган ирэх есдүгээр сарын 4,5-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Анхны чуулганд гадаадын 250 орчим хөрөнгө оруулагч ирж байсан бол энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр 1000-д хүрээд байсан юм. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын талаар хамгийн бодитой нэгдсэн мэдээллийг авч, Монгол дахь түншээ олоход “Discover Mongolia” чуулган онцгой ач холбогдолтой арга хэмжээ байсаар ирсэн. Монголын олон бизнесмэнүүд энэхүү чуулганаар дамжуулж түншээ олж шинэ хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдээр эдийн засагт үр өгөөжөө нэмж, ажлын байрыг тэлдэг байв. Тэгвэл энэ жилийн “Discover Mongolia”-д 200 орчим төлөөлөгч л оролцохоор бүртгүүлжээ. Энэ тухай уул уурхайн ассиоцацийн Ерөнхийлөгч Н.Алгаа “ 2003 оноос хойш чуулганд оролцогчдын тоо эрс өссөн. 600, 800 давхардсан тоогоор 1000 хүрч байсан. Өнгөрсөн жил тааруу болсон. 400 орчим оролцогчтой байсан. Энэ жил бүр ч муудах янзтай байна. 200 гаруй хүн л ирэх таамаг байна. Анх эхэлсэн жилээсээ, Монголыг хэн ч мэддэггүй байсан 2003 оны “Discover Mongolia”-гаас ч бага хүн оролцоно гээд бодохоор хөрөнгө оруулагчдын итгэл ямар түвшинд байгаа нь харагдах байх. Шинээр хөрөнгө оруулагч ирэхгүй болж таарч байна. Уг нь жил бүр дөрвөөс таван групп ирдэг байсан. Энэ жил хойд Америкаас л ганц групп ирж магадгүй. Монголын хувьд анхны төлбөртэй, бизнесрүү чиглэсэн чуулган, ийм чухал арга хэмжээний оролцогч эрс буурч байгаа нь хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсны тод илрэл” гэдгий онцлов.
Түүнчлэн энэхүү арга хэмжээг ивээн тэтгэхээр уртаас урт дараалал үүсдэг байсан бол энэ жил байдал огт эсрэгээрээ байгаа гэнэ. “Discover Mongolia”-г 11 удаа зохион байгуулагдахад “Оюутолгой” ердөө нэг л удаа ивээн тэтгэхээс татгалзаж байжээ. Тэр нь гэрээний асуудал шийдэгдээгүй 2009 он байв. Харин энэ жил “Оюутолгой” компани ивээн тэтгэж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Цөөхөн оролцогчтой, эдийн засгийн нөхцөл байдал нь эргэлзээтэй, бодлогын хувьд тогтворгүй байхад “Discover Mongolia”-г ивээн тэтгэх сонирхолтой байгууллага алга байна.
Хэдийгээр Засгийн газрын зүгээс үүнд багагүй анхаарч Ерөнхий сайд үг хэлэхээр болсон ч нөхцөл байдлыг нааштай эргүүлж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна. Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхохоо байж нэгэнт оффисоо нээж бизнесийн яриа хэлэлцээрт орсон нэгэн нь хүлээж харзнах горимд ороод байгааг Н.Алгаа онцолж байна. Тэрээр “Томоохон компаниуд эхнээсээ манай улсыг орхиод гарсан “BHP” “Вале” байхгүй. “Англо Американ” гэж дэлхийд эхний тавд ордог компани тусгай зөвшөөрөлгүй оффисийн ганцхан өрөөтэй сууж байна. “Пийбоди” гэхэд тавантолгойд оролцох гэж долоон жил хүлээж байна. Мөн нэг контороос өөр юмгүй. Ийм нөхцөлд байгаа учраас ивээн тэтгэх боломжгүй гэдэг хариуг өгсөн... Лав л ойрын хоёроос гурван жилдээ хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхгүй. Австралийн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс хар дансанд орсон” гэж хэлж байна.
Ердөө хоёрхон жилийн өмнө хөрөнгө оруулалтыг даллаж, Монгол бол “Mine-Golia”гэж дэлхийд алдаршиж байсан Монгол Улс хөрөнгө оруулагчдыг үргээсэн төр засгийн харалган бодлогын “ачаар” ийм байдалд оржээ. Тэд Монголоос зугтаж байгааг энэхүү чуулганы дүр төрх тод харуулж байна. Харин “Discover Mongolia” чуулган цомхон ч гэсэн болдогоороо болоод өнгөрнө. Энэ удаагийн уриа нь “Welcome back” буюу “Эргээд ирээч”...
























































Сэтгэгдэл (11)