-
2016 оны 7 сарын 18
АН-ын ҮЗХ-ны хурал халуухан үргэлжилж байна.
Шинэчлэлийн ЗГ-ыг унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярина гэсэн бол
Дөнгөж сая Х.Баттулга хэлэхдээ “ Ерөнхийлөгч , Их хурлын дарга 2 намайг дуудаад Засгийн газрын гишүүнээс татгалзаад өргөдлөө өгчих тэгээд давхар дээлийг ярьцгаая гэж хэлсэн гэлээ
-
2016 оны 7 сарын 18
ШААРДЛАГА
2016.07.18 Улаанбаатар хот
АН гэдэг нь 1-рт: Ардчилсан хувьсгалийг сэдэж, санаачлан амь нас, эрүүл мэндээ үл хайрлан энэ үйл хэрэгт өөрийгөө зориулж ардчилалыг өнөөгийн бидэнд авчирч өгсөн ахмад үе, 2-рт: ардчилал, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөө нийгмийн сайн сайханы төлөө ажил үйлсээ зориулж яваа дундүе 3-рт: эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэх үзэл санааны үр хөврөлийг тээж буй болгох залуу үе гэсэн 3-н цагийн хэлхээс бөгөөд нийгмийн захиалга, ард түмний хүсэл зоригоор үүсч бий болсон үндэсний хэмжээний улс төрийн хүчин билээ. АН-ын дотоод шинэчлэл, дүрмийн өөрчлөлт нь улс орны ойрын болон алс хэтийн бодлого, ардчилалын замаар замнах эсэхтэй салшгүй холбоотой юм. Иймээс АН-ыг шинэчлэх, “Үндсэн дүрэм”-ийг өөрчлөхөд туйлын няхуур ул суурьтай хандах шаардлагатай гэдгийг манай хөдөлгөөний зүгээс нийт гишүүд дэмжэгчиддээ анхааруулж байна. Тэр тусмаа АН-ын намын олон мянган гишүүдийн итгэлийг эвдэн өөрийн явцууэрх ашиг сонирхолоорМАН-тай хуйвалдан Шинэчлэлийн ЗГ-ийг огцруулж, намын нэр хүндийг унагааж, УИХ болон Аймаг, нийслэлийн ээлжит сонгуульд АН-г ялагдуулахад нөлөөлсөн эрх мэдэл бүхий хүмүүсийн явцуу санаархал болох “шинэчлэл, өөрчлөлт нэрийн дор залуусыг өдөөн турхирч намын эв нэгдэлийг хагалан бутаргах”-ыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.
Ийм учраас АН-ын гишүүд дэмжигчид бид өөрийн үзэл бодол,эвийн хүчээ нэгтгэн АРДЧИЛАЛАА аврахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж доорхи шаардлагыг холбогдох байгууллага хүмүүст хүргэж байна:
1. Дүрэмгүй тоглох нь намын доторэмх замбараагүй байдал бий болгож хагарал, талцал, хуваагдалаас өөр сайн үр дүн авчрахгүй гэдгийг анхаарч ажиллахыг “ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН”-ны зарим нөхдөд сануулахын ялдамдөнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “ҮНДСЭН ДҮРЭМ” нь 5 удаа ялалт авчирсан дүрэм гэдгийг санаж хүндэтгэлтэй хандахыг
2. Намын дүрэм зөрчигдөөд байгааг тогтоосон АН-ын ХЕХ-ны тогтоолууд удаа дараа гардаг боловч түүнийг намын удирдлага огт тоож үздэггүй байсан бөгөөд “ҮНДСЭН ДҮРЭМ” ээ хэрэгжүүлдэггүй том толгойтой гишүүд нилээдгүй байснаас асуудал хүндэрсэн болохоос биш дүрэмийн муугаас болоогүй гэдгийг бүгд ойлгож намын удирдлагаасХЕХ-ны тогтоолуудыг хэрэгжүүлэх, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс АН-ын дүрмээр өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд намыг төлөөлөх, эв нэгдэл, шудрага ёсны зарчимыг баримтлан эрх зүйт ёсыг дээдлэж ажиллахыг
3. Монголчууд бид “Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал” гэж ярьдаг. АН-ын дарга хэзээч, ямар ч үед ГЗ-өөр томилогдож байгаагүй ба эрх зүйн хүрээнд тийм боломж байхгүйг хүндэтгэн АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг санхүүгийн тайлангаа тавиад ажлаа гүйцэд хүлээлгэж өгөхийг
4. АН-ын их хурлын товыг ойрын үед нийтэд зарлаж хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт эгэл жирийн гишүүдийн төлөөлөлийг оролцуулахыг
5. Үндсэн дүрэм зөрчин сонгогдсон нь ХЕХ-оортогтоогдсон ҮЗХ-ны гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг нийт ҮЗХ-ны гишүүдээсхатуу шаардаж байна.
АРДЧИЛСАН НАМАА АВРАХ ХӨДӨЛГӨӨН
-
2016 оны 7 сарын 18
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдааныг өнөөдөр 18.00 цагт товлосон байсан ч ирц бүрдэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ.
-
2016 оны 7 сарын 18
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд 70 жилийн түүхт Зэвсэгт хүчний ”Алдар” спорт хорооны тамирчид илүүрхэн өнгөллөө. Үндэсний баяр наадамд амжилттай сайн оролцсон Зэвсэгт хүчний ”Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Батлан хамгаалахын сайдын хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, яамны газар, хэлтсийн удирдлагууд, ”Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар байлцсан юм.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэж хэлсэн үгэндээ ”Юуны өмнө Зэвсэгт хүчний тамирчид та бүхэндээ одтой сайхан наадаж, наадамчин олноо баясгасан сайхан барилдааныг үзүүлсэн явдалд баяр хүргэе. Олон тэгш ой тохиосон энэ жилийн наадмыг хүмүүс ”Алдар”-ын наадам, Зэвсэгт хүчний наадам боллоо гэж онцолж байна. Аргагүй үнэн үг юм. Баяр наадмын түрүү бөх манайх, үзүүр бөх нь бас л манай Зэвсэгт хүчний тамирчид байлаа. Хоёр харцагатай, 14 начин цолтон шинээр төрсний 7 нь манай ”Алдар”-ынх. Урианхай сурын харваанд алтан медаль, хүүхдийн сурын харваанд хүрэл медаль гээд бахдам сайхан амжилттай оролцлоо. Та бүхнээрээ бахархаж байна. Энэ бүх амжилтын цаана хувь хүний хөдөлмөр, хөлс, зүтгэл, чармайлалт байгаа. Бас түүний цаана биеийн тамирын төлөөх, салбарын алба хаагчдын бэлэн байдлын төлөөх БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа олон ажил байгаа гэдгийг та бүхэн мэднэ. ”Алдар” спорт хорооны шинэ цогцолбор байртай болж, тамирчид маань бэлтгэл сургуулилтаа тасралтгүй гүйцэтгэх том боломж бүрдсэн. Ингээд удахгүй болох Рио-2016 олимпод ”Алдар”-аас оролцох 11 тамирчиддаа амжилт хүсч баяр хүргэе. Түүхт 70 жилийнхээ босгон дээр амжилт бүтээл арвинтай байгаа та бүхнээрээ бахархаж байна” гэсэн юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Үндэсний бөхийн барилдаанд 10 давж түрүүлэн ”Монгол Улсын Аварга” цол хүртсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тамирчин, дэслэгч Ч.Санжаадамба, 9 давж үзүүрлэж ”Монгол Улсын арслан” цол хүртсэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэслэгч Р.Пүрэвдагва нарт хоёр өрөө байр олгох батламж, мөнгөн аяга гардууллаа. Мөн шинээр улсын харцага, начин цол хүртсэн тамирчдад мөнгө аяга, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн. Түүнчлэн Батлан хамгаалахын ”Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэслэгч Р.Пүрэвдагва нарыг шагналаа. ”Дайчин алдар-1” медалиар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Х.Гантулга, ”Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын хошой мэргэн, ОУХМ, ахмад Д.Норжмаа нарыг шагналаа. ”Эх орны төлөө-1” хүндэт тэмдэгээр ”Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Л.Шинэбаатар, ”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дугаар ангийн ахлагч Б.Дэлгэрсайхан, ”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Б.Чимэдвандан, ”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ахлагч Ц.Чимэддорж, ”Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Ц.Нямдорж, ”Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганзориг, ”Алдар” спорт хорооны тамирчин М.Бат-Отгон, урианхай сурын харваанд алтан медаль хүртсэн ”Алдар” спорт хорооны тамирчин Ж.Энхбат нарыг шагнасан юм. ”Халх сурын харваа”-нд хүрэл медаль хүртсэн өсвөрийн харваач Х.Цогтбаяр нарт дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн юм. Энэхүү арга хэмжээний даргаа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон даргын зөвлөлийнхөн ”Алдар”-ынхныг хүлээн авч баяр хүргэж, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулав. Тэрээр түүхт 70 жилийнхээ босгон дээр олон амжилт бүтээлтэй байгаа тамирчиддаа баяр хүргээд одоо та бидний өмнө Рио-2016 олимп хэмээх том ачаа бий. Бризалийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээе” гэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, 1985 онд ”Алдар” спорт хорооны хоёр бөх Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд үзүүр, түрүүнд үлдэж байсан бол энэ түүх 31 жилийн дараа буюу энэ жил дахин давтагджээ.
-
2016 оны 7 сарын 18
Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг монголдоо амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр бичихдээ
”Ази Европын Дээд хэмжээний чуулганд ирсэн зочид нутаг нутгийнхаа зүг хүлгийн жолоо залцгаав. Энэхүү уулзалтын эрхийг Монгол улс зориг гаргаж, өрсөлдөж өөртөө итгэж авсан нь сайн боллоо. Монголын минь сайн нэр 5тэрбум гаруй хүний сонор мэлмийд хүрчээ. Монголын түүх, хосгүй байгаль, уламжлал соёл, ажил үйлс, ур чадвар, зохион байгуулалтыг олны олон сайшаан магтацгаав.
Бөмөрцөгийн хоёр тивийн удирдагчид манай нийслэл хотод АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэв. Өнгөрсөнөө дүгнэж, өнөөг цэгнэж, ирээдүйгээ ярилцав. Хоёр тивийн бүтэн жилиийн их чуулган амжилт бүтээл дүүрэн өндөрлөж, дараагийн зочиндоо Монгол улс халаагаа өглөө. 810 жилд энэ дөрвөн тоо -1206:2016- дөрвүүлээ тэгширч (0,1,2,6) тус бүр 2 удаа давтагдсан нь олны билигшээл ерөөлийг дагуулав.
АСЕМ-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд болон олон талт үйл ажиллагаа, хурал уулзалт, баримт бичиг хэлэлцээр, сургалт суртачилгаа, үйлчилгээ хамгаалалт гээд бүх талаар хамтран ажилласан нийт хүмүүст гүн талархал илэрхийлье. Монгол хүний сурсан, хийсэн бүхэн Монголдоо үлдэнэ. Дараа дараагийн олон зүйлд хэрэг болно.
Монгол чадлаа. Монголчууд чадлаа. Ард түмэндээ баярлалаа. Зочид гийчдийн сэтгэл дээд зэргээр хангалуун буцлаа. Насан туршдаа мартахгүй сайхан дурсамжийг монголчууд Та бүхэн бидэнд үлдээж чадлаа гэж тэд дор бүрнээ ярьцгаав. Монголын ард түмэн, төрд чин сэтгэлийн талархал илэрхийлцгээв. Монголын минь ажил үйлс, буян заяа, золбоо хийморь үргэлжийн үргэлжид өөдөө байг ээ”
-
2016 оны 7 сарын 18
Зуны халуун наранд арьс тань борлож өнгөө алдаж байна уу? Тэгвэл эдгээр 10 аргуудаас өөрийн арьсны онцлогт тохируулан хэрэглээрэй.
1. Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай. Бүх төрлийн арьсанд тохиромжтой зөгийн бал, нимбэгний маск. 100г шингэн зөгийн балыг 1 ширхэг дунд зэргийн нимбэгтэй холино. Энэ холимогоороо нүүрээ угаахаасаа 10-15 минутын өмнө өдөр болгон нүүрээ арчина. Хэрэв хөргөгчинд хадгалах юм бол удаан хадгалж болно. Тос ихтэй тосон дээр 10г нимбэгний шүүс 4:1 хэмжээгээр нэмнэ. Сайтар хутгаад нимбэгний крем бэлэн боллоо. Энэ крем нь сэвх болон наранд түлэгдсэн үед маш сайн.
2. 1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10г сахар ба 100мл буцалсан ус аваад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 30-40 минутын дараа арилгаад нүүрээ угаана. Нүүрээ норгоод нүүр болон хүзүүндээ тос түрхэнэ.
3. Өндгөөр маск тавих нь арьсыг жигд цайруулдаг. Хамгийн үр дүнтэй арга ч гэгддэг. Гэхдээ долоо хоногт 2-3 удаа л өндгөөр маск тавихыг зөвлөж байна. Учир өндгийг өдөр бүр нүүрэндээ тавих нь хуурайшуулдаг.
4. Цайны халбага нимбэгний шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арч. Энэхүү зөвлөгөөг 3-4 хоногт хэрэгжүүлснээр таны арьс хоёр дахин цайрах болно. Холливуудын нэрт жүжигчин Женнефир Анистон зураг авалтад оролцож байхдаа энэхүү аргыг хэрэглэдэг гэнэ.
5. Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчина. Ганцхан удаа макс тавихад арьс тань шууд цайрах болно.
6. Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно. Үр дүнг нь үзэхийн тулд 5-10 хоног энэхүү аргыг өдөр тутам хэрэглэхийг зөвлөж байна
7. Нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй. Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Нэмж зөвлөхөд нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай бөгөөд хэтрүүлэх хэрэггүй.
8. Тараг нь сүүний ижил арьс цайруулдаг бол зөгийн бал тэжээл өгөх болно. Тиймээс энэ хоёрыг холиод нүүр эсвэл биендээ түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Тараг сонгохдоо чихэргүй, жимсгүйг хэрэглээрэй.
9. Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавина.
10. Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавина. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөө толбыг арилгах шидтэй.
-
2016 оны 7 сарын 18
ЗӨСҮТөв нь өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна. Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандахыг хүсье.
ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг. Саяхан л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ууса, Жалбаа гэдэг газар тарвага үхсэн тухай дуудлагын дагуу тус аймгийн “Зоонозын өвчин судлалын төв” ажиллаж, лабораторийн шинжилгээ хийхэд тарваганы нэг зэм үхдэлээс тахлын үүсгэгч илэрсэн нь тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг харуулж байгаа юм.
Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 18
АСЕМ-ын Дээд түвшний 11-р уулзалтын хаалтад зориулсан тоглолт өнөөдөр Чингисийн талбайд 20.30-24.00 цагт болно. Тус үйл ажиллагааг нээж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх бөгөөд урилгаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар оролцох аж.
Тоглолтод ”Fire”, ”Киви”, ”Colors”, ”Гурван охин”, ”Lemons” хамтлагууд тоглох юм. Мөн МУГЖ Т.Ариунаа ая дуугаа өргөх юм байна.
-
2016 оны 7 сарын 18
Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
-
2016 оны 7 сарын 18
Сонирхогчдын сумо бөхийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 30, 31-нд болно.
Тус тэмцээн “Буянт ухаа” спорт цогцолборт болох бөгөөд уг тэмцээнд дэлхийн олон орны сумочид өрсөлдөнө. Энэхүү тэмцээний зурагт хуудсыг их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэсэн байна.
-
2016 оны 7 сарын 18
Есдүгээр сарын 4-нд болох Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд оюутнууд өрсөлдөх гэнэ. Тэд 2014 онд болсон ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байсан аж.
Сонгуульд нэр дэвшигчдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн аж. Бүртгэл ирэх сарын 29 хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлснийхээ дараа нэр дэвшигчид кампанит ажилдаа орж байна.
БНХАУ-ын талыг баримтлагч хууль тогтоогчид дахин олонх болох магадпал өндөр байна. Харин эх газрын Хятадыг шүүмжлэгч сөрөг хүчнийхэн хэр олон суудал авах нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. Одоо тэд Хууль тогтоох зөвлөлийн суудлын гуравны нэг гаруй хувийг эзэлж байгаа учир гол хуулийн төслүүдэд хориг тавих эрхтэй аж.
-
2016 оны 7 сарын 18
Олон улсын математикийн 57 дугаар олимпиад долдугаар сарын 6-16-нд Хонконг хотноо зохиогдож өндөрлөлөө. Нийт 111 орны 600 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс манай сурагчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, Монгол Улс 33 дугаар байр эзэлжээ. Тодруулбал, Сант сургуулийн 12-р ангийн сурагч Б.Пүрэв Хүрэл медаль, Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч О.Бодрол Мөнгөн медаль, Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч Г.Баяржавхлан Мөнгөн медаль, Эмпати /Мон-Турк/ сургуулийн 11-р ангийн сурагч С. Цэнд-Аюуш хүрэл медаль тус тус хүртжээ.
МУИС-ийн багш, олимпиадын багийн ахлагч Б.Баяржаргал энэ жил өмнөх амжилтаа ахиулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж бэлдсэн. Үүний үр дүн ч гарсан гэв. Нэг бодлого нь долоон оноотой, нийт зургаан бодлого бодож, авсан оноогоороо байр эзэлдэг эл олимпиадад Монгол Улсыг төлөөлж зургаан сурагч оролцжээ.
Мөнгөн медалийн эзэн О.Бодрол “Би энэ жил 12 дугаар анги төгссөн. Тиймээс миний хувьд энэ бол сүүлийн олимпиад байлаа. Өмнө нь хоёр удаа орж, хүрэл медаль авч байсан. Энэ жил маш сайн бэлдэж, зорьсондоо хүрч, монгөн медаль авсандаа баяртай байна. Тусалж, дэмжсэн багш нартаа баярлалаа” хэмээн ярив. Тэрбээр улсын олимпиадаас дөрвөн удаа алтан медаль хүртэж байжээ.
Тусгай байр эзэлсэн, Нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч М.Өнөболд “Олон улсын олимпиадад улсаа төлөөлж оролцсондоо баяртай байна. Би өнгөрсөн жилээс олимпиадуудад бэлдэн, орж эхэлсэн. Энэ жил Улсын олимпиадын аравдугаар ангийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн” гэлээ. Тэрбээр 13 настай бөгөөд тус олимпиадын хамгийн “бяцхан” өрсөлдөгчдийн нэг байсан аж.
-
2016 оны 7 сарын 18
Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилго бүхий “Монгол хуушуур-2016” фестивалийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Монголын Тогооч нарын холбоо тус тус хамтран зохион байгуулжээ. Фестивалийн үеэр “Хамгийн өвөрмөц хуушуур”, “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн цэмцгэр асар” гэсэн 3 номинацаар шалгаруулалт явуулсан байна. “Хамгийн өвөрмөц хуушуур”-аар Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн хоолны газар, Төгс 4 эрдэм ХХК-ийн хоолны газар, “Хамгийн амттай хуушуур”-аар Гал хувь ХХК, Иргэн В.Цэцгээгийн хийсэн хуушуур, “Хамгийн цэмцгэр асар”-аар: Бодьмадмаараг ХХК-ний асар, Сант асар ХХК-ний асар тус тус шалгарлаа. Наадамчин олны дунд монгол ахуй, монголын түүх, монгол наадмын талаарх мэдлэгийг олгох танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж түрүүлсэн оролцогчийг шагнасан байна. Мөн “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ”, “Хэн хамгийн олон хуушуур идэх вэ”, “Хэн хамгийн олон төрлийн хуушуур чимхэх вэ” зэрэг олон төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж оролцогчдыг аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний асраар үнэгүй үйлчлүүлэх эрхээр урамшуулжээ.
Наадмын өдрүүдээр худалдаа үйлчилгээний талбайд 870 гаруй хоол үйлдвэрлэл үйлчилгээний цэг ажиллаж наадамчин олондоо үйлчилсэн байна. Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт үйлчилгээ гаргах аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх ТӨХК, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран семинар зохион байгуулж, зөвлөгөө, мэдээллээр хангаж, худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ хүнсний аюулгүй байдал, техник хэрэгслийн аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллахыг зөвлөсөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 18
МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Тус хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын томилгоог ярилцжээ. Одоогийн байдлаар Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга нарыг томилоод байгаа аж. Зарим аймаг өнөөдрөөс ИТХ-аа хуралдуулж Засаг даргын нэрээ дэвшүүлж эхэлжээ.
Дашрамд дурдхад, тус хуралдаанаар сайд нарын томилгоо болон байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж байсан боловч хэлэлцээгүй аж.
-
2016 оны 7 сарын 18
Зика вирус бэлгийн замаар эмэгтэй хүнээс эрэгтэй хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тодруулал, 30 орчим насны эмэгтэй шумуулаар халдвар тархдаг бүсэд очоод Нью-Йоркт эргэн иржээ. Долоо хоног халуурч, бие нь өвдсөн учир тэр эмэгтэй АНУ-аас гараагүй найз залуугийн хамт эмчид хандсан байна.
Дашрамд дурдхад, Вирус дэгдсэн цагаас хойш Аргентин, Чили, Шинэ Зеланд, АНУ, Франц, Итали, Канад, Перу, Португал, Герман, Испани гэсэн 11 улсад бэлгийн замаар халдвар тархсан тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар дэлхийн 60 улсад Зикагийн халдвар тархаад байгаа юм.
-
2016 оны 7 сарын 18
Дундговь аймаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав. 1973 онд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн амжилтаар Өндөршил сумынхан “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан бол 43 жилийн дараа ийнхүү аймаг нийтээрээ төрийн дээд одон гардан авч байгаа аж. Ерөнхийлөгчийн зарлигт ”Үндэсний соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн уламжлахад манлайлал үзүүлж, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт шинэ санаачилга гарган, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Дундговь аймгийн ард иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав” гэжээ.
Шагнал гардуулах ёслолыг нээсэн аймгийн ИТХ-ын дарга С.Буджав үг хэллээ. Тэрээр, “Манай аймгийн ард иргэдийн 75 жилийн хөдөлмөр, бүтээлийг төр үнэллээ. Дундговь аймаг гал голомтоо асаасан үеэс энэ л газар шороон дээр аж төрж, хөлс хүчээ аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд зориулсан ахмад үеийнхэн, жанжин Мижидээс эхлээд үе үеийн удирдлагууд, нутгийнхнаа төлөөлөн монгол төрийг түшилцэж явсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, энэ нутгаар овоглодог нийт ард түмэндээ түүхэн өдрийн халуун мэндийг хүргэе. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон маань Дундговийн хөгжлийг түлхэх хүч болно гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.
-
2016 оны 7 сарын 18
Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5965 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7125 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.9 хувиар буюу 365 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ 1.0 хувиар буюу 90 төгрөгөөр өссөн байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар буюу 335 төгрөг, хонины цул мах 5.4 хувиар буюу 415 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах ”Баянзүрх”, ”Хүчит Шонхор’ “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин ”Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.
Мөн энэ сарын эхний долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт ”Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бембөгөр”, ”Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-иас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. ”Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. ”Бөмбөгөр”, Таван-Эрдэнэ”, ”Оргил”, “Хархорин” хүнсний захуудад ”Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин ”Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалагдлаа. Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол манжин 52.0 хувиар буюу 1710 төгрөгөер өсч, харин монгол лууван 0.9 хувиар буюу 25 төгрөг, байцаа 11.1 хувиар буюу 250 төгрег, хятад сонгино 1.5 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна.
-
2016 оны 7 сарын 18
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх аврах ангийн бие бүрэлдэхүүн баяр наадмын амралтын өдрүүдээр буюу 2016 оны 07 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд Сэлэнгэ мөрөн, Орхон голд завьт эргүүл ажиллуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.
Завьт эргүүл ажиллах явцад Эрэн хайх аврах ангийн аврагчид хурдан шуурхай ажиллаж усанд живж байсан зургаан иргэний амь насыг авран хамгаалав.
Untitled-2
Тодруулбал, долоодугаар сарын 13-ны өдөр гурван иргэнийг, 14-ний өдөр гурван иргэнийг усанд живж байхад нь авран хамгаалж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн энэ өдрүүдэд усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж 101 тээврийн хэрэгсэл, 293 том хүн, 168 хүүхэд нийт 463 иргэнд сэрэмжлүүлэх материал тараан ажилласан юм.
-
2016 оны 7 сарын 18
Бразил улсын Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны 31 дүгээр Олимпийн наадамд оролцох Монголын тамирчидыг энэ сарын 20-нд үднэ. Тус ёслол 11:00 цагаас Чингисийн талбайд болно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр ”Рио 2016”-г зорих юм.
Монгол Улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг ”Рио 2016” Олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, баксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин Олимпийн эрхээ тулалдан байж авсан.
-
2016 оны 7 сарын 18
Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баяр наадмын өдрүүдээр наадамчдын аюулгүй байдлыг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах, аврах ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулахаар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллажээ. 2016 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд голын усанд боогдсон 11 дуудлагаар ажиллаж усанд боогдсон 57 иргэн, усанд суусан 14 авто машиныг завь болон аврах ажиллагааны техник хэрэгсэл ашиглан татаж гаргасан байна. Мөн гэр, хашаа борооны усанд автсан, барилгын зоорийн давхарт ус орсон гэсэн 22 дуудлагаар ажиллаж 52 айлын хашаанд тогтсон усыг соруулж, 7 айлд борооны ус зайлуулах суваг, шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэжээ. Голын усанд осолдож 8 хүн нас барсан. / 9-12 насны 2 хүүхэд 6 насанд хүрсэн хүн/, авто ослын 2 дуудлагаар ажиллаж 38 настай эмэгтэй М, 17 настай эрэгтэй Ц нарыг төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврах ажиллагаа зохион байгуулан гарган ГССҮТ-д хүргэж, 2 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Өндрөөс аврах ажиллагааны 2 дуудлагаар ажиллаж Баянзүрх дүүрэгт барилгын 10 давхраас унах гэж байсан 32 настай эмэгтэй Х-ийн амь насыг авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3 хороо Хандгайтын 40 гудамжинд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт гарсан байсан иргэн Б гийн аврах ажиллагаа зохион байгуулж амь насыг аварчээ. Гадаадын жуулчдад болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул осол тохиолдсон үед хаана ямар дугаарын утсанд хандаж тусламж авч болох талаар англи хэл дээр гаргасан 4000 гарын авлага материал тарааж өгч ажилласан байна. 7 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх аврах ажиллагааны 26 нийт 50 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж үүрэг гүйцэтгэж, 70 иргэнийг ахуйн болон техникийн холбогдолтой ослоос авран хамгаалсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.