-
2017 оны 1 сарын 25
“Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталлаа
-
2017 оны 1 сарын 25
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглаж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
-
2017 оны 1 сарын 25
Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа.
-
2017 оны 1 сарын 25
Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах нөөц ашигласны тусгай төлбөр нь 3-аас доошгүй хувь байх талаар УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
-
2017 оны 1 сарын 25
Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав.
-
2017 оны 1 сарын 25
“Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
-
2017 оны 1 сарын 25
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах, судлах шаардлагын үүднээс тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж буйг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулснаар хэлэлцүүлгийг хойшлуулав.
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар танилцууллаа. Ажлын хэсэг гурвантаа хуралдсан бөгөөд Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах тухай тус банкны үйл ажиллагаанд Монголбанкны тавих хяналт, хөрөнгө, өр төлбөрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах эрхийг тус банкинд олгох тухай, ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох, томилох, хараат бус гишүүдийн тоо, тэдгээрийг сонгон шалгаруулах зэрэг асуудалд илүү анхаарал хандуулан ажилласан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монголбанкнаас бичгээр санал авч, тусгах боломжтой саналуудаар зарчмын зөрүүтэй саналыг томьёолол бэлтгэжээ. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдээс гарган, олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлээд буйгаа танилцууллаа.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын төлбөрийг төлөх боломж болон хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Хөгжлийн банкны цаашдын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодруулав. Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.доллар төлөх ёстой бөгөөд Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд, албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэллээ. Бондын төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэрийг цуглуулах гурван хувилбар гаргасны хоёрыг нь ажил хэрэг болгохоор хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагатай хамтраад яриа, хэлцээр эхлүүлэн гурван сарын болсон, үлдэж буй 50 гаруй хоногийн хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэв. Эрх зүйн орчныг шинэчилснээр Хөгжлийн банк Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөт заасан төсөл хөтөлбөрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэн, жагсаалт гаргасны дагуу хөрөнгө оруулалт татах яриа хэлцлүүдийг хийх боломж бүрдэх юм байна. Одоогоор хийгдэж буй хэлцэлүүд амжилттай болж 85 хүртэлх хувийн санхүүжилтээ бүрдүүлж чадвал 15 хувийг нь тодорхой эх үүсвэрээр босгон ажиллах бизнес модель боловруулаад байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хариулт өгсөн юм.
Ингээд дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар горимын санал гаргав. Тэрээр хэлэлцэж буй хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж буй хуулиуд, ялангуяа Төсвийн тухай хуультай агуулга, зарчмын хувьд нэлээд зөрчилдөж байна. Хуулийн зөрчил нь Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөн ажиллаж байгаа энэ үед гэрээ хэлцэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсгэхээс магадлалтай тул Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа тайлбарлалаа. Горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжснээр дараагийн асуудлаа хэлэлцэхээр боллоо.
УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын яамнаас тодорхой ажлуудыг төлөвлөн, удирдлагаар ханган ажиллаж байгааг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм. Манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх үүднээс Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр зам барих төслийн урьдчилсан судалгааг боловсруулжээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан тохиолдолд тээвэрлэх үндсэн ачаа нь төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд бараа бүтээгдэхүүн байх аж. Үүний үр дүнд дотоодын түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэлтийн зардал буурах тооцооллыг гаргасан байна. Тодруулбал, тээвэрлэлтийн замын урт 350 гаруй км-ээр багасаж, нэг тонн төмрийн хүдрийн тээвэрийн зардал 3-4 ам.доллароор буурах юм байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийсэн юм. Зүүнбаян-Ханги гэж шинэ чиглэл гаргах нь хэр оновчтойг Улсын Их Хурлын гишүүд тодруулаад үүнийгээ Сайншанд-Ханги болгон өөрчлөх боломжийг судлах, шинээр тавих төмөр замын царигийн асуудлыг нарийвчлах, бүтээн байгуулалтын санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн концессыг дэмжих, цаашлаад бодлогын баримт бичгээ цогцоор нь шинэчлэх талаар анхаарах зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тогтоолын төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.
“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг энэ өдрийн хуралдаанаар мөн хэлэлцсэн. Салбарын сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ”агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх замыг холбоо, навигацийн төхөөрөмжөөр нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд тоноглосон байна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 9.8.1-д “Иргэний нисэхийн дэд бүтэц болох холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж, улсын хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэж төрийн өмчлөлд байна” гэж тус тус заажээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын хоёр дахь хэсгийн 5 дахь заалтад “Нислэгийн хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах барилга байгууламж, онгоц хөөрөх зурвас, нийтийн хэрэгцээний аэродром” гэж зөвхөн барилга байгууламжийн хэсэг нь тусгагдсан байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 онд 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий есөн төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Иймд олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-иор хүлээсэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх шаардлагатай хэмээн үзэж дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг хувьчилж болохгүй үндэслэлийн талаар болон бусад орны жишгийн талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн гишүүн, ИНЕГ-ын Агаарын навигацын бодлогын хэлтсийн менежер Ганболд өгсөн хариултдаа, өдөрт Монгол Улсын агаарын орон зайд өдөрт тодорхой тооны тогтмол нислэг үйлдэгддэг ба нэг онгоцонд агаарын навигацын үйлчилгээ үзүүлэхэд олон төрлийн тоног төхөөрөмж ашигладаг. Эдгээрийг хувьчлах эрх зүйн орчин бүрдээгүй, агаарын орон зайн аюулгүй ажиллагааг хангах дүрэм, журмууд бүгд хуульчлагдсан байдаг. Бусад орнууд, тэр дундаа хөрш орнуудын энэ төрлийн дэд бүтэц нь төрийн өмч байдаг жишээ бий. Өнөөдрийн байдлаар зөвхөн Герман, Тайландад энэ төрлийн дэд бүтцийг хувьчилсан байдгийг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн. ИНЕГ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээс гадна Монгол Улсын иргэдийн өмнө үүрэг хүлээж, эрх ашгийг хамгаалан ажиллах ёстойг гишүүд онцолж байв. Эдийн засгийн ач холбогдолтой чухал салбар болох аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ИНЕГ чухал үүрэгтэй байхад чиглэлийн нислэгүүдийн хуваарилалтыг давхардуулдаг, газар зүйн байрлалын онцлогоос шалтгаалан Монгол Улсад зорчих хамгийн боломжит хувилбар нь онгоцоор нисэх байдагч өртөг нь бусад орны нислэгтэй харьцуулахад хэт өндөр байдаг. Улс орон, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ийм байдалтай гүйцэтгэдэг атлаа олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг байдлаар ажилдаа хандаж байгааг шүүмжилсэн юм. Цаашид иргэдэд ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй үйлчилгээг нэвтрүүлэх санал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих хөтөлбөрийн төсөл зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байгаа зэрэг санал хэлсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, салбарын сайд чөлөөтэй байгаа, харин байнгын хорооны хуралдаанаар сонсох өнөөдрийн мэдээллийн сэдэв тун чухал, тодруулах олон асуудал байгаа учир хойшлуулах горимын санал гаргав. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 25
Ардчилсан намын дарга З.Энхболд12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.
-
2017 оны 1 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв.
Төрөөс бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
АмЧам Монголын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Жэй Лиотта уулзалтыг нээж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол дахь Америкийн Худалдааны танхимын 2017 оны анхны уулзалтын зочноор урин оролцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, УИХ-аас нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх боломж олгосонд талархал илэрхийлье. Шинэ УИХ байгуулагдсанаас хойших зургаан сарын хугацаанд 64 хуулийн төсөл өргөн баригдаж, 89 хуулийг батлаад байна. Одоогоор хэлэлцэгдэж байгаа эдийн засгийн чиглэлийн гол хуулиуд бол Хөгжлийн банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулийн төслүүд байна. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг баталлаа.
Мөн засаглал, институцийн хөгжил, төрийн албаны чадавхийг сайжруулахад онцгой анхаарч байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын биелэлттэй эхнээс нь танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг тухай бүрт гаргаж байна. Гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр нүүрсний экспортын үнийг нэг цонхны бодлогод шилжүүлж, худалдан авагчдыг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлснээр экспортын үнэ сүүлийн хагас жилийн дотор 2 дахин өслөө. Монголбанкнаас бодлогын хүүгээ 1 хувиар бууруулан 14 хувьд хүргэсэн. Цаашид үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн идэвхижлийг дэмжих бодлого баримталж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын дарамтыг хөнгөлөх зорилгоор жилдээ 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой үндсэн 4 салбарын бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг хөнгөлж, 1.0 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг өргөн бариад байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын тогтвортой, бие даасан байдлыг хангах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллаж байна. УИХ-ын даргын хувьд бодлого тодорхой, зохицуулалт оновчтой, үйл ажиллагаа тасралтгүй, ил тод байх, аливаа ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр үнэлдэг, хариуцлага тооцдог байх зэрэг зарчмуудыг хатуу баримтлахыг Засгийн газарт зөвлөж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан.
Монгол Улсын урт хугацааны төлөв өөдрөг, эерэг байгаа боловч өнгөрсөн хугацааны бодлогын алдаанаас үүдэлтэйгээр богино хугацааны хүндрэл үүсээд байна. Гэхдээ өнгөрсөн алдаа оноог дэнслэхээс илүүтэйгээр гарах арга замыг эрэлхийлж ажиллаж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг харгалзан үзвэл ОУВС-ийн хөтөлбөрийг авч, эдийн засгаа зөв гольдролд оруулах, богино хугацаанд тогтворжуулан, хүртээмжтэй өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна” гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал, гадаадын банкийг оруулж ирэх асуудал, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийн талаарх оролцогчдын асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
АмЧам Монгол нь Монгол-Америк хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр үй ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь гурван сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны танхимын албан ёсны салбар юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 25
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.
-
2017 оны 1 сарын 25
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудлыг хэлэлцжээ.
-
2017 оны 1 сарын 25
Ардчилсан намын лидерүүдийн нэг Норовын Алтанхуягийн ажил, амьдралын тоололд хамгийн адармаатайд тооцогдох 2016 он улиран одов. Нам нь сонгуульд ялагдсан, өөрөө ч “өвдөг шороодсон”, дотнын нөхөр нь шоронд, ийм нэгэн Н.Аятанхуягийн нэр Монголын нийгмийн онцлох эрхмээр эрэмбэлэгдлээ.
-
2017 оны 1 сарын 25
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үеэр ”Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.
Тэрбээр бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж ”Хэлэлцэх асуудлын материалыг өнөөдөр гар дээрээ авч байна. Уг нь гурав хоногийн өмнө баримт бичгийг гишүүд авсан байх ёстой. Танилцах бололцоо олгох үүднээс тус бүлэг ийн завсарлага авч байна” гэв.
-
2017 оны 1 сарын 25
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
-
2017 оны 1 сарын 25
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар дараах 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсох юм байна.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай
Ж.МӨНХБАТ
2. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай
Ж.МӨНХБАТ
3. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
4. Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
5. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
6. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7. Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
8. Насны хишиг олгох журам батлах тухай*
Н.НОМТОЙБАЯР
9. “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам батлах тухай
Б.БАТ-ЭРДЭНЭ
10. 2017 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай
Б.БАТ-ЭРДЭНЭ
11. Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
13. Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаар
Г.МӨНХБАЯР
14. Ажлын хэсэг байгуулах талаар (Гацууртын орд)
Ц.ДАШДОРЖ
-
2017 оны 1 сарын 25
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
-
2017 оны 1 сарын 24
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Н.Номтойбаяр нар үг хэлсэн.
УИХ-ын гишүүд, цэргийн албан хаагчид ажиллаж байх үедээ цолны нэмэгдэл гэж авдаг бөгөөд тэтгэвэрт гарсны дараа тогтоолгосон тэтгэвэр дээрээ цолны нэмэгдлээ үргэлжлүүлэн авах асуудлыг хуульд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэдий хэмжээний нэмэлт зардал гарах талаар лавласан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, цэргийн албан хаагчид алба хашиж байх хугацаандаа цолны цалинг давхар авч явдаг бөгөөд бэлтгэл чөлөөнд гарах үед нь авч байсан цалингийн 80 хувиар тооцон тэтгэврийг тогтоодог юм байна. Өөрөөр хэлбэл, цолны нэмэгдэл орсон цалингийн нийт хэмжээний 80 хувиар тооцохоор цолны нэмэгдэл тэтгэврийн хэмжээнд багтаж яваа аж.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч байгаа юм байна. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой гэлээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр танилцуулсан юм.
Шинэчлэн боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой болгон спортыг түншлэлийн зарчмаар хөгжүүлэх орчин бүрдүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн биеийн тамир, спортод төрийн оролцоо давамгайлсан одоогийн тогтолцоог өөрчлөн спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих орчин бүрдүүлэх, бакалаврын төгсөлтийн дараахь сургалтаар биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо бий болгон чадварлаг мэргэшсэн хүний нөөцтэй болох, спортыг шинжпэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажпыг өргөжүүлэх, спортод хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, спорт дахь ялгаварлан гадуурхалт, шудрага бус өрсөлдөөн, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэлээ.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар биеийн тамир, спорт бүх иргэд, гэр бүл, байгууллагын хэрэгцээ болон хөгжихөд нийгмийн бусад салбар, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, спортын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо тодорхой болж, биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанар сайжирч, эрүүл чийрэг иргэн төлөвших нийгмийн таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна.
Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даан үйл ажиллагаа явуулах идэвх сайжирч, төрийн байгууллагын ачаалал аажмаар багасч, спортод аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбогдсон зохицуулалт бий болж, спорт бизнесийн зарчмаар хөгжих эхлэл тавигдаж, спорт эдийн засгийн эргэлтэд орж, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэн, хөрөнгө оруулалт сайжирна гэж танилцууллаа. Түүнчлэн хүн амыг фитнесс, иог, чийрэгжүүлэлтийн төвөөр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зэргээр эрх зүйн орчин бүрдэх ажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Цогцолмаа, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Ганболд, С.Жавхлан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 24
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсох юм байна.
Хэлэлцэх асуудлуудыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 24
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолттой яваа тул хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалав.
Уг тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан бөгөөд тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар тусгажээ. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
-
2017 оны 1 сарын 24
Ардчилсан намын даргын сунгаа шувтрах шатандаа оржээ. Иймээс ч хамтдаа явж сурталчилгаагаа хийнэ хэмээн гэрээ байгуулсан таван нэр дэвшигчээс янз бүрийн үйлдэл гарах болсон байна. Тухайлбал, хамтдаа оролцож байгаа уулзалтууд дээр нэгэн рүүгээ дайрах, эс бөгөөс олон нийтийн сүлжээгээр өрсөлдөгчөө харлуулах зэрэг үйлдэл гаргах болсон аж. Энэ тухай асуудлыг ч Ардчилсан намын даргын сонгуулийн хороо хэлэлцсэн байна. Энэ талаар Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.
-АН-ын даргад нэр дэвшигч бусад нэр дэвшигчийнхээ эсрэг сөрөг сурталчилгаа хийх нь журмаараа хориотой юу. Энэ талаар сонгуулийн хороо хуралдсан гэсэн мэдээлэл байна?
-Хориотой. Нэр дэвшигчидтэй холбоотой янз бүрийн гомдол их ирж байгаа. Тухайлбал, Л.Гантөмөрийн хийлгэсэн гэх захиалгат нэвтрүүлэгтэй холбоотой гомдол ирсэн. Намын даргын сонгуулийн хороо өнгөрсөн 17-нд хийсэн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч Л.Гантөмөрт анхааруулга өгсөн. Дахиад ийм зүйл хийвэл нэр дэвших эрхийг нь хасна. Намын даргын сонгуулийн хороонд ийм эрх бий.
-Бусад нэр дэвшигчдээс нь гомдол ирсэн юм уу?
-Гомдол гаргана гэдгээ хэлсэн хүн бий. Яг одоогийн байдлаар гомдол ирсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна.