
АНУ-ын арми наймдугаар сарын 30-нд Ираны Ларак арал дээр байрлаж байсан хоёр пуужин харвах төхөөрөмжид цохилт өгснөөр Вашингтон, Тегераны хоорондох мөргөлдөөн дахин хурцадлаа. Энэ нь АНУ-ын Ираны нутаг дэвсгэрт хийсэн долдугаар сарын сүүлээс хойших анхны цохилт болж байна.
АНУ-ын талын мэдээлснээр, цохилтын бай болсон хоёр төхөөрөмжийг Ираны Исламын хувьсгалын гвардийн корпусын /IRGC/ хүчнийхэн ашиглаж байсан бөгөөд тэдгээрийг Ормузын хоолойд далайн мина байрлуулах зорилгоор пуужин хөөргөхөөр бэлтгэж байсан гэж үзжээ. АНУ-ын Төв командлал уг ажиллагааг “хязгаарлагдмал, нарийвчилсан” цохилт хэмээн тайлбарласан байна.
Харин Ираны тал АНУ-ын ажиллагааг түрэмгийлэл хэмээн буруутгаж, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Улмаар Ираны Хувьсгалын гварди наймдугаар сарын 31-нд Иордан дахь АНУ-ын цэргийн баазууд руу баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэн байна. Иорданы тал хэд хэдэн пуужинг агаарт устгасан гэж мэдээлжээ.
Ираны талын мэдээллээр, Ларак аралд болсон цохилтын улмаас цэргийн алба хаагчид болон энгийн иргэдийн дунд амь үрэгдэж, шархадсан хүмүүс байгаа аж. Гэхдээ хохирлын нарийн тоог одоогоор мэдээлээгүй байна. Ларак арал нь дэлхийн эрчим хүчний худалдаанд стратегийн чухал байр суурьтай Ормузын хоолойн ойролцоо оршдог. Тус хоолойгоор дамжих нефтийн тээвэр доголдвол дэлхийн зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй.
АНУ-ын цохилтын дараа нефтийн үнэ өсөж, зах зээлд нийлүүлэлтийн шинэ хямрал үүсэх болгоомжлол нэмэгдэв. Наймдугаар сарын 31-нд нефтийн үнэ баррель тутамд нэг доллараас илүү өссөн талаар Reuters мэдээлжээ.
Ийнхүү хэдэн долоо хоногийн турш харьцангуй намжмал байсан АНУ, Ираны мөргөлдөөн дахин сэдэрч, Ормузын хоолойн аюулгүй байдал, нефтийн үнэ болон бүс нутгийн цаашдын тогтвортой байдалд шинэ эрсдэл үүсээд байна. Иран цаашид хариу цохилт өгөхөө амласан тул нөхцөл байдал хэрхэн өргөжих нь олон улсын анхаарлын төвд байна.
Л.Баяр





















































