
АНУ-ын Аризона муж дахь алдарт Гранд Каньон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар сарын 29-нд хүчтэй аадар борооны улмаас гэнэт үер бууж, 15 хүн сураггүй эсвэл холбоо тасарсан байж болзошгүй байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдал маш аюултай хэвээр байна. Үер Bright Angel Creek, Phantom Ranch орчимд орон нутгийн цагаар бямба гаргийн 14:30 орчимд эхэлжээ. Богино хугацаанд их хэмжээний бороо орсны улмаас усны түвшин огцом нэмэгдэж, хад чулуу, шавар, мод болон төмөр хийц зэрэг их хэмжээний хог хаягдал урсгал даган зөөгджээ. Зарим газарт усны түвшин 10 минутын дотор 1.5 метрээс илүү нэмэгдсэн байна.
Үерийн улмаас 62 явган аялагч, кемпчинг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт хүргэсэн байна. Харин цэцэрлэгт хүрээлэнгийн албаныхан 15 орчим хүний хаана байгаа нь тодорхойгүй байгааг мэдээлжээ. Эхний байдлаар сураггүй хүмүүсийн тоог 20-иос дээш гэж мэдээлж байсан ч дараа нь ойролцоогоор 15 болгон шинэчилсэн байна.
Харамсалтай нь, 46 настай эрэгтэйн цогцсыг Colorado River-ийн Crystal Rapids орчмоос олсон талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба мэдээлжээ. Түүний үхлийн шалтгааныг одоогоор нарийвчлан тогтоогоогүй байна.

Үерийн хүч маш их байсан тул Bright Angel Creek дээгүүрх явган хүний ихэнх гүүр сүйдэж, том хэмжээний хад чулуу болон төмөр байгууламжууд Colorado River руу урссан байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн жуулчид болон ажилтнуудыг усаар хангадаг гол шугам гэмтжээ.
Одоогоор Phantom Ranch, Bright Angel Campground, North Kaibab Trail зэрэг газрыг хаагаад байгаа бөгөөд Colorado River-ийн тухайн хэсэгт завь, усан тээврийн хөдөлгөөнийг мөн зогсоожээ. Цаашид аадар бороо, аянга цахилгаантай бороо үргэлжилж болзошгүй тул дахин үер буух, хөрсний нуралт болон хад чулуу унах эрсдэлтэйг албаныхан анхааруулж байна.
Сураггүй болсон хүмүүсийн талаар мэдээлэлтэй аялагчид, ар гэрийнхэн болон гэрчүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албатай холбогдохыг хүсжээ. Аврагчид нисдэг тэрэг болон бусад техник ашиглан хавцлын гүнд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. “Үзэсгэлэнтэй сайхан өдөр байсан. Гэтэл гэнэт хүмүүс орилж, бүгд гүйж эхэлсэн” хэмээн аврагдсан аялагчдын нэг BBC-д ярьжээ.
Л.Баяр





















































