
Японд сүүлийн жилүүдэд баавгайтай холбоотой асуудал эрс нэмэгдэж, эрх баригчид иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд хиймэл оюун ухаан, дрон болон робот чоно зэрэг технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлжээ. 2025 оны дөрөвдүгээр сараас 2026 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд баавгайн халдлагын улмаас Япон даяар 13 хүн амиа алдаж, 220 гаруй хүн гэмтсэн байна. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд баавгай үзэгдсэн тухай 50 мянга орчим мэдээлэл бүртгэгджээ.
Энэ нөхцөл байдалд намар буюу баавгай өвлийн ичээндээ орохын өмнө хоол хүнсээ эрчимтэй хайдаг улирал эхлэх гэж байгаа нь аюулыг улам нэмэгдүүлж байна. Японы зарим орон нутаг ой, суурин газрын заагт хиймэл оюун ухаанаар ажилладаг камер байршуулж, баавгайг автоматаар илрүүлэх систем нэвтрүүлж байна. Мөн дрон ашиглан баавгайн хөдөлгөөнийг ажиглаж, хүн ам суурьшсан бүсэд ойртож байгаа эсэхийг хянаж эхэлжээ.
Харин хамгийн сонирхол татсан арга нь “Monster Wolf” буюу “Мангас чоно” нэртэй робот юм. Энэхүү робот нь жинхэнэ чоно шиг харагдах бөгөөд улаан LED нүдтэй, толгойгоо хөдөлгөж, чонын улих, архирах зэрэг дуу чимээ гаргадаг. Түүнчлэн хүний дуу хоолой, нохойн хуцах болон бусад чанга дуу чимээг ашиглан зэрлэг амьтдыг үргээдэг.
Хөдөлгөөн мэдрэгч нь амьтан ойртож ирэхэд системийг автоматаар ажиллуулна. “Monster Wolf”-ыг анх 2016 онд буга болон зэрлэг гахай зэрэг амьтдыг тариалангийн талбайгаас хол байлгах зорилгоор бүтээжээ. Харин баавгайн халдлага нэмэгдэхийн хэрээр уг роботын эрэлт огцом өссөн байна.
2026 онд үйлдвэрлэгч компани ердийнхөөсөө хэд дахин их захиалга авч, зарим худалдан авагч хоёр, гурван сар хүлээх шаардлагатай болжээ. Нэг роботын үнэ ойролцоогоор 4000 ам.долларт хүрдэг байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар баавгайн халдлага нэмэгдэхэд Японы хөдөө орон нутгийн хүн ам цөөрч, анчдын тоо буурсан зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан баавгайн байгалийн хоол хүнс багасаж, улмаар тэд хүн амын суурьшлын бүс рүү ойртох болсон байна.
Гэхдээ хиймэл оюун ухаан, дрон, робот чоно зэрэг технологи нь асуудлыг дангаараа бүрэн шийдэх арга биш гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Технологийг ан агнуур, хяналт, иргэдэд сэрэмжлүүлэх зэрэг уламжлалт арга хэмжээтэй хослуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Л.Баяр





















































