-
2017 оны 10 сарын 04
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулж өгөв.
ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Орос-Монголын хамтын ажиллагаа” эдийн засгийн форумыг удаа дараа амжилттай зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.
-
2017 оны 10 сарын 04
2017 оны 9 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Тус санхүүжилтээс Монголбанк 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 133 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгоод байна.
-
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцууд болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар танилцууллаа.
Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат “2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл ажлыг хангахад 10 бүлэг төлөвлөгөө гарсан байгаа. Зохион байгуулалтын талаар дөрвөн ажлын төлөвлөгөө гаргаснаас хоёр нь бүрэн биелэлттэй явж байна. Техник үйлчилгээ, засварын бүрэн зогсолт хийх ажил 100 хувь хийгдсэн. Нүүрсний нөөцлөлтийн хувьд графикийн дагуу явж байгаа. Өнөөдрийн байдлаар 124.1 мянган тонн нүүрс буюу 14 хоногийн нөөцтэй байна” хэмээн танилцууллаа.
Дулааны III цахилгаан станцын дэд захирал Т.Энхтөр “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан. Бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө 94 хувьтай биелсэн. Өнөөдрийн байдлаар 749 тонн мазут нөөцөлсөн. Энэ бол хангалттай хэмжээ. 60750 тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа. Гол бүтээгдэхүүнүүд хангалттай байна. Хөрөнгө оруулалтаар нийтдээ 23 ажил төлөвлөснөөс 21 ажил нь бүрэн хийгдэж, хоёр ажил нь 4 хувьтай байгаа үргэлжлээд явж байна. Барилгын засварын ажил бүрэн хийгдсэн. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаад байна” хэмээлээ.
“Өнөөдрийн байдлаар манай станц 12798 тонн нүүрсний нөөцтэй байна. Хоногт 400 тонн орчим нүүрс зарцуулдаг. Одоогийн байдлаар суурилагдсан хүчин чадлын 17 хувь нь ачааллыг авч явж байна. Өвлийн их ачааллын үед 53 хувийн ачаалал авч явна. Манай станц их ачааллын үед 40 гаруй хувь, энгийн үед 60 гаруй хувийн ачаалал авах нөөц бий. Цаашдаа ачаалал авах бүрэн боломжтой” хэмээн Амгалан дулааны станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан ярилаа.
Дулааны II цахилгаан станцын дэд захирал Г.Болдсайхан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил нийтдээ 92 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 14 мянган тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй” хэмээв.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга Батмөнх “Өвөлжилтийн бэлтгэл ажил өнгөрсөн сарын 8-нд 100 хувь хангагдаж дууссан. Өнөөдрийн байдлаар Дулааны II, III, IV, Амгалан станцууд дулаанжуулалтын нөөц тоноглолтой горим, ажиллагааны хувьд хэвийн ажиллаж байна. Хэрэглэгч хүссэн цагтаа дулаанаа ав гэсэн зорилт тавиад ажилласны хувьд өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн орон сууц аж ахуйн нэгжийг холбосон. Есдүгээр сарын 15 гэхэд нийт орон сууцны зөрчилтэй бус хэрэглэгчдийг 100 хувь хангаж холбосон байгаа” гэлээ.
ОСНААҮГ-ын ИБХХ-ийн дарга Ж.Пүрэвжамц “ОСНААҮГ энэ жил өөрийн хөрөнгөөр их засварын 32, урсгал засварын 40 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар бүх ажил хийгдэж 100 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.
УБЦТС ТӨХК-ийн Инженерийн бодлогын хэлтсийн дарга Батцэцэг “Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан, эрчим хүчээр хангаж нийт 360 мянга гаруй хэрэглэгчид хүрч ажилладаг. Өнгөрсөн өвөл 114 мянган өрхөд шөнийн тариф тэглэсэн үнээр хөнгөлөлт үзүүлсэн байгаа. Ингэснээр шөнийн ачаалал 17 хувиар өссөн. Компанийн хэмжээнд урсгал засварын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ сарын 15-н гэхэд их болон урсгал засвараа хийж дуусгана” хэмээн хэллээ.
“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний биелэлт салбарын хэмжээнд 94 хувьтай байна. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд гэрээтэй ажилладаг 21 аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж ажилласан. Үүнээс бүрэн хангалттай 9, хангалттай 7, бүрэн бус хангалттай 5, хангалтгүй үнэлгээтэй хоёр аж ахуйн нэгж байгууллага байна. Нийслэлийн Тээврийн газрын захиргааны зөвлөлөөр хэлэлцээд хангалтгүй үнэлгээтэй таван ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хангалтгүй үнэлгээ авсан хоёр ААН-д гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээ авахаар болсон. Нийтийн тээврийн үйлчилгээний 5.12 стандартын дагуу үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан бол нийтийн тээврээс хасна гэж заасны дагуу энэ оны арванхоёрдугаар сард 202 автобусыг үйлчилгээнээс чөлөөлөхөөр байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 ААН 81 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл, нөхөн хангалт хийсэн. Арванхоёрдугаар сараас өмнө таван ААН 46 тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт, нөхөн хангалт хийхээр төлөвлөөд гэрээ хийсэн” хэмээн Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Э.Баярт танилцууллаа.
Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан “Энэ жил үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажил бүрэн хийгдсэн. Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний их цэвэрлэгээ хийгдсэн. Давтан цэвэрлэгээний ажил дуусах шатандаа явж байна. Халиа, дошин үүсэхтэй холбоотойгоор Дэнжийн мянгын 1, 3-р суваг болон төв хэсгийн хөрсний усны шугамыг хөлдөлтөөс сэргийлэх ажил 100 хувь хийгдээд байна” хэмээн танилцууллаа.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот хүйтэн нийслэлийн нэг. Хот гэдэг их айлын хувьд өвөлдөө бэлтгэж, айл өрх, албан байгууллагууд өвлийг өнтэй давах бэлтгэлийг хангах нь маш чухал зүйл байдаг. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр гурван удаа өвөлжилтийн бэлтгэлийг авч хэлэлцсэн. Өнөөдөр нийслэл бүхэлдээ дулаанаа аваад, өвлийн горимдоо шилжээд дөрөв хонож байна. Энэ өдөр холбогдох албан тушаалтнуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил дууссан байдал, цаашдаа болзошгүй аваар ослын үед хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлаар ярилцлаа. Та бүхний танилцуулгаас харахад өвлийн бэлтгэл бүрэн хангагджээ гэж харж байна” хэмээлээ.
Мөн тэрбээр “Цаашдаа хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Өвлийг дулаахан, цас багатай болно гээд тайвшрах хэрэггүй. Болзошгүй аваар ослын үед хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай. Бид хэдийгээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварууд хийж байгаа ч Улаанбаатар хотын ерөнхий тоноглолууд нэлээд хуучирсан. Тиймээс болзошгүй аваар ослоос сэргийлж ажиллах шаардлагатай. Энэ үед шуурхай ажиллах багийг бэлдэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын хувьд энэ тал дээр байнга анхаарлаа хандуулж ажиллана. Шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах техник, хүн хүч, санхүүгийн нөөцийг бэлэн байлгахад анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
Төр хувийн хэвшилд ажиллаж байгаа жирийн ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах ёстой МҮЭХ нь өнөөдөр засгийн газартайгаа хаалтын гэрээ байгуулаад амьдарч байна гэвэл уншигч та итгэх үү. Монголын багш нар цалин тэтгэмжээ нэмүүлэх асуудлаар ажил хаялт зарлаж удаа дараа засгийн газарт шаардах бичиг хүргүүлж тэмцэл хийгээд байгаа билээ. Энэ үед МҮЭХ-ны зүгээс багш нарын цалин нэмэх шаардлагыг дэмжих нь бүү хэл хараагүй сонсоогүй мэт таг дуугай өнгөрч байгаа. Багш нарын цалин нэмэх ажил хаях асуудал дээр үйлдвэрчний эвлэл дуугүй суугаад байсны цаад учир нь засгийн газартай үйлдвэрчний эвлэл ”ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХААЛТЫН ГЭРЭЭ” хийсэнд гол учир нь байжээ. МҮЭХ- оо нь өөрийн дансаараа хөдөлмөрын яамнаас 680 сая төгрөгийг шилжүүлж авсан байх юм. Магадгүй 680 сая төгрөгийг Х.Амгаланбаатар, Ж.Батзориг нар авчихсан болохоор багш нарын тэмцлийг саармагжуулах, хойшлуулах талаар идэвхитэй тэмцэж байсан нь тодорхой гэж хардах хүмүүс олон байна.
Үйлдвэрчний эвлэлийн дарга нар нь засгийн газартайгаа гэрээ байгуулж хэдэн зуун саяаар авилга аваад байхаар үйлдвэрчинд жирийн ажилчид итгэх үү...
-
2017 оны 10 сарын 04
Өнгөрсөн хоногт /2017.10.03/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Шөлөндөө цайны газарт үйлчлүүлж байгаад ширээн дээрээс гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Б-ийн ширээн дээр байсан “Samsung Note-2” гар утсыг М.Д гэгч этгээд хулгайлсныг камерын бичлэгээр илрүүлж, эрэн сурвалжилж саатуулсан байна.
Иргэд та бүхэн олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ өөрийн эд зүйлээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг зөвлөж байна.
-
2017 оны 10 сарын 04
Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь (СЕСМИМ) төслийн шугамаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг Канад Улсын байгаль орчны аудитын туршлага судлахаар 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 4-ны хооронд Канад Улсад ажиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, УУХҮЯ, СЯ, Үндэсний аудитын газар, Өмнөговь аймгийн БОАЖГ, Монголын байгаль орчны аудитын холбоо, СЕСМИМ төслийн төлөөлөл тус тус оролцов. Ажлын хэсэг Оттова, Торонто, Судбери, Ванкубер зэрэг хотуудад ажиллаж Канад улсын Хүрээлэн буй орчин, уур амьсгалын яам, Байгаль орчны аудитын холбоо, Уул уурхайн ассоциаци, Никелийн уурхай, Хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх фирм зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж тус улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй байгаль орчны аудитын туршлагыг судалсан юм. Канад Улс нь уул уурхайн салбарт байгаль орчны аудитыг амжилттай нэвтрүүлсэн хамгийн туршлагатай орон юм. Ажлын хэсэг Монгол улсын байгаль орчны аудитын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үндэсний боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, байгаль орчны аудиторыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, олон улсын стандартыг нутагшуулах зэрэг асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, туршлага судлав.
Түүнчлэн СЕСМИМ төсөлтэй хамтран энэ оны 11 дүгээр сард Байгаль орчны аудитын үндэсний чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулж Монгол Улсын байгаль орчны аудитын чиглэлээр тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган оролцогч талууд хамтран ажиллахаар боллоо.
-
2017 оны 10 сарын 04
Есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, ”Дондогийн булаг” гэдэг газар автын онц ноцтой
-
2017 оны 10 сарын 04
Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн ёслолыг нээж дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Багшийн хөгжлийг дэмжих анхны гэж хэлж болохоор бодлогын баримт бичгийг дүүргийн хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын боловсрол-2020 хөтөлбөр юм. Нийт багш нараараа хэлэлцүүлэн саналыг шингээсэн учир бүрэн дүүрэн хэрэгжих боломжтой. Бидэнд нөөц, боломж, мэдлэг чадвар, хандлага, итгэл, сэтгэл бүгд байгаа учраас хамтаа зүтгэцгээе” хэмээн уриаллаа. Тус хөтөлбөрийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар багш нартаа баярын мэндчилгээ хүргээд Налайхын боловсрол-2020 хөтөлбөр, энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах, сургалтын ая тухтай орчинг бүрдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох, сурлагын түвшинг ахиулах талаар шинэ шинэ амжилт гаргаж, улсын тэргүүний салбарын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэн амжилт хүслээ.
Мөн энэ үеэр амжилт гаргасан шилдэг тэргүүний багш нарт төрийн шагналуудыг гардуулан өгөх ёслол болов. Дүүргийн Боловсролын хэлтсээс шавь нарынх нь элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр онооны үзүүлэлтийг харгалзан үзэж 10 гаруй багшийг Оюунлиг багшаар шалгаруулан 300-500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
Дүүргийн хэмжээнд 426 багш төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгт ажиллаж байна. Эдгээр багш нартаа болон боловсролын салбарт залуу насаа зориулсан ахмадууд, нийт ажилтан, албан хаагчиддаа Монголын багш нарын 51 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
Өнөөдрийн УИх-ын чуулганы хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн тэн хагас нь оролцоогүй билээ.
-
2017 оны 10 сарын 04
NBA болон Тоглогчдын холбоо өнөөдөр мэдэгдэл хийж, 2018 онд Лос Анжелес хотод болох Бүх оддын тоглолт шинэ форматаар зохион байгуулагдах болсныг зарлалаа. Ирэх жилээс эхлэн Бүх оддын тоглолтонд Өрнөд, Дорнод бүсийн багууд хоорондоо тоглохоо больж байгаа юм.
Багийн хоёр ахлагч хөгжөөн дэмжигчдээс хамгийн өндөр оноо авсан тоглогчдоос сонголтоо хийж багаа бүрдүүлэхээр болсон байна. Сонголт хийхэд тухайн тоглогчийн аль бүст тоглодог нь хамаарахгүй юм. Өрнөд болон Дорнод бүсээс хамгийн өндөр санал авсан нэг нэг хүн багийнхаа ахлагчаар нэрлэгдэнэ.
NBA-ийн 67 дахь Бүх оддын тоглолт 2018 оны 02-р сарын 18-нд Стэплес центрт зохион байгуулагдах бөгөөд ТНТ телевиз тус арга хэмжээг 16 дах жилдээ шууд дамжуулна.
Тоглогчдын холбооны ерөнхийлөгч, Хьюстен Рокетс багийн тоглогч Крис Пол “Тоглогчид болон лигийн удирдлагын Бүх оддын тоглолтыг сайжруулах үүднээс хийж буй алхмуудад талархаж байна. Бид бүхний гол зорилго бол тэр. Лос Анжелест сонирхолтой үзүүлбэр үзүүлэхийгтэсэн ядан хүлээж байна.” гэжээ.
Бүх оддын тоглолтонд шинээр оруулсан өөр нэг журам бол тус арга хэмжээний орлогыг сайн үйлсэд хандивлах юм. Баг тус бүр Лос Анжелесын бүс дэх сайн үйлсийн байгууллагуудаас сонгож тухайн хот дах тусламж хэрэгтэй хүмүүст хандивлана.
24 Бүх одод тоглогчдыг сонгох үйл явц өөрчлөгдөөгүй бөгөөд бүс тус бүрээс 12 тоглогч сонгогдоно. Баг тус бүр хоёр хамгаалагч, гурван самбарын тоглогч гэсэн гарааны бүрэлдэхүүнтэй байна. Нийт 10 тоглогч гараанд сонгогдох бөгөөд 50 хувь нь хөгжөөн дэмжигчдийн санал асуулга, 25 хувь нь одоо тоглож буй тоглогчдын санал, 25 хувь нь хэвлэл мэдээллийн саналаар шийдэгдэх юм.
Сэлгээний тоглогчдыг NBA-ийн дасгалжуулагчдын саналаар тодруулдаг дүрэм өөрчлөгдөөгүй. Өмнөх жилүүдтэй ижил дасгалжуулагч нар сэлгээнд хоёр хамгаалагч, гурван самбарын тоглогч, дурын байрлал дээр хоёр тоглогч сонгоно.
ТНТ телевиз 2018 оны Бүх оддын тоглолтын гараанд гарах тоглогчдын нэрсийг 01-р сарын 18-нд зарлах бол сэлгээний тоглогчдыг 01-р сарын 23-нд зарлана. Харин Бүх оддын тоглолтын санал асуулга 12-р сарын 25-нд болох зул сарын тоглолтуудын өмнө эхэлнэ.
Бүх оддын багийг дасгалжуулах дасгалжуулагчдыг ч мөн хуучин журмаар тодруулна. Бүх оддын тоглолт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө өөр өөрсдийн бүстээ хамгийн өндөр амжилттай явж буй хоёр багийн дасгалжуулагч Бүх оддын багийг дасгалжуулна.
-
2017 оны 10 сарын 04
Энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов тэргүүтэй төлөөлөгчид мөн Монгол Улсын ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлага тэргүүтэй албан хаагчид, ОХУ, БНБеларусьУ, БНКазахстанУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНБеларусьУ, БНКазахстанУ-ын бизнес эрхлэгчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.
Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ: Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвийн дор 2 салбар хуралдаан болж, зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, арга замын талаар төрийн байгууллагуудын болон бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор:
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг,
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг тус тус байгууллаа.
Талууд эдгээр санамж бичгүүдийг үндэслэн техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон байна.
Мөн Зам тээвэр, гаалийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, ГЕГ-ын дарга Б.Асралт, ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү нар Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусовыг, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешковыг тус тус хүлээн авч уулзаж, тус тусын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх үүднээс уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар тохиролцов.
-
2017 оны 10 сарын 04
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр (2017.10.04) хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.
Энэ үеэрээ тэрбээр “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе.
Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга ёс, эв нэгдлийг сахин, их амжилт гаргаж ажиллахыг хүсье” гэв.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 04
УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд нийт гишүүдийн 61,8 хувийн саналаар дэмжигдсэн. Улмаар шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Би та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би авлигатай тэмцэж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана. Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байн” хэмээн мэдэгдсэн.
-
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Хот тохижилтын газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Хотын даргыг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс явав.
Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод хүйтний улирал долоон сар үргэлжилдэг. Тийм учраас хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил бол зайлшгүй чухал зүйл. Өнгөрсөн жил хот тохижилтын газрын парк шинэчлэлд нэлээд ахиц гарсан. Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлсэн. Мөн хотын өөрийн хөрөнгөөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байгаа.
Хотод жил тутамд шинээр олон зам, талбай ашиглалтад орж, хот өргөжиж байна. Гэтэл нийтийн аж ахуйн зардал өсөхгүй, цэвэрлэгээний давтамж нэмэгдээгүй. Бид энэ асуудлыг НИТХ-д оруулж шийдүүлнэ. Цэвэрлэх давтамж нэмэгдэх юм бол хотын цэвэр цэмцгэр, үзэмжтэй байдалд нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр яваад үзэхэд хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит бүх компани өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж бэлэн болсон гэж хэлж болохоор байна” хэмээн дүгнэн ярьсан юм.
Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газарт 740 тонн бодис байна. Нэмээд 420 тонн бодис ирж байгаа. Ингээд 1170 тонн бодис худалдан аваад байна. Машин, техник болоод авто гарааш бэлэн байдлыг бүрэн хангасан” хэмээн танилцуулж байлаа.
“Хот тохижилтын газрын Авто баазын хувьд өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан. Машин техникийн туслах үйлчилгээ энэ сарын 15-наас эхлэн хийгдээд явна. Цас орсны дараа зам цэвэрлэхээр бэлтгэсэн 23 машин, цас ачих задгай тэвштэй 11 машин, бодис цацах болон бусад машин механизмууд хангалттай байгаа. Нийтдээ 87 машин, механизм бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жил цасны зориулалттай есөн машин нэмж авсан” хэмээн Хот тохижилтын газрын Авто баазын дарга Г.Эрдэнэбаатар ярилаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа байгууллага, зам талбай, хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл нийлбэр дүнгээрээ 97 хувьтай байна. Хот тохижилтын хувьд гэвэл 93 хувьтай. Гол нь дүүргүүдэд зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлсэн давс, тусгай зориулалтын бодисыг нөхөн авах ажил төсвийн тодотголтой уялдаад удаашралтай байгаа. Гэхдээ бид байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан энэ жил халтиргаа гулгааны үеэр хүндрэл гаргахгүй ажиллах бүрэн боломжтой” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв.
-
2017 оны 10 сарын 04
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын амжилт хүсэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.
· 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
· 1989 онд Батлан хамгаалахын их сургууль
· 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт
· 2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал
· 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
· 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
· 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
· 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал
· 1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
· 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
· 2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
· 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
· 2000-2004 онд УИХ-ын гишүүн
· 2004-2008 онд УИХ-ын гишүүн
· 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд
· 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
· 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
· 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
· 2012-2013 онд УИХ-ын гишүүн
· 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
· 2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан юм.
-
2017 оны 10 сарын 04
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр сөрөг урсгалаар явуулахаар зохион байгуулах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ
Манай Улсын ард иргэд ээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ
Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.
Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.
Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.
Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр, засагтаа гутарч байна.
Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна.
Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль, хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.
Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай.
Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.
Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.
Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.
Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.
Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.
Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.
Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.
Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.
Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.
Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.
Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.
”Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.
Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.
Эрхэм гишүүд ээ
Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.
Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.
Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.
”Иргэн баян бол улс баян” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.
Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.
Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.
Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна.
Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.
Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.
Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллатай идэвхтэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.
Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.
Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.
Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.
Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.
Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.
Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.
Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.
Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.
Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг.
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ
-
2017 оны 10 сарын 04
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2017-10-04/ болж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн нь шүүгчид эрх олгосон заалт бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэлх хугацаанд ажиллах, хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна.
Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
Үүний дагуу энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.