-
2017 оны 2 сарын 10
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Их эмгэнэлтэй юм болж байна даа. 49 хувийг эзэмшигчдийн үгийг сонсох ёстой. Энэ хүмүүсийн буруугаар биш Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн хүмүүсийн гай шүү дээ. Ч.Сайханбилэг Дубайд очиж гэрээ хийчихээд, юу ч хийсэн болох юм байна гэж бодсон байх. Д.Ганболд оо, өмч хувьчлалаар чинь 70 жил боловсролтой мэдлэгтэй болсон хүмүүсээ гудманд гаргасан. Тэрний чинь гай одоо хүртэл яваад байна. Монголыг баллаад байгаа хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна. Тийм учраас энийг хэлэлцэх ёстой. Гэхдээ хувийн хэвшлээ ингэж шууд буруутгаж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: ОУВС-тай хэлэлцээ хийж буй ийм чухал үед хувийн хэвшлийн өмчийг авах асуудлыг яриад сууж байгаа нь зохимжгүй. Төр өмч хувьчлалыг хумиснаар цаашаа хол явахгүй. Нам дагасан хүмүүсийн л бизнес л болдог. Монголын ард түмэн хувьцаа хэлбэрээр баялагийн хуваарилалтыг хийх ёстой. Төрд зуун хувьр шилжлээ гээд “Эрдэнэт” үйлдвэр сайжирчихгүй. Нийтдээ 26 жилийн хугацаанд гарсан төрийн өмчийн баялагийг ард түмэн хувьцаа хэлбэрээр эзэмших хэрэгтэй. Хувийн компаниуд ч тэр, хэт монополи байдал үүсгэж болохгүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ажлын хэсгийн дүгнэлт дээр энэ мөнгө тийм байх магадлалтай, тийш нь шилжүүлсэн байх талтай гэхчлэн бичсэн байна. Ц.Нямдож, О.Баасанхүү нар хуульч. Шүүх хурал дээр магадлалтай, талтай гэсэн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гардаггүй. Эдгээр зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагууд тогтоосон юм уу. Монгол Улсын парламент хувийн хэвшлийнхээ үгийг ч сонсохгүй, ингэж дайрч болохгүй. Монголбанкнаас баахан мөнгө аваад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихсан гэх юм. Баримт нь байна уу. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авснаар засгийн газарт хэдий хугацааны дараа ашгаа өгч эхлэх бэ? ” гэхэд, Ц.Нямдорж гишүүн “Би ажлын хэсгийн ахлагч биш. Засгийн газрын тогтоолд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан байсан. Хуулийн талаасаа УИХ ямар ч асуудал үүсгээгүй. З.Нарантуяа чи зарим асуултаа наад Д.Эрдэнэбатаасаа асуу” гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Засгийн газар уг асуудлыг 2016.10.17-ны өдөр АТГ-д шалгуулахаад өгсөн. Хариу нь 2016.12.20-д Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн хариулт ирүүлсэн” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ““Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярихаар төрийн өмчийн 51 хувийн асуудалд давхар яригддаг. Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, зээлийн төлөлтийг зарцаасан. Одоо засгийн газар 75-100 сая ам.доллар төлөх нөхцөлд байна. Ирэх сард Арбитраар дахиад энэ асуудал хэлэлцэгдэнэ. Ер нь Монголын төрд 51 хувь байгаа юу. Төрийн ийм байдлаар засгийн газарт асуудал үүсгэж байна” гэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Маргаантай зүйл байгаа. Жастынхан өөрсдийгөө өмөөрөөд байдаг ч тодорхой мөнгөн эх төлбөрүүдийг бас төлсөн байдаг. Энэ асуудал дээр хуулийн фирм ажиллаж, хэд хэдэн хүндрэлүүдийг гэтлэх аргыг судлаж байна. Гол нь, төрийн байгууллагаас ийм мэдээлэл өгч, нарийн тоог өгчихөөр нөгөө талд засгийн газрын байр суурь болж ойлгогддог. Шүүх дээр үүнээс болж асуудал мушгигддаг учраас нарийн тоог хэлэх боломжгүй байна” гэж хариулав.
Энэ талаар “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар ““Эрдэнэт” үйлдвэрийн уг асуудлаар шүүхийн маргаан үүсгэж, холбогдох бэлтгэлээ хийж байна. Бодит нөхцөл байдал дээр олон улсын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэр ялагдсан байдалтай байгаа” гэсэн нэмэлт мэдээлэл өгсөн юм. Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хуь дэмжлээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр болж байна.
-
2017 оны 2 сарын 10
Хууль зүйн байнгын хорооны хурлаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах талаар хэлэлцлээ.
-
2017 оны 2 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж, үг хэллээ.
Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан бол манай улсын хувьд 20 хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан байна. Монгол Улсын хүн амын насны бүтцэд өөрчлөлт орж, дундаж наслалт уртасч байгаатай холбоотойгоор ахмад настны тоо ойрын жилүүдэд хоёр дахин өсөхөөр байна.
Манайулсын эдийн засаг хүндрэлтэй байгаа ч бид ахмад настныамьдралын чанар, аж байдлыг сайжруулах, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх бодлогод онцгой анхаарч үр дүнг нь ахмадууд маань хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусган ажиллаж байна гэж тэрээр тэмдэглэлээ.
Засгийн газрын санаачилгаар Ахмад настны тухай болон Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.
Ахмад настны тухай хуулиар ахмад настны эрхийг баталгаажуулсны дээр тэдэнд чиглэсэн шинэ төрлийн олон үйлчилгээг бий болгож, “Насны хишиг” олгохоор боллоо. Засгийн газар уг хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж, үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүйгээр хүргэх бололцоог олгоно гэлээ.
Түүнчлэн ”Ахмадын өргөө”-г аймаг, сум, хороо бүрт, асрамж, нөхөн сэргээх сувиллын бүсчилсэн төвүүдийг цогцолбор байдлаар бий болгоход гадаад, дотоодын болон олон улсын хандивлагч байгууллагуудын хөрөнгө оруулалт, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүч нөөц, оролцоог дэмжиж ажиллах болно.
Өнөөдөр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудал чухлаар тавигдах болсон. Ахмадууд маань нэг талаас төрийн халамж, хамгаалалд байх нь зайлшгүй боловч нөгөө талаас тэд манай улсын хамгийн туршлага, мэдлэг хуримтлуулсан ажиллах хүчний нөөц юм.
Та бүхэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их туршлага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна. Ахмадуудын маань энэхүү үнэт зүйлс хүүхэд, залууст цаашилбал Монгол орны хөгжилд ихээхэн тус нэмэр болох учиртай.
Засгийн Газраас Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгож, ахмадуудаар байгууллага, хүмүүст зөвлөгөө өгөх ажлыг гэрээгээр, түр хугацаагаар хийлгэх, ахмадууд арвин их мэдлэг, туршлагаа залуустайгаа хуваалцах, тэдэнд өвлүүлэх боломж бүрдүүлэн ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж хэллээ.
Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, улсын төсвийн орлого нэмэгдэх нөхцөлд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлогыг баримтлана.
Ахмадуудад орлогоо нэмэгдүүлэх, хөгжих шинэ шинэ боломжуудыг бий болгож, шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоохоор ажиллах байна гэж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хэлээд ахмадууддаа урт наслаж, удаан жарган, үр хүүхдүүд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр,
-Засгийн газраас Ахмад настны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Хуулийн хүрээнд 65-69 настанд 50, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90-ээс дээс настай бол 250 мянган төгрөгийг “Насны хишиг” болгон жилд хоёр удаа олгоно. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож буурууллаа. Мөн ахмад настнууд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох тогтолцоог бүрдүүлж, одоогоор 12,8 мянган ахмад настан тэтгэвэр авах банкаа өөрөө сонгоод байна зэрэг мэдээллийг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 10
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат сонгогдлоо
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хурал өнөөдөр /2017.02.10/ болж Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлтэд Монгол улсын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх санал гаргаж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдлоо.
Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг түр хойшлуулан дараагийн бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо.
-
2017 оны 2 сарын 10
УИХ дахь АН-ын бүлэг хуралдах гэж байна. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн зарим асуудлаар намын гишүүд байр сууриа нэгтгэх аж.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын 2016 оны хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай, ”Эрдэнэт үйлдвэр” дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг ”Монгол зэс” корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох бөгөөд үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлснээр чуулганыг албан ёсоор хаах юм.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хаалтаа хийнэ. Тэгвэл чуулган хаалтаа хийхийн өмнө өчигдрийн хуралдаанаараа дөрвөн шинэ хуулийг баталлаа. эдгээр хуулиудыг тоймлон хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 09
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм.
Зээлийн хэлэлцээрийн төслийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх аж.
Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтэц гэснийг аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүд болгож нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоод байгаа юм байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 09
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.09/ нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, хуулийн төсөл дэх цагдаагийн цолны талаархи зохицуулалтуудын талаар тодруулсан юм. Харин хэлэлцэж буй хуулийн төсөлд “цолны цалин” хэмээн шинэ нэр томьёо хэрэглэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалттай зөрчилдөж байгаа эсэхийг асуув. Цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг, эрсдэл өндөртэй байдаг учир Хөдөлмөрийн тухай хууль дахь цалингийн урамшуулал үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтад хамааруулахгүй байх нь зөв. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ төрлийн зохицуулалтыг оруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хэллээ. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 93.9 хувийн саналаар дэмжин, баталсан юм. Мөн дагалдах хуулиудыг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжив.
Чуулганы нэгдсэн хуралдаан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулав. Дээрх төслөөр замын хөдөлгөөний зохицуулагч гүйцэтгэх ажилтны ажилласан хугацааг нэмж тооцох буюу нэг жилийг 1.3 жилээр тооцох, Тахарын албанд ажиллаж байсан албан хаагчдын цолтой холбоотой зохицуулалтыг тусгасан аж. Хууль зүйн байнгын хороо анхны хэлэлцүүлгийн үеэр тахарын албанд ажиллаж байгаад цагдаагийн албанд шилжсэн бол ажилласан хугацааг тооцохдоо офицер ахлагчтай дүйцүүлэн авч үзэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Ингэснээр байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Мөн хуралдаанаар үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, дотоодын цэрэг бол 1922 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1990 оноос хойш цагдаагийн байгууллагад шилжин улсын онц чухал обьектуудыг хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байсан. Дотоодын цэргийг татан буулгасан нь буруу байсныг өнгөрсөн хугацаанд бодит байдал дээр нотлогдсон бөгөөд үйл ажиллагааны хувьд хамгаалж буй тусгай обьектод нь халдлага үйлдвэл зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх зохицуулалттай гэсэн хариултыг тэрээр өгсөн юм.
Дараа нь байнгын хорооноос уг хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Мөн уг хуулийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүд дэмжлээ. Ингээд Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.
Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх батлуулахыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангийн нэг төрөл болох Байгаль хамгаалах сангийн нэр Байгаль орчин, уур амьсгалын сан болж өөрчлөгдөх юм байна. Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн зохих хувийг бүрдүүлэх боломж бүрдэхийн сацуу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу тухайн зээл олгогдох төслийг сонгон шалгаруулах эрх зүйн зохицуулалттай болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүд 73.5 хувийн саналаар дэмжсэн бөгөөд холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах саналыг мөн дэмжлээ.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг батлав
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус хийж, хуулийн төсөл болон тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийг хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болж, зөвлөлдөх ардчиллыг олон улсын туршлагын дагуу хөгжүүлэх нэг чухал алхам болох юм. Мөн иргэдийн улс төрийн эрхээ хэрэгжүүлэх, механизм тодорхой болж, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, улс, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоог дэмжих ажээ. Хууль тогтоох, гүйцэтгэх болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа нь хууль зүйн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг хангахад чухал түлхэц үзүүлэх юм байна.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан бөгөөд энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хороо, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган, эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар асуулт асууж тодруулсан юм. Үргэлжлүүлэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж байгаа энэ өдрүүдэд энэ хуулийг батлах нь зөв эсэхийг тодруулах, төсөлтэй холбоотой саналын талаар Олон улсын валютын сангаас санал авсан эсэхийг хэлэлцэн, хэлэлцүүлгийг хойшлуулах Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын горимын саналаар санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг авсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Олон улсын валютын сангийнхантай уулзаж, хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг авч, тусгах боломжийг судлах шаардлагын үүднээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авч буйг мэдэгдэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Тогтоолын төслийн агуулга, бодлого, зарчим алдагдуулахгүйгээр тогтоолын төслийн нэрийг өөрчлөн, үүнтэй холбоотойгоор техникийн болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг хийж эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуун, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 66 хувь нь дэмжлээ. Мөн энэ чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хуулийн эцсийн найруулгыг сонссон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 09
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаан 14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэхүү зээлийн хүү нь /жилийн/ 1,75%, зээлийн хугацаа 20 жил ба зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна гэлээ. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээшхи дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна гэж танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдол болон үр дүнгийн талаар тодруулахад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт: “төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоонд хүрч, Засгийн газар хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр хоёр талдаа бүрэн ойлголцсон төдийгүй энэхүү зээлийг үр ашигтай зарцуулахаар ажиллаж байна гэлээ. Мөн Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газар төслөө боловсруулж, Экспорт-Импорт банкинд танилцуулна гэсэн тайлбар нэмж хийв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ зээлийг бүтээн байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх мөн экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөлд зарцуулах нь зүйтэй хэмээн энэхүү зээлийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 09
Сонгууль зохион байгуулах төлөвлөгөө,
цаг хугацааны хуваарь батлав
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.
Сонгуулийн тухай хуульд цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж заасан бөгөөд хуваарьт санал авах өдөр тогтоох, сонгууль товлон зарлахаас аваад сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн санал авах ажиллагаа, санал авах, дүгнэх, сонгуулийн зардал тогтоох, тайлан гаргах зэрэг асуудлыг хуулийн холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэн явуулах ажлын төлөвлөгөөнд холбогдох тогтоолын төслийг боловсруулж батлуулах, хүн ам, сонгуулийн насны хүний тоог 2017 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар гаргуулж авах, дүрэм, журам, маягт, загварын төсөл боловруулж батлуулах, сонгуулийн хороод, тэдгээрийн бүрэлдэхүүн, хэсэг, сонгогчдын тооны талаархи судалга гаргах зэрэг зохион байгуулалтын ажлыг төлөвлөж тэдгээрийг хэрэгжих хугацаа, хариуцах байгууллага, ажилтны нэрсийн хамт гаргажээ. Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичиг боловсруулах, сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2017 оны 02 дугаар сарын 09
-
2017 оны 2 сарын 09
“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 06 дахь дугаарт Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.
-
2017 оны 2 сарын 09
Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 34 тоот захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэсэн захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат ахлан, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар бүрэлдэхүүнд багтжээ.
Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн, мэргэжлийн шинжээчдийг оролцуулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах зөвшөөрлийг ажлын хэсгийн ахлагчид олгосон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 09
Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор болж байгаа аяныг “МДМ” ХХК дэмжин, хуурай сүүний жижиг оврын төхөөрөмжөө аймгуудын сүү үйлдвэрлэгч, фермер, хоршоологч, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад танилцуулж, сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сургалт-хэлэлцүүлгийн нээлтэд оролцож, хуурай сүү үйлдвэрлэх төхөөрөмжтэй танилцав. Шингэн сүүг хатаах зориулалттай, Японд үйлдвэрлэсэн энэ төхөөрөмж ажлын 8 цагт тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалж 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм.
“Манай улс 60 гаруй сая малтай ч гадаадаас хуурай сүү импортоор авдаг. Энэ төхөөрөмжийг орон нутагт ажиллуулснаар байнгын худалдан авагч, хэрэглэгч бий болно. Энэ хэрээр зах зээл дээрх үнэ тогтворжиж, малчин айл өрх ч өдөр тутмын орлоготой байх боломж бүрдэнэ. Цаашид хуурай сүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангаж улмаар экспортод гаргах хэмжээнд очих зорилт тавьсан. Монголчууд хийж чаддаг зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе, хийсэн бүтээгдэхүүн маань иргэдийн хэрэглээ, шаардлагыг хангасан байх ёстой” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв.
Хуурай сүү үйлдвэрлэх энэхүү төхөөрөмжийг 2017-2025 он хүртэл хугацаанд нэвтрүүлснээр 6000-8000 тогтмол ажлын байр бий болно гэж тооцоолж байна.
Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Гэвч түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, техник, технологи хуучирсан, эргэлтийн хөрөнгө тааруу зэрэг шалтгаанаас болж сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашигладаг. Жил бүр 4000 гаруй тонн хуурай сүү импортоор авч хэрэглэдэг бөгөөд энэ нь шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 35 орчим мянган тонн гэсэн үг юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдээр МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.
-
2017 оны 2 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
-
2017 оны 2 сарын 09
Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод олон жилийн нүүрийг үзэж байна. Улаанбаатарыг өмхийгөөр утаад удах болсон тус газрыг шинэчлэх ажлыг эхлүүлэх талаар олонтоо яригддаг ч тодорхой ажил болж, шинэчлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын суудлыг ганхуулж мэдэхээр боллоо.
-
2017 оны 2 сарын 09
Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай. Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна. Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
Г.Гэрэл
-
2017 оны 2 сарын 09
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт;
“Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох;
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хаалт.
-
2017 оны 2 сарын 08
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэв.
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа.
Хуулийн төсөлд ажилд шинээр ороход мөрдөх туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “туршилтын хугацаа”, “дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгажээ. Мөн “цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцох зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг тэрээр танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байв. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан.
Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүсэлтийг нь үндэслэн хүүхэд асрах чөлөө олгон, ажлын байр хадгалах зохицуулалт байдаг бол хүүхэд асрах хугацаанд цалин болон амьжиргаа дэмжих тэтгэмж олгодогүй байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээр манай улсад хүүхэдтэй 531,1 мянга байгаа бөгөөд хүүхэдтэй нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй болжээ. Энэ нь монгол өрхүүд цөөн хүүхэдтэй болох хандлагын илэрхийлэл болохыг танилцуулгын үеэр Н.Номтойбаяр сайд тодрууллаа. Иймд хүн амын өсөлтийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага байгаа учир хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзсэн байна. 0-16 хүртэлх насны хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй тул хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдгийг танилцуулгад онцолсон. Эдгээр хүндрэлээс шалтгаалан хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх зэргээр хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Хуулийн төсөлд 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг cap бүр олгох, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг тусгажээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдахаар тооцсон бөгөөд энэ жилийн төсөвт тусгах боломжгүй тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он байхаар тусгасан аж.
Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь олон сөрөг үр дагавартай талаар Сангийн яамнаас ирүүлсэн саналыг тусгасан эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тодруулсан юм. Гэр бүл албан ёсны бүртгэлтэй байх нь олон давуу талыг бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг салбарын сайд хариулт өглөө. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд 78.6 хувийн саналаар дэмжив.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Монгол Улсын хүн ам 2015 оны жилийн эцсийн байдпаар 3 057.8 мянга болж өссөн бөгөөд нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа нь дэлхийн бусад улсын хүн амын насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залуу бүтэцтэй улс гэж тооцогддог байна. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлага бий. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Мөн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилгоор шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох оролцооны хэлбэрийг тодорхойлж, Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл, төрийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг мөн оруулсан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Танилцуулгатай холбогдуулан Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав нарын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, саналаа хэлэв. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлээд, залуучуудын хөгжлийг дэмжих нь улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой учир үүн дээр тодорхой хэмжээний төсөв зарцуулан, бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Ийнхүү Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ажлын хэсгүүдийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолууд батлав
Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.
Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж ажилласан юм. Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн их сургууль, тус сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдэм шинжилгээний цөм лаборатори, Шинжлэх ухааны академи, Хими технологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн сан болон бусад хүрээлэн төв, гарааны компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.
Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцахад дээрх газруудад хуулийн хэрэгжилт жигд бус байна хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна. Хуулийг хэрэгжүүлэхэд нэн чухал шаардлагатай “инновацийн сан”-г бий болгох, инновацийн хөгжлийн үндэс болсон “төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн түншлэл”-ийг сайжруулах, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг гаргаж, цаашдын хөгжлийн асуудлыг тодорхойлох, өнгөрсөн жилүүдэд яамдын дэргэд байж төрийн дэмжлэгээр сайн ажиллаж байсан зарим нэгжүүдийг их, дээд сургуулиас татан авч яамдыг түшиглүүлэн дэмжлэг үзүүлж ажиллуулах шаардлагатай хэмээн үзжээ. Ажлын хэсгийн зүгээс Эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудын үйл ажиллагааг цаашид сайжруулахад инновацийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай талаар дүгнэлтдээ дурдсан байна.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, А.Ундараа, Д.Ганболд, М.Оюунчимэг нар Ажлын хэсгээс асуулт асууж, дүгнэлттэй холбогдуулан санал хэлсэн юм. Мөн ажлын хэсгээс гаргасан саналыг үндэслэн хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөх “Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолыг баталсан юм.
Дараа нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн тайлан хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр байнгын хороонд танилцуулга хийв.
Ажлын хэсэг Шинжлэх ухааны академийн харьяа 10, их, дээд сургуулиудын харьяа 14, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээр санхүүждэг 5 хүрээлэнгийн удирдах бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээний ажилтнуудтай тус тус уулзалт зохион байгуулж, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдзм шинжилгээний хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Хими, технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, эрдмийн баг, хамт олонтой уулзалт ярилцлага хийсэн байна. Мөн Улаанбаатар Их Сургуулийн Археологийн музейтэй танилцжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд Засгийн газар, түүний дэргэдэх Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл, БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, түүний харьяа салбар 2 академи, яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөлүүд, ШУА, яамд, их дээд сургуулийн харьяа төсвөөс санхүүжилт авдаг 23, төсвийн бус хөрөнгөөр санхүүждэг 6 хүрээлэн, мөн хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд оролцож байгаа аж.
Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас үүдэн шинжпэх ухааны салбар хүнд байдалд орж, эрдэмтэн, судпаачдын нийгмийн баталгаа жилээс жилд муудаж байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Түүнчлэн эрх зүйн орчны тодорхойгүй байдал, эрх бүхий байгууллагуудын алдаатай шийдвэрээс болж шинжлэх ухааны байгууллагууд үндсэн хөрөнгөө алдах үзэгдэл түгээмэл байгаа гэжээ.
Манай улсын шинжлэх ухааны салбарт өнөөдрийн байдлаар нийтдээ 1720 эрдэм шинжилгээний ажилтан (full-time researcher) ажиллаж байна. Үүнээс 1526 эрдэм шинжилгээний ажилтан төсвөөс цалинжин ажиллаж байна. Их сургуулиуд болон бусад салбарт 1483 багш хичээл заахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд оролцож байгаа аж. Манай орны 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо ойролцоогоор 570 орчим байгаа нь дэлхийн дунджаас даруй 3 дахин бага, бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулшгүй бага хэмжээнд байгаа юм байна. Жилээс жилд мэргэшсэн эрдэмтэдийн тоо цөөрч, эрдэмтэдийг дэмжих бодлого алдагдаж байгаа тул эрдэм шинжилгээний ажилтны тоо, цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай болж байна. Түүнчлэн туршилт судалгаа хийх тусгайлсан нөхцөл, дэд бүтэц бий болгох, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах механизмыг бүрдүүлэх зэрэг олон асуудал тулгамдаад байгааг ажлын хэсгийн дүгнэлтэд тэмдэглэжээ. Иймд ажлын хэсгээс
Шинжлэх ухааны салбарт үүсээд буй нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагуудаас эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлүүлэхээр гаргасан саналыг харгалзан хопбогдох хууль, эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийг байгуулах;
Шинжлэх ухааys салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд шинжлэх ухаан, технологийн талаар дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодохой арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгөх;
Ажлын хэсэгт салбарын мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлтүүдийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлүүлэхээр Засгийн газарт албан бичгээр хүргүүлэх, биелэлтийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгох саналыг гаргасан байна.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Д.Ганболд, Н.Учрал, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэлэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тус салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон “Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг дэмжих зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл сонсов
Байнгын хороо энэ өдрийн хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.
“Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого 2017-2026”-ын талаарх хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд 8 суурь зорилтыг тодорхойлон ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 13 хуулийн төслийг боловсруулах, хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх 7 хөтөлбөр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн тэрээр цахим технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан эмч, мэргэжилтнүүд туршлага солилцох хурал, уулзалт, орон нутаг дахь мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт, өвтчөнүүдийн үзлэг, оношлогоог онлайнаар явуулж байгаа талаар танилцуулсан. Эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарын асуудлыг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудал бөгөөд нэн тэргүүнд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 100.000 амьд төрөлтөд эхийн эндэгдэл 61.7 хувь байсан бол мөн оны төгсгөлд 48.6 хувь болж буурсан байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дээр хугацаанд 3.8 хувиар, нялхсын эндэгдэл 4 хувиар тус тус буурсан гэв.
Сүрьеэ, бэлгийн замын халдарт өвчний нөхцөл нь үндэсний хэмжээнд аюулын харанга дэлдэж байгаа учир салбарын яам төдийгүй төрийн бодлогын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж. Эрүүл мэндийн яамны зүгээс халдварт өвчин судлалын төвийн бүтцийг өөрчлөн, сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчин судлалын төвүүдийг бие даан байгуулах талаар ажлын хэсэг томилон ажиллуулж байгааг дуулгав. Үргэлжлүүлэн эм үйлдвэрлэл, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон технологийн бодлогын хэрэгжилт нэгдсэн зохицуулалтын хүрээнд хийгдэж буй ажлууд, хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.